Little Children (2006). Америкийн кино найруулагч Todd Field-н егөөдөлт мелодрам. Кино зохиолыг Америкийн зохиолч Tom Perrotta-н 2004 оны романаас сэдэвлэсэн буюу кино зохиолыг Perrotta, Field хоёр хамтран бичжээ. Киноны гол дүрүүдэд; Kate Winslet, Patrick Wilson, Jennifer Connelly, Jackie Earle Haley, Noah Emmerich, Phyllis Somerville нар тоглосон. Киноны зураг авалт ерөнхийдөө Нью-Йорк хотод авагдаж, 44 дахь удаагийн Нью-Йоркийн кино наадмаар нээлтээ хийсэн. Кино критикүүдээс сайн үнэлгээ авсан буюу олон критикүүд оны шилдэг арван киноны тоонд багтаасан бол Оскарын наадамд шилдэг эмэгтэй гол дүр (Winslet), шилдэг эрэгтэй туслах дүр (Haley), шилдэг дэлгэцийн хөрвүүлэлт гэсэн гурван төрөлд нэр дэвшсэн. "Little Children" кинонд найруулагч Field, зохиолч Perrotta хоёр түүхийг эх романаас ялгаатай, өөр чиглэлд авч үзэхийг зорьсон. Тэд номыг зүгээр л хальсанд буулгахын оронд кино зохиол дээр нягт хамтран ажиллаж номоос шинэ зүйлс гаргаж авахыг оролдсон гэдэг. Жүжигчин Kate Winslet-н хэлснээр, угаалтуур дахь сексийн сцэнийг авсны дараа өгзөг нь хөхөрсөн байсан гэдэг.
Энэхүү бүтээлд Америкийн хотын захын дундаж давхаргынхны амьдралын хэв маяг, энэ давхаргынхны бие хүмүүсийн дутагдалтай талыг хатуу хэрнээ хүнлэг нүдээр нэвт харах шиг болно. Найруулагч Field энэ киногоороо идэвхтэй байгаа Америкийн хамгийн уран яруу кино хүүрнэгч гэдгээ баталсан ба энэ кино бусад кино шиг гоо сайханд анхаарахаасаа илүүтэй оюунлаг шинжид төвлөрсөн нь үзэгчдийг сорьж, бодолд нь хадагдахуйц нөлөөтэй байдаг. 'Little Children" кино бол эх материалаасаа давж гарсан ховор тохиолдлуудын нэг болой. Энэ бол өнөөдрийн өөрсдийгөө дундаж давхарга гэж нэрлэдэг хүмүүсийн бардам зан, өөрийгөө үгүйсгэх хандлага, статусын төлөөх түгшүүрийг дүрсэлсэн бүтээл юм. Ийнхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Sarah аагим халуун Бостоны захын хороололд нөхөр, бяцхан охины хамт амьдарна. Нөхрөө насанд хүрэгчдийн кинонд донтсоныг олж мэдсэнийхээ дараа Sarah гэрлэлт сүйрсэнийг эцэст нэг юм ухаардаг. Нэг нартай өдөр тэрээр хуулийн сургууль төгссөн ч хүүгээ харан гэртээ суудаг царайлаг эр болох Brad-тай цэцэрлэгт хүрээлэнд охины хамт явж байгаад танилцана. Тэдний хүүхдүүд тоглож, харин тэд нөхөрлөж ирэх бөгөөд бусад гэрийн эзэгтэй нараар тоглохын тулд нүдэн дээр нь үнсэлцсэнээр дур хүслийн далд харилцаагаар холбогдчихно. Тэд хүүхдүүдээ тоглуулах нэрийдлээр үнэндээ хоорондоо болзож, хоёр биедээ улам татагдаж ирнэ. Нэг өдөр саяхан батлан даалтаар гарсан педофил хүчирхийлэгч Ronnie хүүхдүүдийн тоглодог усанд санд байгааг эцэг эхчүүд олж хараад сандрал үймээн болно. Цагдаа нар Ronnie-г аваад явсны дараа бороо орж, Sarah, Brad хоёр хүүхдүүдээ аваад харьцгаана. Хүүхдүүд унтаж байх хойгуур, Sarah зоориндро цэвэрлэгээ хийж байхад нь Brad явж очоод тэд хүсэл тэмүүллээр бялхасан секс хийнэ. Энэ кино урлагийн түүхэн дэх мартагдашгүй секс сцэнүүдийн нэг билээ.
Хүү нь өөрийн насны хүүхэнтэй танилцвал бэлгийн гаж сонирхол нь эдгэнэ гэж Ronnie-н настай эх горьдон бодно. Ronnie ээжийнхээ ятгалгаар нэг хүүхэнтэй болзоонд явахаар дурамжхан зөвшөөрнө. Ronnie машинд хүүхний дэргэд гар хангалга хийснээр болзоо удсан ч үгүй төгсөнө. Brad ажилд ормоор байна гэж үглэхээ болиход эхнэр Kathy нь түүнийг өөр хүүхэнтэй болж хэмээн сэжиглэж, хөрш Sarah-г нөхөртэй нь оройн хоолонд урина. Kathy нөхрөө Sarah-тай харьцаж байгааг хараад эмэгтэй мэдрэмжээр тэдний харилцааг мэдчихнэ; маргааш нь л гэхэд Kathy гэртээ ээжийгээ "харуулаар" авчирчихна. Brad, Sarah хоёр уулзаж, Brad хамтдаа зугтаая гэхэд эхэндээ эсрэгүүцэж байсан Sarah эцэст нь "тэгье" гэнэ. Brad-н найз Larry санамсаргүйгээр хүүхэд буудаж алснаасаа болж ажлаасаа чөлөөлөгдөж, сэтгэцийн асуудалтай болсон эр болой. Larry Ronnie-г ээжийндээ ирснээс нь хойш ажиглаж, боломж гарвал дээрэлхэхэд донтчихсон нэгэн болно. Нэг шөнө Larry чанга яригчтайгаар Ronnie-н ээжийн гэрийн гадаа ирнэ. Ээж нь гарч ирээд түүнийг яв гэхэд Larry ээжийг нь түлхэсэн нь хөгшнийг зүрхний шигдээс болгоход хүргэнэ.
Хөгшин эмнэлэгт нас барна. Ronnie эмнэлгээс гэртээ эргэн ирэхэд ээжийнх нь бичсэн зурвас байна, зурвас дээр "сайн хүү байгаарай" гэж бичсэн байлаа. Хямрал, цочролд орсон Ronnie ээжийнхээ шаазан тоглоомын цуглуулгыг хагалж хаяад, хутга аван гэрээс гарна. Тэр шөнө Sarah, Brad хоёр цэцэрлэгт хүрээлэнд уулзаад хамт зугтахаар тохиролцсон байлаа. Brad цэцэрлэгт хүрээлэн рүү явж байхдаа skateboard-оор тоглож байгаа хүүхдүүдийг харж сатаарч, өөрөө тоглох гэж байгаад унаж бэртчихнэ. Ухаан ороод тэрээр эхнэрийг минь дуудаад өгөөч гэнэ. Sarah охинтойгоо цэцэрлэгт хүрээлэнд очиход тэнд Ronnie савлуур дээр сууж байдаг ба ээжийнхээ үхлийн тухай түүнд хэлдэг. Sarah гэнэт охин нь алга болсныг мэдээд сандран охиноо хайж яваад Brad-г таг мартчихна. Sarah охиноо гудамжны гэрэл ширтэн зогсоход олдог. Larry ээжийнх нь үхэлд уучлалт гуйхаар Ronnie дээр ирэхэд Ronnie өөрийгөө хөнгөлчихсөн, цус алдан үхэж байлаа. Larry Ronnie-г эмнэлэгт хүргэхтэй зэрэгцэн Kathy нөхөр дээрээ ирж байгаагаар кино төгсдөг.
Киноны нэр нь насанд хүрэгчдийг үргэлж хүүхдээрээ байдгийг ёжилсон бололтой. Найруулагч Todd Field-н "Little Children" кинонд тоглоомын талбай, усан сан, цэцэрлэгт хүрээлэнд үймэлдэн бужигнуулах хүүхдүүд байгаа ч дэлгэцэн дээрх хамгийн жигшүүртэй, муухай ааштай нь хүүхдүүд бус томчууд буюу эцэг эхчүүд нь өайдаг. Насанд хүрэгчид нь өөрсдөдөө, бусдад, мөн хүүхдүүддээ харгис, зөрүүд, хохиролтой ханддаг. Биологийн насанд хүрэх чухал биш оюун ухааны насанд хүрэх чухлыг кинонд үзүүлсэн бөгөөд гол нь насанд хүрэгчид гэдэг энэ дутагдлаа даанч мэддэггүй ажээ. Энэхүү кинонд дүрслэгдсэн зуны нарлаг өдрүүд нь үзэсгэлэн хэрнээ эвгүйцэм байдаг; нэг үгээр аймшгийн киноны уур амьсгал шиг түгшүүртэй байдаг. Энэ аагим халуунд ёс суртахууны ялзрал, зогсонги шинж хөвж, агаарыг хүндрүүлдэг. Эцэг, нөхөр хүн порно киноноос салдаггүй, хүүхдийн усан санд педофил сэлж байна, галзуурсан цагдаа шөнөөр хүн амьтан сүрдүүлж байна; энэ ямар нийгэм бэ? энд ямар ч ёс суртахуун ярих арга алга, энд зөвхөн айдас бас түгшүүр л байна. Энэ хүмүүс гэм буруу, параной, зэмлэлд түлэгдсэн бөгөөд түлэгдэлт эдгэх ч түлэгдэлтээс үүссэн айдсын мэдрэмж эдгэхгүй. Энэхүү кино нийгмийн дундаж давхаргыг егөөдөн шүүмжилсэн байдлаараа "American Beauty" кинотой төстэй ч Sam Mendes-н шедеврээс илүүтэй хачин этгээд, мушгирсан шинжтэй байдаг.
Кинонд гарах дүрүүд бараг бүгдээрээ ухааны хувьд төлөвшөөгүй байдаг; уран зохиолын магистрын зэрэгтэй Sarah охиноосоо илүүтэй "Madame Bovary" романд хайртай байдаг, мөн тэрээр өөрөөсөө хөгшин, огт сэтгэл татам биш хүнтэй гэрлэсэн нь нэг төрлийн "төлөвлөгөө" байдаг агаад Sarah бараг л энэ гэрлэлтээс зугтаахын төлөө оршин байх шиг байдаг. Brad үзэсгэлэнтэй эхнэртэй, хүүдээ бүхнээ зориулдаг төгс аав, тэдний гэр бүл төгс юм шиг харагддаг ч үнэндээ Brad үргэлж хүслээ дарж ирсэн нэгэн бөгөөд мөн эхнэр нь Sarah ном гэдэг шиг ажил л гэдэг, орондоо ч, бусад үед ч хүйтэн хөндий байдаг хүүхэн учир энэ гэр бүл угаасаа л удаан оршин тогтонохгүй байсан болов уу. Ronnie өнгөрсөнд гэмт хэрэгтэн байдаг ч киноны туршид түүнийг гэмт хэрэг хийж байгааг бид харахгүй, харин хүмүүс түүнийг өршөөдөггүй, зэмлэсээр ээжтэй нь хамт булшилдаг. Ronnie бол насанд хүрч чадаагүй, хүүхэд ч биш, гажиг гэдгээрээ хүмүүсийн хар бараан талыг илэрхийлсэн сүүдэр болсон дүр юм.

Comments
Post a Comment