North by Northwest (1959). Английн мастер кино найруулагч Alfred Hitchcock-н тагнуулт триллер. Кино зохиолыг Америкийн кино зохиолч Ernest Lehman бичсэн; тэрээр Hitchcock-н бүх кинонуудаас хамгийн шилдэг Hitchcock-н киног бүтээх гэсэн үндсэн сэдлээс кино зохиолоо бичжээ. Киноны хөгжмийг найруулагчийн олон бүтээлд дээр ажилласан Bernard Herrmann бичсэн. Энэ бол андуурлын тухай асар сонирхолтой түүх бөлгөө; жүжигчин Cary Grant Нью-Йоркийн зар сурталчилгааны компанийн гүйцэтгэх захирлын дүрд тоглох ба гэгээн цагаан өдөр түүнийг үл таних хүмүүс хулгайлаад тансаг харшид авчран хүчээр архи уулган согтоогоод машины ослоор амь үрэгдүүлэх гэж оролдох ч тэрээр азаар амьд гарсанаар Америкийн засгийн газрын нууц ажиллагаанд хүчээр татагдана орно. Жүжигчин James Mason Америкийн засгийн газрын эсрэг ажилладаг нууц байгууллагын удирдагчийн дүрд тоглосон агаад тэр болон түүний хүмүүс Тагнуулын Төв Газраас урхи болгон зохиосон хүнийг Grant-н дүртэй андуурч алах гэж оролдсон нь киноны үндсэн үйл явдал буюу манай гол баатрыг зүүдэнд ч оромгүй адал явдалд оруулдаг. Жүжигчин Eva Marie Saint Тагнуулын Төв Газрын нууц ажилтны дүрд буюу Grant-н дүрийг баатар болоход сэдэлжүүлэгчийн дүрд тоглосон ба мэдээж тэрээр Hitchcock-н классик шаргал үст бүсгүйн дүрийг энэ кинонд бүтээсэн.
Романтик-комеди хэрнээ түгшүүрт дээрмийн сэдэвт уг киног өнөөдөр зөвхөн Hitchcock л зөв зохистой найруулж чадах кино хэл буюу кино жор гэдэг. Найруулагч маань нууцлаг байдлыг онц сонирхолтой явдалтай хослуулахдаа хошигнолыг марталгүй шингээж өгсөн нь киног өвөрмөц онцгой болгож байна. "North by Northwest" кино тэр жилийнхээ Оскарын наадамд гурван төрөлд нэр дэвшиж байсан ба Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 57-и байрт эрэмбэлжээ. Entertainment Weekly сэтгүүл уг киног бүх цаг үеийн шилдэг кинонууд жагсаалтынхаа 44-р байрт жагсаасан бол Empire сэтгүүл шилдэг 500 кино жагсаалтынхаа 98-р байрт эрэмбэлжээ. Найруулагчийн сүүл үеийн энэхүү классик бүтээл нь дүрслэлийн хувьд домог болсон ба араасаа тоо томшгүй олон адал явдалт триллер кинонуудыг төрүүлсэн. Hitchcock Cary Grant-г Lincoln-н хамар дотор орон хорон санаатнуудаас нуугдаж байгаа тухай киноны санааг сэтгүүлчдэд байнга ярьдаг байв. Тэрээр энэ санаа нь кино болвол "The Man on Lincoln's Nose" гэж нэрлэнэ хэмээн бодсон. Hitchcock санааг нь зөв боловсруулах кино зохиолч гарч иртэл хүлээсэн бөгөөд анхны бодож олсон дүр нь аялагч борлуулагч байж, энэ дүр нь James Stewart-д илүү зохихоор байсан ч Lehman дүрийг зар сурталчилгааны ажилтан болгон өөрчилсөн нь өөрөө өмнө нь зар сурталчилгааны ажилтан байсантай холбоотой аж.
Hitchcock-н намтар судлаач John Russell Taylor-н бичсэнээр, киноны түүх нь Lehman өөр киноны зохиол бичих үеэр "зохиолчийн блокт" орчихсон үед нь төрсөн гэж. Hitchcock MGM-тэй хамтран кино хийхээр тохиролцсон байсан ба Hammond Innes-н "The Wreck of the Mary Deare" номыг кино болгох ёстой байлаа. Хөгжмийн зохиолч Bernard Herrmann Hitchcock-д найз Lehman-тай хамтрахыг санал болгожээ. Хэдэн долоо хоног өнгөрөхөд Lehman юу бичихээ мэдэхгүй байгаагаа хэлээд болъё хэмээн хэлсэн ба Hitchcock түүнд бид сайн ойлголцдог болохоор сайн зохиол гаргаж чадна гэж ятгасан. Хариуд нь Lehman чиний хамгийн сайн киног хийхийг хүсч байна гэжээ. Hitchcock Рашмор уулан дээгүүр хөөцөлдөж байгаа үзэгдэлтэй кино хийхийг үргэлж хүсч ирснээ хэлсэн бөгөөд эндээс тэд илүү олон санаануудыг гаргасан; НҮБ-ын төв байрт болсон аллага; Детройтын автомашины үйлдвэрт болсон аллага; Аляскад болсон эцсийн тулаан гэх мэтээр хөрвөж өгч. Эцэст нь, тэд НҮБ-ын төв байрт болсон аллагыг эхлэл болгоод Рашмор уулын хөөцөлдөөнийг киноны оргил хэсэг болгохоор шийджэн.
Киноны үндсэн санаа нь Hitchcock нэгэн Америк сэтгүүлчээс тагнуулчид урхи болгон зохиомол агент бүтээдэг тухай сонсож байсан түүхээс үндэстэй агаад найруулагч маань магадгүй киноных нь баатрыг тэр зохиомоол агенттай андуурсанаар үйл явдал хурцадмал болж болохыг олж харжээ. Хожим кино зохиолч William Goldman хэлэхдээ, "North by Northwest" киног Lehman бүтээсэн, Hitchcock-н олон санаа байсан авч ашиглаагүй гэсэн нь сонирхолтой юм. Hitchcock баатар нь хаашаа ч явах газаргүй гацсан нөхцөлд байхад нь хорон санаатнууд түүнийг торнадогоор алахыг оролдож байгааг санал болгож. Lehman түүнээс тэд яаж циклон бүтээх юм бэ? гэж асууж; энэ яриа явсаар циклон нь хор цацагч онгоц болон хувирчээ. Hitchcock Lehman-тай танилцахаасаа бараг 9 жилийн турш энэ киноныхоо санааг бодож, боловсруулж байжээ. Дэлхийн 2-р дайны үед Их Британийн тагнуулын алба цогцос олж аваад нууц бичиг баримт авч явсан офицер болгон хуурамч хүн бүтээх замаар Германчуудыг төөрөгдүүлдэг байсан бодит явдлаас санаа аван зохиол бичсэн Америкийн сэтгүүлч Otis Guernsey гэгчийн түүх Hitchcock-н санааны үндэс суурь юм. Guernsey өөрийнхөө санааг Ойрхи Дорнод руу аялж яваад зохиомол агент гэж андуурагдан романтик хийгээд аюултай нөхцөлд орж байгаа Америкийн худалдаачны тухай түүх болгон бичжээ. Guernsey өөрийнхөө зохиолын хөгжүүлэлтийг логикгүй, улиг болсон зүйлээр дүүрэн гэдгийг хүлээн зөвшөөрч, Hitchcock-г түүхийг хүссэнээрээ өөрчлөөрэй хэмээжээ. Hitchcock 60 хуудас бүхий материалыг $10.000 доллараар худалдаж авсан.
Хожим Lehman ярихдаа, оргил хэсгийг зохиохоос өмнө тэр ихэнх хэсгийг хэдийнээ биччихсэн байсан гэжээ. Дууссан зохиолын улигт нэг жишээ бол Roger Thornhill мөрдөгчдийн хамт Townsend-н эдлэнд буцаж ирээд бүх зүйл өөрчлөгдсөнийг олж хардаг хэсэг юм. Хэрвээ Thornhill үнэхээр тагнуул байсан бол өмнөх шөнө зугтаасан газартаа эргэж ирэх шалтгаан байхгүй ба гэмт хэрэгтнүүд түүнийг эргэж ирэхийг хүлээхгүй нь тодорхой. Жүжигчин Eva Marie Saint-н төлөөлөгч түүнд Hitchcock-оос оройн хоолны урилга хүлээн авсан гэж хэлсэн бөгөөд Eva Marie Saint алдарт найруулагчтай анх удаа уулзав. Оройн хоолноос хэд хоногийн дараа бүсгүйн ээж охин руугаа залгаад Hitchcock шаргал өнгийн хувцастай, цагаан бээлий өмссөн эмэгтэйчүүдийг сонгох дуртай болохыг сануулжээ. Eva ээжийнхээ зөвлөгөөг даган хувцаслаад Hitchcock-той дахин уулзсан ба Eva ээжийнх нь зөвлөгөө энэ кинонд дүр авахад нь тусалсан гэж үздэг. 2006 онд GQ сэтгүүл Crant-н бараг киноны туршид өмссөн саарал өнгийн хослолыг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг хослол, мөн эрэгтэйчүүдийн хэв загварт хамгийн нөлөөтэй хослол гэж зарласан байдаг. "Collateral" кинонд Tom Cruise-н өмсдөг хослол, мөн "Paycheck" киноны Ben Affleck-н хослол нь Grant-н хуулбарууд ажээ.
Зохиолч Todd McEwan саарал хослолыг харуулсан киноны үйл явдлын тухай "Cary Grant's Suit" нэртэй богино өгүүллэг хүртэл бичсэн буй. Найруулагч Francois Truffaut-н "Hitchcock/Truffaut" хэмээх номонд дурдсанаар, MGM киноны үргэлжлэх хугацааг хоёр цагаас бага байлгахын тулд 15 минутыг хасахыг хүссэн ба Hitchcock төлөөлөгчөөрөө гэрээг шалгуулахад эцсийн эвлүүлгийг бүрэн хянах эрхтэйгээ олж мэдээд татгалзсан хариу өгчээ. Cary Grant ярвайсан, хурдан инээмсэглэсэн, гайхсан харцтай дүр бүтээсэн ч зар сурталчилгааны ажилтны дүрд тэр хэзээ ч байгаагүй тохь тухтай харагддагаас гадна үнэхээрийн мэргэжлийн байж чаддаг. Eva Marie Saint энэ кинонд тоглосноороо өмнө үзүүлж байгаагүй авъяас чадвараа нээн харуулснаас гадна хүйтэн хөндий мэт харагддаг ч сэтгэл татам эмэгтэй баатарыг төгс зохицдог. Критикч Charles Champlin уг киног Hitchcock маягийн нөхцөл байдлуудын антологи гээд эрдэнэ шишийн талбайд Grant-н хор цацагч онгоцноос зугтаадаг хэсгийг Hitchcock-н хамгийн шилдэг бүтээлийг төлөөлөхүйц гэжээ. Критикч Penelope Houston: "Энэ бол хамгийн шижир зугаа цэнгэлийн кино". Зохиолч Nick Clooney Lehman-н зохиол, харилцан яриаг магтаад, энэ Hitchcock-н шилдэг бүтээл биш гэвэл маргаангүй түүний хамгийн загварлаг триллер гэсэн буй. Hitchcock-н дэгжин, егөөтэй, параной триллер кино нь тухайн цаг үеийнхээ оюун санааг төгс харуулсан; хүйтэн дайны сүүдэр, эрх мэдэлтэй нууц агентууд, хотжсон модернизм, шоргоолж шиг хөл хөдөлгөөнтэй хотын амьдрал болон баян тансаг байдлын цаадах айдсын дохио гэх мэтийг харж болно. Hitchcock энэ киноноосоо жилийн өмнө хийсэн бараан романтик-триллер болох "Vertigo" шедеврийнхээ дараа киноныхоо хэмнэлийг өөрчлөхөөр төлөвлөсөн.
Тэрээр Francois Truffaut-д бусад кинонуудад нэвт шингэсэн симболизмоос ангид хөгжилтэй, хөнгөн кино хийхийг хүсч байсан гэж ярьсан байдаг. "North by Northwest" кино бол Хүйтэн дайны үеийн мэхлэлт, андуурч тодорхойлох, ёс суртахууны харилцаа хамаарлын сэдвүүдээрээ алдартай. Киноны нэр нь бодит байдлын хувирамтгай шинжийг илтгэсэн гэж зарим судлаачид үздэг бол зарим нь киноны нэр Shakespeare-н "Hamlet" жүжгээс санаа авч өгсөн гэж маргадаг. Hitchcock 1963 онд найруулагч Peter Bogdanovich-той хийсэн ярилцлагадаа, "энэ бол фантааз, кино бүхэлдээ нэрэндээ тусгагдсан байгаа" гэсэн байдаг. Киноны үйл явдал Нью Йоркт эхэлж, Аляскад оргил хэсэг нь болох ёстой байсан учир киноныхоо нэрийг "In a Northwesterly Direction" гэж өгөх гэж байсан ч MGM-ын удирдлага одоогийнх нь нэрийг санал болгожээ. Киноны үйл явдалд Hitchcock-н түгээмэл болгосон "MacGuffin" гэдэг нэр томьёо багтдаг ба энэ нь кинонд, тагнуулчид засгийн газрын нууцыг агуулсан микрофилмийг улсын хилээр гаргахыг завдаж байгаагаар гардаг. Энэхүү "MacGuffin" гэдэг анх уран зохиолд үйл явдалд юмуу дүрүүдийг сэдэлжүүлдэг ч ач холбогдолгүй, чухал бус, өөрөө хамааралгүй объект, төхөөрөмж эсхүл үйд ажиллагаа агаад Angus MacPhail-н зохиосон эл нэр томьёог Hitchcock-г өргөжүүлэн ашиглаж бас алдаршуулжээ. Киноны төгсгөлийн хэсэгт гол дүрийн хоёр галт тэргэнд гал халуунаар тэврэлдэхтэй зэрэгцэн галт тэрэг туннель руу хурдлан орж байгааг харуулдаг нь сексийн утгатай симбол ба Hitchcock үүнийгээ эр эрхтний симбол, магадгүй хийсэн хамгийн эрээ цээргүй кадр байх гэсэн буй. Дашрамд дурдахад уг кино нь алдарт "James Bond" франчайз-д ихээхэн нөлөөлсөн билээ.

Comments
Post a Comment