"Хүнд хэдэн газар хэрэгтэй вэ?". Оросын их зохиолч Лев Толстойн 1886 онд бичсэн энэхүү богино өгүүллэгт шуналдаа автан бүх зүйлээ, эцэстээ амь насаа алдаж байгаа хүний тухай өгүүлдэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ирландын нэрт зохиолч Жеймс Жойс охин Люсиадаа бичсэн захидалдаа "Толстойн энэ өгүүллэг бол дэлхийн уран зохиолын хамгийн агуу түүх" гэж бичиж байв. Философич Людвиг Витгенштейн мөн уг бүтээлийн шүтэн бишрэгч байсан.
ҮНДСЭН САНАА. Пахомын газрын эзэн болох анхны хүсэл нь ойлгомжтой; ахиж дэвжсэнээр тэр санхүүгийн бие даасан байдлыг олж, дээд давхаргынхны тариачдыг мөлжиж, дарлахаас ангижрах учиртай юм. Гэтэл Пахом аль болох их газар эзэмших хүслийнхээ улмаас асар их бэрхшээлтэй тулгардаг; тэр өрөнд орж, холын аянд гарч, гэр бүлээ орхиж, эцэст нь, бусдыг энэрэх сэтгэл хийгээд ёс суртахуунаа алдан, төгсгөлд нь ядарч туйлдсанаас болж үхдэг. Пахомын үхэлтэйгээ нүүр тулж байгаагаар Толстой эдийн засгийг чухалчлан үзэх нь биелшгүй зорилго төдийгүй өчүүхэн зүйл гэж дүрсэлжээ. Пахомын шунал, газар эзэмшихэд бүхнээ зориулж байгаа нь түүний амьгүй биеийг жижигхэн булшинд булшлахаар л хэмжигдэж төгсч байгааг өгүүллэгийн төгсгөлийн мөрөөс харж болно; "түүнийг оршуулахад толгойноос нь хөл хүртэл ердөө зургаан тохой л хэрэгтэй байлаа". Пахом олон жилийн турш хэдэн зуун акр газар худалдан авч, эд хөрөнгөний араас ухаангүй хөөцөлдөж байсан авч үхэлд нь энэ бүхэн өчүүхэн ч тус нэмэргүй.
Пахом тариачин болон газрын эзэн хүний хувьд эрх мэдэлгүй байдаг. Тариачин байхдаа тэрээр өөрөөсөө хамааралгүй жижиг зөрчлийн улмаас цэргүүдийн утгагүй торгуулийг төлөх ёстой болдог ба Пахом бие даасан болж, амьдралынхаа нөхцөлийг дээшлүүлж, анги давхаргын бүтцийн хязгаарлалтаас зайлсхийхийн тулд газрын эзэн болохыг хүсдэг. Гэсэн хэдий ч Пахом хэдэн зуун акр газар эзэмшиж, нийгэм эдийн засгийн өндөр түвшинд хүрсэн ч өмч эзэмших нь эрх чөлөөтэй тэнцдэг эдийн засгийн тогтолцооны үзэл санааг баримталдаг. Үүнээс л болж тэрээр өмч хөрөнгөндөө түгжигдэж, байгаа бүхэн нь чамлалттай санагдан, улмаар утга учиртай, сэтгэл ханамжтай амьдрахын тулд илүү их газар өөрийн болгохыг эрэлхийлдэг. Энэ эрэл хайгуул нь өөрөө цөхрөл буюу Пахом хэзээ ч бүрэн дүүрэн сэтгэл ханамжийн цэгь хүрэхгүй зайлшгүй мөчлөгт гацсан. Тэр эрх чөлөөг олж авах гэж хичээсэн ч егөөтэй нь зөвхөн сэтгэл дундуур байх, зовлонгийн хавханд л оржээ. Үүгээр дамжуулан Толстой баян хөрөнгөтэй байхыг хүснэ гэдэг бол хуурмаг бие даасан байдал гэж хэлж байна.
Толстой эдийн засгийн байгууллагуудаас гадна шашны хүч нөлөө хүний амьдралыг хэрхэн хянадаг болохыг харуулсан; өгүүллэгийн 1-р хэсэгт, чөтгөр Пахомыг газар нутгаар уруу татаад улмаар шунал хийгээд нүгэлд унагаж байна. Өгүүллэгийн 2-р хэсэгт, тариачид газрыг шударгаар хуваах гэж оролдож байгаад бүтэлгүйтэн маргалдахад маргааныг улам хурцатгаж өгдөг. Чөтгөр хүмүүсийн ёс суртахууныг гажуудуулж байгаа нь хүн төрөлхтний муу муухайд автамтгай байдгийг харуулжээ. Чөтгөрөөс ялгаатай нь Бурхан өгүүллэгт дүрээр гарч ирдэггүй ч Пахомын чөлөөт хүслийн мэдрэмжинд гүнзгий нөлөөлдөг. Пахом Башкируудтай албан ёсны гэрээ байгуулах гэж оролдохдоо өөрийнхөө ирээдүйнхээ тухай ярихдаа бие даасан байхынхаа тухай бус харин Бурхантай холбон тайлбарладаг; "Амьдрах, үхэх минь Бурхны гарт бий. Та нар сайн хүмүүс, газраа надад өгчих, гэхдээ та нарын хүүхдүүд буцаагаад авна гэж магадгүй". Үүнээс гадна, 9-р хэсэгт, толгод дээр гарах гэж амь тэмцэж байхдаа Пахом Бурханаас өөрт нь ирээдүйд материаллаг амжилтад хүрэхийг зөвшөөрдөг болов уу гэж боддог; "газар зөндөө байна, гэхдээ Бурхан намайг энэ газарт амьдрахыг зөвшөөрөх үү? би үхэх нь, би үхлээ!". Энэ хэсэгт тэрээр Бурхны хувь тавилан, эцсийн үхлийг шийдвэрлэх хүчийг хүлээн зөвшөөрдөг.
Толстой Бурхан ба чөтгөрийг хамтад ашигласан нь биднийг хүсэл тэмүүлэл хийгээд материаллаг баялгийг хэтрүүлэн үнэлж болохгүйг анхааруулан сэрэмжлүүлсэн. Ашиг олох, эд хөрөнгө хуримтлуулах гэсэн хүсэл тэмүүлэл нь өгүүллэгийн баян дүрүүдийг тодорхойлдог; энэхүү дүр төрхийн туйл нь янз бүрийн дүрүүдэд адилгүй байдаг; жишээлбэл, Пахомын баян эгч зөвхөн өөрийн статус, хотын өнгөцхөн тансаг хэрэглээний тухай сайрхан ярьдаг. Пахом, мөн буудлын эзэн зэрэг бусад хүмүүс нийгэм дэх тариачдын тэгш бус байдлыг хэвээр хадгалахын тулд эрх мэдэлт байр сууриа идэвхтэйгээр ашигладаг. Өгүүллэгийн эхэн хэсэгт Пахом өөрөө баян чинээлэг ангийнхны мөлжлөгийн дарамтыг мэдэрдэг. Эмэгтэй газрын эзний менежер хөгшин цэрэг Пахом болон нэгдлийн бусад тариачдад газар эзэмшигчийн газарт үхэр оруулсан хэмээн торгууль ногдуулдаг. Пахом дээд давхаргынхны мөлжлөгийн дармтад байж зовсон боловч өөрөө газрын эзэн болсныхоо дараа тариачдад бүр ч харгис, ёс суртахуунгүй хандан маш их торгууль ногдуулдаг. Тэрээр тариачдыг энэрч, хүнлэгээр хандахын оронд илүү их баялаг, эрх мэдэл, соёлын капиталыг л олж авахыг эрмэлздэг бөгөөд ингэснээрээ зугтахыг хүссэн хүнлэг бус, тэгш бус байдлынхаа мөчлөгт өөрөө унаж байна.
СИМБОЛ. Пахом Башкир руу хийсэн аялалынхаа туршид ахиц дэвшлээ илэрхийлсэн газар ухах гол хэрэгсэл болох хүрзийг байнга биедээ авч явдаг. Түүний бие эцэж, цуцаснаас болж унахын даваан дээр байхад тэрээр үхэх эрсдэлтэй байсан ч малгай, хүрэа гэх мэт хувцаснуудаа тайлж хаядаг ч хүрзээ огт хаяхгүй атгасаар байдаг нь түүний их газартай болох гэсэн хүслийн симбол бөгөөд хожим нь ажилчин хүрзээ ашиглан Пахомын булшийг ухаж, ерөөсөө хэт их шунал хүн ёс суртахууныг сүйтгээд зогсохгүй зуурдын үхэлд хүргэж болзошгүйг харуулж байна. Башкирууд Пахомыг ирэхэд, газар эзэмших ёслол зэрэгт уламжлалт ундаа болох сүүгээр хийсэн айргаар дайлдаг. Төв Азийн энэ ундаа материаллаг бус таашаал жаргалыг бэлгэддэг бөгөөд Пахомын Башкирийн газар нутгаас ахиухныг эзэмших өдрөө эхлүүлэхийн өмнөхөн Башкирууд түүнд айрагийг сүүлчийн удаа өргөн барьдаг нл Пахомын газар эзэмших, материаллаг баялагт автахаас илүүтэй амьдралын оюун санааны цэнгэл таашаалыг сонгооч гэсэн эцсийн боломжийн олгосон дохио аж. Өдрөө аль болох эрт эхлүүлэхэд хэтэрхий их зовнисон Пахом айраг уухаас татгалздаг; энэ нь түүний хүн хүнээ гэсэн сэтгэл, оюунлаг учир утгаас холдон эрх мэдэл, шуналд автан унаж байгаагийн зөгнөл юм.
МОТИФ. Пахом амьдралынхаа томоохон шийдвэрүүдээ ихэвчлэн бусдын хэлсэн, ярьсан санал, бодол дээрээс үндэслэн гаргадаг буюу тэр бол бусдын нөлөөнд автагч юм. Өгүүллэгийн 1-р хэсэгт, тэрээр эхнэрийнхээ эгчтэйгээ ярих хотын амьдралын тансаглал, тариачин байхын ядуурлыг сонсоод хүссэн, хүсээгүй энэ ярианд автчихдаг. Эгч дүү хүүхнүүдийн сайхь яриа чухам түүний илүү их газар эзэмшихийн хэрээр муу муухайгаас хамгаалагдана гэсэн бодлыг бататгана. Дараагийн хэсгүүдэд наймаачин, тариачин гэх мэт зам зуурын дүрүүд Пахомд хямд, үржил шимтэй, өргөн уудам газар эзэмших боломжтой алс холын хот тосгодын тухай ярьдаг. Пахом одоо байгаа өмч хөрөнгөндөө сэтгэл ханаж, хүлээн зөвшөөрөхийн оронд дээрх сайн танихгүй хүмүүсийн үгэнд орж, үл мэдэгдэх газар нутаг руу аялдаг. Иймд, Пахом өөрийнх нь зан авир, амьдралын хэв маягт нөлөөлдөг гадны хүчин зүйлсэд өртөмтгий нэгэн бөгөөд энэ нь түүний эд баялгийг хүсэн эрэлхийлэх, цаашлаад ахиж дэвших хүслийг нь өдөөдөг пассив шинжийг илэрхийлсэн. Эзэмшиж байгаа газрын хэмжээ хийгээд материаллаг ололт амжилтдаа огтхон ч сэтгэл ханадаггүй Пахом эдлэн газрынхаа жижиг хэмжээг өргөжүүлэх, илүү том хүрээтэй худалдан авалт хийхийг үргэлж хүсдэг. Өөрөөр хэлбэл, тэр үргэлж хавханд байгаа мэт санагдаж, одоо байгаа газар нь давчуу, умгар төсөөлөгдөн, үргэлж тэлж, урагшлахыг адын хүсэлд хөтлөгддөг. Ингэж тэр эдлэн газрынхаа орон зайг оюун санааныхаа биелшгүй хүсэлтэй холбож, газар эзэмшлийн өсөлтийг эрх чөлөө, аз жаргал, амьдралын хязгаарлагдмал байр сууринаас гарах цорын ганц арга замтай холбон үзсэнээр алдаж байна.

Comments
Post a Comment