Салман Рушди "Шөнө дундын хүүхдүүд"


 "Шөнө дундын хүүхдүүд". Энэтхэг-Британийн зохиолч Салман Рушдигийн 1981 онд хэвлэгдсэн уг романд Энэтхэг улс Британийн колоничлолоос тусгаар тогтнол, хуваагдал руу шилжиж байгаа тухай өгүүлдэг. Гол баатар Салим Синайн хүүрнэсэн, түүхэн үйл явдлын хүрээнд өрнөсөн пост-колоничлол, пост-модерн, шидэт реалист энэхүү роман нь Рушдигийн хоёрдахь бүтээл юм. Түүхийг уран сайхнаар хадгалах хэв маяг нь өөрийгөө тусгасан шинжтэй байдаг. "Шөнө дундын хүүдүүд" бол 1947 онд Британийн Раж Энэтхэг ба Энэтхэгийн хуваагдлын дараах үйл явдлуудыг ёгтлон дүрслэсэн бөгөөд романы баатар, хүүрнэгч Салим нь Энэтхэг тусгаар тогтносон улс болсон яг тэр мөчид төрдөг. Роман гурван хэсэгт хуваагдана. Эхний хэсэгт Синайн гэр бүлийн түүхээр эхлэх буюу Британийн колоничлолын Энэтхэгийн уналт болон хуваагдлын өмнөх үйл явдлуудыг өгүүлдэг. Салим 1947 оны 8-р сарын 15-ны шөнө дундад төрсөн учир тусгаар тогтносон Энэтхэгтэй яг ижилхэн настай. Тэрээр хожим Энэтхэгт тухайн өдөр төрсөн бүх хүүхдүүд онцгой хүч чадалтай болохыг олж мэддэг.

  Салим телепатик хүчээ ашиглан Энэтхэгт засаглалын эхэнд тулгарч байсан олон янзын үндэстний соёл, хэл, шашин, улс төрийн ялгааны тусгал болсон Шөнө дундын Хүүхдүүдийн Холбоог байгуулдаг ба Салим телепатик суваг болж, газарзүйн хувьд өөр өөр газарт байгаа хүүхдүүдийг холбож, тэдний авъяас чадварын учир утгыг олж мэдэхийг оролддог. Үүний зэрэгцээ, Салимийн гэр бүл хэдэнтээ нүүдэллэж, мөн олон тооны дайны хөлд нэрвэгддэг. Энэ хугацаанд Салим Сундарбаны ширэнгэн ойд мифийн цөллөгт нэвтрэх хүртлээ ой санамжаа алдаж, тэндээ ой санамжаа дахин олж авдаг. Ингэснээр тэрээр бага насныхаа найзуудтайгаа дахин холбогддог. Салим дараа нь Индира Гандигийн зарласан Онцгой байдал ба Гандигийн хүү Санжайн ядуусын хорооллыг "цэвэрлэх" ажиллагаанд оролцдог. Онцгой байдал нь Шөнө дундын хүүхдүүдийн хүч чадал дуусч байгаагийн илрэл бөгөөд одоо Салимд хийх зүйл бага үлдсэн учир өөрийнхөө амьдралын багахан хэсгийг сонгож аваад залуухан үндэстнийхээ түүхийг өөрийнхөө хувийн түүхтэй нийлүүлсэн, аавынхаа адилаар түүхээр гинжлэгдсэн, ер бусын авъяаслаг хүүдээ зориулж он цагийн тэмдэглэлийг бичжээ.

  ҮНДСЭН САНАА. Энэтхэгийн тусгаар тогтнолын эхлэлд төрж, нас барсныхаа дараа Энэтхэгийн иргэдийн тоогоор хуваагдах хувь тавилантай Салим Синай Энэтхэгийг бүхэлд нь өөрийнхөө дотор төлөөлдөг. Ганц хүн Энэтхэг шиг олон янзын үндэстнийг илэрхийлж чадна гэсэн санаа нь романы  авч үзсэн суурь санаануудын нэг буюу ганц ба олон хоорондын хурцадмал байдлыг авч үздэг. Салимын хувийн амьдрал ба үндэстний хамтын амьдралын хоорондох динамик харилцаа нь олон нийтийн хийгээд хувийн амьдрал нь ямагт өөр хоорондоо нөлөөлдөг гэдгийг харуулж байгаа боловч тэдгээрийг өөр хоорондоо бүрэн тэнцэж болох эсэх нь тодорхойгүй хэвээр үлддэг. Романы туршид Салим Энэтхэгийг бүхэлд нь өөртөө багтааж, хувийн түүхээ эх орныхоо сэдэв, үйл явдлаар дүүргэхийг хичээдэг боловч уг оролдлогынхоо төгсгөлд задарч, нуран унадаг. Улс төрийн хувьд ганц болон олон хэлний хоорондох хурцадмал байдал нь Энэтхэг улсыг ч мөн адил тодорхойлдог ба дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй үндэстнүүдийн нэг болох Энэтхэг улс нь ямагт олон үндэстэнээр тодорхойлогддог байсан. Үндсэн хууль нь хорин хоёр албан ёсны хэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүн ам нь Хинду шашин, Ислам, Христийн шашин, Сикхизм, Буддизм зэрэг олон төрлийн шашин шүтдэг. Энэтхэгийн соёл мөн адил олон янз буюу хөгжлийнхөө мянга мянган жилийн туршид тоолшгүй олон соёлын нөлөөнд автсан байдаг. Гэсэн хэдий ч Энэтхэгт өргөн тархсан энэ олон соёлыг энх тайвнаар тогтоох хадгалах нь үргэлж хэцүү байсан; Энэтхэгийг Пакистаны Исламын улс ба шашингүй, гэвч голдуу Хинду шашинтай улс болгон хуваах нь буюу "Хуваах" гэгддэг үйл явц нь Энэтхэгийн олон ургальч байдлыг хязгаарлаж, багасгах хүслийн хамгийн тод жишээ аж.

"Шөнө дундын хүүхдүүд" романд, Салим хүүхэд байхдаа жагсагчид Бомбей хотыг хэл шинжлэлийн шугамаар хуваахыг оролдож байгааг хардаг, энэ нь олон соёлыг ангилж, хязгаарлах гэсэн бас нэгэн оролдлого юм. Үнэн, зөвийн алдаа, эргэлзээтэй мэдэгдэл нь Салимийн фантааз хүүрнэлийн чухал талууд. Тэрээр Энэтхэгийн түүхэн дэх чухал мөч болсон Гандигийн үхлийг зориудаар буруу байрлуулсанаа хүлээн зөвшөөрч, сонгуулийн огноог санаатайгаар буруу санадаг. Тэр түүхийнхээ үнэн зөв эсэхэд санаа зовж, ирээдүйд гаргаж болзошгүй алдаануудад түгшдэг бөгөөд гэвч алдаагаа хүлээн зөвшөөрснийхөө дараа Салим үйл явдлуудын тухай өөрийн хувилбарыг хадгалж үлдэхээр шийддэг, учир нь тэдгээр нь түүнд тэгж л тохиолдсон мэт санагдаж, одоо буцаах боломжгүй болсон байдаг. Түүхийн хувьд алдаатай байж болзошгүй хэдий ч Салим өөрийнхөө түүхийг дэлхийн хамгийн чухал шашны бичвэрүүдтэй ижил тэнцүү ач холбогдолтой гэж үздэг; энэ бол зөвхөн түүний түүх төдийгүй Энэтхэгийн ч түүх. Түүний түүхэн дэх алдаанууд түүний зарим мэдэгдэлд эргэлзээ төрүүлэхээс гадна романы чухал мэдэгдлүүдийн нэгийг харуулдаг; үнэн гэдэг бол зөвхөн батлагдсан баримтуудын асуудал бус, харин түүхэн үнэн гэдэг нь мэдрэмж, итгэх хүсэл эрмэлзлээс хамаардаг ажээ. Салим нь дурсамж өөрийн гэсэн үнэнийг бий болгодог шиг хүүрнэл ч мөн адилхан үүрэгтэй гэж онцолсон.

  Шашны бичвэрүүд хийгээд түүхэн номуудад үнэн нь баримтаар батлагдсанаас гадна цаг хугацаа эсхүл итгэл үнэмшлээр кодлогдож, хүлээн зөвшөөрөгдсөн учраас л мэдэгдлүүд нь бат бөх байдаг. Салимийн санал болгож байгаа түүхийн хувилбар нь өөрийнх нь мэдрэмжээр шүүгддэг шиг түүхийн өөр бусад хувилбарууд ч өөр өөр мэдрэмжээр шүүгддэг. Салимийн хувьд түүний хувилбар бол бичих боломжтой бүхэнтэй адилхан үнэн буюу зөвхөн түүний зохиомжилсон байдлаар, бас түүний итгэдэг хувилбар учраас тэр. Салим, Шива хоёрын тулаан нь ертөнц дээрх бүтээлч болон сүйтгэгч хүчний хоорондох эртний, домоглог тулааныг тусгадаг ба тэдний дайсагнал, зөрчилдөөн нь тэднийг нэгэн зэрэг төрөх мөчөөс эхэлдэг. Сүйрэл хийгээд төрөлтийн аль аль нь Хинду бурхан Шиваг илтгэж байгаа нь зөвхөн сүйрэл болон бүтээхүйн хоорондын зөрчил төдийгүй эдгээр хоёр хүчний салшгүй холбогдсон мөн чанарыг тусгадаг. "Шөнө дундын хүүхдүүд" романы хүүрнэгч Салим биднийг уншигчийн хувьд оролцож буй ертөнцийг бүтээх үүрэгтэй байдаг ба тэр бүтээлч бурхан болох Брахмаг төлөөлнө. Гэсэн хэдий ч Салимийн бүтээсэн зүйл бол амьдрал бус харин түүх юм.

  МОТИФ. Залуухан Салимийн амь насыг аварсан могойн хорноос эхлэлтэйгээр могойнууд уг романд хоёрдмол бас түвэгтэй үүрэгтэй байдаг. Салим хүүхэд насныхаа дуртай тоглоом болох "Могой ба Шат" тоглоомыг олонтаа дурддаг. Сайхь тоглоомын сайн ба муугийн энгийн томьёоноос тэрээр чухал сургамж авдаг; өгсөлт бүрийн дараа заавал урууддаг, уруудалт болгоны дараа өгсдөг. Гэсэн хэдий ч самбарын тоглоомд сайн ба муугийн дундах хоёр шинж үгүй агаад хожим Салим үүнийг амьдралын нэг хэсэг гэж үздэг. Ерөнхийдөө муу муухайг төлөөлдөг гэж үздэг могойнууд нь чухамдаа энгийнээр тайлбарлах аргагүй түвэгтэй байдаг; могойн хор хөнөөх хүчтэй боловч мөн амьдруулах чадвартай байдаг ба энэ явдал романд хоёр ч удаа тохиолддог. Могойн хор нь Хинду шашны сүйтгэгч бас төрүүлэгч Шивагийн хүчийг илэрхийлдэг. Уг романд могойнууд нь Салимийн хамгийн дотно найз Зураг Сингтэй холбоотой ба Зураг Сингийн замнал могойноос хамааралтай шигээ могойноос болж сүйрдэг.

  Салим өөрийнхөө хүүрнэлийн нэгэн адилаар бие махбодийн хувьд мөн задарч байна гэж хэлдэг. Түүний бие нүхээр дүүрч, үр дүнд нь өнгөрсөн үе биеэс нь асгарч байна. Түүний жаран гурван жилийг хамарсан түүх нь өнгөрсөн ба одоо цагийн хооронд хэлбэлзэхдээ Салимийн тайлбараар бгүүлэмж нь улам бүр тасалданги, хуваагдмал болдог. Хүүрнэхүйн болон физикал хуваагдлаас гадна Энэтхэг өөрөө хуваагдмал байдалд орно. Хуваалтаар хуваагдсан газрууд нь Энэтхэгийн хоёр тал дахь Пакистаныг баруун ба зүүн гэж хоёр хэсэгт хуваасан агаад зүүн ба баруун Пакистаныг дахиад Пакистан, Бангладеш гэж хоёр тусдаа улс болгон ангилснаар энэ хуваагдал улам гүнзгийрч байна. Энэтхэгийн дотор өөр хэлээр яригчид жагсаж хэл шинжлэлийн зааг шугамаас үндэслэн улам гүнзгийрүүлэн хуваахыг шаарддаг. Шинэ үндэснүүд бий болж, үүнийг дагасан хуваагдлын тусгал болсон соёлын шинэ хэлбэрүүд байнга үүсдэг.

  СИМБОЛ. Аадам Азиз цоорхой даавуугаар дамжин  ирээдүйн эхнэртэй дурладаг ба цоорхой даавуу романы туршид хэд хэдэн симболик үүрэг гүйцэтгэдэг. Ирээдүйн эхнэрээ бүхлээр нь харж чадахгүй байсан Аадам түүний биед хэсэгчлэн дурладаг. Иймээс тэдний хайр хэзээ ч тэднийг нэгтгэдэг нягт шинжтэй байдаггүй ба тэдний хайр эгээ л охин Амина нь нөхөртөө дурлах гэсэн оролдлогууд нь тасархай байдаг шиг хуваагдмал байдаг. Өмнөх нөхрийнхөө дурсамжинд автсан Амина эгээ л аав нь ээжид нь хэсэгчлэн дурласан шиг ирээдүйн нөхөртөө дурлахаар аянд гардаг. Амина, Ахмед хоёрын хайранд жинхэнэ хайр цэцэглэн хөгжихөд шаардлагатай бүрэн бүтэн байдал, эв зохицол дутагддаг. Цоорхой даавууны нүх бол алсын харааны үүд төдийгүй дүүргэгддэггүй хоосон зайг бэлгэдэнэ. Цоорхой даавуу нь Жамилатай хамт сүүлчийн удаа гарч ирдэг буюу цэвэр ариун байдлаа хадгалахын тулд Жамила уруулаа л гаргасан нүхтэй даавуу нөмөрсөн байдаг. Энэ даавуу бол түүнийг ертөнцийн бусад хэсгээс тусгаарлаж, хайр дурлалыг хүлээн авах чадваргүйг нь харуулдаг хөшиг болдог.

Зөн билэгч Рамрам нь Шива, Салимийг тус бүрчлэн төлөөлдөг өвдөг ба хамрын төрөлтийг зөгнөдөг. Хөвгүүдийн онцгой хүчийг симболчлохоос гадна өвдөг, хамар нь бас өөр үүрэгтэй байдаг; Аадам залбирахаар анх өвдөг сөгдөхөд түүний өвдөг газарт хүрч, хамар нь газарт цохигддог. Энэ тохиолдолд өвдөг, хамар хоёр нь залбирлын үйлдэл, хүлцэнгүй байх, мөн итгэл үнэмшилтэй байхад зайлшгүй шаардлагатай даруу чанарыг илтгэнэ. Гэтэл Аадам хамраа цохисны дараа хүлцэнгүй байхыг эсэргүүцэж, улмаар түүний дотор нүх нээгддэг. Шива хүчирхэг өгдөгөөрөө биеэ үнэлэгчдийн жагсаалыг устгасны гэж сэжиглэгддэг бол Салим хамраа ашиглан хотын хамгийн хөгшин биеэ үнэлэгчийг олно. Өвдөг ба хамар; яг л Шива, Салим хоёр шиг сүйрэл хийгээд бүтээх, итгэл ба юуг ч хүлээхгүй байх шиг салшгүй холбоотой эсрэг тэсрэгүүд юм. 

Comments