Last Tango in Paris (1972). Италийн нэрт кино найруулагч Bernardo Bertolucci-н эротик драм. Энэхүү эротик драм нь 1972 онд Нью-Йоркийн кино наадмаар нээлтээ хийж, 1973 оны хамгийн өндөр орлого олсон 7 дахь кино болсон ба хүчирхийлэл, сэтгэлийн үймээнийг засч янзлаагүй дүрсэлсэн гэж олон улсад хэрүүл маргаан үүсгэж, цөөнгүй улс ороны засгийн газар янз бүрийн түвшнний цензур тогтоож байсан. Кинонд, эхнэрээ алдаад удаагүй нэгэн Америк эр Парисын залуухан хүүхэнтэй нууцлаг сексийн харцаанд орж байгааг үзүүлдэг. Киноны гол дүрүүдэд Marlon Brando, Maria Schneider, Jean-Pierre Leaud нар тоглосон. Киноны нээлтийн кредит гардаг Их Британийн зураач Francis Bacon-н зургууд нь энэ кино 1970-аад оны Парисын амьдралыг мартагдашгүй уй гашуутай, нууцлаг сексийн үзэсгэлэнтэй хийгээд ээдрээтэй хөрөг байж магадгүй гэсэн далд санааг илэрхийлдэг.
Натуралист шинж чанартай хэрнээ цочирдуулам "Last Tango in Paris" бол хайр, секс, шаналлын тод томруун судалгаа төдийгүй Brando-н замналын шилдэг гүйцэтгэлүүдийн нэг буюу энэ бол тэр чигтээ Brando-н кино. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 363-р байрт жагсаагаад буй. Найруулагч Bertolucci өөрийнхөө сексийн талаарх фантаазаасаа сэдэвлэн бүтээсэн; тэр нэг удаа гудамжинд үл таних үзэсгэлэнтэй эмэгтэйтэй учраад хэн болохыг нь мэдэхгүйгээр бэлгийн харьцаад орж байна гэж зүүдэлжээ. Кино зохиолыг Bertolucci Franco Arcalli болон Agnes Varda (нэмэлт харилцан яриаг бичсэн) нартай хамтран бичжээ. Хожим зохиолч Robert Alley кино зохиолыг роман болгон хувиргасан. Bertolucci анх Dominique Sanda, Jean-Louis Trintignant хоёрыг гол дүрүүддээ тоглуулахыг бодсон боловч Trintignant татгалзаж, Sanda жирэмсэн байсан тул больсон. Харин Brando хүлээн авч, киноны орлогын тодорхой хувийг буюу $3 сая доллар авсан гэдэг. Maria Schneider 2001 онд өгсөн ярилцлагадаа, оригинал зохиолд түүний дүр хөвгүүн байхаар төлөвлөж байсан нь сонирхолтой. Уран зурагт дуртай Bertolucci Ирландад төрсөн зураач Francis Bacon-н уран зургуудаас санаа аваад зогсохгүй киноныхоо нээлтийн хэсэгт оруулсан.
Харин Америкийн зураач Andy Warhol "Last Tango in Paris" киног өөрийнх нь 1969 оны "Blue Movie" бүтээлээс сэдэвлэсэн гэж хэлсэн байдаг. Кинонд Brando-н дүр Schneider-н дүрийн анусыг цөцгийн тосоор тосолж байгаад хүчинддэг сцэн байдаг; чухамдаа энэ сцэн л киног маргааны сэдэв, үзэх хорхой хүргэх шалтгаан болдог гэж хэлж болно. Кино бүтээгчид айхтар хүчирхийллийн хэсгийг зохиомлоор хийсэн гэсэн авч жүжигчин хүүхэн маань сайхь сцэн амьдралд нь арилшгүй толбо болж үлдсэн гэж мэдэгдсэн буй. 2006 онд өгсөн ярилцлагадаа Schneider; цөцгийн тосны тухай зохиолд огт дурдаагүй байсан гээд "тэд надад хэлэхэд нь би маш их уурласан. Хэн ч зохиолд байхгүй зүйлийг албадлагаар хийлгэж болохгүй шүү дээ. Гэхдээ би энийг мэдээгүй. Би хэтэрхий залуу байсан" гэж.
2007 онд Schneider хүчингийн сцэнтэй холбоотойгоор бэлгийн доромжлолын сэтгэгдлээ олон нийтэд хуваалцсан:"Тэд надад энэ тухай ердөө зураг авалтын өмнөхөн л хэлсэн, би маш их уурласан. Би агент юмуу хуульч руугаа залгах ёстой байсан, учир нь, зохиолд ороогүй зүйлийг хэн нэгний албадлагаар хийж болохгүй, гэхдээ би үүнийг мэдэхээргүй залуу байлаа. Brando надад: Schneider, санаа зоволтгүй, энэ чинь зүгээр л кино шүү дээ гэж хэлсэн. Гэтэл зураг авалтын үед, Brando-н хийж байгаа зүйл жинхэнэ биш байсан ч би жинхэнээсээ уйлж байсан. Надад доромжлуулсан мэт санагдсан, үнэнийг хэлэхэд Brando, Bertolucci хоёрт хүчиндүүлсэн юм шиг санагдсан. Сцэний дараа Brando намайг тайвшруулах юмуу надаас уучлалт гуйгаагүй. Аз болоход, тэр хэсгийг ганц авалтаар л авсан". Энэ ярилцлагынхаа үеэр жүжигчин хүүхэн маань дандаа гуниглаж, урвайж байгаагүй, тэр инээж, хошигнож, зарим үед бүр жаргалтай байх шиг байсан гэдэг бөгөөд "Би найзуудтайгаа уулзаж, дэлгүүр хэсч, хоол хийх дуртай. Гэхдээ би хоол хийхдээ цөцгийн тос хэрэглэхээ больсон. Зөвхөн оливын тос л хэрэглэдэг" гэж ярьжээ. 2011 онд өгсөн ярилцлагадаа Bertolucci "залуу насыг нь хулгайлсан" гэсэн Schneider-н мэдэгдлийг үгүйсгээд "Хүүхэн юу болж байгааг ойлгоход хангалттай төлөвшөөгүй байсан" гэж мэдэгдсэн. Дашрамд хэлэхэд кино хийгдэх үед Schneider 19 настай байсан. Schneider 2004 онд Brando-г нас барах хүртэл түүнтэй найзууд байсан бол Bertolucci-тэй огт эвлэрээгүй.
Тэрээр Brando, Bertolucci хоёрыг киноноос маш их ашиг олсон, харин өөрөө маш багыг хүртсэн гэж гомдоллосон. Schneider:"Надтай секс симбол шиг харьцсанд би маш их уурласан. Би жүжигчин гэдгээрээ танигдахыг хүссэн. Киноны дараах бүхий л шуугианаас болж би бараг л галзуурсан". Maria Schneider 2011 онд нас барсан. 2013 онд Bertolucci "College Tour" телевизийн шоунд орохдоо хүчингийн тухай зохиолд байсан, харин цөцгийн тос зэрэг нарийн ширийн зүйлсийг зураг авалтын өдөр импровиацаар хийсэн гэж ярьсан. Bertolucci: "Би өөр буруутай гэж бодож байгаа ч харамсахгүй байна". Мөн Bertolucci-н хэлснээр, Brando тэр хоёр тухайн сцэнийг илүү бодитой болгохын төлөө Schneider-д юу ч хэлэхгүй байхаар шийджээ. 2016 онд Испанийн El Mundo de Alycia сэтгүүл Олон Улсын Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдрөөр "College Tour" нэвтрүүлгийн арай өөр хувилбарыг гаргасан буюу Schneider-г сэтгэлзүйн хувьд, мөн бие махбодийн хувьд хүчирхийлсэн эсэхийг хэн мэдэх вэ гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Критикч Tom Butler энэ талаар нийтлэл бичсэн нь олон нийтийн анхааралд өртөж, алдартнууд Bertolucci болон уг киног буруушаасан ба хэд хэдэн сонин энэ үйл явдлын талаар нийтлэл бичсэний дараа Bertolucci албан ёсоор мэдэгдэл хийсэн; тэрээр бодит бэлгийн харьцаа огт байгаагүй, хуурамч зохиомлоор авсан гэж ахин дахин хэлж байв. Bertolucci мөн Brando-н бэлэг эрхтнийг харуулсан сцэн авсан боловч хассан аж. Энэ талаараа тэрээр: "Би өөрийгөө Brando-той тун адилхан байгааг олж мэдээд өөрөөсөө ичсэндээ тэр сцэнийг хассан. Түүнийг нүцгэн харуулах нь өөрийгөө нүцгэн харуулахтай адилхан байх байсан". Schneider нэгэн ярилцлагадаа: "Brando өөрийгөө хүчиндүүлж, мэхлүүлсэн мэт мэдрэмж авсан гэж хэлж байсан, тэр 48 настай байсан шүүдээ". Schneider-н нэгэн адилаар Brando секс сцэнийг хуурамч байсан гэж баталсан. Brando зураг авалт дууссаны дараа 15 жилийн турш Bertolucci-тэй ярихаас татгалзжээ. Киноны нээлтийн кредитэд Francis Bacon-н "Double Portrait of Lucian and Frank Auerbach" болон "Study for a Portrait of Isabel Rawsthorne" гэсэн хоёр зураг харагдана; Bacon-н зургуудаас санаа аван киноны өнгөнд ашигласан. Продакшны өмнө Bertolucci Парис дахь Bacon-н зургийн үзэсгэлэнг байнга үздэг байсан агаад тэрээр Bacon-н зургуудын гэрэл, өнгө нь түүнд өвлийн улирлын Парисыг санагдуулдаг гэсэн буй.
Мөн тэрээр, зургуудийн гэрэл нь бидний хайж байсан хэв маягийн гол эх сурвалж байсан гэжээ. Bacon-н зургийн хэв маяг нь хүний арьсыг голдуу түүхий мах шиг дүрсэлдэг бөгөөд зураачийн санаа сэдэл нь махны дэлгүүрийн цонхоор харагдах өлгөөтай мах болоод хүний арьсны өвчин зэрэг байв. Зураглаач Vittorio Storaro өмнө нь Bertolucci-тэй хамтран "The Conformist" кинонд ажиллахдаа тус кинонд ихэвчлэн гүн хөх өнгийг ашигласан. Storaro: "The Conformist киноны дараа би хямралын үеийг туулсан. Би өөрөөсөө; цэнхэр өнгөний дараа юу байж болох вэ? гэж асуусан. Улбар шар өнгөтэй кино төрж болно гэж би огт төсөөлөөгүй. Бидэнд өөр төрлийн сэтгэл хөдлөл хэрэгтэй байсан. Энэ "Last Tango in Paris" киногоор тохиолдсон". "Last Tango in Paris" кинондоо Bertolucci, Storaro хоёр Bacon-н зургуудаас санаа авч баялаг улбар шар, цайвар, хүйтэн саарал, мөсөн цагаан, улаан өнгөнүүдийг Bertolucci-н өөрийнх нь таашаадаг зөөлөн бор, шаргал хүрэн, цэнхэр, ягаан өнгийн сүүдэртэй зөөлөн цагаан өнгөнүүдтэй хослуулан ашигласан аж. Bertolucci Brando-г Bacon-н үзэсгэлэнд аваачаад Brando-г Bacon-н зурсан хүний дүрүүдтэй харьцуулахыг хүссэн, учир нь тэрээр зургууд дээрх царай төрх Brando-нхтой адилхан этгээд, ад чөтгөрийн уян хатан чанараар тодорхойлогдоно гэж бодсон гэдэг.
Bertolucci: "Би Paul-г Bacon-н ахин дахин эргэн очдог тэр автсан дүрүүд шиг харагдаасай гэж хүссэн; дотроосоо гарч ирж буй зүйлд идэгдсэн царайнууд". "Last Tango in Paris" анх нээлтээ хийсэн дороо л эрэлт ихтэй үзвэр болж, мөн үүн шигээ хэрүүл уруулын бай болсон. Италийн цензурын холбоо киног зөвшөөрөөгүй тул Италийн хуулийн эсрэг байх бий гэсэн болгоомжлолоос болж киног хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээгүй байдаг. Киноны үзвэр хомс байснаас болж киноны эрэлт нэмэгдэж, зарим хүмүүс тасалбарыг $100 доллараар худалдан авч байсан гэдэг. Францад нээлтээ хийсэн эхний сард үзэгчид тасалбар авах гэж хоёр цагийг дараалалд зогсож өнгөрүүлж байсан бол Испанийн цензураас улбаалж мянган мянган Испаничууд Францын кино театрт хүрэхийн тулд хэдэн зуун км замыг туулж байлаа. "Last Tango in Paris" ид маргааны галд шатаж байх үеэр Schneider нэгэн илэн далангүй ярилцлага өгч сенсаацыг бүр дэвэргэсэн бөгөөд тэрээр: "Би 50 эрэгтэй хүнтэй, 20 эмэгтэй хүнтэй унтсан, би бүрэн бисексуал" гээд мөн героин, кокаин, мөрихуан хэрэглэдэг гэж мэдэгдсэн. Киноны нээлтийн сурталчилгааны үеэр Schneider Brando-д "Эдипийн комплекс"-оор татагдах байдал үүссэн гэж хэлсэн Bertolucci хэлсэн. Schneider-н хэлснээр, Brando түүнтэй анх танилцсаныхаа дараа цэцэг илгээж, тэр цагаас хойш Brando түүнд аав шиг нь байх болсон гэсэн байдаг.
Дараа нь өгсөн ярилцлагадаа Schneider үүнийгээ үгүйсгэсэн боловч 2007 онд өгсөн ярилцлагадаа "Миний хувьд тэр аав шиг минь, би охин шиг нь байсан" гэжээ. Критикч Pauline Kael уг киног Оросын хөгжмийн зохиолч Igor Stravinsky-н "The Rite of Spring" хөгжмийн ертөнцийг өөрчилсөн шиг "Last Tango in Paris" кино урлагийн түүхэнд томоохон үйл явдал болсон гэж сонирхолтойгоор харьцуулсан байдаг. Мөн тэрээр "Last Tango in Paris" нь "The Rite of Spring"-тай адилхан ховсдом хөөрөлтэй, адилхан анхдагч хүчтэй, мөн адилхан түрэмгий, хатгасан эротизм гээд шинэ кино эцэст нь гарч ирлээ гэжээ. Киног тойрсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шуугиан олны анхаарлыг соронз шиг татсан ба Playboy сэтгүүлд Brando, Schneider хоёрын нүцгэн бүжиглэж байгаа зургийг нийтэлж байсан. Bertolucci-н энэхүү киног үзээд цочирдоогүй, уурлаагүй, жигшээгүй, гайхаагүй, мөн баярлаагүй кино сонирхогч бараг үгүй болов уу. Критикч Harry Reasoner уг бүтээлийг "урлагийн дүрд хувирсан порнограф" гэж буруушаасан. Кинотой холбоотой скандалын ихэнх нь Paul-н цөцгийн тосыг ашиглан анусаар хүчинддэг сцэн байсан ба Schneider-н хэлснээр, энэ оригинал зохиолд байгаагүй, харин Brando-н санаа байсан аж. Критикч Pauline Kael уг киног магтаж, урлагийн төрхийг өөрчилсөн кино, кино урлаг оршин байгаа цагт хүмүүс энэ киноны тухай маргалдсаар байх болно гэсэн байдаг. Kael: "Энэ бол хамгийн хүчирхэг эротик киноноос гадна хамгийн чөлөөт кино болж магадгүй".
"Last Tango in Paris" тухай магтсан нийтлэлийг United Artists хоёр хуудас бүхий сурталчилгаа болгон The Sunday New York Times сонинд хэвлүүлжээ. Критикч Kael-н эл киноны талаарх нийтлэлийг түүний замналын хамгийн нөлөө бүхий бүтээл гэж үздэг. Олон феминист кино критикүүд уг киног шүүмжилсэн; критикч E. Ann Kaplan: "Ихэнхдээ Paul-н нүдээр харсан нэг талын харилцаа" гэж муучилсан бол Joan Mellen өөрийнхөө номонд; "Jeanne үргэлж бүх талаараа өөрөөс нь илүү сонирхолтой хүн гэж бүтээгдсэн Paul-д байр сууриа тавьж өгдөг" гэжээ. Гэсэн хэдий ч уг кинонд дуртай феминист критикүүд ч байлаа. Критикч Molly Haskell: "эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү кинонд хариу үйлдэл үзүүлдэг, эмэгтэйчүүдийн сексийн фантаазад; хүчин, садизм, хүлцэнгүй байх, чөлөөлт, үл таних хүнтэй секс хийх зэрэг багтдаг гэсэн буй. Критикч Roger Ebert Kael-н нийтлэлийг киноны талаарх хамгийн алдартай критик гэж олон удаа хэлж байсан бол "Last Tango in Paris" киног өөрийнхөө "Аугаа кинонууд" цуглуулгадаа оруулсан. Америкийн найруулагч Robert Altman энэхүү бүтээлийн тухай "Би энэ киног үзсэнийхээ дараа өөртөө "би яаж дахин кино хийж зүрхлэх билээ гэж хэлсэн. Миний хувийн болон уран бүтээлчийн амьдрал эгнэгт өөрчлөгдсөн билээ".
Найруулагч Martin Scorsese 2004 онд "Last Tango in Paris" кино дахь Brando-н тоглолтыг Brando-н "On the Waterfront" киноных нь гүйцэтгэлтэй харьцуулж; "Last Tango in Paris" киноноос та Brando-г тоглолтыг үзэхдээ төсөөлж болохуйц хамгийн шижир яруу найргийг динамик хөдөлгөөнөөр харна гэжээ. Жүжигчин Ethan Hawke Brando-н гүйцэтгэлийг кино жүжиглэлтэд чухал ач холбогдолтой байсан гэсэн бол найруулагч Richard Linklater Brando-н "Last Tango in Paris" дахь тоглолт "On the Waterfront" киноныхоос ч илүү байсан гэсэн байдаг. Критикч Richard Brody: "Brando өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйлээ хэлэх нь өөрөө онцгой үнэ цэнэтэй болдог. Тиймээс ч Brando-н өөрөөрөө байхдаа шилдэг нь байдаг. Bertolucci-н кинонд гардаг шиг түүний үгс кино зохиолчдынхоос илүү байгаад зогсохгүй түүний зан чанар, түүний дүр төрх зохиолд бичигдсэнээс ч илүү аугаа байдаг".

Comments
Post a Comment