Сураггүй бологсод

 


 Picnic at Hanging Rock (1975) . Австралийн викториа мужийн вудэнд хотын ойролцоо орших охидын дотуур байртай сургуулийнхан өглөөг хөл хөртэй угтах ба 1900 оны бямба гаригийн энэ өдөр гэгээн Валентины баяр тохиож буйг тэмдэглэн хэсэг бүлэг охид багш нарын хамтаар зугаалахаар болно. Сургуулийн хатуу ширүүн захирал Appleyard хатагтайн зохион байгуулсанаар математик багш Greta, Франц хэлний багш Poitiers хоёр охидыг дагуулан орон нутгийн өвөрмөц тогтоцтой "Hanging Rock" хэмээх хадыг үзэж сонирхохоор болно.

  Sara гэх охиныг харин ганцаарангийн үлдээх бөгөөд Sara зугаалгаар явах охидын нэг Miranda-тай тун дотно агаад түүний араас санаа зовон үлддэг. Морин жолооч Hussey охидыг болон багш нарыг зорьсон газарт нь үд дундын үед аваачина. Hussey болон багш Greta хоёрын цаг яг зэрэг 12 дээр гацчихна жигтэй. Багш Poitiers-ын зөвшөөрөлтэйгөөр Marion, Irma, Edith болон Miranda нар " Hanging Rock" хадтай танилцахаар бусдаасаа тасран явах ба тэднийг тохой гатлан явж байхыг Michael, Albert гэсэн найзууд холоос хараад өнгөрдөг. Хадаар хэсэг явсны эцэст Miranda, Marion, Irma гурав оймс болоод гутлаа тайлцгаах ба хадны оргилын ойролцоо тэд үл мэдэгдэх хүчинд автсан мэт дөрвүүлээ нам унтчихна, харин нөгөө талд багш Greta-аас бусад нь мөн унтаж байдаг. Салж явсан дөрвөл нэгэн зэрэг сэрэх бөгөөд Edith-ээс бусад трансд орсон мэт хадны ангал руу ороод явчихад Edith муухай хашгираад хадны уруу хар хурдаараа бууна. Бүгд Edith-ын хашгираанаар сэрцгээж, гурван сурагч охин математикийн багшийн хамтаар алга болсныг олж мэднэ. Ингээд сургууль даяар сандралт, айдас, үймээн болсны дотор хамгийн ихээр гашуудан шаналж байгаа нь Sara байлаа. Хот даяараа эрэл хайгуулд гарсан ч ямар ч үл мөр олсонгүй; Edith багшийгаа дотуур хувцастайгаа хаданд авирч байхад тэнгэр улаан өнгөтэй байсан гэдгээс өөр юуг ч санахгүй нь хачирхалтай. Michael, Albert хоёр байцаагдах ч тэд охидыг дөнгөж хараад өнгөрсөн гэдгээс илүү зүйл мэдэхгүй байна. 

Michael уг нууцлаг хэрэгт хэт автаж унтаж ч чадахаа болих агаад Albert-ын хамтаар хад руу очиж охидыг хайхаар шийднэ. Тэд юу ч олоогүй ч Michael тэндээ үлдэж хонодог бөгөөд маргааш нь хайж яваад Michael гэнэт ухаан алдан унаж, транс байдалд орж, энэ үедээ охидын яриаг сонсохын сацуу ангал руу орж явахыг нь хардаг. Albert түүн дээр ирэхэд тэр кататоник байдалд орсон байх агаад түүнийг авч явахын өмнө тэр Albert-ын гарт даашинзны өөдөс атгуулна. Albert үргэлжлүүлэн хайсаар Irma-г амьд боловч ухаангүй байдалтайгаар олно. Энэхүү нууцлаг хэрэг сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар хэд хэдэн хүүхэд сургуулиас гарсанд захирал авгай ихээхэн түгшиж бас гутарна. Энэ аймшигт хэрэг сургуулиас давж хотыг үймээнд автуулдаг. Michael-ын гэрт Irma эмчлүүлэх бөгөөд эмч охиныг үзээд жаахан хөхрөлт, шалбархайнаас өөр ноцтой гэмтэл бэртэл олсонгүй гэдэг; мөн охины корсет алга болсон нь нууцлаг хэвээр үлддэг. Мэдээж Irma сэрээд юу ч санахгүй байв. Энэ зуур захирал авгай Sara-д асран хамгаалагч чинь сургуулийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас чамайг сургуулиас хасч магадгүй болоод байгааг дуулгах ба дотно хайрт Miranda-гаа алдаад хэдийнээ цөхрөн зовоод байсан охинд энэ бол үхэл шиг хүнд байлаа. Sara ахтайгаа хамт асрамжийн газарт өссөн бөгөөд нэгэн буянтай, одоо мөнгө өгч чадахгүй байгаа хүний ачаар уг сургуульд орсон агаад асрамжийн газарт тун их хүчирхийлэл дор байсан гэдгээ Франц хэлний багшдаа хэлдэг. 

Мөн тэрээр Miranda-г үүрд явж байгааг мэдэж байсан хэмээдэг. Irma сургуулиасаа гарахаар болж, ангийнхантайгаа салах ёс хийхээр очиход ангийнхан охид түүн руу балмадаар дайрч, чи тэднийг хаашаа явсныг, юу тохиолдсоныг хэл гэж давшилдаг. Үүний дараа хатагтай Appleyard огцорч буйгаа зарлана. Захирал явахаасаа өмнө Sara-тай уулзаад төлбөр төлөөгүй учир чамайг асрамжийн газарт чинь буцаахаар боллоо гэж хэлэхэд Sara цурхиран уйлдаг. Дараагийн өдөр нь, Albert алга болсон дүү нь Sara болохыг Michael-д хэлдэг. Харин үүрээр цэцэрлэгч Sara-ын амьгүй цогцсыг цэцэрлэг дотроос олдог. Сураггүй болсон охидын шуугиантай, сэтгэл татам энэхүү түүх Австралийн кино найруулагч Peter Weir-г кино урлагийн газрын зураг дээр гаргаж ирсэний сацуу Австралийн кино урлагийн шинэ эриний давалгааг эхлүүлсэн буюу Австралийн шинэ давалгааг олон улсын анхааралд оруулсан. Киног Австралийн зохиолч Joan Lindsay-ын ижил нэрт романаас сэдэвлэж Cliff Green кино зохиол болгон бичсэн ба энэ бол нууцлаг аяллын тухай гэхээсээ илүү Австралийн нийгмийн анги давхарга хийгээд сексийн дарамтын тухай асуудлыг хөндсөн кино юм. Weir-ын уг үзэсгэлэнтэй, сэтгэл түгшээсэн бүтээл одоог хүртэл үзэгчдийг зовоодог яруу найраглаг хоррор хэвээрээ байна. 

Австралийн кино хүрээлэнгээс явуулсан өргөн хэмжээний санад асуулгаар уг киног Австралийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор шалгаруулсан бол TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 628-р байрт эрэмбэлээд байна. Өнөөдрийн кино урлаачдад ч эл бүтээлийн сэдэв хийгээд дүрслэл нөлөөгөө үзүүлсээр байгаа ба найруулагч Sofia Coppola "The Virgin Suicides", "Marie Antoinette" гэсэн кинонуудаа бүтээхдээ уг киноны үхэл болоод эмэгтэй хүний сексийн, мөн өсвөр насныхны хайрын мэдрэмжийн сэдвээс ихээхэн санаа авсан гэдэг. Найруулагч Weir жүжигчдээ сонгохдоо жүжиглэх чадвараас нь илүү залуу насны гэнэн цайлган төрхөнд нь анхаарч байсан гэдэг. Кино Америкт анх гарахад Америкийн үзэгчид нууцлаг явдал тайлагдахгүй байгаад маш их бухимдаж байжээ. Нэг дистрибьютер бүр амьдралынхаа хоёр цагийг шал дэмий үрлээ, хараал идсэн нууцыг нь тайлаач хэмээн кофены аягаа дэлгэц рүү шидэж байсан гэдэг. Тухайн үеийн шүүмжлэгчид Австралийн хоррор романс гэж тодорхойлж байжээ. 

Урт соёотой нэгэн юмуу биеэсээ салсан цогцос хоррор байх албагүй, нарлаг өдрөөр ариун нандин охин байдал ба хөндөгдөөгүй сексийн амьдрал нь нийлээд хүчтэй сэтгэл хөдлөлийг бий болгосноор амьдрал ба үхлээс цааш давсан байдлыг буюу хоррор болж болох. Хамгийн аймшигтай зүйлс энгийнээр ярих, хялбархан тайлбарлахаас гадуур байдаг билээ. Энэ кино бол нууцлаг бөгөөд сексийн дур хүслийн цөхрөлийг харуулсан сэдэвтэй кино гэж үзэж болно. Үйл явдлын өрнөлгүй, эцсийн тайлбаргүй, байгаагаараа л туршлага болох уг киноны үр дүн үзэгчийнхээ оюун ухаанд хадагдаж үлдэнэ; өөрөөр хэлбэл зугаалгаар явсан охин шиг, үзэгч хэсэг алга болоод дараа нь эсэн мэнд эргэж ирнэ. Бидний хувьд ч, тэдний хувьд ч сураггүй бологсод цаг хугацаанд үүрд гацаж, хараанаас гарсан л бол дахиж хэзээ ч харагдахгүй. Эх романыг бичигч бүтээлээ уран зохиол гэж мэдэгдсэн боловч бодит амьдралаас сэдэвлэсэн байж магадгүй юм. Охид өөр цаг хугацааны шугам руу орсон уу? Эсхүл хадан дээр тэднийг харсан залуус тэднийг хүчиндээд алсан уу? Эсхүл тэд зүгээр л ангал хавцал руу унасан уу?... 

Гутлаа алдсанаас бараг хохиролгүй долоо хоногийн дараа олдсон охиныг тэгвэл юу гэж үзэх вэ? Охидыг харь гаригийнхан аваад явсан гэх тайлбар хүртэл байдаг ч энэ зүгээр таамаг л юм. Гэвч эдгээрийн аль ч бүрэн дүүрэн тайлбар биш ба киноны камер могой, гүрвэл, шувуу болоод цэцэгсийг нарийвчилан харуулдаг нь нэг талаараа хадыг судалж буй мэт агаад нөгөө талаар энэ нь зочдыг буюу охидыг ажиглан харах хадыг илтгэх мэт байна. Уг киног Италийн домогт кино урлаач Michelangelo Antonioni-ын "L'Avventura" болон "Blow-Up" гэсэн хэзээ ч тайлалаа өгөөгүй шедеврүүдтэй харьцуулдаг. Peter Weir 1944 онд төрсөн бөгөөд энэ бол түүнийг амжилтад хөтөлж нээсэн кино нь юм. Бид түүнийг "Dead Poets Society" киногоор нь мэдэх бол дэлхий түүнийг "The Truman Show" бүтээлээр нь танина. Түүний киноны дийлэнх сэдэв нь өөрт нь таарахгүй байгаа газарт өөрийгөө хайж буй гадны хүний тухай байдаг.

Comments