Mouchette (1967). Францын мастер кино найруулагч Robert Bresson-н зохиолыг нь бичиж найруулсан эмгэнэлт кино. Францын зохиолч Georges Bernanos-н ижил нэрт романаас сэдэвлэсэн энэхүү бүтээлийг Bresson-н хамгийн алдартай киноны нэг гэж үздэг. Тэрээр Bernanos-н романыг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа; "Би номоос психологи эсхүл анализын алийг нь ч олоогүй. Номын үндсэн агуулга ашиглагдахуйц санагдсан" гэсэн буй. Найруулагчийн алдартай минималист, хомсхон хэв маягаар хийгдсэн уг киноны нэр болсон гол дүрийн охинд Nadine Nortier тоглосон ба Bresson түүгээр хаа сайгүй оршсоор байдаг харгислал, зовлон зүдгүүрийг илэрхийлсэн гэдэг. "Mouchette" кинонд ядуу, дөнгөж боловсрон төлөвшиж буй тариачин охины амьдрал хийгээд шаналлыг дүрслэхдээ Bresson монтаж, кадр, дуу чимээ, диалоги, гүйцэтгэл, үйл явдал зэргийг өөрийн дуртай энгийн хэлбэрээр хийсэн бөгөөд энэ кино бол түүний кино хэлийг гүн гүнзгий, тодорхой харуулсан жишээ юм.
Түүний оюун санааны зорилго ямар ч байсан хамаагүй энэ бүтээл нь кино урлагийн хязгааргүй шинж чанарыг хамгийн дээд зэргээр харуулдаг. Bresson хөдөөгийн нийгмийг аминч үзэл, ёс суртахуунгүй байдал, архидалт, оюун санааны доройтолт автсаны улмаас сахиусан тэнгэр шиг охиныг завхруулж, хөнөөж байгааг ууртайгаар, мөн өршөөнгүй байдлаар буруушаадаг ба тэрээр үзэгчдийг амьдралын парадоксийн зүрх рүү хөтлөн аваачина. Шведийн мастер Ingmar Bergman "Mouchette" киног дээдэлдэг гэж хэлсэн байдаг бол Оросын суут найруулагч Andrei Tarkovsky өөрийнхөө хамгийн дуртай 10 киноны нэгээр нэрлэсэн байдаг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 184-р байрт жагсаагаад байна.
Bresson мэргэжлийн бус жүжигчдийг илүүд үздэг байснаас гадна өмнө нь ажиллаж байгаагүй жүжигчдийг сонгох дуртай байсан ба энэ кинондоо ч арга барилаа баримталсан ч "Au hazard Balthazar" кинонд тоглосон Jean-Claude Guilbert Arsene-н дүрд тоглосон. Зөвхөн үзэх мэдрэмж төдийгүй Bresson-н үлэмж их ур чадварыг харуулсан энэхүү мартагдашгүй кино нь найруулагчийн баргар хүүрнэлийг сүйрлийн нигүүлслэлээр бэхждэг. Критикч Penelope Houston Mouchette-н дүрийг өөгүй бүтээсэн Nadine Nortier-н гүйцэтгэлийг онцолж, кино бүхэлдээ гэрэл цацарсан, тунгалаг, хялбархан төөрөгдүүлэм, эцэстээ нэг төрлийн төгс төгөлдөр бүтээл болдог гэж бичжээ. Мөн тэрээр Mouchette бол бүтээгчээсээ өөр хэний ч өрөвдөх сэтгэлийг төрүүлэхгүй хүүхэд гэжээ. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Сар тэнгэрт мандаад удаагүй байхад голын эрэг дээр хоёр эр архи уун сууцгаах агаад тэд хэдхэн хормын өмнө нэг бүсгүйн төлөө ширүүн зодолдож, одоо жаахан хүүхдүүд шиг инээлдэцгээнэ. Эдгээр эрс бол ойн цагдаа Mathieu болон хулгайн анчин Arsène хоёр ба энэ газар нутаг бол Францын алслагдсан хөдөө нутаг болой. Бүтэлгүй дурлагсдыг зөвхөн саран авхай харсан бус модон дотроос манай киноны баатар, арвандөрвөн настай Mouchette бас харсан ба хар орой охин хүүхэд модон дунд юу хийж явааг одоо тайлбарлая. Эгэл бор төрхтэй Mouchette тун ядуу гэртээ хэвтрийн эх, архичин эцэг болон нэг ой ч хүрээгүй нялх дүүтэйгээ өрөвдөм амьдрах агаад гэр орны ажил, эхийгээ асрахыг тэр л хийхийн дээр зав зайгаараа уушийн газар аяга угааж хэрэндээ хөдөлмөрлөхөд эцэг нь охиноо сайшаахын оронд алганы амт үзүүлнэ. Охины зовлон ингээд дуусахгүй, сургууль дээр нь багш нь дуулж чадахгүй гэж хүүхдүүдийн өмнө доромжлох бол сургуулийн охид, хөвгүүд ад үзэн шоглох нь зэвүүнтэй.
Өсвөр насны охин гадуур зугаалж, үеийн хөвгүүдтэйгээ болзохыг хүсэвч архичин эцэг нь хориглож, гэртээ ч, гадаа ч олны өмнө зодох ба Mouchette тосгондоо хамгийн адаглагдсан, гадуурхагдсан, хүн болгонд загнуулсан хамгийн азгүй хүн гэлтэй. Нэг өдөр Mouchette сургуулийн хүүхдүүдтэйгээ хамт харихгүй гэж өөр замаар явсанаар төөрөөд тийнхүү ойн модон дотроос дээрх зодооныг харсан ба ингээд цааш явж байтал ширүүн бороо орж охин айж бас сандран байхад Arsène түүнийг олж, улмаар дагуулан ойд байх хорогдох байшинд аваачина. Arsène согтуу байлаа, мөн дээрээс нь нэмж уух агаад архинаасаа охинд өгөхөд охин ганц нэг балгаж байлаа. Arsène гэнэт би сая хүн алчихлаа гээд амнаасаа хөөс сахруулан татаж унах ба хэсэг хугацааны дараа босч ирээд Mouchette-г хүчиндчихнэ.
Хүчиндүүлсэн Mouchette үүрээр гэртээ ирээд удаагүй байтал эх нь амь тасрах бөгөөд өглөө нялх дүүгийнхээ сүүг авахаар дэлгүүр ороход худалдагч хүүхэн санамсаргүй байдлаар шимүүлсэн цээжийг нь хараад янханаар дуудна, ингэснээр тосгоныхон цөм түүнийг янхан гэж харна гэсэн үг билээ. Уг явдлын дараахан Mouchette ойн цагдаа Mathieu-г амьд байгааг харахаас гадна Arsène баригдаад явсныг олж мэдэх ба харьж явахад тосгоны нэг эмгэн гэртээ оруулаад түүнийг өрөвдөөд өмсөх хувцас болон эхийгээ оршуулахад биеийн ороогоорой гэж даавуу өгнө, харин Mouchette өгсөнийг авах хэдий ч эмгэнийг дотроо доромжилж, уг басамжлал, доромжиллоо хивсэнд нь гаргаж бохир гутлаараа заваартуулна. Даавуу, хувцас хунартай болсон Mouchette гэртээ харихын оронд гол дээр очоод эхийнхээ цогцсыг ороох даавуугаар өөрийгөө ороож аваад гол руу өнхрөн орж амиа хорлосноор кино төгсдөг.
Бодол ба бодлын илэрхийлэмжийн дунд амьдрал оршдог гэдэг; "Mouchette" магадгүй Bresson-н бүх сүрлэг, дундрашгүй кинонууд нь тэрхүү "дунд"-ын оньсого орон зайд, тэрхүү тоолшгүй "амьдралын" орон зайд өрнөдөг. Жишээлбэл, Bresson шиг дүрслэлийн хувьд ширүүн, кино урлагийн нөөц бололцоо, камерыг бүрэн ашиглахыг шаарддаг найруулагч хэрхэн үл үзэгдэх, илэрхийлэх боломжгүй, өөр ертөнцийн ач холбогдлыг үзүүлдэг вэ? Метафизик шаардлагыг туйлаас анхааран үздэг найруулагч өдөр тутам эсхүл эмгэнэлт амьдралаас үл хамааран бидний физик экзистенцийн дарамт шахалтыг хэрхэн тодотгодог вэ? Эл киноны гайхамшиг нь Bresson-н өөрийнхөөрөө занд, хоёрдмол сэтгэлгээний хэв маяг, зангарагт оршдог ба хүчиндэлт нь энхрийлэл мэт харагдаж, амиа хорлолт нь нэгэн зэрэг ариун хийгээд аймшигтай мэт харагдаж, сцэн бүр нь сүнслэг байхын дээр цөхрөл, хойд насыг илэрхийлдэг. "Mouchette" бол Bresson-н 1969 онд "Une femme douce" киногоо өнгөтөөр хийхээс өмнөх сүүлчийн хар-цагаанаар хийсэн кино билээ. "Mouchette" нь түүний 1950, 1960-аад оны хооронд бүтээсэн уйтай, албан ёсны хатуу бүтэцтэй кинонуудын цуурайгаас цуурайтуулахаас гадна түүний сүүл үеийн хурц пессимизм ба нарийн төвөгтэй өнгө аясыг хослуулдаг аргыг ч давхар шингээж өгсөн байдаг.
Гол дүр Mouchette нь "Pickpocket" киноны Michel шиг ганцаардмал, мөн "A Man Escaped" киноны Fontaine-н хоригддог гяндан шиг охины тарчиг тосгон шиг хаалттай байдаг. "Mouchette" бол Францын хөдөө нутгийн "хорлонт" амьдрал буюу удамшсан архидалтыг харуулдаг ба Bresson хөдөөгийн архидалтын тухай хоёр кино хийсэн нь хоёулаа "Католик реалист" зохиолч гэгддэг Bernanos-н романаас үүсэлтэй юм. Bresson "Au hazard Balthazar" киногоо дуусгаад энэхүү бүтээлдээ орсон ба Mouchette нь "Au hazard Balthazar" киноны зовлонтой Marie, илжиг хоёрын нийлбэр юм шиг санагддаг; ан агнуур (туулай) болон хулгайн ан (ятуу) гэсэн үзэгдлээс бид хүмүүний аналоги ба амьтдын хувьгүй байдлыг дахин нэг харна. Гэхдээ уг бүтээлийг нэгтгэн дүгнэвээс найруулагчийн эхэн үеийн кинонуудаас нэлээд ялгаатай; философи ба теологийн үүднээс амиа хорлох нь зайлшгүй цагаатгал биш юм. Энэ кино нь Bresson-н сүүлчийн кинонууд болох "The Devil, Probably" болон "L'argent" бүтээлүүд дээрх цөхрөлийн мэдрэмжийг урьдчилан мэдээлдэг. Мөн "Mouchette" кинонд огцом, урвуу кино аргачлал байдаг агаад "Pickpocket", ялангуяа "Diary of a County Priest" кинонд үйл явдлыг давтах, заримдаа гурвантаа давтах өвөрмөц шинжүүд байдаг. "Diary of a County Priest" кинонд үзэгч гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийг ойроос хардаг, дараа нь хүний дуу хоолой үгсийг хэрхэн хэлж байгааг сонсдог, эцэст нь саяхан үзэгчийн уншсан, сонссоныг хэн нэгэн үйлддэг.
"Mouchette кинонд найруулагч давталтын оронд дүрс, дууны тасалдлаар дохио өгдөг нэгэн төрлийн гацах аргыг ашигласан; орших ба оршихгүй байхын нууцыг харуулдаг. Хожим бид Mouchette-н үхэж буй ээж гэж таньдаг нэгэн эмэгтэй үзэгчдийн өмнө гэнэт гарч ирээд уйлж, ярьдаг; "надаас хойш тэд юу болох бэ" гэж асуудаг; "би үүнийг цээжиндээ мэдэрч байна, энэ яг л дотор орсон чулуу шиг байна" гэдэг. Эмэгтэй босдог боловч Bresson-н камер түүнийг дагахын оронд дөнгөж саяхан орхиж явсан газарт нь тогтож, үзэгчид одоо сүмд байгаагаа ухаардаг. Хоосон кадрт бид эмэгтэйн алхах чимээг, дараа нь Claudio Monteverdi-н "Magnificat" хөгжмийг сонсоно. Киноны үлдсэн хэсэг эмэгтэйн гэр бүл, ялангуяа охин Mouchette-нхээ хувь заяаны төлөө нулимстай залбирлын хариултыг харуулсан мэт. Гэвч энэ эмэгтэй хэн бэ, энэ эмэгтэйн нөхцөл байдлыг ойлгосны дараа л чухал зүйлс ил болно; "чулуу" нь түүний үхлийн аюултай өвчнийг илтгэдэг ч энэ үг мөн түүний гэр бүл, бүхэл тосгоныг "хоосруулдаг" зовлон зүдгүүрийн симбол болов уу. "Magnificat" бүтээлтэй хосолсон хоосон кадр харин түүнийг диваажинд заларсны симбол гэлтэй. Уг кино нь натурализм ба төөрөгдсөн сэтгэлийн түгшүүрийн холимогийг бүтээдэг. Киноны төрх байдал ядуу, харгис, эзгүйрсэн мэт харагддаг авч Bresson харааны эх үүсвэрээс хамааралгүйгээр ачааны машины сигнал, хүүхдийн уйлаан, дуу чимээг түрүүлж өгдөг буюу шалтгаанаас өмнөх хариу үйлдлийг илэрхийлж, шилжилтээс зайлсхийдэг. "Чих илүү дотогшоо чиглэдэг, нүд гадагшаа чиглэдэг" гэж тэрбээр номондоо бичсэн буй.
Түүнийхээр нүд өнгөцхөн харин чих гүнзгий бас бүтээлч байдаг аж. Ээж шигээ буюу амиа хорлохоо зөгнөсөн мэт Mouchette дараагийн кадр руу шилжихээс өмнө кадраас гарах хандлагатай байдаг ч анхнаасаа л тэрээр тэнгэрийн бус энэ ертөнцийн мэт харагддаг агаад найзуудтайгаа шавраар байлдах, хөлөө шалбаагт дүрэх, үнэтэй хивсэн дээр шороо асгах юмуу цөөрөм рүү толгодоос өнхөрч унах зэргээр газар шороотой хутгалддаг. Хэт том хэмжээтэй гутал өмсдөг Mouchette үргэлж эв хавгүй харагддаг; учир нь Bresson-н түүний хөл, гар, банзал, гутал гэх мэт доогуурх зураглах стратеги түүний хүүхэд насыг эмх замбараагүй харагдуулдаг. Mouchette ээждээ тэр шөнө хүчиндүүлсэн гэдгээ хоёр ч удаа хэлэх гээд чаддаггүй; эхнийхэнд нь хүүхэд уйлаад саад болдог бол удаахад нь ээж нь нас барчихдаг. Амиа егүүтгэсэнээс болж Mouchette-н амьдрал өөр нэгэн тасалдсан түүх болж хувирдаг ба Bresson үзэгчдэд түүний бие цөөрөмд унаж байгааг харуулдаггүй, харин орж байгаа чимээг л сонсгодог. Киноны эхэнд түүний ээжийн үхлийг хоосон кадрт зөгнөхөд "Magnificat" эгшиглэж байсан шиг одоо түүнийг кадраас гарахад сайхь хөгжим дахин эргэн ирдэг. Бид хөөрхий охины амиа хорлолтыг чөлөөлт, адислал гэж харж болохоос гадна бас үүнийг цөхрөл, ядуурал, ёс суртахууны ялагдал болохыг санаж явууштай.

Comments
Post a Comment