Янхан, философич хоёрын яриа

 


Vivre sa vie (1962). Францын мастер кино урлаач Jean-Luc Godard-н зохиолыг нь бичиж найруулсан Францын Шинэ Давалгаа хөдөлгөөнд хамаарагдах драм. Уг кинондоо тэрээр тухайн үед моодонд орж байсан баримтат киноны cinema verite хандлагын гоо зүйг ашигласан. Гэхдээ энэ кино нь Францын Шинэ Давалгааны бусад кинонуудад ашиглаж байсан хөнгөн камерын оронд хүнд Mitchell камер ашигласанаараа ялгарч байв. Киноны зураглачаар Godard-н байнгын хамтрагч Raoul Coutard ажилласан. Godard киноныхоо оригинал эх сурвалжуудын нэгийг шүүгч Marcel Sacotte гэгчийн биеэ үнэлэгчдийн судалгааны материалаас авчээ. Өөрийнхөө хүссэнээр байхаар шийдсэн биеэ үнэлэгчийн уналт, агшин зуурын өсөлт, эцэст нь үхэж төгсдөг эмэгтэйн дүрд гайхамшигт Anna Karina тоглосон.

  Киноны бүтэц Америкийн зохиолч Theodore Dreiser-н романы хураангуйлсан хувилбар шиг байдаг; кино 12 хэсгээс бүрдэхдээ хэсэг болгон гарчиг болон хүүрнэгчийн тайлбартай байдаг. Энэ бол Godard-н бүтээлүүдээс хамгийн хурц мөртлөө үргэлжилсэн огцом тасалдалтай, бараан боловч тун эмзэг мэдрэмтгий кино сэтгүүлийн зураглалтай, туйлын баримтат хэв маягтай кино юм. Киноны саундтракийг жинхэнэ уушийн газар, зочид буудалд бичиж аваад хөндөлгүй үлдээсэн буй. Жүжигчдийн даруухан тоглолт нь үргэлж нэг чиглэлд алгуурхан ч түргэвчилэн урагшлах нь дурсагдахуйц гоо үзэсгэлэнг бий болгодог; энэ бол ер бусын шижир кино. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 128-р байрт жагсаагаад буй. Ингээд киноны гүн рүү орцгооё.

"Vivre sa vie" кино нь Godard-н хааяа нийтлэл бичдэг байсан Cahiers du Cinema сэтгүүлийн Германы жүжгийн зохиолч Bertolt Brecht болон түүний "туульсын театр"-ийн онолд зориулан дугаарын дараахан нээлтээ хийсэн. Уг кинонд хүнийслийн нөлөөний тухай өгүүлдэг тул Godard-д Brecht нөлөөлсөн байж магадгүй гэж үздэг; киноны "бүлгүүд"-ийн өмнө дараа нь юу болохыг тайлбарласан 12 тайлбар гарч ирдэг; урссан эвлүүлгийг үсэрсэн монтаж тасалдуулдаг, дүрүүд ярьж байхад нь араас нь харуулдаг; дүрүүдийг тодоор гэрэлтүүлдэг, тэд камертай шууд харилцдаг, мөн албан ёсны анкетаас авсан статистикийн үр дүнг дуу хоолойгоор өгүүлдэг, гэх мэтчилэн. "Vivre sa vie" нь мөн Montaigne, Baudelaire, Zola, Edger Poe нарын зохиолчдоос, түүнчлэн Robert Bresson, Jean Renoir, Carl Dreyer зэрэг кино найруулагчдын уран бүтээлүүдээс иш татах юмуу тодорхой хэмжээгээр санаа авсан байдаг. Критикч Jean Douchet-н хэлснээр бол Японы кино мастер Kenji Mizoguchi-н сүүлчийн шедевр болох "Street of Shame" бүтээл байгаагүй бол Godard-н энэ кино төрөхгүй байх байсан гэжээ.

Кинонд, Nana нэгэн хөгшин философичтой яриа болон бичгийн хэлний хязгаарын тухай чин сэтгэлийн яриа өрнүүлдэг хэсэг гардаг, энэ хөгшин философич бол Godard-н философийн багш асан Brice Parain гэгч юм. Яг дараагийн сцэнд сайхь санааг тодотгох мэт саундтрак зогсож, дүрсүүд Godard-н хувийн хүүрнэлээр хучигддаг. Энэ арга бол тухайн үед тэрээр дуу чимээ ба харааны дүрсийг сонирхон ажиллаж байсныг илтгэнэ. Уг кинондоо найруулагч маань Парисын хэрэглээний соёлыг дүрсэлсэн; кино театр, кофе уушийн газрууд, неон гэрэлтэй бильярдын танхим, поп дууны пянз, гэрэл зургууд, ханын постер, пин-ап, тоглолмын машин, хөгжмийн машин, гадаадын машинууд, бичгийн машин, зар сурталчилгаа, хамгийн сүүл үеийн үсний засалт, гангстер, Америк маягийн гялалзсан шинэ ертөнц харагддаг. Мөн поп соёлыг ч харуулдаг; жишээлбэл, уйтгарласан залуу кафед орж ирээд хөгжмийн машин дээр нэгэн дуу сонгон тавичихаад суудаг, энэ нэргүй жүжигчин бол алдартай дуучин Jean Ferrat гэгч бөгөөд түүний сонгон тоглуулсан дуу бол өөрийнх нь "Ma Mome" гэдэг хит дуу ажээ. 

Nana-н богино үсний засалт бол 1928 оны "Pandora's Box" кинонд жүжигчин Louise Brooks-н алдартай болгосон үсний засалтыг дуурайсан явдлаас гадна аль аль кинонд эмэгтэй гол дүрүүд нь биеэ үнэлэгчийн амьдралд унаад дараа нь золгүйгээр амиа алддаг. "Vivre sa vie" киноны нэгэн үзэгдэлд тухайн цагт Godard-н найз бас заримдаа өрсөлдөгч байсан Francois Truffaut-н "Jules et Jim" гэдэг Шинэ Давалгааны бас нэгэн чухал киног үзэхээр Парисын кино театрын гадаа дараалал үүсгэсэн хүмүүс харагддаг билээ. Соёлын критикч Susan Sontag: "Энэ бол төгс кино. Миний мэдэх хамгийн ер бусын, үзэсгэлэнтэй, оригинал урлагийн бүтээлүүдийн нэг". Критикч Roger Ebert: "Энэ киноны нөлөө итгэмээргүй. Энэ бол тодорхой, сентиментал бус, гэнэтийн, ширүүн кино". Өнөөгийн кино соёлд Godard-г ойлгох юмуу таашаах үзэгч цөөхөн гэж би бодож байна. Бараг жаран жил "босоо" байсан түүний кино хэл өнөөдөр хүчинтэй юу гэж шинэ үеийнхэн асуух нь зөв; өөрөөр хэлбэл "Vivre sa vie" шиг жижиг, өөрийгөө шинжилсэн кино аварга роботууд, супер баатрууд, харийнхан, ярьдаг амьтадтай шинэ кино ертөнцөд хэрхэн орших уу? ер нь удаан оршиж чадах уу?. Би чадна гэж хариулна. Юу ч тохиолдсон бай кино урлаг оршин байгаа цагт Godard-н ертөнцөд амьдарсаар байх болно.

  Өнөөдөр Godard-н кинонууд блокбастеруудаас илүү шинэлэг хэвээр байгаа ба хоосон эмх замбараагүй зугаа цэнгэлийн дундаж кинонуудаас толгой илүү санагддаг. Энэ утгаараа түүний кино болгон арт кино урлаг хэр хүнлэг байж болохыг харуулсан хичээл юм. Жараад оныг түүнийг тодорхойлдог арван гэдэг, энэ арванд тэрээр 15 кино хийснээс "Vivre sa vie" 4 дэх нь бөгөөд энэ бол түүний хамгийн их судлагдсан бас иш татагддаг киноны нэг. Godard биеэ үнэлэлтийг сэдэвчлэн аваад судлах сонирхолтой байсан, ингэхдээ үргэлж хатуу ширүүн ханддаг байсан. Харин кино энэрэх сэтгэл, харуусах мэдрэмж төрүүлнэ. Godard-г хүйтэн хөндий, тусгаарлагдсан найруулагч гэсэн нийтлэг санаа байдаг ч та түүний шилдэг бүтээлүүдийг өнөөдөр үзвэл дээрх ойлголт худал гэдгийг ухаарна. Түүний кинонуудаас илүү дотно, баяр баясгалантай, хүсэл тэмүүлэлтэй, мэдрэмжийн субъектив шинж чанарыг анхаарч үздэг кино юмуу кино найруулагчийг олоход бэрх. "Vivre sa vie" нь найруулагчийн маань алтан үеийн хамгийн бараан, гунигтай бүтээл байж магадгүй; гэхдээ киноноос энхрийлэл, энэрэл цацардаг.

  Энэ бол Godard-н Karina-тай хамтран хийсэн 3 дахь кино байсан; тэд 1961 оны хавар гэрлэснээс хойш Godard эмэгтэй хүний нийгмийн байдлын тухай үүн шиг сэтгэл өвдөж, зүрх шархлуулсан кино хийгээгүй. Киноны гол дүр Nana кино од болох найдвар өвөртөлсөн хөөрхий бүсгүй эцэстээ сексийн мөлжлөгийн төгсгөлгүй тойргоосоо гарч чадахгүй явсаар үхдэг; үнэндээ Nana-н энэ золгүй амьдрал Karina-д тохиолдож болох амьдрал хамгийн муу хувилбар ч байж болох боломжтой байсан, хэрэв Godard-тай танилцаагүй бол. Godard-н Karina-н "тухай бүх кинонд болон ер нь түүний хөрөглөсөн бүх эмэгтэй дүрүүдээс ажиглагддаг нэг мэдэгдэхүйц зүйл бол дүрээсээ алслагдсан зай юм. Найруулагчийн өөрийгөө ухаарсан шинж энд тодорхой илэрдэг; "Vivre sa vie" киноны нэг алдартай хэсэг Karina дэлгэцээс гадуурх эрчүүдтэй ярилцаж байгааг толгойных нь араас ойрын зураглалаар харуулдаг; энэ бол Steven Soderbergh, Quentin Tarantino нарын киноны ухагдахууныг тайлбарласан хандлагыг нямбайлан хувиргасан бодлогошролын мотиф юм. Godard-н кадрууд үргэлж харсан зүйлийнх нь талаарх мэдрэмжийн тухай байсан ба энэ зохиомж нь харж байгаа ч хараагүй, гол дүрийнхээ илэрхийлэмжийн хүчийг дэлгэцээс гадуурх орон зайд шилжүүлдэг нь эгээ л би энэ хүүхэнд хайртай боловч түүнийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаатай ижил.

Арвин хоёр хэсэгт хуваагдсан эл бүтээл Karina бусдыг харж бас сонсож байгааг ажиглахад ихэнх хугацаагаа зарцуулдаг агаад Nana бол энэрэх сэтгэлгүй ертөнцөд зүг чигээ олох гэж яваад бүтэлгүйтсэн аялагч шиг байдаг. Киноны хамгийн алдартай сцэнд, харанхуй театрт тэрээр Carl Dreyer-н "The Passion of Joan of Arc" бүтээлийг үзээд өөрийгөө болоод Falconetti-н бүтээсэн дүрийг өрөвдөн уйлж байдаг. Энэхүү жижигхэн агшны кино урлагт үзүүлсэн нөлөөг дутуу үнэлж болохгүй; энэ нь Францын кино урлагийн хэв маягийг өөрчилж, кино нь урлагийн нэг хэлбэр болохыг бүхэл бүтэн үеийнхэнд нотолж, кино урлаг гэдэг классик ч, романтик ч, эмгэнэлт ч байх чадвартайг, мөн кинонууд үргэлж киноныхоо тухай байдаг гэсэн Godard-н санааг дүрүүд буюу нэг үгээр Godard кино гэдэг амьдралаас тусдаа биш амьдралын нэг хэсэг гэдгийг харуулж чаджээ. Түрээсийн төлбөр төлөөгүйн улмаас байрнаасаа хөөгдсөн Nana театрт хоргодон сатаараагүй, харин ч бүр үзэж байгаа киногоороо амьдарч байдаг. Киноны дүрүүд өмнө нь харанхуй кино театрт кино үзэж байгаа хэсгүүд байсан ч энэ кино дээрх шиг кино үзэх үйл явцыг ингэтлээ гүнзгий мэдэрч байгаагүй болов уу. Karina, Falconetti хоёр жүжигчинийг хараад үзэгч бид богино хугацаанд Karina ч болж, мөн Godard-н мэдрэмжийг ч мэдэрдэг.

  Мөн түүнчлэн Nana бол найруулагч Pabst-н "Pandora's Box" киноны Louise Brooks шиг биеэ үнэлж яваад алуулдаг. Louise Brooks-н алдартай тайрмал үс мөн Tarantino-н "Pulp Fiction"  киноны Mia-н дүрээс харагддаг. "Бодит байдал" бол эмзэг түвшин бөгөөд энгийн хийгээд гайхамшгийн дунд Godard киногоо гүехэн шинж болон утга учрын талаарх асуулт руу хөтөлж, урт үргэлжилсэн асуулт, хариултын хүүрнэлээр биеэ үнэлэлтийн харгис механикийг тунгаадаг агаад кафед Nana Францын алдартай философич Brice Parain-тай үнэний тухай ярих ямар хэцүү гэдгийг ярилцдаг. Киноны төгсгөл хэрд Nana-н залуухан амраг эр Edger Poe-н "The Oval Portrait" зохиолыг чангаар уншдаг; энэ зохиолын төгсгөлд, зураач зурсан эхнэр нь хэдийнээ үхчихсэн байхыг хараад "энэ чинь л амьдрал өөрөө! гэж хэлдэг". Poe-н зохиол бодит байдал болон төөрөгдлийн төстэй байдлын тухай байдаг бол Godard Poe-н зохиолын зураач шиг шинэ, үзэсгэлэнтэй эхнэрээ бодит амьдралд бус кино ертөнцөд илүү хайрладаг гэсэн сэжиг төрүүлдэг. Хэрэв "Woman Is a Woman" кино Godard, Karina хоёрын бал сар гэвэл "Made in US" тэдний харилцааны гашуудлын дуулал ба харин "Vivre sa vie" нь хосуудын үл итгэлцэл, харилцан буруутгалын эхлэл болно. 

Comments