Paisan (1946). Италийн нэрт кино найруулагч Roberto Rossellini-н неореалист дайны сэдэвт драм. Уг кинонд, Дэлхийн 2-р дайны төгсгөл хэрд Холбоотны хүчнийхэн Италийг чөлөөлж байгааг тусдаа бие даасан зургаан эпизодоор өгүүлдэг. Кино Венецийн олон улсын кино наадмаар нээлт хийж, олон кино наадмуудад амжилттай оролцож, критикүүдээс сайшаал хүртсэн. "Rome, Open City" киноныхоо амжилтын дараа Rossellini продюсер Rod E. Geiger-н тусламжтайгаар Итали, Америкийн хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч чадсанаар энэ бүтээлийг хийх боломжтой болсон агаад Geiger түүнд Италийн эсэргүүцлийн хөдөлгөөний тухай дахин нэг кино хийхийг уриалсан байдаг. Geiger мөн Rossellini-д киноны хальс болон Dots Johnson, Gar Moore, Harriet White, Dale Edmonds зэрэг Америк жүжигчдийг нийлүүлсэн. Кино зохиолыг Klaus Mann, Marcello Pagliero, Sergio Amidei, Federico Fellini, Alfred Hayes, Vasco Pratolini нар хамтран бичжээ. Кино зохиол бичих явцад өөрчлөлт байнга хийгдэж байсан ба нэмэлт хоёр эпизодыг хийлгүй үлдээжээ. Rossellini-н жүжигчдийн бүрэлдэхүүн мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчдээс бүрдэж байсан; тухайлбал, нэгдүгээр эпизодод тоглодог Carmela Sazio, мөн тавдугаар эпизодын санваартнууд бүгд мэргэжлийн бус сонирхогчид юм.
Киноны зураг авалтыг голдуу тухайн эпизодуудын орчин нөхцөлд тохирсон газар нутагт авсан буй. Америкийн танкууд Ромд ирж байгаа хэсгүүдийг Ливорно хотод авсан бол Флоренц хотыг харуулсан доторх зураг авалтыг Ромд авсан. Түүнчлэн олон жүжигчдийн дуу хоолой шаардлагатай нутгийн аялгуутай таарахгүй байсан тул ам барьж дуу оруулах хэрэгтэй болсон байдаг. Rossellini-н энэ "түүхэн цуглуулга" Италийг Германы эзлэн түрэмгийлэл, фашизмаас чөлөөлсөн он жилийг үзүүлэхдээ газар орны байдлыг тун бүтээлчээр ашигласан нь киног онцгой болгодог. Бие даасан драматик эпизодиуд нь Италийг хөндлөн гулд чөлөөлж байгааг харуулдаг ч сэдэв хийгээд өнгө аясын хувьд нэгдсэн жигд байж чаддаггүй. Өгүүлэх эрч хүч, камер хараахан харагдаагүй байгаа бодит байдлыг олж авч байгаа мэдрэмжтэй байдал зэрэг нь энэхүү киног хамгийн урам зоригтой, эрч хүчтэй кинонуудын нэг болгодог. "Paisan" нээлтээ хийхэд олон улсад таатай хүлээж авсан бол Италидаа харьцангуй сөргөөр хүлээж авсан байдаг нь энэ бүтээл коммунистуудын хувьд хэтэрхий Христийн шашинлаг, харин Христийн шашинтнуудын хувьд дэндүү коммунист байсных гэдэг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 197-р байрт эрэмбэлээд байна.
Критикч Andre Bazin энэ киног Италийн неореализмын ач холбогдлыг илтгэсэн бүтээл болгон сонгож, баримтат кино техник, уран сайхныг хослуулах замаар бодит байдлыг мэдрүүлдэг шинжтэй гэсэн буй. Критикч Bosley Crowther "Paisan"-ийг "дэлгэцийн илэрхийлэмжийн хувьд түүхэн ач холбогдолтой" гээд "бодит зураглал ба танихгүй жүжигчдийг тоглуулснаар үлэмжийн натур шинжтэй" гэжээ. "Paisan" шашныхан болон улс төрчдөд таалагдаагүй боловч Оскарт шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшиж байв. Өнөөдөр кино түүхчид, критикүүд энэ киноны ач холбогдол, нөлөөг хүлээн зөвшөөрөх болсон бөгөөд критикч Jose Luis Guarner хэлэхдээ: "неореализмын сод бүтээл төдийгүй кино урлагийн түүхийн ноён оргилуудын нэг". Найруулагч Martin Scorsese уг киног "залуу найруулагчдын заавал үзэх ёстой 39 гадаад кино" жагсаалтад багтаасан байдаг. Харин найруулагч Gillo Pontecorvo энэ киног үзээд найруулагч болохоор шийдсэн гэдэг. Кино сентиментал шинж хийгээд агуулгын хувьд сэдэвчилсэн уялдаа холбоо, учир шалтгааны холбоос дутмаг гэж шүүмжлэгчид ч мөн байдаг. Найруулагч Rossellini-н дайны дараах сэдэвт хоёр дахь кино Америкт "Paisan" нэртэйгээр гарсан нь учиртай байв. Итали нэр нь "Paisa" байсан ба энэ нь Неаполитан аялгаар нэг тосгоны хүнээ дотночлон дууддаг нэр аж.
Энэ утгаараа ч, киноы агуулга ч Америк болон Италийн ах дүүсэг этикийг харуулсан тусгал болж байна. Сицилид өрнөдөг эхний эпизодод залуу бүсгүй Carmela хүний аминд хүрдэг явдал, мөн төгсгөлийн По Хөндийд партизануудыг хормоглон хядсан эпизод гээд аймшигтай эмгэнэлт явдлаас өгсүүлээд Неапольд гудамжны хүүхэд согтуу цэргийн гутлыг хулгайлсан хоёрдахь эпизодийн комеди өнгө төрх гээд уг кино олон өнгө төрхөөр өрнөсөн зургаан эпизодоос бүрддэг. Гэхдээ Rossellini ямагт ганцхан сэдвийг чухалчилдаг байсан; энэ бол 1943-1944 оны харгислалын жилд Холбоотнууд Италийн хойг руу давших үеийн хэл, соёлын зөрчил буюу найруулагч маань олон соёл, хэлний ойлголцол ба үл ойлголцлыг сонирхолтой байв. "Paisan" кино найруулагчийн маань дайны дараах сэдэвт анхны кино нь болох "Rome, Open City" бүтээлийг бодвол санхүүжилтээ түргэн шийдэж, тун хурдан хугацаанд бүтсэн ба Rossellini Америкийн мөнгөөр өмнөхөөсөө арав дахин төсөвтэй ланжгар төслийг бодох боломжтой болсон гэсэн үг. Үр дүн яасан бэ гэвэл, "Citizen Kane" Холливуудад ямар амжилт гаргасан шиг "'Paisan" Европын кино урлагт доргилт болсон; өөрөөр хэлбэл харьцуулсан хоёр киноны бодит байдлыг буулгасан чадвар ер бусын дэвшилтэт байв.
Холливуудын шинэлэгч Orson Welles-н инноваци нь албан ёсны, технологийн шинжтэй байсан; Welles гучаад оны сүүлчээр гарсан шинэ линзээр үзэгчдэд илүү түвэгтэй зураглалаас чухалыг нь сонгох боломж олгосон гүн гүнзгий талбарыг бий болгосон юм. Эргээд Итали кинондоо ороход, Rossellini-н киноны бодит байдлын давамгайлсан шинж нь мэргэжлийн бус жүжигчдийг ашигласнаас тод мэдрэгддэг. "Paisan" кино дахь хот, суурин газруудын гудамжууд маш бодитой харагддаг нь тэнд амьдардаг хүмүүсийг жүжигчдээр бус жинхэнэ оршин суугчдыг нь харуулсанд оршдог ба тэд үнэхээр дайны аймшгийг биеэрээ үзэгсэд билээ. Киноны бүхий л жүжиглэлтээс магадгүй хамгийн шилдэг нь нэгдүгээр эпизодын Carmela-нх болов уу. Аав, ахыгаа олохыг хүссэн тэрээр Америк цэргүүдийг замчлахаар болдог; энэ дүрд ямар бэлтгэл сургуулилтгүй 15 настай охиг тоглосон ба яг өөрийнхөөрөө дүрээ бүтээсэн.
Үнэнийг уран сайхантай хольсноор амжилт шууд ирнэ гэж хөнгөхөн бодвол алдаа болно, харин бид Carmela-н хэсгийг шинжлэн үзвэл Rossellini камерын өмнө бодит байдлыг амьдруулдаг үйл явц хэр түвэгтэй болохыг харж болно; Carmela бол Сицилийнх биш харин Rossellini-н Неаполитан тосгоноос олсон охин юм. Охины "бодит байдал" нь энгийн үнэн зөвдөө бус, харин түүний сэтгэлийн чөлөөтэй шинж төрх, эргэн тойрныхоо Сицилийн иргэдээс ялгаатай байгаад оршдог; энэ шинж төрх нь түүнийг тэднийг үл тоомсорлож, Америкчуудтай хамт явах шийдвэрт нь хүч өгдөг. Гэвч тосгоныхон болон Италийн өөр газар нутгийн хүний хоорондын энэхүү харилцан үйлчлэл нь киноны буулгасан бодит байдлын нэг хэсэг, киног амьдруулах арга замын нэг хэсэг юм бол энэ нь киноны хамгийн бодит элементүүдэд асуудал үүсгэдэг буюу Италичуудын хэл ярианы янз бүрийн аялгууг онцолдог. Итали бол нэг улс биш, харин олон жижиг улсууд ба улс болгон нь Итали улсын албан ёсны хэлний өөрсдийн гэсэн хувилбартай байдаг. Rossellini-н реализмыг бодит байдлын энгийн хуулбар гэж ойлгох ёсгүй, харин камер үүнийг буулгахад бодит болдог элементүүдийн зэрэгцүүлэлт гэж ойлгох нь зөв бөгөөд энэ нь түүний зохиомол материалыг бодит байршилд байршуулснаас тодорхой харагдана.
Неапольд болдог киноны хоёрдугаар эпизодын шалтгаан нь гудамжны хүүхдүүд амьдардаг Мергеллина дахь агуйн бичлэгээс үүдэлтэй ба Rossellini энэ агуйг нээж олоод анхныхаа санааг орхиж Неаполь руу явжээ. Гэхдээ байршлыг хамгийн гайхалтайгаар ашигласан явдал нь дөрөвдүгээр эпизодод гардаг ба Англи сувилагч хүүхэн, Итали эр хоёр Флоренцийн төвийн алдартай гудамжаар хамт нэг нь эхнэр хүүхдүүдээ, нөгөө нь хайртай залуугаа хайж явдаг; Флоренцийн алдартай гудамжууд Нацистууд болон партизануудын хоорондын тулалдааны шууд фронт шугам болж, Уффици галерей нь ердөө л галын нуувч болдог. Түүхэн хот тулааны талбар болж хувирсан нь Британийн офицер гарын авлагаас хонхны цамхагийг хайж байгаа хэсэг, эхнэр хүүхдүүдээ хаана байгааг мэдэхгүй байгаа цөхөрсөн эрийн хэсэгт тод харагддаг. Хэл, ярианы ойлголцол кинонд чухал байр суурьтай байдаг гэж түрүүн хэлсэнчлэн нэгдүгээр эпизодод Carmela болон Joe хоёрын харилцан ярианаас харахад хэн хэнийхээ хэлээр ярьж чаддаггүй агаад кино нь хэл ярианы төлөвлөгөө болон хүлээн авагч хоорондын зайг харуулахыг зорьдог. Хэл яриа хэлэлцэж байсан ч гэсэн санамсаргүйгээр ярилцдаг. Үүний хамгийн сэтгэл хөдөлгөм жишээ бол дөрөвдүгээр эпизодын төгсгөлд үхэж буй нэгэн партизан Англи сувилагчид Lupo нас барсан гэж хэлдэг, партизан Lupo-н амрагтай ярьж байгаагаа мэддэггүй. Хэлээр ойлголцохгүй гэж онцолсон "Paisan" кино нь хүн төрөлхтний ахан дүүсэг этикийн тухай мессежтэй зөрчилдөх мэт санагдах ба Rossellini-н шийдвэрлэгдээгүй энэ зөрчил нь киноных нь зүрх болдог.

Comments
Post a Comment