The Earrings of Madame de... (1953). Франц-Германы кино найруулагч Max Ophüls-н романтик драм. Энэхүү кино нь Франц, Италийн хамтарсан бүтээл бөгөөд Францын зохиолч Louise Leveque de Vilmorin-н 1951 онд бичсэн "Madams de..." гэдэг романаасс сэдэвлэн Marcel Achard, Annette Wademant нартай хамтран Ophüls кино зохиолыг бичжээ. Кинонд, язгууртан хосын гэрлэлтээс гадуурх харилцааг үзүүлдэг ба киноны нэр болсон ээмэг нь түүхэнд гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн киноны нэр болсон гол дүрийн овог хэзээ ч илчлэгддэггүй буюу цөөхөн удаа сонсогдох юмуу яг харагдах гэхээр чимээ шуугианаар тасалдуулж, камерын уран аргаар далдалчихдаг. Киноны гол дүрүүдэд Charles Boyer, Danielle Darrieux, Vittorio De Sica нар тоглосон. Уг кино анх нээлтээ хийгээд холимогийг үнэлгээ авч, Оскарын наадамд шилдэг хувцас дизайн төрөлд нэр дэвшиж байсан ба эдүгээ критикүүд хийгээд кино найруулагчид уг киног 1950-аад оны Францын кино урлагийн сод бүтээл, Ophüls-н оргил ажлуудын нэг гэж үнэлэх болжээ.
Критикч Andrew Sarris энэ бүтээлийг "хамгийн төгс кино" гэсэн буй. Ophüls-н энэхүү классик кино нь зураг авалтын гайхамшиг ба хүүрнэл нь эротик, тансаг, нууцлаг, сэтгэл булаам байдаг. Хориотой хайрын сүлд тэмдэг, зөрчил, үнэнч бус байдлын симбол нь хатагтайн нууцаар зардаг хуримынх нь бэлэг болох хос ээмэг юм. Найруулагч чухам ямар үндсэн шалтгаанаар ээмэгээ зарж буйг тодорхой өгүүлдэггүй. Үнэнхүү тансаг зураглалтай энэ киноны гурван гол дүрийн гүйцэтгэл ч бишрэм. Ингээд Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 103-р байрт жагсаж буй киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Үзэсгэлэнтэй эрин үеийн Парис; Louis бол Францын генерал Andre-тай гэрлэсэн язгууртан эмэгтэй юм. Тэдний харилцаа эвтэй найртай боловч тусдаа унтацгаадаг, мөн хүүхэдгүй. Andre эхнэрээсээ ах, бас болоогүй Lola гэдэг нууц амрагтай. Эрх дураараа, өнгөцхөн хүүхэн Louis үрэлгэн амьдралын хэв маягаасаа болж багагүй хэмжээний өрөнд орсон тул Andre-н хуримын бэлэг болгон өгсөн, өөрөө огт тоодоггүй зүрхэн хэлбэртэй алмазан ээмэгийг анх худалдаж байсан үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Remy-д нууцаар зарчихна. Louis нөхрийнхөө дэргэд ээмэгээ театрт гээчихсэн мэт дүр эсгэн шуугиан тарьсан нь сонинд гарах хүртлээ сүр дуулиан болов. Remy генерал дээр очоод хэрэг явдлыг учирлаад ээмэгийг нууцаар буцааж зарах санал тавина. Andre таатайн аргагүй хүлээн авч, эхнэртэйгээ нүүрэлдэхийн оронд саяхан холбоогоо тасалсан нууц амрагтаа салалтын бэлэг болгон өгснөөр ээмэг Константинополь руу аялж одно. Константинополь-д буурныхаа дараа Lola казино тоглож, улайрсандаа бэлэгний ээмэгээ тавиад туучихав. Дараа нь ээмэгийг Италийн дипломатч Donati гэгч эрхэм үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдаж авдаг. Donati Парис явж, Парист Louis-тай танилцах ба тансаг үдэшлэг болгон дээр таарч, таарах бүртээ бүжиглэх Donati, Louis хоёрын дунд дурлал нахиаллаа.
Энэ хооронд генерал цэргийн сургуулилт гээд эзгүй байлаа. Генерал буцаж ирэх бөгөөд Donati тэр хоёр танилууд байж таарна. Нэг өдөр тэд ан авд хамт явцгаах ба ан хийх үеэр Donati мориноосоо унасан нь Louis-г ухаан алдахад хүргэнэ; Andre сохор бас тэнэг хүн биш тул эхнэрээ Итали дипломатч-д дурласныг гадарлачихна. Ичиж, аргаа барахдаа Louis Итали руу урт хугацаагаар амрахаар явахаа зарлаж, энэ амралт нэртэй тусгаарлалт нь өөрийнх нь Donati-д татагдах сэтгэлийг намжаана гэж найдна. Явахаас нь өмнө Donati түүнд Константинополь-д байхдаа худалдаж авсан ээмэгээ бэлэглэнэ; мэдээж ээмэг угаасаа хүүхнийх байсныг Donati хэрхэн мэдэх билээ. Donati байнга Louis-д захидал бичиж байсан бол Louis хариу бичсэн ч захидлаа илгээж зүрхэлдэггүй бөгөөд ингэж хол байх нь Donati-г улам ихээр хайрлахаас өөр нэмэргүй болохыг олж мэддэг. Тэд нууцаар уулзалдаж, Donati-г дэргэд нь байхгүйд ээмэг сэтгэлийг нь дэвтээж, ганц тайвшуурлагч нь болж байсан хэмээн Louis чин сэтгэлээсээ өгүүлдэг. Ээмэг хүүхэнд нөхрийг нь бус нууц амрагийг нь санагдуулдаг болжээ.
Louis одоо ээмэгээ нөхөртөө юу гэж хэлэх вэ гэж бодож байгаад эмэгтэй хүний суу залиараа яг нөхрийнхөө өмнө ээмэгээ бээлийндээ хийгээд мартчихсан байгаад олсон мэт жүжиг тоглоно; генерал эхэндээ амаа хамхиад өнгөрдөг ч дараа нь Louis-аас ээмэгийг авч, Donati-тай чимээгүйхэн нүүрэлдсэнээр Donati, Louis хоёрын явдлыг илчилж, үүрд салгаж орхихдоо ээмэгийг Donati-д өгдөг. Генералын зааварчилгаагаар дипломатч ээмэгийг Remy-д буцааж зарж, дараа нь Andre дахин Remy-гээс ээмэгийг худалдаж аваад эхнэртээ өгдөг. Louis ээмэгний үнэн түүхийг Donati-д огт яриагүй байсан тул хагацлын уулзалтынхаа үеэр Donati худал ярьсанд нь шаналж байна гэж хүүхэнд хэлдэг. Louis гүн гүнзгий сэтгэл гутралд орно. Andre түүнд ээмэгийг нь дахин өгтөл Louis туйлаас баярлан, ээмэг нь түүнд Donati-г санагдуулж байгааг олж харсан Andre ээмэгийг булааж аваад энэ ээмэгээ дөнгөж төрсөн зээ охиндоо бэлэг болгон өгөхийг "тушаана". Зээ охиных нь нөхөр бас л өрөө төлөхийн тулд ээмэгийг Remy-д зардаг бх Remy ээмэгийг генералд дөрөв дэх удаагаа зарах санал тавихад энэ удаа генерал уурлан татгалзав. Remy-г дэлгүүртээ ирэхэд одоо байгаа бүхнээрээ ээмэгийг сольж авахыг хүссэн Louis хүлээж байдаг ба нэгэн цагт хаясан ч харамсахгүй байсан зүйлээ амь шигээ хайрлах эмэгтэй хүний сэтгэл гэдэг хачирхалтай. Сайхь явдлыг олж мэдсэн Andre Donati-г ирүүлд дууддаг.
Louis яаж ч хичээж оролдоод Donati-г ирүүлээс болиулж чаддаггүй; генерал сайн бууддаг тул энэ ирүүлд Donati амь гарах магадлалтай бараг байхгүй юм. Louis сүмд очиж залбираад ээмэгээ өргөл болгочхоод ирүүл болж байгаа газар руу яаран явдаг. Ирүүл болж байгаа газар руу дөхөж явтал буун дуу сонсогдож, харин хоёр дахь бууны дуу сонсогдохгүй. Louis ухаан алдан унана. Киноны төгсгөлд, хандивлагдсан ээмэгийг камер харуулдаг. Найруулагч Ophüls номын бүтэц өөрт нь таалагдсан хэмээгээд; "үйл явдал морин тойруулга шиг байнга нэгэн зэрэг эргэлддэг тэнхлэгтэй байдаг. Энэ бол жижигхэн, бараг л үл харагдам тэнхлэг буюу хос ээмэг" гэжээ. Киноны зохиол нь Vilmorin-н романаас эрс өөр болсон ба ээмэгийг оруулахгүйгээр кинонд романааас бага зүйл үлдсэн, ердөө тэр эмэгтэйн утгагүй амьдрал гэж Ophüls ярьсан буй. Ophüls зураг авалтын туршид Darrieux-тэй тусдаа ярилцаж, жүжигчин бүсгүйд дүрийнхээ сэтгэлийн хоосролыг илэрхийлэхийг захиж байжээ. Гялтганасан хувцас, тавилга болон эргэлдсэн камерын ажиллагаатай хамт кинонд Louise, Donati хоёрын дурлалын үйл явцыг дүрсэлсэн бүжгийн сцэнүүдийн эвлүүлэг зэрэг Ophüls-н кино техникийн алдартай жишээ юм.
Киноны анхны боловсруулалтад бүх сцэнийг хана болон бусад газруудад байрлуулсан толинд буулгах замаар авах ёстой байсан ч энэ санаа нь продюсерүүдэд таалагдаагүй учир больсон аж. "La Ronde" киноныхоо зураг авалтын туршлагаас үүдэн Ophüls энэхүү киноныхоо төсөв хийгээд хуваарийг хатуу даган ажиллахаар шийдсэн бөгөөд продакшны өмнө бэлтгэл ажлыг тун сайн хийсэн учраас төсвөө хэтрүүлэлгүй, товлосон хугацаандаа багтан бүтээлээ дуусгасан байна. Ophüls зохимжтой уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд зургийн дарга Georges Annenkov-той нягт хамтран ажилласан ба Annenkov киноны нэр болсон ээмэгний загварыг бүтээж. Darrieux, Charles Boyer, Annenkov нар 1936 оны "Mayerling" кинонд хамтран ажиллаж байсан буюу тус кино нь Darrieux-н анхны гол дүр байв. Анхлан, Ophüls хэдийнээ хүндлэгдсэн найруулагч Vittorio De Sica-д зааж зөвлөхөөсөө айж ичиж байсан хэдий ч "Madame de..." киноны зураг авалтын үеэр дотно сайхан найзууд болцгоожээ. Найруулагч Jacques Rivette эл бүтээлийг магтаж; "зохиол дээрээ ч гэсэн бүх зүйл хоёрдогч үйлдлүүд, буруу эргэлтүүд, давтамжууд болон саатлуудын хуримтлалаар үзэгчээ чухал зүйлээс сатааруулах, анхаарал сарниулах, чамин зураглалаар уй гунигийг нуухыг оролддог, бүрэн утгаараа хүнд бүтээл" гэж нэрлэсэн.
Найруулагч Francois Truffaut уг киног Ophüls-н 1933 оны "Liebelei" кинотой тун төстэй гэж бичээд "сүүлчийн хагас цаг нь ирүүл болон төгсгөл нь шижир бас энгийн дахин хийгдсэн" гэжээ. Критикч Pauline Kael камерын мэдрэмжтэй хөдөлгөөн, ер бусын романтик уур амьсгал, мөн гоёмсог, ухаалаг харилцан яриаг магтсан байдаг. "Madame de..." 1979 онд Англид дахин нээлтээ хийснээр үзэгч, критикүүдийн анхааралд дахин орж, киног шедевр гэж үнэлэх болжээ. Критикч Derek Malcolm; "энэ бол дур хүсэл ба хайр сэтгэлийн талаарх гайхамшигтай бөгөөд цаглашгүй дүн шинжилгээ юм". Критикч Lindsay Anderson киноны камер хэзээ ч тогтвортой байдаггүй, кадр болгон нь үймээнтэй хуурмаг заль агуулдаг гэж шүүмжилжээ. Критикч Molly Haskell уг киног жилээс жилд култ болж буй сод бүтээл гэж магтаад, энэ кино эмэгтэй хүмүүс рүү чиглэсэн учраас эрэгтэйчүүдэд чиглэсэн кино чиг хүндэтгэл хүлээдэггүй гэж бичсэн нь сонирхолтой. Критикч Richard Roud; "Ophüls-н энэ кино бол эмэгтэйчүүдийн тухай кино. Тодруулбал, дурласан эмэгтэй хүний тухай. Ихэнхдээ, жаргалгүй дурлал эсхүл хайр нь ямар нэгэн байдлаар золгүй явдал авчирдаг эмэгтэй хүний тухай". 2022 онд "Madame de..." киног Sight & Sound сэтгүүлийн критикүүдийн санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны 90-р байрт нэрлэгдсэн байдаг ба Wes Anderson, Edgar Wright, Stanley Kubrick нарын найруулагчид дуртай киногоороо нэрлэжээ.

Comments
Post a Comment