Ярвагар эр

 


The Maltese Falcon (1941). Америкийн их найруулагч John Huston-н нуар кино. Энэ түүний дебют ажил байсан ба Америкийн детектив зохиолч Dashiell Hammett-н 1930 оны романаас сэдэвлэн Huston кино зохиолыг бичжээ. Энэ кино нь найруулагч Roy Del Ruth-н 1931 онд бүтээсэн киноны дахин шинэчилсэн хувилбар юм. Киноны гол дүрүүдэд; Humphrey Bogart ширүүн хувийн мөрдөгч Sam Spade-н дүрд тоглнсноор Холливуудын домог гэсэн статусаа бататгасан бол Mary Astor-н нууцлаг, зальжин Brigid-н дүрийг классик фемме фатал дүр гэж үзэх болсон агаад Peter Lorre, Sydney Greenstreet хоёрын барьцгүй хорон санаатнуудын дүр киноны үйл явдлыг улам хурцадмал болгодог. Үйл явдал нь Сан Францискод өрнөх уг кинонд хөрөнгө, мөнгөний төлөө хүн хэнийг ч хуурч, хэнээс ч урваж, тэр байтугай хэнийг ч алж болох тухай өгүүлдэг. Анхлан Нью Иоркт нээлтээ хийхдээ арилжааны хувьд амжилт олж, критикүүдэд сайшаагдсан "The Maltese Falcon" киног өнөөдөр нуар жанрыг тодорхойлогч бүтээл гэдэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий киноны нэг гэж үнэлэх болжээ.

Нуар жанрын киноны дүрслэх хэв маяг, дүрүүдийн архетип, түүх хүүрнэх арга барилд уг киноны оруулсан хувь нэмэр үлэмж их билээ. Найруулагч Huston-н анхны кино нь түүний хожуу үеийн бүтээлүүдээс онцлохуйц ялгаатай шинжүүдтэй; энд хүний шуналыг дооглосон хандлага илт бий, мөн бүдүүлэг баатарлаг байдал, эцэст нь, этгээд сонин дүрүүдийг бахдалтайгаар үзүүлсэн. Энэ киног нуар жанрын прототип болгодог зүйл бол эх романаар хийгдсэн өмнөх хоёр хувилбарт нь байдаггүй түгшүүрийн уур амьсгал юм. Бараг бүхэлдээ дотор зураг авалтаа хийсэн "The Maltese Falcon" кино нь урвалт, өвдөлт, ялзрал, клаустрофоби ертөнцийг харуулсан. Сэтгэл түгшээм, төөрдөг байшин шиг, нэгдүгээр зэрэглэлийн жүжигчдийн гүйцэтгэлтэй уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 306-р байрт эрэмбэлээд байна. Критикч Roger Ebert эл бүтээлийг Аугаа кинонууд жагсаалтдаа багтаасан бол Panorama de Film Noir Americain сэтгүүл анхны томоохон нуар кино гэсэн буй. 14 дэх удаагийн Оскарын наадамд уг кино нь шилдэг кино, шилдэг дэлгэцийн хөрвүүлэлт, шилдэг эрэгтэй туслах дүр гэсэн 3 төрөлд нэр дэвшиж байжээ. Ингээд үнэт эрдэнэ бүхий шонхорын эрэлд хамтдаа гарцгаая.

  "1539 онд Мальтын Темплар баатар Испанийн тавдугаар Charles хааныг хүндэтгэн хошуунаасаа хумс хүртэл ховор эрдэнийн чулуугаар чимэглэсэн Алтан шонхор шувууг илгээжээ. Гэвч далайн дээрэмчид тус үнэлж баршгүй бэлгийг тээвэрлэж явсан хөлөг онгоц руу халдсан ба Мальтын шонхор шувууны хувь заяа өнөөг хүртэл нууц хэвээр байна". Сан Францискод хувийн мөрдөгчид болох Spade, Archer хоёрыг Ruth гэх үзэсгэлэнтэй хүүхэн зорьж ирээд Нью Иорк дахь гэрээсээ зугтаад Thursby гэдэг эртэй хамт Сан Францискод ирэн алга болсон эгчийгээ хайж байгаагаа хэлнэ. Archer эгчийг нь олж өгөхөөр тохиролцоно. Тэр шөнө цагдаа нар Spade-д хамтрагч чинь алуулсан байна гэж мэдэгддэг. Spade Ruth-н байрлах зочид буудал руу утас цохиход хүүхэн тооцоогоо бодоод гарсан болох нь тодорхой болно. Байрандаа буцаад иртэл цагдаагийн мөрдөгчид түүнийг дарамтлан, мөн Thursby гэгч бас тэр шөнө алуулсан гэж хэлнэ. Цагдаа нар Spade-г Archer болон Thursby хоёрыг алсан гэж үзэж байв.

Маргаашийн үдээс өмнө Spade Ruth-тэй уулзах ба хүүхэн өөрийгөө Brigid гэдэг хэмээгээд өмнөх ярьсан түүх нь санаанаасаа зохиосон түүх байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Одоо Brigid нэртэй болсон хүүхэн түүнээс аллагыг илрүүлэхийг ятган хүсэж, мөн Thursby өөрийнх нь хамтрагч байсан, Thursby өөрийг нь буруутан болгохын тулд Archer-г алсан, харин Thursby-г хэн хөнөөснийг мэдэхгүй гэдэг. Spade оффистоо эргэн ирэхэд түүнийг Cairo гэгч хүлээж байв. Cairo түүнд хар шувууны баримал олж өгвөл $5,000 доллар өгье гэнэ. Spade эргэлзэж байхад Cairo буу тулган бүдүүлгээр нэгждэг бөгөөд хашир туршлагатай Spade Cairo-г амархан дөнгөчихнө. Гэхдээ Spade хөлслөгдөхөөр болно. Тэр өдрийн орой Brigid-тай уулзахаар явж байсан Spade өөрийг нь хүн дагаад байгааг анзаараад бултчихна. Spade Brigid-д Cairo-н тухай хэлтэл хүүхэн сандарч байгаагаас хүүхэн Cairo-г таньдаг болох нь мөрдөгчид маань илэрхий болно. Ингээд Spade өөрийнхөө байранд Cairo, Brigid хоёрыг нүүрэлдүүлэх уулзалтыг зохион байгуулах ба Brigid "Тарган эр" Сан Францискод байгаа тухай ярихад Cairo сандран мэгддэг. Маргааш нь Spade Cairo-н буудалласан буудалд очиход саяхан өөрийг нь дагаад байсан залуу болох Cook гэгч түүнд байхыг олж харна.  Энэ Cook нь өнөөх "Тарган эр" хочит Gutman-д ажилладаг хүн юм.
Буудалд, Gutman Spade-д Мальтын шонхорын түүхийг ярьж өгөөд олж өгвөл $50.000 доллар өгөхийг санал болгоно. Архинд нойрсуулах эм хийсэн тул Spade ухаан алдан унах ба цаад өрөөнөөс Cairo, Cook хоёр гарч ирнэ. Spade сэрээд хавь ойрыг нэгжиж байгаад Ла Палома гэдэг ачааны хөлөг онгоц ирэх цагийг тэмдэглэсэн сонинг олж харна. Тэрээр боомтод очтол хөлөг онгоц шатаж байдаг. Дараа нь, хөлгийн ахмад буудуулсны улмаас үхэхийн даваан дээр Spade-н оффист орж ирдэг ба ахмадын гарт өнөөх Мальтын шонхор байв. Энэ үед Brigid утасдаад нэг хаяг хэлчихээд утсаа тасалчихна. Spade шонхорыг автобусны буудалд нуучихаад Brigid-н хэлсэн хаягийн дагуу явж очтол тэнд юу ч байдаггүй. Тэрээр гэртээ буцаж ирэхэд Brigid өөдөөс нь угтаж ирдэг бөгөөд тэд байранд ортол Cairo, Gutman, Cook нар буутай хүлээж байлаа. Gutman эрдэнийн шувууны төлөө Spade-д $10.000 доллар өгдөг ч Spade үлдсэн мөнгөний оронд Cook-г шонхорыг дагасан аллагуудад буруутгахыг хүснэ. Ширүүн маргалдсаны эцэст тэд Spade-н саналыг хүлээн зөвшөөрдөг. Spade нарийн бичиг рүүгээ залгаад шонхорыг авчир гэнэ. Gutman шонхорын барималыг шалгаж үзсэн хуурамч болох нь тогтоогддог.

  Cairo Gutman хоёр хэрэлдэж байх хойгуур Cook зугтаачихна. Эцэст нь, Cairo, Gutman хоёр найрамдаад зогсохгүй Истанбул руу явж эрлээ үргэлжлүүлэхээр болдог. Тэднийг явсны дараа Spade цагдаа руу залгаад тэднийг хаашаа явсныг хэлнэ. Дараа нь, Spade Brigid-тай нүүр тулах буюу Thursby-г буруутгахын тулд Archer-г алсан гэж хүүхэнд тулгахад хүүхэн ч гэмшин байж хэргээ хүлээгээд цагдаад битгий өгөөч гэж гуйсан ч Spade түүнийг цагдаад өгснөөр кино төгсдөг. Dashiell Hammett нэгэн цагт Сан Францискод мөрдөгчийн агентлагт хувийн мөрдөгчөөр ажиллаж байсан ба өөрийнхөө төрсөн "Samuel" нэрээ зохиолынхоо гол баатрын Sam Spade-д өгсөн аж. Тэрээр 1934 онд номынхоо гол дүрийн тухай: "Spade-г хэн нэгнээс сэдэвлээгүй. Тэр бол миний хамтран ажиллаж байсан ихэнх хувийн мөрдөгчдийн хүсдэг мөрөөдлийн дүр юм" гэжээ. Киноны бусад дүрүүдийг тухайн үед Hammett өөрийнхөө мөр зэрэгцэн ажиллаж байсан юмуу уулзаж байсан хүмүүсээс үндэслэсэн.

  Хорон санаатан "Тарган эр"  Kasper Gutman-н дүрийг олон түвэгтэй адал явдал, хулгай дээрэмд оролцож явсан, мөн кинонд гардаг шиг эрдэнэсийн шонхорыг урт удаан эрэлхийлсэн Их Британийн мөрдөгч-бизнэсмэн Maundy Gregory-оос сэдэвлэсэн аж. Joel Cairo-н дүр нь 1920 онл Вашингтон мужийн Паско хотод хуурамч баримт бичиг үйлдсэн хэргээр Hammett-д баривчлагдаж байсан гэмт хэрэгтнээс санаа авч бүтээжээ. Эх романыг 1930 онд Alfred A. Knopf ном болгон хэвлүүлэхээс өмнө Black Mask сэтгүүлд цувралаар 5 хэсэг болон гарчээ.  Warner Bros номын эрхийг худалдаж авсны дараа. Ricardo Cortez, Bebe Daniels нарын одуудыг тоглуулсан киног бүтээсэн. Энэ хувилбар нь номоо илүүтэй дагасан буюу тус кинонд ижил хүйстэний тухай болоод Spade Ruth-г нүцгэлэн нэгжиж байгаа хэсгүүд багтсан байлаа. Ийм сэдэв агуулга нь хэдэн жилийн дараа Холливуудын цензурын газраас хориглогдсон тул киног үзүүлэх боломжгүй болсон ба 1935 онд студи киногоо дахин гаргах гэж үзсэн ч зөвшөөрөл авч чадаагүй.

Студи зохиолоор дахин өөр кино хийсэн бөгөөд энэ удаад цензурынханд таалагдахуйц комеди маягийн кино болгон өөрчлөв. "Satan Met a Lady" гэдэг нэртэйгээр гарсан тус киноны гол дүрүүдэд Warren William, Bette Davis нар тоглосон; гэвч энэ хувилбарыг үзэгчид хийгээд критикүүд "хог" гэж хүлээж авсан байна. Найруулагч Huston дебют ажил болох "The Maltese Falcon" киногоо маш нарийвчлан, нямбай бэлтгэсний эцэст зураг авалтадаа орсон байдаг; тэрээр киноныхоо секунд бүрийг төлөвлөж, кадраас кадр хүртэл тэс дарааллуулж, сцэн болгоныг ноороглож байсан нь зураг авалт хурдан шуурхай бас мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэгджээ. Huston киногоо арга зүйн хувьд төлөвлөхийг чанд баримталсан нь продакшны төсөв зураг авалтын хуваарьтаа нягт уялдаж өгчээ. Huston-н кино зохиолыг бэлтгэх үр нөлөө тун сайн байсан учраас эцсийн монтажид бараг ямар ч харилцан ярианы мөрийг хасч засаагүй. Мөн тэрээр ганц хоёр гадаах шөнийн зураг авалтыг эс тооцвол бусад тохиолдолд киног бүхэлдээ үзэгдлийн дарааллаар хийсэн нь жүжигчдэд маш дэмтэй байжээ. Эх номын харилцан ярианы ихэнх хэсгийг хадгалж үлджээ. Кинонд номоос оруулаагүй том гэж хэлж болох ганц хэсэг бол Spade-н Cairo-г ирэхийг хүлээж байхдаа Brigid-д Flitcraft гэдэг хүний талаарх түүх ажээ.

  Найруулагч маань цензурынханд зөвшөөрөгдөхгүй гэж үзэн секстэй холбоотой бүхнийг арилгасан ба түүнчлэн түүнд согтууруулах ундааг хэтрүүлэн үзүүлж болохгүй гэсэн анхааруулга ирсэн байлаа. Humphrey Bogart Spade-д тоглох анхны сонголт байгаагүй; уг дүрийг анх George Raft-д санал болгосон. Raft туршлагагүй найруулагчтай хамтран ажиллахыг хүсээгүй учраас уг дүрээс татгалзсан агаад мөн гэрээнд нь шинэчилсэн кинонд тоглохгүй гэсэн заалт байжээ. Bogart дүрийг хурдан хүлээн авсан, эндээс Huston, Bogart хоёрын насан туршийн нөхөрлөл эхэлж, олон гайхалтай хамтралынх нь үндэс тавигдсан буй. Bogart-н үнэмшилтэй тоглолт нь нуар кино жанрын хувийн мөрдөгчийн архетип болж, түүний алдар нэрийг батжуулсан. Жүжигчин Ingrid Bergman "Casablanca" кинондоо бэлтгэж байхдаа Bogart-тай хэрхэн харилцаж, хамт ажиллахыг сурахын тулд "The Maltese Falcon" киног дахин дахин үзсэн гэдэг. Ingrid Bergman, Geraldine Fitzgerald, Paulette Goddard, Olivia Havilland, Loretta Young нарыг Brigid-н дүрд сонирхож байсан. "Тарган эр" Gutman-н дүрд жүжигчин олоход хэцүү байсан ба Huston-д нэгэн продюсер Sydney Greenstreet-г санал болгосон. Асар тарган, 61 настай Greenstreet өмнө нь кинонд тоглож байгаагүй театрын жүжигчин байлаа. Гэсэн хэдий ч тэрээр найруулагчийг өөрийн бие бялдар, булцайсан нүд, өвөрмөц инээд, ярих хэв маягаараа гайхшруулжээ.

  Зураглаачаар Arthur Edeson ажилласан ба Universal-н мангастай кинонуудад ажилласан туршлагатай байсан агаад дүрүүдийн мөн чанар, үйл хөдлөлийг онцлохын тулд нам гэрэлтүүлэг, анхаарал татахуйц өнцгийг ашиглажээ. Жишээлбэл, Gutman шонхорын түүхийг Spade-д тайлбарлаж байхдаа түүний архинд нойрсуулагч хийдэг сцэн тун алдартай; критикч Roger Ebert уг сцэнийг "бишрэмээр тасралтгүй 7 минутын кадр" гэж тодорхойлсон байдаг. Америкийн артист Fred Sexton гэгч киноны шонхорын барималыг хийсэн. "Мальтын шонхор" нь өөрөө 1697 онд Ариун Ромын Эзэнт гүрний гүн Georg Wilhelm von Kniphausen-д зориулсан "Kniphausen Hawk" баримал дээрээс суурилан бүтээсэн. Энэ нь улаан анар, аметист, маргад  индранил чулуугаар чимэглэсэн хадан дээр сууж буй шонхор шувууны загвараар хийгдсэн байжээ.

  Урьдчилсан үзвэрийн дараа Variety сэтгүүл уг киног "кино бүтцийн хувьд адал явдалтай, түгшүүртэй мелодраматик түүх хүүрнэх шилдэг жишээнүүдийн нэг" гэж бичсэн. Критикч Bosley Crowther уг киног нээлтээ хийсний дараа "жилийн шилдэг нууцлаг триллер" гэж тодорхойлж, "Залуухан найруулагч Huston энэ салбарын хамгийн ухаалаг найруулагчдын нэг болох ирээдүй байна" гэж байв. Критикч James Agee; "Huston-н анхны найруулсан энэ кино бол хувийн мөрдөгчийн талаарх хамгийн шилдэг мелодрам". Huston-н кино зохиол, мөн найруулгын чанар эгээ л кинонд гарах эрдэнийн шувууны баримал шиг гайхалтай бас үнэлж баршгүй юм. Критикч Pauline Kael эл бүтээлд алга ташаад Spade бол Bogart-н бүтээсэн хамгийн сэтгэл хөдөлгөм дүр буюу Spade бол шунал, нэр төр, бэлгийн амьдрал, айдсын холимог болох утгаараа мөрдөгчтэй жанрт шинэ хэмжээсийг өгсөн гэжээ. 

Comments