Төгөлд болсон явдал

 


Rashomon (1950) . Японы домогт кино найруулагч Akira Kurosawa-ын найруулсан гэмт хэрэгт, сэтгэлзүйн триллер. Киноны зураглаачаар Kurosawa-ын олон бүтээлд хамтран ажиллаж байсан Японы алдарт кино зураглаач Kazuo Miyagawa ажилласан бол киноны гол дүрүүдэд: Toshiro Mifune, Machiko Kyo, Masayuki Mori болон Takaahi Shimura нар тоглосон. Үнэний мөн чанар, шударга ёсны утга учрын судалгаа болсон уг бүтээлийг кино урлагийн түүхэн дэх хосгүй бөгөөд шилдэг, үнэт өв гэж үзэх болжээ. Kurosawa-ын гайхалтай дүрслэл, үйл явдлыг ухраах ухаалаг аргыг бишрэм тансаг агаад кино хэлийг эгнэгт өөрчилсөн уг кино нь Японы кино урлагийг, мөн Toshiro Mifune хэмээх шинэ одыг барууны ертөнцөд танилцуулсан билээ.

TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 21-р байрт жагсаасан байхад 2012 онд Sight & Sound сэтгүүлийн шилдэг 100 кино санал асуулгын шүүмжлэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 26-р байрт, найруулагчдын дунд явуулсан санал асуулгаар 18-р байрт тус тус эрэмбэлэгдсэн. 2009 онд Kinema Junpo-ын Японы хамгийн шилдэг кино жагсаалтад 7-р байрт, BBC-ээс шалгаруулсан гадаад хэл дээрх хамгийн шилдэг 100 кино жагсаалтын 4-р байрт тус тус эрэмбэлэгджээ. Киноны үйл явдал болон дүрүүд нь Японы зохиолч Рюноскэ Акутавагийн "Төгөлд болсон явдал" богино өгүүллэгээс сэдэвлэсэн бөгөөд харин киноны нэр, өгүүлэмжийн бүтцийг Акутавагийн өөр нэгэн өгүүллэг болох "Рашёмон"-оос үндэслэсэн ажээ. Киноны үйл явдалд; Самурайг хөнөөж, эхнэрийг нь хүчиндсэн хэргийг дөрвөн хүн дөрвөн өөр өнцгөөс дүрслэн тайлбарлаж буйг харуулдаг буюу Шинто шашны бөөгөөр дамжуулан алуулсан самурайгаас эхлээд дээрэмчин, хүчиндүүлсэн эхнэр, модчин зэрэг энэ хэрэгт хамаатай бүх хүн болсон үйл явдлыг үнэн бусаар дахин ярихдаа өөрсдийнхөө жинхэнэ дүр төрхийг харуулцгаадаг. Уг кино нэг үйл явдлыг олон дүрийн субьектив зөрчилтэй, альтернатив хувилбараар үзүүлсэн зохиолын бүтцээрээ алдартай. "Рашёмон" бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхын Япон киноноос гадна хожим уг киноноос улбаатай "Рашёмон эффект" гэдэг нэр томьёо хүртэл бий болсон байна. "Рашёмон эффект" гэдэг бол тухайн үйл явдалтай холбогдсон хүмүүс өөр хоорондоо зөрчилдсөн тайлбар, дүрслэл өгөх нөхцлийг хэлэх ба өөрөөр хэлбэл нэг үйл явдлын талаар өөр өөр өнцгөөс харах, мэдрэх байдлыг бий болгох зорилготой кино урлагийн хүүрнэлийн арга юм. Уг киноноос гаралтай энэхүү нэр томьёог нүдээрээ харсан гэрч хүмүүсийн найдваргүй үзэгдлийг тодорхойлоход ашигладаг. 

Найруулагч Kurosawa дуу чимээ киноны түвэгтэй байдлыг нэмэгдүүлдэг гэж үздэг байсан "киноны дуу чимээ нь зүгээр нэг туслах хэрэгсэл биш... жинхэнэ дуу чимээ зөвхөн дүрслэлд нэмэлт болоод зогсохгүй нэмэгдүүлдэг" гэж хэлсэн буй. Kurosawa уг киноныхоо талаар "Би дуугүй кинонд дуртай, үргэлж дуртай байсан... Би энэхүү гоо сайхныг зарим талаараа сэргээхийг хүссэн. Гэхдээ би ингэж бодсон; орчин үеийн урлагийн нэг арга бол хялбарчлах явдал юм, тиймээс би энэ киногоо ойлгомжтойгоор хийх ёстой гэдгээ ухаарсан" гэсэн байдаг. Үүний дагуу кинонд ердөө гурван л тайз заслын орчин бий; Рашёмоны хаалга, ой мод болон хороо болно. Хаалга, хороо хоёр тун энгийн байдлаар хийгдсэн бол ой мод нь мэдээж жинхэнэ юм. Энэ нь мөн Kurosawa-ын Daiei-ээс авсан бага төсөвтэй ч холбоотой юм. Kurosawa киноныхоо зураг авалтыг хийх үедээ жүжигчид болон кино багийнхантайгаа хамтдаа амьдарч байсан нь түүний кино систем амжилттай болох үндэс болжээ. Kurosawa хожим талаараа "Бид жижигхэн бүлгэм байсан, тиймээс надад киногоо өдөр, шөнө, цаг минут тутам бүтээж байгаа юм шиг санагддаг байсан. Тийм үед кино багийнхантайгаа бүх зүйлийг ярилцаж, ойртон ажиллах боломж гардаг" гэж хэлсэн байдаг. 

Зураглаач Kazuo Miyagawa "Рашёмон"-д ажилласан ур чадвар, туршлагаараа ерөөсөө кино урлагт, нэн ялангуяа кино зураглах арга барилд үлэмж нөлөө бас туршилтыг нэвтрүүлсэн. Жишээлбэл, нэг үзэгдэлд, дээрэмчин, дараа нь эхнэр, тэгээд нөхөр гэсэн гурвалжин харилцааг онцлохын тулд цуврал ойрын кадрууд байдаг. Эсрэгцсэн зураг авалт ашигласан нь уг кинонд ашигласан кино техникийн өөр нэгэн жишээ ба шүүмжлэгч Donald Richie-ын хэлснээр дээрэмчний харгислал болон эхнэрийн хистериа хоёрын кадрын хугацаа адилхан байдаг аж. Киног шууд нарны гэрэлд зургийн авсан. Kurosawa байгалийн гэрлийг ашиглахыг хүссэн ч нарны гэрэл арай л сул байж, ингээд тэд толинд гэрлийг тусгах замаар асуудлаа шийдсэн агаад үүний үр дүнд нарны хүчтэй туяа нь мөчрөөр дамжин жүжигчдэд тусч буй мэт харагддаг. Сонирхуулахад, Рашёмон хаалган дээрх тэмдэглэл зураглаач Kazuo Miyagawa-г нас барах хүртэл нь гэрт нь хадгалагдаж байжээ. 

Америкийн кино найруулагч Robert Altman Kurosawa-г киноныхоо турш "цоохор" гэрэл ашигласныг магтаж, энэ арга нь киноны хоёрдмол утгыг улам тодотгосон гэж дүгнэсэн. Шүүмжлэгч Tadao Sato "Рашёмон" энгийн бус нарны гэрлийг ашиглан хорон муу санаа ба гэм нүглийг симболчилсон гээд, мөн эхнэр нарыг хараад дээрэмчний хүсэлд бууж өгдөг гэж дүгнэв. Тэгвэл профессор Keiko McDonald үүний эсрэгээр кино уламжлалт байдлаар гэрлээр "сайн" эсхүл "ухамсарыг", харанхуйгаар "муу" эсхүл "өдөөлтийг" симболчилно гэж дүгнэжээ. McDonald Sato-ын хэлсэн тодорхойлолтыг өөрөөр тайлбарласан; түүнийхээр нар алгуурханаар шингэхэд эхнэр өөрийгөө дээрэмчинд өгдөг гэдгийг тэмдэглэжээ. Мөн тэрээр Kurosawa киноныхоо төгсгөлийн модчин хаягдсан нялх хүүхдийг гэртээ аваачдаг сцэнд Рашёмон хаалганы дээгүүр томоохон үүл гарч ирэхийг хүлээж байсан бөгөөд Kurosawa яг тухайн мөчид тэнгэр цэлмэг байгаа ч удахгүй дахин аадар бороо орж магадгүй гэдгийг харуулахыг хүссэн аж. Харамсалтай нь, бүрхэг тэнгэрийн нөлөөг үзүүлэх гэтэл тунгалаг, нартай байгаа нь төгсгөлийн сцэнийг өөдрөг болгодог гэж дүгнэжээ.

 Судлаач Stanley Kauffmann номондоо Kurosawa ихэвчлэн, нэг сцэнийг авахдаа нэгэн зэрэг хэд хэдэн камер ашигладаг байсан гээд ингэснээр чөлөөтэй танаж, мөн нэгээс нөгөө рүү нисч буй мэт үзэгдлүүдийг хооронд нь холбох боломжтой болсон гэж бичжээ. Гэхдээ тэрээр хамтад нь эвлүүлсэн богино кадруудыг ашигласан нь үзэгчдэд нэг л кадр харж байгаа мэт санагдана гэжээ. Ер нь бол киноны үндсэн хэсэгт 407 тусдаа кадр байдаг ба энэ нь ердийн киноноос хоёр дахин их явдал ажээ. Киноны хөгжмийг Японы алдартай хөгжмийн зохиолч Fumio Hayasaka бичжээ. Кинонд дээрэмчин, эхнэр, талийгаач, эцэст нь модчин гэсэн дөрвөн гэрчийн янз бүрийн мэдүүлгээр алуулсан Самурай, мөн түүний хүчиндүүлсэн эхнэрийн хэргийг дүрсэлдэг бөгөөд модчиных хамгийн бодитой, хамгийн итгэж болмоор санагддаг. Түүхүүд хоорондоо зөрчилдөж, эцсийн хувилбар хүртэл эгогоо, өөрийгөө аврах гэсэн сэдэлтэй байдаг. Кинонд тоглосон жүжигчид хүртэл үнэнийг мэдэхээр Kurosawa-аас байнга асуудаг байсан ч киноны гол зорилго тодорхой үнэнийг илчлэхээс илүү олон янзын бодитийг судлах явдал гэж Kurosawa мэдэгддэг байжээ. 

Үнэний субъектив байдлыг онцолж, бодит үнэн нь тодорхойгүй учраас "Рашёмон"-г зарим хүмүүс дэлхийн хоёрдугаар дайнд Японы ялагдлын талаарх зүйрлэл гэж үздэг бол зарим нь цөмийн бөмбөг, Японы ялагдлын тухай зүйрлэлт кино гэсэн байдаг. Гэвч Акутавагийн "Төгөлд болсон явдал" өгүүллэг 1922 онд хэвлэгдэн гарсан тул дайн талаарх зүйрлэлүүд энд хамаагүй харин энэ бол цэвэр Kurosawa-ын сонголт байж болох юм. Симболизм нь кинонд өргөн тархсан байдаг ба энэ сэдвээр бичигдсэн нийтлэл тоймгүй байдаг. Kazuo Miyagawa-ын зураглал үнэний гэрэл бөхөж буйг харуулах гэсэн шиг модны навчны дундуур нарны туяаг шууд буулгасныг жишээ болгож болно. Кино нээлтээ хийгээд Япондоо ашиг орлого их олж, хоёр ч шагнал хүртсэн бөгөөд Японы шүүмжлэгчид харин огт таалаагүй байдаг. Барууны ертөнц киног таашаагаад эхэлсэн Япончууд эргэлзсэн буюу энэ кино Япон кинонуудаас илүү "Барууны" хэв маягтай тул алдаршсан, энэ кино хэтэрхий "этгээд" тул хүлээн зөвшөөрөгдлөө гэж үзэгсэд гарч ирсэн. Donald Richie "Япончуудын сэтгэлгээ найруулагчийн далайцтай мэдрэмжийг ойлгоогүй" гэжээ. Үнэхээр ч Kurosawa нэгэнтээ "Япончууд бидэнтэй (Япон) холбоотой зүйлийн талаар маш бага боддог" гэж хэлсэн буй. "Рашёмон" 1951 онд Венецийн кино наадамд Итали хэлний багш Giuliana Stramigili-ын санал болгосноор Япон орныг төлөөлж тус наадамд орсон. Daiei кино компани болон Японы засгийн газар Kurosawa-ын кино Японы кино урлагийг хангалттай төлөөлж чадахгүй гэж үзээд оронд нь Yasujiro Ozu-ын бүтээл Японы кино урлагийн амжилтыг илэрхийлнэ гэж үзэж байсан боловч эдгээрийг үл харгалзан "Рашёмон" наадамд оролцож, Алтан Арслан болон шүүмжлэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. "Рашёмон" найруулагчаа барууны ертөнцөд шууд нарны гэрэлд зураг авах болоод нарны гэрлийг толинд тусгаж авах гэх мэт олон шинэ арга барилаар нь таниулсан билээ. 1951 онд уг киног хадмалтайгаар бас дуу оруулалтайгаар Америкт гаргасан ба 1952 онд Оскарын кино наадмаас хүндэтгэлийн шагнал нь хүртсэн нь одоогийн шилдэг гадаад хэл дээрх шилдэг кино шагнал бөгөөд ер нь "Рашёмон" энэхүү шагналыг үүсгэсэн гэсэн яриа байдаг. Өнөөдрийн үзэгчид киног нь үзээгүй ч Рашёмон гэдэг нэрийг хараад л утгыг нь ойлгодог болсон тийм классик, тийм олны танил бүтээл болжээ. Энэ кино магадгүй дуугүй кино эринээс хойших хамгийн аугаа дуутай кино буйзаа.

Comments