Бяцхан тэнүүлч, балетчин хоёр

 


Limelight (1952). Өгүүлэх нь, Calvero гэгч тавь орчим насны эр гэрийн зүг халамцуу алхасаар орохдоо байрныхаа түрээсийг төлөөгүй байгаа учир хэрэндээ л эзэн авгайд харагдчихгүйг чармайн гэтэн орж явахдаа санамсаргүй байдлаар дөнгөж хорь л хүрч яваа болов уу гэмээр цэцэг шиг сайхан хүүхнийг ухаан алдчихсан, бараг үхэж байхад нь аварна. Халамцуу эр мунгинаж яваад азаар байрандаа амиа хорлохыг завдан хийн гаазанд ухаан алдчихсан байсан хүүхнийг хаалганых нь дурангаар харж учрыг ойлгон шууд хаалгыг эвдэн орсон нь яг цагаа олсон бөгөөд амжиж эмч дуудаад хүүхнийг өөрийнхөө байрт оруулсанаар алтан амийг нь аварна. Эмч Calvero-гоос учрыг дуулаад эмнэлэг, цагдаа гээд яахав, амиа хорлохыг завдсан гээд шоронд орчихно хөөрхий, аюул өнгөрсөн ба хэд хоног сайхан амраагтун гэчихээд явчихна, харин манай Calvero огт танихгүй энэ хүүхнийг гаргаад хаячих хүйтэн сэтгэлтэн биш, харин ч хүнлэг хүн болохоороо байгаа хэдэн цаасаараа хүч тамир сэргээх хүнс цуглуулахаар одно.

Тэрээр дэлгүүрээс ирж яваад байрны эзэн авгайтай таараад зогсохгүй хүүхнийг өөрийнхөө байрт оруулсанаа мэдэгдчихнэ, бузар булай миний байранд үүрлэлээ хэмээн эзэн авгай цамнаж гарах агаад Calvero-ын тайлбарлахыг сонсоод: наад хүүхэн чинь түрээсийн мөнгөө өгөөгүй удаж байгаа, хаалга эвдсэний мөнгө бас нэмэгдсэн, амиа хорлохыг оролдохыг бодоход бүтэхгүй явдалтан биз, тэгээд ч байрныхан гайхна та хоёрыг, ерөөсөө хөөж орхиё гэхэд Calvero мөнгийг нь би өмнөөс нь увуулж цувуулаад төлье, бас бид хоёрыг эхнэр, нөхөр гээд хэлчих, эдгэхээр нь явуулъя хэмээн аргална. Иаргааш нь хүүхнийг сэрэхэд нэг хүүхэн хатагтай Calvero гэж дуудан халуун хоол унд өгч асран бүр гайхшруулж орхих ба Calvero ирсэнээр учрын олно, Calvero чи энд тэнхэртлээ миний эхнэрийн дүрд тоглох нь дээ хэмээснээр тэд танилцана. Хүүхнийг Thereza гэдэг бөгөөд болсон жимс шиг энэ хөөрхөн хүүхэн Лондонд орь ганцаараа амьдардаг, балетчин байсан, тэгэхдээ яг мандаж ирэх үе дээрээ харамсалтайгаар хоёр хөл нь гэнэт, ямарч шалтгаангүйгээр мэдээ алдсанаар тахир дутуу боллоо, хоолоо олж идэх хэрэгсэлгүй боллоо, ер нь хэнд ч хэрэггүй хүн болсон болохоор үхэхээр шийдээд байсан нь тэр агаад та намайг хэрэггүй л аварсан юм гээд уйлдаг.

  Нар, сар оюун ухаангүй, гэтэл чи хүн болохоор оюун ухаантай, энэ чинь гайхалтай хэрэг, амьд бүхэн, амьдрах чинь гайхалтай хэмээн Calvero өгүүлээд өөрийгөө танилцуулдаг: тэрээр нэгэн цагт улс даяар алдартай комедиан явсан ба нас болон цаг үеийн шалгуураар тайзнаасаа арчигдан одоо бол гудамжинд л тоглолтоо үзүүлж амь зуух болсон үеэ өнгөрөөсөн архичин агаад оргилоос авралгүй унасанаар сэтгэлээр унаж архи маш их ууж, улмаар зүрхний шигдээс болсон, энэ хэвээрээ уусаар байвал нэг өдөр үхэх хэдий ч уухгүй байж чаддаггүй, уугаад дасчихсан юм хэмээдэг. Ингэж тэд нүүр хагарах бөгөөд хүүхэн үлдэхийг зөвшөөрч Calvero ч түүнийг дуртайяа халамжилна, Calvero-д хань хэрэгтэй байсан бол Thereza-д зөвлөгч, урам зориг хайрлагч хэрэгтэй байлаа. Calvero уух нь эрс цөөрч ихэнхдээ Thereza-тай ярилцан, сэтгэл санаагаар дэмжих бөгөөд тэднийг аав охин, ах дүү, эсхүл амраг хосууд гэж андуурам боловч Calvero ядарсан хүүхнийг хуялын нүдээр харах биш хүүхэд шиг бөөцийлнө.

  Calvero эмч авчиран Thereza-г үзүүлэхэд эмч: хүүхний биеэ цоо эрүүл, асуудал сэтгэл санаанд нь л байна, их сандарсанаас юмуу их сэтгэл гутралаас болсон байх, өөрөөс нь л бүх юм хамаарна гэх бөгөөд үүнээс хойш Calvero Thereza-г хөл дээр нь босгох гэж дасгал хийлгэж эхэлдэг. Нэг өдөр Calvero Thereza-аас бүтэлгүй хайр өнгөрсөнд чинь байсан уу гэж асуухад Thereza ингэж ярьдаг: тэрээр балетчин болохоосоо өмнө хөгжмийн дэлгүүрт ажилладаг байжээ, дэлгүүрт залуухан бас царайлаг Neville гэгч хөгжимчин залуу байнга ирж үйлчлүүлэх бөгөөд тэд хоёул ичимхийгээсээ болж хоорондоо ярилцдаггүй ч харцаараа дурлалын хэлээ солилцдог байсан ба төд удалгүй Neville өөр газар явж, Thereza балетчин болсоноор үүрд салсан, энэ магадгүй миний хайр байх гэж хэлэхэд Calvero хариуд нь: чи түүнийгээ олоод, та хоёр гайхалтай хайранд умбанаа гэдэг. Тийнхүү байтал Calvero-ын удаан хүлээсэн ажлын санал шуудангаар ирж бардам эрийн өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах боломж ирэх бөгөөд харамсалтайн Calvero-г тайзан дээр гараад удаагүй байхад л үзэгчид танхимыг орхин гарцгаадаг. Calvero гэртээ ирээд доромжлуулсандаа, үнэнд гүйцэгдсэндээ уйлтал үүнийг харж сэтгэл нь ихэд хөдөлж Calvero-г өрөвдөж бас хайрласан Thereza хөл дээрээ босож тэд хөлгүй хөөр баяр болно.

  Тэдний баяр хөөр үүгээр дууссангүй Thereza эргээд балетчин болно, угийн асар авъяастай тэрээр орон зайгаа шуудхан олоод зогссонгүй шинэ бүжгэн жүжигт Calvero-г алиалагчийн туслах дүрд тоглуулахаар болдог. Энэ үед нэг сонин юм болсон нь бүжгэн жүжгийн хөгжимчин нь Neville байж таарах ба Thereza үүнийг мэдсэн ч хэнд ч юу ч ярихгүй, учир нь, энэ үед тэрээр Calvero-оос өөртэйн хуримлахыг гуйсан агаад Calvero эхэндээ хүүхэн түүний ачийг л хариулах гэж ингэж байна гэж бодсон боловч Thereza цуцалтгүй гуйж бас шаардахдаа үнэхээр өөрт нь хайртай, нас, ер нь юу ч хайрыг нь өөрчлөхгүй гэснээр тэрээр хүүхэнтэй хуримлахаар зөвшөөрдөг. Ингээд бүжгэн жүжиг амжилттай болж Thereza ч од болон гийнэ, харин Neville хөгжмийн дэлгүүрийн хүүхэн Thereza болохыг таниад болзоонд урих зэргээр илт эргүүлнэ, нөгөө талд Calvero өөрийг нь энэ жүжигт тохирохгүй тул хасах гэж байгаа гэсэн цуурхал сонсон эргэн архиндаа орох ба манлайлагч байсан хүн ингэтлээ дорд орсондоо гутран, мөн асрамжинд нь байсан шувуухай өөрөөс нь огт хамааралгүй болсонд ганцаардан зантайхан ууна.

  Дашрамд хэлэхэд, Calvero, Thereza хоёр нөгөө байрандаа хамтдаа амьдарсаар ба дориухан балгасан Calvero үүднийхээ өрөөнд унтаж байгаад хаалганы цаана ярилцах буюу хүүхнийг хүргэж ирсэн Neville болон Thereza хоёрын яриаг санаандгүй чагнана, яриа ийн өрнөнө: Neville хүүхэнд хайртайгаа хэлж, бид хоёр дэлгүүрт байхын л хоёр биедээ дурласан, чи одоо хүртэл надад хайртай биздээ хэмээхэд Thereza би түүнд жинхэнэсээ хайртай, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэснээр Neville хүүхэнд амжилт хүсээд явж одоход харамсалтайн Calvero зөвхөн Neville-ын ярьсан яриаг сонсох агаад энэ залуу Thereza-ын ярьсан хайртай хүн нь мөн байна, тэд бие биедээ хайртай юм байна гэдэгт итгэчихнэ. Уг явдлаас хойш Calvero улам их ууж, Thereza хуримлахыг улам ихээр шамдуулах ба Neville залуу бас чамд хайртай, чи ч бас хайртай болохоор та хоёр яг тохирно гэж Calvero нэг өдөр хэлж Thereza-г нус нулимстайн хутгах бөгөөд хүүхэн зөвхөн өөрт нь л хайртай, чамаас өөр юу ч надад хэрэггүй гэж хэлээд байтал нь Calvero түүнийг орхин гудманд гардаг.

  Энэ явдлаас хойш багагүй хугацаа өнгөрчээ, Thereza өөрийн гэсэн театртай болсон байв, Calvero санамсаргүй явж байгаад Neville-тэй таараад Thereza-г асуухад, Calvero-г явсанаас хойш хүүхэн удаан хугацаанд өвдсөн ч одоо зүгээр гэдэг. Calvero Neville-ээс салаад удаагүй Thereza-тай тааран хоёр талаас туйлгүй баярлах ба хүүхэн түүнд зориулж томоохон хүндэтгэлийн тоглолт хийх бодолтой байгаагаа хэлэхэд Calvero би эцсийн удаа үзүүлээд өгье гэнэ; тоглолт болно, тоглолтын өмнө Calvero зоригоо чангалан хэд гурав балгах ба тоглолт ч гайхамшигтай болж, үзэгчид битүү байж номер болгоныг дахиулахад Thereza хамгийн ихээр баярлана. Тийнхүү Calvero-ын номер дуусч Thereza тайзнаа гарахад Calvero дахин зүрхний шигдээст дайрагдах бөгөөд тэрээр эмнэлэгт очихын оронд эцсийн амьсгаагаа хураатал Thereza-г тайзны хажуунаас бүжиглэхийг нь харахыг хүснэ, тэрээр Thereza-даа тийм их хайртай билээ.

Английн мастер кино найруулагч Charlie Chaplin-н продюсерлэж, зохиолыг нь бичиж (өөрийнхөө "Footlights" туужаас сэдэвлэсэн), найруулж, мөн мэдээж гол дүрд нь тоглосон комеди-драм. Киноны хөгжмийг Chaplin зохиож, Ray Rasch найруулсан. Туслах дүрүүдэд; Claire Bloom, Buster Keaton, Wheeler Dryden, Norman Lloyd, Nigel Bruce, Sydney Earl Chaplin нар тоглосон ба бүжгийн сцэнд Claire Bloom-г Melissa Hayden орлон тогложээ. Кино нээлтээ хийсний дараа критикүүд үндсэндээ хоёр хуваагдсан ба Chaplin-г коммунист гэх шалтгаанаар Америкт уг киног хүчтэй хориглож, улмаар уг кино арилжааны хувьд дампуурсан. Энэ кино 1972 он гэхэд л Америкт дахин нээлтээ хийсэн ба ингэснээр 20 жилийн настай "Limelight" 45 дахь удаагийн Оскарын кино наадмаас шилдэг хөгжмийн зохиол төрөлд ялагч болсон нь Chaplin-н Оскарын өрсөлдөөнт төрөлд ялагч болсон анхны хийгээд цорын ганц тохиолдол болсон. Өнөөдөр уг киног их найруулагчийн хамгийн хувийн шинжтэй кино гэж үздэг. Мөн култ классик болсон Chaplin-н олон киноны нэг билээ. Chaplin-н Европ руу цөлөгдөхөөсөө өмнөх Америкт хийсэн сүүлчийн кино нь түүний хамгийн бага хошигнолтой кино нь болсон.

  Тэрбээр бага насныхаа Лондонг (ядуурал, архидалт, бохир орон сууц, уушийн газар, хөгжмийн танхим) дахин бүтээхдээ хөгшрөлт хийгээд хошин шогийн мэдрэмжийнхээ бууралтыг дээд зэргийн нарциссизмаар эргэцүүлэн боддог. Энэ кино хэтэрхий урт, хэлбэргүй, хэтрүүлэгтэй боловч сод бүтээл юм. Цөөхөн найруулагч л өөрийнхөө амьдрал, сэтгэл хөдлөлийг ийм харгис, сэтгэл татмаар дүрсэлсэн байдаг ба Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 454-р байрт эрэмбэлээд байна. Киноны үйл явдал Лондонд өрнөдөг ч Холливуудад, голдуу Chaplin Студид зураг авалтыг нь хийжээ. Calvero-ын амьдардаг гудамжийг Paramount студид хийсэн бол хөгжмийн танхимн сцэнүүдийг RKO студид хийсэн ба зарим гадаах сцэнүүдэд Лондонгийн бичлэгийг ашигласан. Зураг авалт 55 хоног үргэлжилжээ. Chaplin уг кинондоо гэр бүлийнхнээ буюу таван хүүхдээ, мөн эцэг нэгтэй дүү Wheeler Dryden нарыг тоглуулсан. Chaplin эмэгтэй гол дүрдээ тайзны жүжигчин Claire Bloom-г сонгосон нь Claire-н хувьд анхны том кино нь болсон. Chaplin "Limelight" сүүлийнх нь кино нь байх болов уу гэж бодож байгаагаа хөвгүүддээ хэлж байсан ба продакшны үеэр тэрээр маш эрч хүчтэй, жаргалтай байсныг замналаа эхлүүлж байсан хөгжмийн танхимыг дахин бүтээсэн баяр баясгалантай нь холбон тайлбарладаг. Chaplin-н намтар судлаачид Calvero-н дүрийг үзэгчдээ алдсанаас болж архинд орж, улмаар 1901 онд нас барсан ааваасаа сэдэвлэсэн гэж таамагладаг.
Гэсэн хэдий ч Chaplin "My Life in Pictures" номондоо өөрийнхөө дүрийг тайзны жүжигчин Frank Tinney гэгчээс сэдэвлэсэн гэж бичжээ. "Limelight" киногоо хийж байхдаа үзэгчдээ хэдийнээ алдаж эхэлсэн байсан; олон талаараа уг киног намтарчилсан бүтээл гэж үздэг. Chaplin болон Buster Keaton хоёрыг киноны төгсгөлийн хөгжимт хэсэгт хослон тоглуулсан явдал нь кино урлагийн түүхэнд цор ганц удаа тохиосон түүхэн явдал байлаа. Chaplin эхэндээ Keaton-д зориулан дүр бичээгүй байсан, учир нь энэ дүр хэтэрхий жижиг гэж үзсэн. Keaton ядарч явааг дуулсан Chaplin түүнийг кинондоо тоглуулж туслахыг хүссэн; Keaton уг кинонд тоглохоосоо өмнө гэрлэлт нь сүйрч, улмаар салалтын явцад хөрөнгийнхөө ихэнхийг алдаж, бараг кинонд тоглохоо болиод байлаа. Хоёр алдартай хошин жүжигчдийн шүтэн бишрэгчдийн дундах өрсөлдөөнөөс болж Keaton өөрөөс нь илүү сайн жүжиглэсэн болохоор Chaplin эртний өрсөлдөгчийнхөө зарим сайн сцэнийг киноноос хассан гэсэн цуурхал тархсан. Chaplin-н нэгэн дотно хүний хэлснээр, Chaplin Keaton-н гүйцэтгэлээс эмээгээгүй харин ч Keaton-н тоглолтыг сайжруулахын тулд өөрийнхөө бичлэгт маш их эвлүүлэг хийсэн гэжээ.

Keaton-н намтар судлаач Rudi Blesh-н хэлснээр, Chaplin тус үзэгдэлд Keaton-г өөрийнхөөрөө чөлөөтэй ажиллах боломжийг бий болгохын төлөө хатуу найруулгын хэв маягаа зөөлрүүлсэн гэжээ. Keaton-н бэлэвсэн Eleanor хэлэхдээ, нөхөр нь энэ кинонд тоглосондоо тун баяртай байсан ба элдэв цуурхлыг түүний бизнесийн хамтрагч Raymond Rohauer гэгч гаргасан гэсэн буй. Тухайн үеийн критикүүд уг киног биширмээр олон зүйлтэй боловч дэндүү урт, нуршуу гэж дүгнэж байв. Критикч Bosley Crowther; "инээдэм хийгээд эмгэнэлт байдлыг гайхалтайгаар хослуулсан уран яруу, гунигтай, дээд зэргийн ур чадвараараа сэтгэл булаасан кино. Гэхдээ киноны мэдэгдэхүйц сул тал бол Chaplin өөртөө зөвшөөрсөн хүмүүний дорой, парадокс ярианууд юм" гэжээ. Variety сэтгүүл түүний өөртөө өгсөн дүр хэтэрхий их яриасаг, заримдаа энэ нь үнэхээрийн уйтгартай байдаг гэж бичжээ. Harrison's Reports: "Маш сайн хүнлэг драм. Chaplin бүх салбарт шилдэг байж чадахаа эл бүтээлээрээ баталлаа".

Критикч Richard L. Coe уг киног философич болон номлогчдын сэдэв болох хүмүүний нөхөрлөлийн тухай цаглашгүй сургамжийг дахин илэрхийлж байна гэжээ. Өөр нэгэн критикч энэ киноны сайн чанарууд бол Calvero-оор хөрөглөгдсөн хайр энэрэл, хошигнол, бараг л давамгайлсан гуниг буюу энэ бол эргэлзээгүй кино урлагийн түүхэн дэх хамгийн хуманист кино гэж бичжээ. Chaplin киногоо сурталчлахаар Их Британи руу явж байхдаа коммунист үзэлтэй, хувийн амьдрал асуудалтай хэмээн өөрийг нь Нэгдсэн Улсад дахин нэвтрүүлэхгүй болсныг олж мэдсэн бөгөөд Америкийн ихэнх кино театр "Limelight" киног гаргахаас татгалзсан. 1972 он хүртэл уг бүтээлийг Америкт олон нийтэд үзүүлээгүй. Chaplin-н намтар судлаач Jeffrey Vance энэ киноны нэр хүнд жилээс жилд алгуурахан өссөн гэж тэмдэглэжээ. Vance: "Энэ бол Chaplin-н хамгийн сүүлчийн аугаа бүтээл бөгөөд энэ нь түүний амьдрал болон замналаа нэгтгэн ухамсарлах мэт тоглогддог. Өөрийнхөө эхлэл руу хийсэн аялал, ихэвчлэн өөрийгөө хурцаар шүүмжилсэн энэ кино бол Chaplin-н хамгийн гүн гүнзгий хувийн, дотогшоогоо хандсан кино нь". "Limelight" бол дэлхийн 2-р дайн дууссанаас хойш таван жилийн дараа эхэлж, хүйтэн дайны тав дахь жилд нээлтээ хийхэд бэлэн болсон Chaplin-н сүүлчийн Америк кино байх ёстой байсан ба "энхийг сахигч" маань энэ кинонд Тэнүүлчийн оронд хөгшин алиалагч болсон байдаг.

  Лондон нь Chaplin-н үйл явдлын төв болсон цорын ганц тохиолдол болдог ба энэ нь мөн түүний бүтээлүүдэд элбэг байдаг сэтгэл хөдлөлийн элементүүд нийлбэр гэлтэй байдаг. Английн зохиолч Thomas Burke түүний эхэн үеийн кинонуудад хотыг сэтгэл татахуйцаар дүрсэлдэг болохыг онцолсон буй, тухайлбал, Chaplin-н кино бүрт гудамж, дэлгүүр, цэцэрлэг гэх мэт хотын өнгө төрх байдаг. Жүжигчдэд зохиол хэрэгтэй байдаг шиг Chaplin-д Лондон хэрэгтэй байжээ. Гэхдээ уг киноны тусгалт шинж нь бүтээлийг Америкийн тухай кино болгодог; энэ бол алдартай алиалагчийн хөгшрөлт хийгээд эрин үеийн төгсгөлийн тухай түүх (дэлхийн 1-р дайны эхлэлийг арын дэвсгэрээ болгосон). Уг кино нь кино урлагийн нэгэн эриний нар жаргалт, Chaplin-д алдар нэр, эд хөрөнгө өгч байсан соёл, өөрөөр хэлбэл Холливуудын уналтын тухай кино юм. Кино урлагийн түүхэнд орчин нөхцөл хийгээд хүмүүний агшин зуурын амьдралын тухай өгүүлсэн цөөхөн шилдэг киноны нэг бол "Limelight" ба бусад жишээнүүдээр "The Red Shoes", "Sunset Boulevard", "The Band Wagon", "The Bad and the Beautiful" гэх мэт кинонуудыг дурдаж болох. Тэгвэл эдгээр кинонуудаас юугаараа "Limelight" ялгардаг вэ гэвэл бүхэл бүтэн түүхийг нүүрэн дээрээ төвлөрүүлж чаддаг нь ганцхан Chaplin юм. Тэр "би хэн бэ?", "жинхэнэ сэтгэл хөдлөл хаана оршдог вэ?" гэж асууж бас хариулдаг.

  Burke Chaplin-н тухай бичихдээ "зөвхөн дүрээрээ амьдардаг, түүнгүйгээр төөрөлддөг, ингэснээрээ төсөөлөгдсөн, давхардсан амьдралтай зохицохоос өөр аргагүй болдог" гэжээ. Хамгийн сэтгэл хөдөлгөм уг кино нь үхлийн талаарх сэтгэл хөдлөлийн тухай юм. Chaplin абстракт ба физик, бодит ба сюрреал, мөрөөдөл ба баримт, одоо ба өнгөрсөн, мөн балет, бурлеск, диалоги, монологи зэргийг жам ёсны мэт энгийнээр, бүхэллэг болгон нэгтгэн урласан нь эл бүтээлийг Холливуудын ердийн хэв маягийн киноноос хэр хол байгааг харуулдаг. Амьдрал ба урлаг, хувийн ба түүхэн байдал нь утгагүй болдог "Citizen Kane", "Ivan the Terrible" кинонуудтай эн зэрэгцүүлж болно уг киног. "Limelight" бол Chaplin-н "Ivan the Terrible" киноны яруу найраглаг шинжийг бишрэн ярьсан утгаар авч үзвэл бас түүхэн кино ба дашрамд тэрээр "Ivan the Terrible" киног бүх цаг үеийн хамгийн шилдэг кино гэж үздэг байсан. Sergei Eisenstein киногоороо тухайн цаг үеийн ерөнхий үр нөлөөг үзүүлэхийг зорьсон шиг Chaplin ч бас тэгж зорьсон бололтой. 

Comments