Nosferatu the Vampyre (1979). Германы мастер кино найруулагч Werner Herzog-н бичиж, найруулсан готик хоррор. Энэхүү кино нь 1922 оны "Nosferatu" киноны шинэчилсэн хувилбараас гадна Ирландын зохиолч Bram Stoker-н 1897 оны "Dracula" романы дэлгэцийн хөрвүүлэлт юм. Herzog-н киноны үйд явдал 19-р зууны Германы Висмар болон Трансильванид өрнөдөг. Киноны гол дүрүүдэд буюу Гүн Dracula-д Klaus Kinski, Lucy Harker-д Isabella Adjani, Jonathan Harker-д Bruno Ganz, Renfield-д Францын зохиолч Roland Topor нар тус бүр тоглосон. Киноны хоёр хувилбар байдаг; Англиар ярьдаг, бас Германаар ярьдаг. Herzog-н "Nosferatu" кино арилжааны хувьд амжилттай болсноос гадна критикүүдээс сайн үнэлгээ авсан. Энэ бүтээл нь мөн найруулагч Herzog, жүжигчин Kinski хоёрын хамтарсан таван киноны хоёр дахь нь байв. Кино Баруун Германд сая орчим тасалбар зарсан байдаг. Herzog-н гайхамшигтай дүрслэл хийгээд Kinski-н эрч хүчтэй гүйцэтгэл нь шинэчилсэн хувилбар ч гэлээ өнөөдөр классик хоррор гэсэн алдрыг хүртжээ. Ийнхүү бүгдээрээ Трансильванийн харанхуй цайз руу хамт аялцгаая.
Кинондоо гарах хархнуудын учрыг олох гэж Herzog Нидерландын зан авирын биологич Maarten 't Hart гэгч мэргэжилтнийг хөлсөлсөн хэдий ч Herzog-н хархнуудтай харгис хэрцгий харьцаж байгааг харсан Maarten хамтран ажиллахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Унгараас импортолсон хархнууд аяллын нөхцөл аймшигтай муу байснаас болж Нидерландад ирэнгүүтээ бие биенээ идэж эхэлсэн ба Herzog энгийн цагаан хархнуудыг саарал өнгөөр будахыг шаарджээ. Maarten-н хэлснээр, хархнуудыг будахын тулд хархтай торыг хэдэн секундын турш буцалж байгаа усанд дүрэх шаардлагатай байж, үүнээс болж хархнуудын тал хувь нь үхжээ. Амьд үлдсэн хархнууд бие биенээ долоож будагч бодисоос өөрсдийгөө цэвэрлэж эхэлсэн гэдэг. Maarten мөн кинонд гардаг морь, хоньтой тун бүдүүлэг харьцаж байсан гэжээ. Хэдийгээр үндсэн түүх нь Bram Stoker-н хоррор романаас үүсэлтэй боловч Herzog энэ киногоо голлон Германы домогт кино найруулагч F. W. Murnau-н "Nosferatu" дуугүй классикт үзүүлсэн хүндэтгэлийн хувилбар болгон хийсэн учраас энэ кино нь Stoker-н оригинал бүтээлээс багагүй ялгаатай байдаг. Murnau болон түүний багийнхан хэд хэдэн жижиг зүйлс хийгээд дүрүүдийн нэрийг өөрчилсөн байдаг ба учир нь тэд эх романы оюун өмчийн зөвшөөрөлгүй байжээ.
Оюуны өмчийг (тухайн үед) Stoker-н бэлэвсэн эхнэр Florence эзэмшиж байв. Кино гарсны дараа Florence шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар киноны бүх хальснуудыг устгах шийдвэр гарсан агаад зарим нэг хальс хадгалагдан үлдэж, Florence нас барж, зохиогчийн эрхийн хугацаа дууссаны дараа дахин сэргээгджээ. 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр оригинал дуугүй хувилбар үзэгчдэд хүрч, улмаар кино сонирхогчдын дунд хит болжээ. Herzog-н хувьд Murnau-н "Nosferatu" Германы хамгийн шилдэг кино байлаа. Herzog гол дүрдээ Klaus Kinski-г тоглуулсан өөрийнхөө хувилбарыг хийхийг туйлаас их хүсч байлаа. 1979 он гэхэд "Dracula" олон нийтийнх болсон тул Herzog эх романы дүрүүдийн нэрийг ашиглахаар шийджээ. Herzog өөрийнхөө киног амар амгалан, хөрөнгөтний хотын дэг журмын хэврэг байдлын тухай сургаальт үлгэр гэж үзэж байсан ба тэрээр "Энэ бол хоррор киноноос илүү зүйл. Nosferatu бол мангас биш, харин өөрчлөлтийг илэрхийлсэн хоёрдмол утгатай, дарангуйлагч хүч. Тахлын аюулд өртсөн хүмүүс эд хөрөнгөө гудамжинд хаяж, хөрөнгөтнийхөө торноос мултардаг. Ингэснээр тэд амьдрал болоод амьдрахын утга учрыг дахин үнэлдэг" гэж хэлсэн.
Жүжигчин Adjani дүрийнхээ талаар; "Энд сексийн элемэнт байдаг. Тэр аажмаар Nosferatu-д татагддаг. Тэр бид бүгдийн бодож байгаачлан дур хүслийг мэдэрдэг. Юуны өмнө тэр өөрийгөө золиослох замаар хотын хүмүүсийг аврахыг хүсдэг. Гэтэл дараа нь, шилжилтийн мөч ирдэг. Nosferatu түүний цусыг сордог, яг л амьтан шиг хөхдөг; тэгтэл түүний царай гэнэт л шинэ, сексийн илэрхийлэмжтэй болж, тэр Nosferatu-г хааш нь ч явуулааргүй болдог. Энд л дур хүсэл төрөн бий болдог. Ийм мөч өмнө нь өөр ямар ч цус сорогчтой кинонд гарч байгаагүй". Жүжигчин Kinski өөрийнхөө дүрийн талаар; "Бид Dracula-г энэ кинонд өрөвдөн хардаг. Тэр бол чөлөөт хүсэлгүй нэгэн. Тэр сонгож чадахгүй, мөн хэн байхаа больж чадахгүй. Тэр нэг төрлийн муу муухайгийн биелэл хэдий ч бас хайрын төлөө зовж шаналагч юм. Энэ байдал киног илүү драмтик, илүү хоёрдмол утгатай болгож байна". Критикүүд уг киног хоррор элемэнтийг хадгалсан, олон тооны үхэл харуулсаа, жихүүцэм уур амьсгалтай хэмээн онцолсон. Өөр бусад Dracula-тай кинотой харьцуулахад үйл явдлыг өргөжүүлж, цус сорогчийн эмгэнэлт ганцаардлыг тодотгосон. Dracula нь аймшигтай дүр хэвээр байгаа ч илүү эмгэнэлт утгатай; цөхөрсөн, хайрлагдаагүй, мөнх бус байдалд сөнөсөн шинжтэй харагддаг.
Критикч John J. Puccio эл бүтээлийг Murnau-н оригинал кинонд үнэнчээр хүндэтгэл үзүүлсэн, оригинал материалыг мэдэгдэхүйц шинэчилсэн, хэт дуурайхаас аюулаас зайлсхийсэн гэж бичжээ. Критикч Roger Ebert уг киног аймшигтай кино биш, маш удаан хэмнэлтэй тул бясалгал шиг санагддаг ба Murnau-н "Nosferatu" киноноос хойш үзсэн хамгийн сайн цус сорогчтой кино гэж бичжээ. Herzog-н "Nosferatu the Vampyre" киноны өнгөлөг зураглал таныг алмайруулна; энэ нь баялаг, хүнд, гүн байдаг. Энэ бүтээлийн ертөнц бохир, хүйтэн харагддаг; сэтгэл сэргээм ногоон өнгө их биш ч байх боловч нойтон зэврүүн харагддаг. Уулс хадархаг, саарал, хурц ирмэгтэй харагддаг бол дотоод зураглалд тод улаан, хүрэн бор, цагаан өнгөнүүд ялгаран харагддаг агаад дүрүүдийн царай төрх онцгой цагаан харагддагийн дотор Dracula-нх хэн хэнийхээс илүүтэй үхлийн цагаан байдаг. Энэ кино ер бусын үзэсгэлэнтэй боловч үзэгчийн анхаарлыг татах гоёл чимэглэлгүй. Үзэгчийн Dracula-н алслагдсан Трансильванийн цайз руу хийх аялалд зориудаар үзэсгэлэнтэй болгох гэж чармайсан зүйлс харагддаггүй. Herzog-н байгалийн дүрслэлд ихэнхдээ сүрдэм хэрнээ бишрэм шинж оршдог ба энэ нь сэтгэл татам гэхээсээ илүү дайсагнасан шинжтэй байдаг. Кинонд, үүлс доош бууж ирээд ус шиг урсдаг, оргилууд заналхийлэм санагдана; харин сүүдрүүд аймшгийг сануулна. Jonathan-н аялалд тааралдсан эгэл тариачид бүрзгэр, нөхөрсөг бус харин ч түүнээс холдохын түүс байдаг.
Найруулагч бидэнд Dracula-г анх харуулахаасаа огтхон ч яардаггүй. Тэр Murnau-н "Nosferatu" киноны бүтцийг дагадаг. Herzog-н кино Renfield Jonathan-д Dracula-н цайз руу үл хөдлөхийн ажлаар явуулж буйгаар кино эхэлдэг бөгөөд Jonathan эхнэрээ илүү сайхан амьдруулахад мөнгө хэрэгтэй учраас чөтгөрийн оромж руу явдаг. Jonathan-н аялал Stoker-н алдартай номоос сэдэвлэсэн олон арван киноныхоос хамаагүй илүү удаан үргэлжилдэг. Нэг үгээр Herzog Dracula-г гаргаж ирэхээсээ өмнө хүлээлтийг чинэртэл нь үүсгэж чаддаг. Ямар ч морин тэрэг Jonathan-г цайзад хүргэж өгөхгүй; хэн ч түүнд морь зарахгүй бас түрээслэхгүй. Эцэст нь нэг юм түүнийг Dracula-н морин тэрэг ирж авдаг ба цайзын хаалга чахран нээгдэхэд бид Dracula-г олж харна. Цус сорогчийг бүтээхдээ Herzog мөн л Murnau-н киноны уран сайхны чиглэлийг дагасан; тэр Dracula-г хүн гэхээсээ илүүтэй амьтан шиг бүтээсэн. Түүний цус сорогч Tom Cruise-н цус сорогч шиг ганган гоё биш. Халзан толгойтой, нүүр царай нь гавал шиг цав цагаан; чих нь сарьсан багваахай шиг, хумс нь жад шиг, нүд нь хонхойсон, хар, улаан өнгөөр хүрээлэгдсэн бол хамгийн сонирхолтой нь, амных нь төв хэсэгт байх том хоёр соёо нь сарьсан багваахай шиг байрласан боловч далдлагдаагүй байдаг.
Dracula-н тухай ихэнх кинонд шүд нь дээшээ хажуу талдаа байдаг тул амархан далдлагддаг. Энэ мэтээр Herzog олон алдартай нарийн ширийн зүйлсийг хүндэтгэлтэйгээр дүрсэлсэн. Herzog бол хамгийн оригинал кино найруулагчдын нэг байсан ба шинэчилсэн хувилбарт тийм ч дуртай байгаагүй гэдэг. Тэр яагаад Германы хамгийн алдартай дуугүй кинонуудын нэгийг дахин хийхийг хүссэн юм бол? Энэ нь нэг талаасаа Murnau-г хүндлэн биширдэг байснаас гадна Murnau-н бүтээл дэх аймшигтай шинж өөрийнх нь кинонуудтай таарч тохирно гэж бодсонтой холбоотой байх гэдэг. Мөн нэг том хүчин зүйл байсан нь жүжигчин Klaus Kinski түүнд байсных гэж үзэж болно. Herzog Kinski хоёр нэг байранд амьдардаг байсан ба Kinski-г бага байхад нь анх харсан гэдэг. Тэр үед л Herzog; би кино хийж, тэр кинонд Kinski тоглох нь миний хувь тавилан гэдгийг мэдэж байсан гэсэн буй. Тэд хамтдаа шедевр кинонууд хийсэн ч заримдаа бие биенээ алах хэмжээний аюултай харилцаатай байсан нь хачирхалтай. Kinski ямар ч жүжигчинээс илүү ууртай, галзуу хүнийг ядах юмгүй бүтээдэг жүжигчин байлаа. Хэн нэгнийг цус сорогчийн дүрд тоглохоор төрсөн гэж хэлж болдог бол тэр хүн нь маргаангүй Kinski юм. Эмэгтэй гол дүрд Herzog Францын гоо үзэсгэлэн Isabella Adjani-г сонгосон ба тэрээр зөвхөн царай төрхний төгс байдлаараа төдийгүй өвөрмөц, бараг хөвж яваа мэт зөөлөн хөнгөхөн оршихуйгаараа Lucy-г гайхалтай хөрөглөсөн.
Adjani энгийн эмэгтэй хүний дүрд бараг тохиромжгүй ба ер бусын цагаан толигор арьс нь эгээ л шаазан шиг харагддаг; чухам яг Dracula-н соёонд зориулагдсан аятай. Тэгвэл Jonathan-д тоглосон Bruno Ganz нь баатар болох аливаа боломжоос хойш ухран, түгшүүртэй сэрэмжлүүлгийг гэнэнээр үл тоомсорлодог үнэнч нөхрийн дүрд төгс байдлаар тохирдог. Herzog сэтгэлд үлдэм зураглалыг хайж их аялдаг байсан ба зарим зураглалыг буюу уулсыг Карпатын нуруудаас, балгас болсон цайзыг Чехээс, Герман, Словакаас, муммитэй хэсгийг Мексикээс авчээ. Мөн зарим зураг авалтыг Murnau-н ашиглаж байсан газарт авахдаа голдуу адилхан зохиомжтой байлгасан гэдэг. Herzog бодит байршилд зураг авалт хийх нь жүжигчид хийгээд кино багийнханд жинхэнэ мэдрэмж, энерги төрүүлдэг гэдэгт итгэдэг байсан нь "Fitzcarraldo" киногоо хотын захад бус заавал явдал чирэгдэл болон Өмнөд Америкийн ширэнгэд хийснээс нь харж болно.

Comments
Post a Comment