Hiroshima Mon Amour (1959). Францын мастер кино урлаач Alain Resnais-ын анхны бүхэн хэмжээний кино нь Францын Шинэ Давалгааны тулганы чулуу болсон кино гэгддэг бөгөөд мөн бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий киноны нэгээр нэрлэгдэн хүндлэгддэг. Франц эмэгтэй (Emmanuelle Riva) Япон эрэгтэй (Eiji Okada) хоёрын дайны дараах Хирошимад өрнөх богино хийгээд хурц янаг амрагийн харилцаа тэдний өөрсдийнх нь хайраас, зовлон шаналлаас айдаг байсан дурсамжийг татан гаргаж ирнэ. Чухам Alain Resnais киногоо ухарч өнгөрсөнийг үзүүлэх бүтэцтэйгээр урласан нь шинэлэг арга байж; өнгөрсөн болоод одоод савлах агаад уг сэтгэлийн дотоод мөн чанарын шедевртээ тэрээр өөрийн зовлон хийгээд нийгмийн зовлон зүдгүүрийг давхар тусгажээ. Уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 120-р байрт жагсаж байна. Уг кино нь шугам бус хүүрнэлтэй, богино хэмжээний дурсамжийг харуулахын тулд богино хэмжээний өнгөрсөн үеийн сцэнүүдийг ашигласан нь, мөн үсэрсэн монтаж нь тухайн цаг үедээ шинэлэг арга техник байв.
Alain Resnais-ын энэ шинэлэг кино хэл нь олон улсад Францын шинэ давалгаа гэх кино урлагийн цоо шинэ хөдөлгөөн бий болсныг зарлан тунхагласан буюу Resnais-ын эл киног болон Jean-Luc Godard-ын "Breathless", Francois Truffaut-ын "The 400 Blows" гэсэн 3 бүтээлийг Францын шинэ давалгааг эхлүүлсэн гэж үздэг. Resnais анх атомын бөмбөгийн тухай богино хэмжээний баримтад кино хийх даалгавартай байжээ. Гэвч хэд сар эрэгцүүлсэний эцэст 1956 онд бүтээсэн холокостын тухай "Night and Fog" гэх баримтад киногоо давтан хийхийг хүссэнгүй, ингээд продюсер дээрээ очоод Marguerite Duras-г кино зохиолчоор авч хамтрахгүй бол болохгүй нь хэмээн хошигносноор Францын романч, жүжиг болон киноны зохиолч Marguerite Duras кино зохиолыг бичжээ. Уг киног Япон, Францын кино компаниуд хамтран хийсэн бөгөөд продюсерууд гол дүрийн эрэгтэй, эмэгтэйд заавал Япон, Францын жүжигчдийг тоглуулна гэсэн болзол тавьж байжээ. Мөн хоёр улсын кино багийнхан хамтран ажиллаж, аль аль улсад зураг авахаар тохиролцжээ. Marguerite Duras-ын кино зохиол олон улсын шүүмжлэгчдийн FIPRESCI шагнал хүртсэнээс гадна Оскарын кино наадмын шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшжээ.
Уг бүтээлийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэхдээ Францын шинэ давалгааны "The Birth of a Nation" хэмээх судлаачид магтаж байв. Godard киноны талаар: "ямар ч киноноос санаа, ишлэл аваагүй анхны, оргинал кино" гээд Resnais-ын шинэ урлах хэлбэрийг "Faulkner дээр нэмэх нь Stravinsky" гэж хэлжээ. Харин кино найруулагч Eric Rohmer: "дараагийн 10, 20 эсхүл 30 жилд бид уг киног дайнаас хойш хамгийн чухал кино, анхны дуутай модерн кино болохыг мэдэх болно" гэж байжээ. Resnais уг кинондоо ашигласан шинэлэг арга техникийн туршилтаа дараагийнхаа "The War is Over" болон "Last Year at Marienbad" зэрэг кинонууддаа ашиглажээ. Намтар бичигч James Monaco номондоо Alain Resnais уг киноныхоо санааг 1942 оны классик "Casablanca" киноноос авсан гэсэн байдаг. 2001 онд Япончууд "H Story" нэртэйгээр киног дахин хийсэн бол Английн Ultravox хамтлаг өөрсдийн "Ha!-Ha!-Ha!" цомогтоо киноны нэртэй дууг багтаасан байхад Alcatrazz рок хамтлаг өөрсдийн дебют цомогтоо мөн киноны нэртэй дууг оруулсан байдаг ажээ.
Найруулагч Rohmer хэлэхдээ, "энэ кино ирээдүйн тухай, нэн ялангуяа ирээдүйн шаналлыг хүчтэй мэдрүүлдэг" гэсэн буй. Өнөөдөр "ирээдүйн шаналал" гэдгийг ойлгоход энэ нь "Hiroshima Mon Amour" киноны өмнө хийгээд дараа нь Resnais-н хийсэн бүх кинонд байдаг өвөрмөц мэдрэмж юм. Үнэндээ энэ бол өнгөрсөн, одоо, ирээдүйн шаналал агаад бид цаг хугацаанд хэн гэдгээ, хаана байгаагаа тодорхой ойлгох байнгын хангдөгдаагүй хэрэгцээтэй байдаг. Энэхүү киног Rohmer орчин цагийн анхны дуутай кино гэсэн нь өнөөдөр хүчинтэй юу? Олон жилийн өмнөх таамаглалыг нь батлах боломжтой юу?. Орчин үеийн анхны дуутай шилдэг кино гэж энд онцолж байгааг бодолцвол энэ өрсөлдөөнд "Citizen Kane", "Journey to Italy" мөн Resnais-н бөрийнх нь "Night and Fog" киног, түүнчлэн мэдээж Bresson-н кинонуудыг нэрлэгдэх ёстой болов уу. Гэхдээ "Hiroshima Mon Amour" кино нь концепт ба гүйцэтгээс авхуулаад бүтэц, хэмнэл, харилцан яриа, философийн хандлага, жүжигчдийн тоглолт, хөгжим гээд бүхий л аспектаараа анхны орчин үеийн дуутай кино байх боломжтой. Харин дайны дараах хамгийн чухал кино мөн эсэх бол өөр асуулт; гэвч уг кино хачирхалтай гунигтай кино гэдэг нь маргаангүй.
Өнөөдөр бид дайны дараах хамгийн чухал киног хайх нь капитализмын гялгар ертөнцөд уйтгартай, жигтэй асуулт шиг санагдах байх; Холливуудын киногоор түүхийг хүлээн зөвшөөрдөг хүмүүст бүр ч ээдрээтэй болж ирнэ. 1959 онд буюу Хирошима, Нагасаки хотуудыг бөмбөгдсөнөөс 14 жилийн дараа Rohmer, Jean-Luc Godard, Jacques Rivette нар тухайн үеийн ёс суртахууны зайлшгүй шаардлагад нийцсэн жинхэнэ модерн дайны дараах кино урлагийг эрэлхийлж байв ( Холокостын дараа философич Theodore Adorno-н алдарт утга уянгыг устгасан). Энэ тун хэцүү зорилго байсан, гэхдээ Resnais-н кино ийм боломжгүй зорилгыг боломжтой болгоход маш дөхсөн учир энэ бүтээлийг ихэд хүндэтгэдгийн учир оршино. "Hiroshima Mon Amour" нь кино урлагийн түүхэнд чухал ололт болсон нь хараал ч, ёрөөл ч болжээ. Шинэхэн кинонд дурлагсдад жинхэнэ сайн кино үзэх аргаа олоход амаргүй байдаг, учир нь "жинхэнэ" кино адлагдсан нэр хүнд, хөндсөн сэдэв, гоо зүйн үнэ цэнийхээ үүслийн дор булагдсан байдаг; үсэрсэн монтаж, хөнгөн, аяндаа мэдрэгддэг "Breathless" киноноос ялгаатай нь "Hiroshima Mon Amour" нь санаатайгаар зорьсон бүтэцтэй, ноцтой, сэтгэлийн хувьд сүйрлийн шинжтэй байдаг. Godard уян налархай байдаг бол Resnais модернист ган төмөр юм.
Godard-н кино чөлөөтэй жазз хөгжмийн импровиацийг санагдуулам байхад Resnais-н кино нь түүхэн хүнд ачааг мөрөн дээрээ үүрч буй өнгөгүй хөгжим шиг байдаг. Гэхдээ энэ нь түр зуурын моод байсан ба өнөөдөр моодноос гарсан боловч Resnais, Duras хоёрын хамтран бүтээсэн аймшигт гоо үзэсгэлэнг үл тоомсорлох нь тэнэглэл болно. Уг киноны нөлөөллийн цар хүрээг тоон үзүүлэлтээр илэрхийлэх боломжгүй; кино урлаг дахь хамгийн нөлөө бүхий кинонуудын нэг хэвээр байгаагийн тэргүүн шалтгаан бол кино бүтээгчдийг шугаман бүтцээс чөлөөлж өгсөнийх юм. Энэ киногүйгээр маш олон кино төсөөлөх аргагүй; тухайлбал, "Point Blank", "The Pawnbroker", мөн найруулагч Nicolas Roeg-н бараг бүх киног дурдаж болно. Кино продюсер Anatole Dauman "Hiroshima Mon Amour" киног үзээд Resnais-д "би чиний кино дээрх бүхнийг өмнө нь "Citizen Kane"-ээс үзэж байсан, энэ бол он цагийн дарааллыг эвдэж, цаг хугацааны урсгалыг эргүүлдэг кино байсан" гэж хэлэхэд, Resnais "тийм, гэхдээ минийх цаг хугацааг сүйрүүлдэг" гэж хариулжээ. Resnais-н арга барил Sergei Eisenstein-г шууд санагдуулдаг гэдэг; Rivette; "энэ бол Eisenstein-г санагдуулам кино, учир нь та Eisenstein-н зарим санааг хэрэгжүүлж байгааг, шинэ аргаар туршиж байгааг харж болно". "Hiroshima Mon Amour" кино нь эмэгтэй хүний тухай түүх үү? эсхүл эмгэнэлт явдал болсон газрын түүх үү? бүр эсвэл нэг нь том, нөгөө нь хувийн гэсэн хоёр тусдаа эмгэнэлт явдлыг багтаасан түүх үү?.
Энэ асуултууд кинонд өөрт нь хамаарагдах ба кино нээлтээ хийснээс хойш одоо ч гэсэн тухгүй түгшүүртэй мэдрэмж төрүүлсээр байгаа нь найруулагч Японд зураг авалт хийхээр явахдаа сандарч байсантай холбон тайлбарлавал багахан ч атугай ойлгогдох болов уу. Resnais кино нь баларч дуусна гэж анхнаасаа л бодож байсан ч егөөтэй Duras тэр бүр анхнаасаа л хамтран ажиллахыг хүсээгүй гэдэг. Гэвч тэдний бүтээсэн зүйл нь гайхалтай нарийн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөл хийгээд бие махбодийн нарийвчлалтайгаар сэтгэл түгшээсэн гоо зүйн объект болсон. Эмгэнэлт өнгөрсөн үеэ арилгахаар энх тайвны тухай кинонд дүр бүтээхээр Хирошима руу явж байгаа жүжигчин эмэгтэй Японд буугаад атомын бөмбөгийн сүйрлийн хамтын дурсамж өөрийнх нь дурсамжийг улам гүн, өргөжүүлж байгаа өгүүлэмжтэй уг кино ёс суртахуун, сэтгэл хөдлөл, этикийг татах тогтсон цэгийг олдоггүй. Хөгжмөөр зүйрлэвэл Франц эмэгтэй гоцлол дуучин харин Япон эрэгтэй хийлч шинжтэй. Япон амрагтаа дарлагдахыг хүсдэг Франц эмэгтэй (намайг ав, намайг гажуудуул, намайг муухай болго гэдэг), Өрнөдийн амрагийнхаа гоо үзэсгэлэн, учир битүүлэг байдалд автсан Ази эр, өмнөх үйл явдалд дарагдсан бодит амьдрал дээрх хуурамч энх тайвны жагсаал, дурсамжийн үерт живсэн өдөр тутмын бодит байдал, цөмийн бөмбөгийн хүчинд сүйрсэн хот зэраг давамгайлсан мотиф кинонд байдаг.

Comments
Post a Comment