Shadows (1958). Америкийн мастер кино найруулагч John Cassavetes-н "Beat" эрин үеийн Нью-Йорк дахь арьс өнгөний харилцааны тухай өгүүлсэн индепендент драм. Киноны гол дүрүүдэд Ben Carruthers, Lelia Goldoni, Hugh Hurd нар хар арьст ах дүүсийн дүрд тоглоцгоосон. Киноны зураг авалтыг анх 1957 онд авч, улмаар дэлгэцнээ гаргасан авч үзэгчид, критикүүдээс тааруу үнэлгээ авсан учраас Cassavetes 1959 онд дахин шинэчлэн гаргасан. Бүхэлдээ импровиацаар хийгдсэн гэж сурталчлагдсан уг киног 1957 онд сайтар бэлтгэл сургуулилт хийж, 1959 онд бүрэн зохиолтойгоор бүтээжээ. "Shadows" кинонд нийгмээс зааглагдсан гурван ах дүүгийн амьдралын хоёр долоо хоногийг дүрсэлдэг; хоёр ах нь жазз хөгжимчин болох гэж тэмцдэг бол тэдний цайвар арьст охин дүү нь гурван романтик харилцаан дунд эргэлдэн байдаг; тухайлбал нэг нь ах зохиолч хүн байдаг бол хоёрдахь нь өнгөцхөн хандлагатай цагаан арьстай залуу байдаг, харин эцсийнх нь охиныг шүтэн биширсэн хар арьст залуу болно.
Кино критикүүд өнөөдөр уг киног Америкийн индепентенд кино урлагийн хамгийн чухал бүтээл гэж үздэг бөгөөд "Shadows" 1960 онл Венецийн кино наадмаас Критикүүдийн нэрэмжит шагнал хүртсэн. Киноны санаа нь хичээлийн танхимын сургуулилтын үед үүсчээ. Жүжиглэх ур чадварын багш Burt Lane (жүжигчин Diane Lane-н аав) Cassavetes хоёр Манхэттены урлагийн шинэ урсгалын Variety Arts Theatre-д жүжигчин болох хүсэлтэй залууст хичээл заадаг байж. "The Cassavetes--Lane драмын семинар" гэдэг нэртэй эдгээр хичээлүүд нь Нью-Йоркийн театр, кино урлагт дэлгэрсэн метход жүжиглэх арга барилыг эсэргүүцсэн Cassavetes-н оролдлого байв. Киноны гол цөм сөйхь сургуулилтаас төрж гарсан буюу цайвар арьстай залуухан Африк-Америк бүсгүй цагаан арьстай залуутай болзож, үүнмйг нь мэдсэн бүсгүйн ах дургүйцэж байгаа тухай байлаа. Cassavetes энэ сцэнээс ургуулан кино хийхээр шийдвэрлээд санхүүжилт хайж эхэлсэн. 1957 оны 2-р сард нэгэн радио шоунд орон Martin Ritt-н "Edge of the City" киноны тухай ярьж байхдаа би найруулагч Ritt-ээс илүү сайн кино хийж чадна гэж хэлээд зогсохгүй сонсогчдод киноныхоо талаар ярьж өгчээ. Сонсогчид төслийг сонсоод $2000 орчим доллар илгээсэнд Cassavetes гайхан баярласан ба мөн түүний найзууд болох Hedda Hopper, William Wyler, Robert Rossen, Joshua Logan нараас мөнгө ирсэн.
Cassavetes Германы кино зураглаач Erich Kollmar-г зураглаачаар хөлсөлсөн нь Cassavetes-н кинонд ажилласан хүмүүсээс хамгийн туршлагатай хүн нь болж таарсан. Cassavetes оюутнуудаа жүжигчдээр аваад зураг авалтаа 1957 оны 2-р сард ихэвчлэн импровиац хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд тэрээр киноныхоо нооргийг бичсэн ч кино зохиолыг бичээгүй. Cassavetes болон туслах найруулагч/продюсер Maurice McEndree хоёр жүжигчдэд дэлгэрэнгүй зааварчилгаа өгч, үг хийгээд хөдөлгөөнийг жүжигчдийн импровиацийн нөхцөлд хязгаарлаж, түүхийг хөтлөхыг зорьсон. Cassavetes түүхийг дүрүүдээс биш харин эсрэгээр нь хөгжүүлэхийг хүссэн. Эхний гурван долоо хоногийн ажил нэлээд замбараагүй өрнөсөн, эхний долоо хоног техникийн чанарын асуудал үүссэн бол дараагийн хоёр долоо хоногт Cassavetes жүжигчид хэт их ярьж байна гэж үзжээ. Жүжигчид дүрүүдийнхээ сэтгэл хөдлөлийг чимээгүйхэн илэрхийлэх хэмжээнд хүртэл сайжирсаны дараа жүжигчид найруулагчийн хүсч байснаар илүү тодорхой, үнэн түвшинд импровиацилжээ. Cassavetes сэтгэлд нь нийцэх хүртэл романтик сцэнийг 50-аас дээш удаа гүйцэтгэхийг шаарддаг өндөр шалгууртай найруулагч байсан ба хэдэн сарын завсарлагатай зураг авалтын явцад 30 орчим цагийн кино бэлэн болжээ.
Зураг авалтыг Cassavetes-н амьдардаг орон сууцанд, мөн Нью-Йоркийн гудамж зэрэг янз бүрийн байршилд авсан. Shirley Clarke-аас зээлч авсан 16 мм-ийн камер, монохром хальс ашиглан Kollmar зураг авахдаа жүжигчдийг хүссэн чиглэлд хөдөлж болохуйц сцэнүүдийг авахаас өөр аргагүй болсон тул томруулалт, фокуслалтын урьдчилан таамаглашгүй шаардлагыг үүсгэсэн. Мөн түүнчлэн зураг авалтын зөвшөөрөл аваагүй учир жүжигчид болон кино багийнхан байршлыг даруйхан орхин явах байнгын бэлтгэлтэй байсан. Гэрэлтүүлгийг тодорхой эффектүүдээс илүү ерөнхийдөө байдлаар хийсэн бол микрофоныг Jay Crecco (кинонд мөн дүр бүтээсэн) байрлуулсан ба харилцан яриаг гудамжны чимээ шуугиантай хамт хальсанд буулгасан. Cassavetes сцэндээ сэтгэл хангалуун болсныхоо дараа хэвлэхийг хүссэн ч киноны кадрын замыг хянаж байсан хүн багийнхан дунд байгаагүй тул бүх хальсыг хэвлэх шаардлагатай болж. Зураг авалтын үед тэмдэглэл хийгээгүй, хальсанд зарим нэг "зэрлэг" дуу чимээ бичигдсэн, мөн кино синхрончлогдоогүй зэргээс шалтгаалан киноны эвлүүлэг илүү бэрхшээлтэй болжээ.
Микрофон зарим харилцан яриаг буулгаж авч чадаагүй тул уруул уншигч ашиглан бичлэгийг үзээд ярьсан зүйлсийг бичиж авах шаардлагатай болсон ба ингэснээр жүжигчид харилцан яриагаа дахин бичүүлэх боломжтой болжээ. Эвлүүлэгчид болох Len Appleson, Maurice McEndree, Wray Bevins нар зураг авалт явагдаж байхад ажилдаа орцгоосон агаад кинонд рок-н-ролл үдэшлэг болдог газарт буюу Variety Arts Theatre-н оффист монтажийг хийсэн аж. Монтажийн ажил жил гаруй үргэлжилсэн. Найруулагч маань энэ хугацааны ихэнхэд жүжигчний хуваарь кинонуудад тоглон завгүй байв. Кино 1958 оны сүүлчээр бэлэн болсон ба Cassavetes-н хүлээлт их байсан ч бодит байдал тун муу байв. Манхэттены 600 суудалтай нэгэн театрт киног үзэхээр 100 орчим л хүн ирсэн, энэ тоо үдэш болгон адилхан байсан. Анхны үзвэрийн үеэр дууны асуудал гарсан ч дор нь зассан. Үзэгчийн зарим нь найруулагчийн найз нөхөд, хамт ажиллагсад нь байсан; хожим Cassavetes хэлэхдээ тэдний олонхид кино нь таалагдаагүй гэсэн гэдэг. Кино дуусахаас өмнө олон хүмүүс театрыг орхин гарч явж байсны дотор жүжиглэх урлагийн багш Burt Lane орж байлаа. Cassavetes-н аав түүнд киног нь "шижир" бүтээл гэж хэлсэн Cassavetes-д хүн ойлгохооргүй бүрэн оюунлаг бүтээл хийж гэсэн бодол төрүүлсэн хэмээдэг.
Хүмүүсийн тааруу хандлагаас болж тэрээр киногоо эрс шинэчлэхээр шийджээ. Гэсэн хэдий ч нэрт кино найруулагч, критикч Jonas Mekas "Shadows" киног магтаад Film Culture сэтгүүлд ингэж бичсэн; "Өнөөгийн бодит байдлыг шинэлэг, уламжлалт зан байдлаар харуулсан. Энэ кинонд хэт мэргэжлийн хандлагаас болж дийлэнх кинонд бараг бүрэн алдагдсан импровиац, аяндаа үүсэх нөхцөл, чөлөөт урам зоригийг бүтэн ашигласан". Тус сэтгүүлийг Mekas ахтайгаа хамт үүсгэн байгуулсан ба анхны "Independent Film Award" шагналыг нь "Shadows" хүртсэн. Cassavetes 1959 онд Robert Alan Aurthur-н хамтран бичсэн кино зохиолдоо тулгуурлан шинэ сцэнүүдийг авсан байдаг; энэ хувилбарт арьс өнгөөр ялгаварлах өнцөг багасч, гурван гол дүрүүдийг илүү түвэгтэй болгож, мөн тэдний холбогдох шинжийг судлахад голлон анхаарсан. Nikos Papatakis болон бусад киноны салбарын юмуу кинонд хайртай хүмүүсийн санхүүжилтээр Cassavetes дахин цуглуулсан кино багийнхныгаа цалинжуулжээ. Ингээд үр дүнд нь оригинал киноны хувилбарын тал нь өөрчлөгдсөн, үүнд дургүйцсэн хүмүүс ч багагүй байсан. Киноны эхний хувилбарт олон жүжигчдийг онцолсон бол удаах хувилбарт илүүтэй Lelia-д төвлөрсөн аж.
Түүнийг Африк гаралтай Америк хүн гэдгийг хоёрдугаар хувилбарт хамаагүй эрт ил болгодог ба эхний хувилбар уламжлалт хүүрнэлтэй байсан ч зарим тодорхой хэсэгтээ мэдэгдэхүйц удаан хэмнэлтэй байв. Мөн түүнчлэн уруулын синхрончлолын алдаа гэх мэт хэд хэдэн техникийн алдааг агуулсан байж. Lelia-н Tony-той болзож байгааг ихээхэн өөрчилсөн; эхний хувилбарт Lelia түүнтэй ердөө л ярилцдаг байсан бол хоёрдахь хувилбарт онгон биеэ түүнд өгдөг. Эхний хувилбарт Ben нөхдийн хамт Times Square талбайгаар зугаалж, тэнэж байгаа сцэнүүд олон байж. Алдарт кино найруулагч Nicholas Ray-н хүү Tony Ray Lelia-н болздог залуу Tony-н дүрд тоглосон агаад эхний хувилбарт түүний дэлгэцэнд гарах хугацаа их байсан бол удаах хувилбарт мэдэгдэхүйц багассанаас гадна хоёрдахь хувилбарын түүний дүр илүү ёс суртахуунлаг болжээ. Киноны хоёр хувилбарын гол ялгаа бол эхний хувилбарт хөгжим нь илүүтэй багтсан алдарт жазз хөгжимчин Charles Mingus-н ажил байсан агаад критикч Jonathan Rosenbaum-н хэлснээр, түүний хөгжим киноны дүрслэлтэй тохирохгүй байсан аж. Хоёрдахь хувилбарт Cassavetes Mingus-н бараг бүх бичсэн хөгжмийг сольсон.
Mingus-н саксофончин Shafi Hadi киноны хоёрдахь хувилбарын ихэнх саундтракийг хийж, Mingus-н бичсэн богино хөгжмийн хэсгийг өргөжүүлсэн. Киноны хувилбаруудын хооронд өөр нэг ялгаа байдаг нь Ben-н "би сургамж авлаа" гэсэн мэдэгдэл хоёрдахь хувилбарын төгсгөлд гарснаар үзэгчдэд Ben харгис зодуурын дараа илүү сайн хүн болох нь гэсэн мэдрэмж өгнө. Энэ нь кинонд ёс суртахууны төгсгөлийн мэдрэмж төрүүлнэ. Харин эхний хувилбарт зодоон болон Ben-н мэдэгдэл киноны дунд хэсэгт гарч ирдэг ба үүний дараа тэрээр сургамж аваагүй тул алдаагаа давтан хийж байгааг харуулдаг. 1959 онд найруулагч Mekas "Shadows" киног; индепентенд кино найруулагчдад урам өгсөн, сул авангард кино ертөнцийг эрчимжүүлж, арилжааны Холливуудын киноны салбарыг ялж гарах шинэ хөдөлгөөний эхлэл гэж магтсан. Гэсэн хэдий ч Mekas шинэчлэл хувилбарт сэтгэл дундуур байсан; 1960 онд өгсөн ярилцлагадаа Mekas шинэчилсэн хувилбар арилжааны шинжтэй болсон буюу байдаг л нэг Холливуудын кино болчихсон хэмээн дургүйцэж байлаа. Хожим нь тэрээр энэ байр сууриндаа хатуу байсан ч хоёрдахь хувилбар нь Cassavetes-н кино найруулагчийн хувьд ямар чиглэлд явж байгааг илүү сайтар харуулсан гэжээ. Кино жүжигчний хувьд John Cassavetes нь кинетик, нүд нь эргэлдсэн, галзуу инээмсэглэлтэй хорон санаатны дүрийг сайн илэрхийлдэг; тэрээр тогтворгүй, динамик, гэрэлтсэн мөртлөө үхмэл харцтай, том амтай дүрд тоглохоор төрсөн мэт санагддаг.
Энд "The Dirty Dozen", "Rosemary's Baby", "The Fury" гэх мэт кинонд тоглосон дүрүүдийг нь жишээ болгон татаж болох агаад мэдээж ганц хоёр сайн талын дүр байгаа ч энэ нь түүнд төдийлөн зохидоггүй. Жараад оны Америкийн индепентенд кино урлагийг эхлүүлэгч, эцэстээ 12 (дийлэнх нь өөрийнх нь бүрэн удирдлагад) бүрэн хэмжээний кино хийсэн Cassavetes өөрийгөө хайрын номлогч гэж тодорхойлдог, хамтран ажиллагсдынхаа дунд хайрын номлогч гэж яригддаг байсныг хэлэх нь таныг гайхшруулж магадгүй. "Надад хайрыг үнэхээр шинжлэх дүр хэрэгтэй байна. Миний сонирхлыг зөвхөн хайр ба хайрын хэрэгцээ гэсэн сэдэв л татдаг" хэмээн тэрээр хэлж байв. "Shadows" кино нь үүнийг л харуулдаг учраас өнөөдрийг хүртэл энэ кино яагаад бишрэм, хүчирхэг байгаагийн гол шалтгаан болов уу. Энэ бүтээл нь өөрийнхөө цаг үеийг шударгаар харуулсан цаг үеийн бүтээл учир манай цаг үеийн ч бүтээл гэж хэлж болно.
Кинонд баатар байхгүй, хорон санаатан байхгүй, мөн шугаман үйл явдалгүй, түгшүүргүй, ур чадвар шаардсан хошигнолгүй ба бид бүгдийн учирч байсан секс хийгээд хүчирхийллийг л ямар нэгэн хэмжээгээр харуулсан. Аливаа жинхэнэ урлагийн бүтээлийн нэгэн адилаар "Shadows" кино нь амьдралын хэв маяг өөрчлөгддөг ч хүний нөхцөл байдал өөрчлөгддөггүйг харуулжээ. Аугаа Orson Welles шиг Cassavetes Холливуудыг эсэргүүцэхийн тулд жүжигчинээс найруулагч болсон; гэхдээ Welles-ээс ялгаатай нь тэрээр ямар нэгэн эв зохицолд хүрч чадаагүй. Түүний кинонууд бусад найруулагчдынх шиг харагддаггүй, сонсогддоггүй бас тоглогддоггүй ба түүнийг Америкийн Godard гэдэг нь хэр найруулагч байсныг нь илтгэнэ. Cassavetes уг киногоо өөрийнхөө хийсэн хамгийн хайртай кино гэсэн буй. Бараг хоёр жилийн хугацаанд хийгдэхдээ хоёр хувилбараар нээлтээ хийсэн гэж үзвэл хайрлахаас ч аргагүй юм.

Comments
Post a Comment