Notorious (1946). Английн мастер кино найруулагч Alfred Hitchcock-н продюсерлэж, найруулсан тагнуулт, нуар жанрын кино. Энэхүү кинонд АНУ-ын засгийн газрын төлөөлөгч Devlin (Cary Grant) Дэлхийн 2-р дайны дараа Рио-де-Жанейрод нуугдаж байгаа нацист бүлэглэлд нэвтрэн орохын тулд шоронд хоригдож байсан Германы тагнуулчийн охин Alicia-г (Ingrid Bergman) энэ хэрэгт татан оруулж байгаа тухай өгүүлдэг. Хамтрагчид болсон мөчөөсөө Devlin, Alicia хоёр хайр сэтгэлээр холбогдох ба Alicia өмнө нь өөрт нь дурлаж явсан, одоо нацист бүлэглэлийн чухал хүн Sébastien-г (Claude Rains) уруу татах даалгавар авснаар энэ гурван хүний амьдрал нягт холбогдоно. "Notorious" киног критикүүд болон судлаачид Hitchcock-н уран сайхны хувьд эргэлтийнх нь цэг болж, сэдэвчилсэн төлөвшлийг нь илэрхийлэл болдог гэж үздэг. Их найруулагчийн намтар судлаач Donald Spoto: "Энэ кино бол үнэндээ Hitchcock-н 46 настайдаа авъяас чадвараа ашиглан ноцтой хайрын түүхийг бүтээх анхны оролдлого байсан ба Ingrid Bergman-д дурласан хоёр эрийн тухай түүх нь зөвхөн түүний амьдралын энэ үе шатанд л хийгдэх боломжтой байсан". Hitchcock-н бишрэм найруулга болоод Ingrid, Grant хоёрын дээд зэрэглэлийн гүйцэтгэл нь уг киног дахин дахин үзэх үнэ цэнэтэй болгодог; ингээд би танд "муу нэртэй" хүмүүсийг танилцуулъя.
Hitchcock-н "Vertigo" кино нь түүний авталтын хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэл болдог бол "Notorious" нь мастерын дүрслэх хэв маягийн хамгийн гоёмсог илэрхийлэл болдог. Уг кино нь түүний бүтээлүүдээс хамгийн үр дүнтэй камерын ажиллагааг агуулдгаараа онцлогтой. Мөн Ingrid Bergman энэ киногоороо болон "Casablanca" бүтээлээрээ өөрийгөө мөнхөлсөн. The Village Voice сэтгүүл эл бүтээлийг Зууны шилдэг 250 кино жагсаалтынхаа 77-р байрт жагсаасан бол критикч Roger Ebert бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 киноны нэгээр нэрлэсэн, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 127-р байрт эрэмбэлээд байна. Найруулагч Hitchcock 1940-өөд оны үед од жүжигчдийг цуглуулан кино хийсэн тохиолдол ховор байсан, тэгвэл уг кино түүний хувьд онцгой тохиолдол болсон. Киноны үндсэн санаа нь хууль бус ураны тухай байсан ч Cary Grant, Ingrid Bergman хоёрын романтик хослол цөмийн бөмбөгтэй дүйцэхүйц амжилт авчрахаар байв. Төслийн анхны продюсер David O. Selznick байсан ба тэрээр Grant-н оронд Joseph Cotten-г тоглуулахыг хүсч, дээгүүр доогуур нэлээд гүйжээ. Нэгдсэн улс Япон дээр цөмийн бөмбөг хаяад удаагүй цаг үе байсан болохоор дарухайн ийм сэдэв хөндсөн кино хийвал амжилт олно гэж Selznick шаардах шахуу байсан ба харин Grant 3 сарын хугацаанд өөр киноны хуваарьтай байв. Мөн тэрээр Grant-н үнэтэй, ажиллахад хэцүү гэж үглэж байж.
Хамгийн гол нь тэрээр Cotten-н гэрээг эзэмшдэг байсны дээр мөнгө босгох хувийн хэрэгцээтэй байжээ. Hitchcock болон RKO продакшны гүйцэтгэх захирал William Dozier төслийн худалдах гэрээний заалтыг ашиглан Selznick-д "хаалт" тавьснаар Grant, Ingrid хоёр хамтран тоглохоор болжээ. Найруулагч маань Sébastien-н дүрд Clifton Webb-г тоглуулахыг хүссэн, гэвч Selznick энэ төсөлд нь Claude Rains өндөр орлого авчирна гэж итгэн санаагаа тууштай зүтгүүлсээр байж. Орлогоо бодсон уу, жүжигчний ур чадварт нь болсон уу, ямартай ч Dozier, Hitchcock хоёр Rains-г сонгохоор болжээ. Rains-н тоглосон Sébastien нь эдүгээ Hitchcock-н классик хорон санаатны дүр гэгдэх болсон буюу тэрээр симпатик, нарийн мэдрэмжтэй, зарим талаараа гол дүр шиг бишрэм дүрийг бүтээсэн. Sébastien-н ээжийн дүр болох аалзархуу, дарангуйлагч нацист эхэд хөгшин, хүчирхэг эмэгтэй жүжигчин шаардлагатай байлаа. Энэ кинонд тоглосон Reinhold Schunzel-н санал болгосоноор дайны өмнөх Германы хамгийн алдартай жүжигчдийн нэг Leopoldine Konstantin-г Hitchcock сонгосон агаад "Notorious" бол Leopoldine-н Америк кинонд тоглосон цорын ганц тохиолдлоос гадна түүний нацист ээжийн дүр бол Hitchcock-н кинонууд дахь мартагдашгүй дүрүүдийн нэг юм. "Notorious" бүтээл нь David O. Selznick-н кино гэж эхэлсэн боловч 1946 онд Америкт гарахдаа RKO студийн логотой болсон байсан ба Hitchcock энэ кинонд продюсерээр ажилласан боловч дараагийнхаа бүх киноныхоо нэгэн адил дэлгэцийн бүтээлүүддээ "найруулсан" болон өөрийн хамаатуулах кредитээр л хязгаарлажээ.
Энэ киноны анхны санаа 1944 оны намар Hitchcock, Selznick болон зохиолын редактор Margaret McDonell нарын үдийн хоолны үеэр төржээ. Selznick Ingrid Bergman-г гол дүрд тоглуулсан заль мэхтэй эмэгтэйн тухай кино хийх санаа байж. Hitchcock энэ санааг RKO студийн гүйцэтгэх захирал Dozier-той хоолонд орохдоо үргэлжлүүлэн ярихдаа, улс төрийн зорилгоор бэлгийн боолчлолд золиослогдсон эмэгтэйн түүх гэж танилцуулж. Энэ үедээ Hitchcock өөрийнхөө дуртай ганц үгтэй нэрийг бодчихсон байв; "Notorious". Hitchcock-н танилцуулга итгэл төрөхүйц байсан ба Dozier Selznick-тэй даруйхан хэлэлцээр хийж, RKO хийхээр гэрээлжээ. Dozier-н сонирхол Selznick-н унтраад байсан хүслийг дахин сэргээж. Тухайн үед Hitchcock зохиолч John Taintor Foote-н "The Song of the Dragon" богино өгүүллэгийг кино болгоход анхааран байсан ба сайхь өгүүллэгийн эрхийг эзэмшдэг Selznick "Spellbound" киноны зураг авалтын үеэр өгүүллэгийг Hitchcock-д өгчээ. "The Song of the Dragon" өгүүллэгийн үйл явдал Дэлхийн 1-р дайны үеийн Нью-Йорк хотод өрнөхдөө Холбооны агентууд хорлон сүйтгэгчдийн бүлгийн удирдагчийг уруу татахын тулд нэгэн цагт дайсны удирдагчтай харилцаатай байсан жүжигчингээс тусламж авах гэж театрын продюсерт хандаж байгаа тухай өгүүлдэг аж. Хэдийгээр энэ түүх нь тодорхой хэмжээний санаа өгсөн ч эцсийн өгүүлэмж нь цэвэр Hitchcock-нх гэдэг ажээ.
Найруулагч маань 1944 оны Зул сарын баяраар Англи руу аялаад буцаж ирээд Selznick-д зохиолынхоо тоймыг уншуулах төлөвлөгөөтэй байв. Продюсер зохиолыг хөгжүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд Hitchcock "Spellbound" кинондоо хамтран ажилласан Ben Hecht-тэй гурван долоо хоногт хамт ажиллажээ. Тэд Hecht-н гэрт ажилладаг байсан агаад тэдний ойлголцол асуудалгүй бас үр бүтээлтэй байсан гэдэг. Hitchcock өөрийн болон Hecht-н зохиолыг Selznick-д хүргүүлсэн боловч продюсер вестерн жанрын "Duel in the Sun" киногоо бүтээх гээд завгүй байв. Selznick зохиолын талаар ярилцахаар Hitchcock, Hecht хоёрын оройн цагаар урьсан нь тэдний дургүйцлийг төрүүлсэн. Тэд өөрсдийнхөө зохиолыг маш сайн болсон гэж итгэж байсан учир юу ч болсон зохиолоо хамгаалахаар ярьж тохирсон. Гэвч Selznick "Duel in the Sun" киногоо тэргүүнд тавиад "Notorious"-г хойш тавьсан байна. Оригинал зохиолд оруулсан олон өөрчлөлтийн дунд "MacGuffin"-г оруулсан явдал байв; энэ нь үйл явдал юмуу дүрийг сэдэлжүүлдэг ч чухал биш объект юмуу төхөөрөмжийг илэрхийлсэн нэр томьёо юм. Нацистууд Sébastien-н дарсны зооринд ураны нөөц хадгалж байдаг билээ. Тухайн цагт ураныг атомын бөмбөг боловсруулахад ашигладаг гэдгийг нийтээрээ мэддэггүй байсан ба Selznick үүнийг зохиолын үйл явдалд ашиглаж болохыг ойлгохгүй байлаа. 1945 онд Америкчууд Хирошима дээр атомын бөмбөг хаяж, Манхэттены төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл ил болсны дараа л ураны ач холбогдлыг Selznick ч, ер нь бүх хүн ойлгожээ.
1945 оны зун гэхэд "Notorious" кино эргэлтийн цэгтээ хүрэв. Selznick төслйг кино болно гэдэгт итгэл алдарч эхлэв; түүнд "MacGuffin"-ийн санаа түвэгтэй санагдахын сацуу Alicia-н дүр үзэгчдэд таашаагдахгүй байх гэсэн зовнил төрүүлж байв. Гэхдээ хамгийн их сэтгэлийг нь зовоосон асуудал бол "Duel in the Sun" киноны улмаас мөнгөний хомсдолд орсон явдал байсан ба эцэст нь тэрээр "Notorious" киноны багц эрхийг RKO-д зарахаар тохиролцжээ. Энэ гэрээ хэлэлцээр хэн хэндээ ашигтай байсан, Selznick бэлэн мөнгө, дээр нь ашгийн тавин хувийг авахаар болсон бол RKO мандаж буй од жүжигчин, шинээр тодорч буй найруулагч хоёртой хамтран нэр хүндтэй кино хийх боломжтой болсон. Hitchcock мөнгө аваагүй ч Selznick-н нөлөөнөөс гарч чөлөөтэй ажиллах боломжтой болжээ. Hitchcock мөн анх удаа өөрөө продюсерээр ажиллах боломж олдсон үнэндээ түүний хувьд маш чухал алхам байлаа; зохиолыг боловсронгуй болгохоос эхлээд продакшны дараах нарийн ширийн зүйлсэд оролцох, хянах зэргээр найруулагч төдийгүй гүйцэтгэгчийн хувиар өөрийнхөө олон талт авъяасыг салбарынхандаа харуулж чадсан аж. Гэсэн хэдий ч Selznick-ээс бүрэн чөлөөлөгдөх хараахан болоогүй байсан; тэр ашгийн тавин хувийг эзэмших эрхтэй тул төсөлд оролцох эрхтэй гэж зүтгэсэн. Түүнд кино зохиол таалагдахгүй хэвээр байснаас гадна Cotten-г зүтгүүлсээр л байлаа.
Энэ үед Hitchcock гадаад явж, Dozier өмнө нь Grant-н тоглосон "The Lonely Heart" бүтээлийн зохиолыг бичсэн Clifford Odets-г кино зохиолыг шинэчлэн бичүүлэхээр хөлслөсөн. Odets-н зохиол өмнөхийг бодвол илүү атмосфертэй болсон; тухайлбал, дүрүүдийн сэтгэл хөдлөлийн хүрээг тэлж, Devlin, Alicia хоёрын хайр сэтгэлийг улам бүр нэмэгдүүлсэн, мөн Sébastien-н язгууртны ганцаардлыг нь тодотгож өгсөн байна. Гэхдээ түүний зохиолд дүрүүдэд хэмжээс дутагдаж байсан; Devlin-д сэтгэл татам шинж үгүйлэгдэж байснаас гадна Alicia Devlin хоёрын хамтдаа унтаж байгаа хэсэг байсан энэ үзэгчдэд эмэгтэй дүрийг "хямдхан" харагдуулж болзошгүй байлаа. Hecht үүнийг шулуухан "хог" гэсэн бөгөөд эцэст нь Hitchcock Odets-н зохиолыг огт ашиглаагүй байдаг. Хэдийгээр продакшн онц асуудал үүсээгүй ч зарим нэг эгэл бус аспектууд байсан. Ingrid-н хувьд энэ нь Hitchcock-той хамтарч байгаа хоёр дахь кино байсан ч бүсгүй тэвдэж, өөртөө итгэлгүй байсан агаад Grant тэр хоёр эхэндээ таарамж тийм ч сайн байгаагүй ч энэ киноноос хойш насан туршийн найзууд болжээ.
"Notorious" киноны алдартай сцэн бол гол дүрүүдийн үнсэлцдэг хэсэг буюу тухайн үед цензурын алба гурван секундээс илүүтэй үнсэлцэж байгаа сцэнийг хориглодог байсан тул Hitchcock гурван секундээс хэтрүүлэлгүй тасалдуулсан хоёр хагас минутын үнсэлтийн сцэнийг авсан явдал байлаа. Grant, Ingrid хоёрт энэ хачин санагдаж байсан тул зовцгоож байж, мөн Ingrid-н хэлснээр, Grant тэр хоёр бие биендээ шигдэх шахуу тэврэлдэн алхаж байхад яг араас нь камер дагаж явсан нь маш тухгүй санагдаж байсан гэдэг. Харин Hitchcock түүнд "битгий санаа зов, энэ дэлгэцэн дээр зөв харагдана" гэж тайтгаруулжээ. "Notorious" киноны үндсэн сэдэв бол итгэлцэл буюу далдалсан юмуу хэтэрхий чөлөөтэй өгсөн итгэлийн тухай юм. Devlin итгэлийг удаан хугацааны дараа л олж авдаг бол Sébastien итгэлээ амар өгөөд үүнийхээ төлөө их хэмжээний үнэ төлдөг. Үүнтэй ижлээр, кинонд эмэгтэй хүнд итгэх хэрэгтэй байдгийг, харин эрэгтэй хүн хайранд нээлттэй хандах ёстойг харуулсан. Hitchcock хүүрнэгчийн хувьд үүнийг сонгодог зөрчилдөөний үүднээс авч үзсэн; Hitchcock: "Энэ кино бол хайр ба үүргийн хоорондын хуучны зөрчлийг харуулсан. Devlin-н ажил бол егөөтэй нөхцөл байдал юм. Тэр хайртай хүүхнээ дайсныхаа өвөрт хийж байна. Үйл явдлын туршид түүний өөдгүй загнаж байгааг буруутгах аргагүй, харин Sébastien бол итгэлээр нь тоглон өөрөөс нь урваж байгаа гэдгээрээ, мөн Alicia-г хайрлах хайр нь Devlin-ээс илүү гүн гүнзгий байдгаараа хамаагүй илүү сэтгэл татам дүр. Сэтгэлзүйн драмын эдгээр бүхий л элементүүд энэхүү тагнуулын түүхэнд сүлэлдсэн билээ".
Devlin Alicia-г сексийн өгөөш болгон ашиглаж, өөрийнхөө үүргийн төлөө ямар ч хариуцлага хүлээхээс татгалзаж, дараа нь, Alicia ажлаа гялалзтал гүйцэтгэхэд сэтгэлийн хямралд ордог. Alicia хайртай эрийнхээ цэвдэг нөлөөнд автаж, өөрийнх нь өмнөх амьдралыг улс төрийн зорилгоор ашиглаж байгааг харах агаад дараа нь нас барсан аавынх нь нацист хамтрагчтай (тэр нь өөрийг нь Devlin-ээс илүү хайрладаг байх тун магадлалтай) нэг оронд оруулчихаад өөрийг нь орхих бий гэхээс үхтлээ айдаг билээ. Sébastien бол найруулагчийн хамгийн зовлонтой симпатик хорон санаатан буюу ээждээ дарлагдсан, гүн гүнзгий атаархал, уур хилэндээ автсанаас болж амьдралынхаа хайрыг зайлшгүй алах шаардлагатай болсон дүр юм. Hitchcock-н ээж 1942 онд нас барсан ба уг кинондоо тэр ээжийн тухай асуудлыг анх удаа авч үзжээ. Уг кинонд ээжийн дүрийг нарийвчлан бас бүрэн дүүрэн байдлаар гаргасан. Ээжийн дүр энэ кинонд зүгээр ороод гардаг дүр биш томоохон дүр болж гардаг бөгөөд хожим Hitchcock "Psycho", "Marnie", "The Birds" бүтээлүүддээ ээжийн дүрийг уур хилэн, гэм буруу, гомдол, гунигтай хүслийнхээ хувийн тээгч сан болгож эхэлсэн байдаг. Үүний зэрэгцээ тэрээр эхийн хайрыг эротик хайраар бүдгэрүүлсэн бөгөөд кинонд нь ч, амьдралд нь ч энэ хоёр төрлийн хайр фантааз, хүсэл тэмүүлэл, биелээгүй хүлээлтээр хязгаарлаагдсан гэж Hitchcock харууссан байдлаар дурдсан байдаг. Архидалтын тухай сэдэв киноны эхнээс төгсгөл хүртэл үргэлжилдэг; Alicia-н хувьд архи нь гэм буруу, өвдөлт, эсхүл бүр хорноос зугтаах арга зам болдог. Нээлтийн үдэшлэгт, зочид түүнд хангалттай уусан байна гэж хэлэхэд тэрээр "чухал хундага өргөлт хараахан эхлээгүй" байна гэж хариулдаг.
Тэрээр мөн Рио дахь задгай кафед байхдаа, Рио дахь орон сууцанд байхдаа сэтгэл хөдлөлөө вискигээр халхалдаг. Дэлхийн 2-р дайны дараах эх оронч үзэл болон үүний хязгаарлагдсан сэдэв нь энэ киног засгийн газраас дэмжлэгтэй биеэ үнэлэлтийн талаар шулуухан өгүүлсэн нь тухайн үед ер бусын явдал байв. Сексийн шантааж гэдэг нь Америкийн тагнуулын агентуудын санаа агаад тэд зорилгодоо хүрэхийн тулд эмэгтэй хүмүүсийг ашиглах, тэр байтугай үхүүлэхийг ч юман чинээ боддоггүй байв. Америкийн төрийн албан тушаалтнуудын ёс суртахууны хар бараан талыг ингэж дүрсэлсэн явдал өмнө нь Холливуудад байгаагүй аж. 1945 оны Холбоотнуудын ялалт но Америкт аюултай шовинизмын эринийг эхлүүлсэн гэдэг. Hitchcock-н кинонуудад дунд "Notorious" нь аллага, аллагын оролдлогын тухай тагнуулт триллер гэж явдаг ч дэлгэцнээ ямар ч бие махбодийн хүчирхийлэл гардаггүй гэдгээрээ онцлогтой.

Comments
Post a Comment