Гуйлгачин Ван

 


Ran (1985) . Японы аугаа кино урлаач Akira Kurosawa-ын зохиолын бичиж найруулсан туульсын драм. Кино зохиолыг Уильям Шекспирийн "Лир Ван" жүжгээс сэдэвлэсэн ба мөн 16-р зууны жанжин, феодал ноён Mori Motonari-ын домгоос хэсэгчилэн санаа авсан байдаг. Энэ кино нь Kurosawa-ын замналынхаа туршид Шекспирийн классик жүжгээр хийсэн 3 дахь кино нь ба "Макбет" жүжгээс сэдэвлэн "Throne of Blood", "Гамлет" жүжгийг "The Bad Sleep Well" зэрэг кинонууд хийсэн байдаг. Энэ бол их найруулагчийн сүүлчийн туульсын кино байсан. Мөн өнөөдөр бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд нэрлэгддэг билээ. Энэ бол киног төгс хийж болдогийг харуулсан бүтээл; зураглал, тулааны хэсэг, монтаж, жүжиглэлт, хөгжим, дуу, хувцаслалт, нүүр хувиргалт гээд бүхий л концептоороо Kurosawa-ын итгэл үнэмшлийг бүрэн харуулдаг. Нэг үгээр сүнсийг кино урлагт буулгаж болдогийг Kurosawa харуулсан юм. Бүх юмтай эхэлсэн хүн төгсгөлдөө юу ч үгүй болж байгаа тухай эна кино аймшгийг урлагийн гоо зүй болгон хувиргадаг ба үнэнхүү сэтгэл хөдөлгөм бөгөөд цор ганц тохирох хариу үйлдэл бол чимээгүй байх явдал гэдгийг энэ кино харуулна. Энэ нь найруулагчийн хамгийн өндөр үнээр бүтсэн киноноос гадна тухайн цагийнхаа Японы хамгийн өндөр өртөгтэй бүтсэн кино болсон.

 Япон, Францын кино компаниуд киног бүтээсэн бөгөөд зураг авалт 1983 онд эхэлсэн. Олны хэсэгт хийгээд хуяг дуулга гэх мэт 1400 орчим хувцас загварыг хоёр жилийн хугацаанд Emi Wada, Kurosawa нар зохион бүтээсэн. Мөн кинонд 200 орчим морь ашиглаж. Kurosawa өргөн уудам, үзэсгэлэнтэй газар нутгийг ашиглах дуртай байсан учир киноныхоо ихэнх хэсгийг Японы хамгийн том идэвхтэй гал уул Асо уулын тал, уулсын дунд авчээ. Мөн түүнд Японы алдартай дурсгалт эртний цайзууд болох Кумамота, Хижеми-д зураг авах зөвшөөрөл олгож байв. Тэрээр ихэвчлэн ялгаатай линзтэй, өөр өнцгөөс авсан 3 камерийг нэгэн зэрэг ашигладаг байсан ба алсын зураглалыг олонтаа ашиглаж, ойрын зураглалыг цөөхөн ашигласан байдаг. Тэрээр үе үе хөдөлгөөнгүй камерийг ашиглаж, мөн тодорхой сцэнүүдийг дэвшүүлэхийн тулд үсэрсэн цомхотгол ашиглаж, үйл явдлын хэмнэлийг киноны эффект болгон өөрчилдөг. 

Зураг авалт эхлэхээс өмнө Kurosawa 10 жилийг киноныхоо кадр бүрийг зураг болгон өгүүлэмжийн самбарт бичсэн байсан гэдэг. Кино продакшны үеэр түүний 39 настай эхнэр Yoko Yaguchi нас барж, Kurosawa гашуудахын тулд нэг өдөр зураг авалтыг зогсоосон байдаг. Мөн олон жил түүний дууны инженер хийсэн эрхэм продакшны үеэр тэнгэрт оджээ. Kurosawa 1970-аад оны дунд үед жанжин Mori Motonari-ын түүхийг уншаад ерөнхийдөө энэ киноныхоо санааг олсон ба сайхь жанжин 3 үнэнч, авъяаслаг хүүтэй байж; харин хөвгүүд нь муу, өөдгүй байсан бол яах байсан бол гэсэн санаа найруулагчид төржээ. Тэрээр энэ санаа нь Шекспирийн жүжигтээ гайхалтайгаар адилхан байгааг хүлээн зөвшөөрсөн ч эцэстээ энэ нь "Лир Ван"-аас санаа авсан нь тодорхой юм. Тэрээр 1975 онд "Dersu Uzala" киногоо дуусгаад "Ran" дээрээ ажиллаж эхэлсэн ч өөр төслөөс болж 7 жил "Ran" шүүгээнд нойрссон; гэвч тэрээр кадр болгоноо бичиж, зурж бэлтгэж байв. "Kagemusha" киноныхоо амжилтын дараа ашгүй нэг юм "Ran"--г бүтээх санхүүгийн боломжтой болжээ. Kurosawa нэгэнтээ "Hidetora бол би" гэж хэлсэн байдаг ба энэ дүр найруулагчаа төлөөлдөг гэсэн яриа бий. Шүүмжлэгч Roger Ebert үүнийг хүлээн зөвшөөрч "энэ кино Шекспирийн жүжгээс дутахгүй Kurosawa-ын амьдралын тухай байж магадгүй" гэжээ. Энэ бол түүний гуравдугаар эриний сүүлчийн кино байсан ба тухайн үед тэрээр санхүүжилт олоход хүндрэлтэй болж, гадаадаас санхүүжилт хайхад хүрсэн бэрх үе юм. Тэрээр замналынхаа эхний 20 жилд 20 гаруй кино бүтээсэн бол дараагийн 20 жилд ердөө 4 кино л бүтээжээ. 

1965 онд "Red Beard" киногоо хийсний дараа Kurosawa өөрийгөө хоцрогдсон гэж үзэж, дараагийн 5 жилд амралтаа авсан. Мөн тухайн үед телевиз ид моодонд орж хүмүүс театрт явахаасаа илүү гэртээ зурагт үзэх болсон нь түүнийг "нийтийн дайсан" болгосон мэт санагдсан гэдэг. 1968 онд тэрээр 20th Century Fox кино компанитой хамтран кино хийж эхэлтэл түүний төгс төгөлдрийг хүсэх чанар кино багийнханд таалагдаагүй учир Kurosawa-г бараг галзуу амьтан гээд "хөөсөн" байдаг. Kurosawa хэсэг нөхдийн хамт бие даасан кино компани байгуулж кино хийсэн боловч амжилт олсонгүй, бүрэн дампуурсан агаад залуу найруулагчид түүнийг "дууссан" өвгөн гэж хочлон шоглож байв. Улсаасаа санхүүжилт авч чадахгүй болсон, алдар нэр нь бүдэгэрсэнд бардам найруулагч маань амиа хорлож энэ бүхнээс салахыг оролдсон боловч азаар амьд үлдсэн ч сэтгэлийн шаналал нь эдгэхгүй л байв. Гол дүр Hidetora-д анх Toshiro Mifune тоглоно гэж төсөөлж бичсэн ч энэ дүр Tatsuya Nakadai гэгч Kurosawa-ын хэд хэдэн кинонд тоглож байсан жүжигчин тогложээ. Киноны олны хэсэгт 1400 хүн тогложээ. Уг киноны ихэнх дүр уламжлалт жүжиглэх техникийг дүрсэлдэг байдаг бол хоёр үзүүлбэрт Японы Но театрын тоглолтыг санагдуулдаг. Но театр гэдэг нь сэтгэл хөдлөлийг уламжлалт дохио зангаа хэлбэрээр илэрхийлдэг өндөр бэлтгэгдсэн жүжигчин юмуу хөгжимчдийг шаарддаг Японы уламжлалт театрын нэг хэлбэр юм. 

Tatsuya Nakadai-ын сүнс шиг хүнд нүүр будалт нь Но театрын жүжигчдийн өмсдөг сэтгэл хөдлөлийн масктай төстэй юм. Нэг биед хоёр дүр төрхийг харуулах нь уг театрын онцлог шинж ба удаан хугацаанд хөдөлгөөнгүй, чимээгүй байснаа гэнэт огцом, ширүүн болж өөрчлөгддөг. Домогт найруулагчийн "Лир Ван" жүжгээс сэдэвлэсэн уг киног туульсын, дайны, түүхэн кинонд дуртай хэн бүхэн заавал үзвэл зохилтой юм. Зарим судлаачид уг киног баялаг өнгөрөөрөө, үйл явдал, дуу, тансаг чамин байдлаараа Kurosawa-ын "Kagemusha", "Dersu Uzala", "Seven Samurai" шедеврүүдтэй нэг эгнээнд бичигдэнэ гэж дүгнэсэн байдаг аж. Roger Ebert "энэ бол аугаа, сүрлэг амжилт" гэжээ. "Kurosawa энэ кинондоо бүхнээ зориулсан, түүний үнэнч чанарыг эрхэмлэх хийж экспрессионист кино техникийг хайрлах байдал энэ киног чөлөөт тэнүүчлэх боломжтой болгож байна" гэж San Francisco Examiner сэтгүүл бичжээ. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 183-р байрт эрэмбэлээд байна. Харин The Guardian сэтгүүлээс явуулсан санал асуулгад уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг гадаад хэл дээрх 40 киноны тоонд багтсан бол BBC мөн л хамгийн шилдэг гадаад хэл дээрх 100 кино жагсаалтдаа оруулсан байдаг.

Comments