Энэ хүүхнүүд үү


 Энэ хүүхнүүд үү (1963). Комеди буюу инээдмийн жанр нь эртний Грект үүссэн. Тухайн үеийн Афинд театрт тоглогдсон комеди нь засаг баригчдыг сонгох иргэдийн санаа бодолд нөлөөлдөг хүчтэй байжээ. Грекийн комеди жүжиг нь насны зөрүү, хүйсийн ялгаа, мөн нийгмийн анги давхаргын зөрчлийг үзүүлдэг байсан буюу аливаа асуудлыг эсрэгцүүлэн тавьдаг байв. Нэг үгээр залуусын шинийг эрэлхийлэхийг эсрэг хөгшчүүлийн хуучинтайгаа үлдэх гэсэн тэмцэл үндсэн сэдэв л болдог байж. Юунд энэ бүхнийг дурдав гэвээс "Энэ хүүхнүүд үү" кино чухам дээрх зарчмаар ажилладаг учраас тэр. "Энэ түүх ер бусын" гэж кино эхэлдэг нь шууд утгаараа комеди жанрын бүтээл гэдгээ тодотгоно. Харин "Нэгдлийн даргууд том дутагдалтай" гэдэг нь кинонд авч үзсэн орчин үе ба уламжлалт ёс, хүйсийн асуудал, шинэ ба хуучин гэсэн сэдвүүдийг урьдчилсан танилцуулсан хэрэг. 


Багадаа баярын өдрүүдэд (Шинэ жил, Цагаан сар) эл бүтээлийг үздэг байсан учир энэ бол миний хувьд баярын киноноос гадна Монголын хамгийн шилдэг инээдмийн кино гэж боддог. Хэллэг, харилцан яриагаар нь бараг хэлц үгийн ном гаргачихмаар энэхүү угаалаг, ёжтой, тухайн цагтаа зоригтой киног Р. Доржпалам найруулж, кино зохиолыг нь Ч. Лодойдамба өөрийнхөө "Итгэж болно" жүжгээс сэдэвлэн бичжээ. Лодойдамбын зохиол өөгүй сайн бичигдсэн болохоор кино руу ч чанараа алдалгүй хөрвөсөн бололтой. Киноны хамаг ид шид нь зохиолдоо байгаа нь маргаангүй ч Доржпаламын мэдрэмжтэй найруулга киног төгс хэмжээнд хүргэж байна. Хөгжмийн зохиолыг Л. Мөрдорж бичсэн. Уг киноны хөгжим үйл явдлынхаа хөнгөн адармаа болон хошин өнгө аясыг улам тодруулдаг ба энэхүү киноны хөгжмийг мэдэхгүй Монгол хүн бараг үгүй билээ. Инээдмийн кинонд жүжигчдийн үүрэг их чухал, тэдний үгээ хэрхэн инээдтэй хэлж, дохио зангаа, нүүрний хувиралаа яг цагаа олж тааруулахаас комеди жанр ихээхэн хамаардаг. Уг кинонд Г. Гомбосүрэн, Д. Дамдинсүрэн, С. Мандах, Л. Жамсранжав, Н. Мягмар, Д. Мэндбаяр, Т. Цэвээнжав, Ч. Цэрэннадмид нарын манай шилдэгүүд тоглосон. Орилоон чарлаан, хэтийдсэн хөдөлгөөн маяггүйгээр инээлгэхийн сацуу эргэцүүлэл төрүүлдэг киног комеди гэнэ;  "Энэ хүүхнүүд үү" бол комеди жанрын бүхий л стандартыг хангасан кино болой.


Социализмын Монголд угсаатнуудыг баруун, зүүн, өмнө, хойтгүй шинэ соёл буюу орчин үеийн соёлоор хольж байсан явдлыг киноны эхлэл хэсгээс харж болно (дашрамд хэлэхэд энэ их зөв бодлого байсан). Энэ тэндээс ирсэн мэргэжилтэнгүүд төрөл бүрийн шалтгаанаар нутаг нутаг руугаа явснаар Жамц-д боловсон хүчин дутагдаж байна. Мөн мэдээж эмэгтэй хүний чадварт итгэдэггүй түүний үнэмшлийг эмэгтэйчүүд нь нөхөр хүүхэд гэсээр алга болж байгаа явдал улам бататгана. Киноны гол дүр нь Жамц ба адармаат явдал, хуйвалдаан түүнийг тойрон эргэлддэг. Түүний үнэнч туслах Доржоо хуйвалдааныг илрүүлснээр кино хурцадмал болж ирдэг. Надад Жамц, Доржоо хоёр төөрөлдсөн Кихот ноён, түүний туслах Санчо шиг өнгөрсөн дөө үлдэгсэд шиг санагддаг. Жамц дэндүү зөрүүд, хуучинсаг хүн бөгөөд шатар хэрхэн тоглож байгаагаас нь дэндүү өөрийнхөөрөө болохыг нь харж болох бол хүү нь түүнд хүйсийн ялгаа одоо байхгүй болсон гэж хэлэхэд огт тоохгүй байгаагаас нь харж болно. Харин Доржоо киноны эхэнд "Эмэгтэй хүн гэдэг эмэгтэй л хүн юм даа" гэж хэлдэг нь бүхнийг хэлнэ. Жамц Нэгдэл цаашлаад улс орноо нэн тэргүүнд тавьсан, эмэгтэй хүнийг эрчүүдтэй адилхан ажиллаж, хөдөлмөрлөж чадна гэдэгт итгэдэггүй хуучин нийгмийн хүн болохоос мисогинист хүн биш. Үнэндээ тэр хүүхнүүдэд хайртай хүн бөгөөд эхнэрээсээ айж эм ээ ууж байгаагаас нь, эхнэрээ амьдралынх нь багана гэж буйгаас, хамгийн гол нь Дуламсүрэнг чөдөрлөх хэрэгтэй гэсэн Доржоогийн санааг эсэргүүцэн, хэрвээ Дуламсүрэн сайн зоотехникч биш аваас бид нэг хүүхнээ дэмий гарздана гэж хэлж байгаагаас нь харж болно. Киноны төгсгөлд Жамц нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаагаас түүнийг эсрэг дүрээс сайн дүр болгож, нэг үгээр шинэчлэгдсэнийг нь харуулж байна. Кинонд гардаг Идэр гэдэг дүр бол социалист бөх хүний сонирхолтой хөрөг. Тэр Дулмаагийнхаа жаргалыг төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж байгаа, мөн "Дулмаа даа ч хэлэхгүй" гэж байгаа зэргээс түүний хэр үнэнч эр болох нь харагдана. Тэр сайн нэгдэлч бас хайртай хүүхнийхээ төлөө нэр төрөө ч хугалахаас айхгүй романтик хархүү (бөхөөр Дуламсүрэнд санаатайгаар унадаг) ба магадгүй идеал Монгол залуу ийм байх ёстой болов уу. 


"Энэ хүүхнүүд үү" бол эмэгтэйчүүдийн тухай буюу тухайн социализмын үед жендерын асуудал ямар байдалтай байсныг өгүүлсэн кино. Энэ кинонд үзүүлснээр жендерын асуудал Монголд нэн шинэ зүйл байсныг, Социализмаар малчин Монголчууд модерн-той тулгарч, хэрхэн хуучин үеийнхэн модерн, жендер гэсэн ойлголтуудтай танилцаж байсныг харж болно. Жишээлбэл шинэ жилтэй сцэн, мөн зочид буудалд Жамц шатаар (хуучинсаг), Дуламсүрэн буюу Думаа цахилгаан шатаар (модерн) явдаг бол үе хоорондыг симбол маягаар үзүүлсэн хэрэг. Эл бүтээлд эмэгтэй хүний зан чанарын онцлогуудыг үзүүлдэг; тухайлбал, Долгор оройн хоолон дээр Дулмаа, Дуламсүрэн хоёрыг нэрлүүлэх талаар ам алддаг нь эмэгтэй хүний ам султайг харуулдаг бол Должин бүх эрчүүд зөвхөн Дулмаа руу гүйгээд байгаад эмэгтэй л хүний барьцах зангаар сүүлд найз Дулмаатайгаа харилцахаа больж байгаагаас харагддаг. Харин Дулмаа бол харьцангуй орчин үеийн эмэгтэй бөгөөд эндээсээ нэг хүүхэн олоод суурьшина даа гэсэн Дуламсүрэнгийн хэлсний хариуд илэрхий дургүйцэж байгаагаас нь илэрнэ. Мөн түүнчлэн Дулмаа шинэ жилийн үдэшлэгт орохоосоо өмнө Должинд ялихгүй зүйл сонгохдоо удаан боддог бид нэг насны ханиа сонгохдоо бүр ч илүү ул суурьтай бодох ёстой гэж зааварлаж байгаагаас, үдэшлэгийн үеэр Идэрт; би чамайг өлгийтэй байхаасаа мэдэхгүй зэрэг ёжтой, хорон хэдий ч үнэн үг түүнийг модерн эмэгтэй дүр болгож байна. Дулмаагийн хувьд анхнаасаа л Идэрт сэтгэлтэй байсан ба шинэ залуу ирснээр Идэрийг шалгаж, хэр үнэнч хүн болохыг нь таних гэсэн арга л байв. Дулмаа, мөн хоёр Жамцынханд оройн хоол идэхээр гарахын өмнө Дулмаагийн Идэр рүү хардаг нүүрний хувирал бас яг тэр үзэгдэлд Дулмаа, Дуламсүрэн хоёр байшингаас гартал Идэр Должинтой хамт зогсож байгааг харсан Дулмаагийн царайны төрх хүүхэн бөх залууд л сэтгэлтэйг илчилнэ. Дуламсүрэн бол Шекспирийн маягийн зоригтой, шинэлэг, орчин үеийн хүүхэн төдийгүй эмэгтэй хүний овжин, мэдрэмжтэй, сүрхий шинжийг агуулсан Монголын кино урлагийн түүхэн дэх мартагдашгүй дүр болой. Энэхүү киноны ертөнцөд түүнд чадахгүй зүйл байхгүй; өөрөөр хэлбэл тэр социализмын идеал эмэгтэйг төлөөлөх мэт. 


"Энэ хүүхнүүд үү" кинонд Дуламсүрэн ирээдүйн хадам аавыгаө таньж, итгэлийг олохын зэрэгцээгээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс дутахгүй болохыг батлахын тулд зүсээ хувирган очдрг. Эмэгтэй хүн зүсээ хувиргах явдал бол Английн зохиолч Уильям Шекспирийн "Зөрүүд бүсгүйг номхотгосон нь", "Верона хотын хоёр эр" зэрэг жүжгүүдэд гардаг элемент бөгөөд Лодойдамба энэхүү санааг Шекспирээс авсан байх магадлалтай гэж таамаглаж байна. Надад энэ кино найруулагч Билли Уайлдерын "Some Like It Hot" (1959) киног санагдуулдаг; Америкийн энэхүү кинонд хоёр хөгжимчин залуу амиа аврахын төлөө эмэгтэй хүний дүрд хувилан зөвхөн хүүхнүүд байдаг жазз хамтлагт орж байгаа тухай өгүүлдэг, харин манай кинонд Дуламсүрэн ажил, амьдралынхаа төлөө зүсээ хувиргадаг. Ерөнхийдөө, комеди жанрт зүсээ хувиргах өнгөлөн далдлалт нь тухайн зүсээ хувирагчид нийгмийн байр сууриа юмуу анги давхаргын саад тотгороо даван туулах зам болдог боловч энэ амжилт нь удаан үргэлжилдэггүй. Гол нь энэ элемент бидэнд хүнийг хувцас бүтээдэг үү, буюу гаднах байдал олон нийтэд хэрхэн нөлөөлж үйлчилдэг тухай болой. Энэхүү кинонд, тухайн үедээ нэн шинэ, зоригтой зүйлс гардаг, энэ бол Доржоогийн нүдээр Дулмаа, Дуламсүрэн хоёр үнсэлцдэг, Төмөр Дуламсүрэн хоёр мөн үнсэлцдэг хэсгүүд бол үнэндээ шууд утгаараа биш ч цаад санаагаараа ижил хүйстэн гэсэн санаа бодлыг анхлан үзэгчдэд төрүүлсэн сцэнүүд билээ. Комеди жанрын кино жаргалтай төгсдөг, манай кино ч энэ зарчмыг баримталдаг. Жамц бэртэй ч зоотехникчтэй ч болдог бол  Дулмаа хүссэн болгондоо хүрч, Идэр, Дулмаа хоёр учраа ололцож, Доржоо нүдний шил зүүх болоогүй байгаагаа олж мэддэг. Жамцын зүрхийг эхнэр нь 25 жилд довтолсон бол энэ кино таны зүрхийг нэг удаа довтлох бий. Сүрхий, үзэсгэлэнтэй энэ хүүхнүүд үү, тэдэнгүйгээр амьдрах аргагүй ээ. 

Comments