Зугаацуулагч

 


Lola (1961). Францын алдарт кино найруулагч Jacques Demy-н зохиолыг нь бичиж найруулсан романтик-драм. Энэ түүний анхны бүрэн хэмжээний кино нь байсан ба тэрээр энэ бүтээлээ "хөгжимгүй мюзикл" хэмээн тодорхойлж байв. Мөн Demy киногоороо Герман-Францын нэрт кино урлаач Max Ophüls-д хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Киноны нэр хийгээд гол дүрийн нэрийг Австрийн найруулагч Josef von Sternberg-н 1930 оны классик "The Blue Angel" киноны Marlene Dietrich-н бурлеск бүжигчиний дүрээс санаа авч өгсөн аж. Киноны гол дүрд Anouk Aimee тоглосон. Хонконгийн найруулагч Wong Kar-Wai "Chungking Express" киногоо туурвихад "Lola" үлэмж нөлөөлсөн гэдэг. Зөөлөн бөгөөд урсамтгай, уянгын хэрнээ чихэрлэг гашуун энэхүү кино нь олон жилийн туршид туйлын тааламжтайгаар дурсагддаг зүүд шиг. Хүсэл тэмүүлэл, дур татам байдлын магтуу болсон эл бүтээлд Anouk Aimee боомт хот Нантын (Demy-н төрсөн хот) бүжигчин Lola-н дүрд тоглохдоо сахиусан тэнгэр шиг л үзэсгэлэнтэй харагддаг. Lola бол үргэлж "дур булаам байхыг" хүсдэг; гунхалзсан алхаатай, уух тамхилахаас хэзээ ч татгалздаггүй, ганган хүүхэн юм. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 484-р байрт жагсаасан буй. Ингээд энэ зугаацуулагч-бурлеск бүжигчин хүүхэнтэй ойроос танилцах гээд үзье.
"Lola" кино нээлтээ хийгээд критикүүдээс дундаж үнэлгээ авсан. Критикч Jonathan Rosenbaum: "энэ бол Францын Шинэ давалгаа Хөдөлгөөний хамгийн их үл ойшоогдсон хамгийн чухал бүтээл, мөн зарим талаараа Demy-н хамгийн шилдэг кино". Variety сэтгүүл; мелодрам, уран хошигнол, яруу найргийн холимог ч бүхэлдээ талстсан биш гээд зөөлөн мэдрэмжтэй, үнэний талаарх ер бусын цацраг ба Anouk Aimee нь эцэст нь жаргалаа олж байгаа мүфоманиак шинжтэй хөөрхийлөлтэй бүжигчиний дүрд тоглодог гэж бичжээ. Критикч Travis Hooper энэ киног бусад кинонууд шиг оюунлаг бус авч хүчтэй сэтгэл төрүүлэм; хэрвээ бид амьдралаа бүрэн бүтэн байлгахыг хүсч байвал мууг хүлээн зөвшөөрөхөөсөө илүүтэй илүү их хичээх хэрэгтэй гэдгийг харуулсан гэжээ. Нэгэн судлаачийн бичсэнээр, уг кино Францын Шинэ Давалгааны классик хэв маягийг харуулсан ба дүрүүд нь бие бие рүүгээ байнгын чиглэж байдаг ч зөрдөг, заримдаа бие биенээсээ хэдхэн ямхын зайтай өнгөрч, дахин чиглэх юмуу цааш үргэлжлэх нь бодит байдлыг зөөлөн манангаар гэрэлтүүлсэн бие даасан ертөнцийг бий болгодог хэмээжээ.

Jacques Demy Францын кино урлагт онцгой байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд түүнийг ерөнхийдөө "The Umbrellas of Cherbourg" болон "The Young Girls of Rochefort" гэсэн өнгөлөг, сэтгэл татам мюзикл кинонуудаар нь кино сонирхогчид мэддэг. Түүний дараагийн бүтээлүүдийг олон жил үл хайхарч ирсэн явдлыг Францын Шинэ Давалгааны ертөнцөд хэт автсан байсан, мөн зарим талаар найруулагч Agnes Varda-тай гэрлэсэнтэй холбодог. Jean-Luc Godard түүний "Lola", "Bay of Angels" гэсэн эхний хоёр киног магтсаныг эс тооцвол Францын Шинэ Давалгааны түүх Demy-г хувь нэмрийг товчхон хүлээн зөвшөөрч, илүүтэй Godard, Francois Truffaut нарт анхаарсан. Хожим эхнэр Varda "Jacquot de Nantes" намтарчилсан кино болон "The World of Jacques Demy" баримтат кинонууд гаргажч цаашлаад түүний кинонуудыг сэргээх, түгээх, сурталчилснаар өнөөдөр бид Demy-г илүү сайн мэдэх болжээ. Өнөөдөр "lola" киног үзэхэд яагаад өмнө нь Шинэ Давалгааны гол киноны нэг гэж хүлээн зөвшөөрөөгүй юм бол гэж гайхмаар байдаг; уг кино 1950-аад оны сүүл, 1960-аад оны эхэн үеийн Шинэ Давалгааны кинонуудад байдаг олон шинж чанарыг агуулсан байдаг.

  Юуны өмнө энэ кино нь Demy-н бодож байснаас бага төсвөөр бүтсэн бол киноных нь продюсерээр Varda-н "Cleo From 5 to 7" болон Godard-н "Breathless" бүтээлүүдийг продюсерлэсэн Georges de Beauregard ажилласан. Мөн Шинэ Давалгааны нэрт зураглаач Raoul Coutard-н гоёмсог хар-цагаан өргөн дэлгэцийн зураг авалт нь кинонд баримтат болон уянгын шинжийг нэгэн зэрэг өгсөн буюу энэ нь хязгаарлагдмал төсвөөр гоо зүйг хамгийн ихээр гаргах гэсэн Шинэ Давалгааны зарчмыг дагасан; жишээлбэл Demy дэндүү яруу найраглаг харагдуулсан хэт ил тод кадруудыг зориудаар орхисон. "Lola" киног бараг бүхэлдээ зураг авалтыг тогтсон байршилд авсан ба Парисаас нүүр буруулсан нь ердийн хэрэг биш байсан ч тэрээр Луаре голын адаг дээрх тансаг Нант хотод Шинэ Давалгааны өвөрмөц шинжээр хандсан юм. Өөрөөр хэлбэл, Нант хот зүгээр л дэвсгэр зураг бус харин хот бол киноны үйл явдлын оролцогч, хувийн дурсамж, соёлын дурсгалт газруудаар дүүрэн газар нутаг болон сэтгэл хөдлөлийн цөөрөм болдог. "Lola" хайрын тухай туйлын романтик хандлагатай байдаг нь Demy-г үе тэнгийнхэнтэй нь холбож бас холдуулж байв; Demy-н харилцан яриа Godard, Truffaut, Eric Rohmer, Claude Chabrol нарынхаас бага хошигнолтой, илүү гунигтай байдаг агаад хамгийн чухал нь эмэгтэйчүүдэд хандах хандлагаараа ялгаатай буюу Demy эмэгтэйчүүдийг киноныхоо туршид төгс ч хөндий эх, ганган, уяхан романтикжуулсан эмэгтэй гэж үзүүлдэг.

"Lola" киноны өгүүлэмжид хотын гудамж, алдартай газруудад зам нь огтлолцсон дүрүүдийг нэгтгэдэг. Киноны гол дүр кабаре бүжигчин Lola-г эргүүлсэн гурван залуу байдаг; тэд бол Америкийн усан цэрэг Frankie, залуу насны найз Roland, мөн кинонд хамгийн бага мэдээлэлтэй байдаг Lola-г хаяад явсан Michel нар юм. Энэ нууцлаг Michel Lola-н 7 настай хүүгийн эцэг бөгөөд 7 жилийн өмнө хаяад явсан эхнэр хүүхдээ эргүүлж авахаар Michel Нантад буцаж ирснээр кино маань эхэлдэг. Толин тусгалтай нэгэн сцэнд царайлаг ч гунигтай Roland өөрийгөө хараад "Би бол жинхэнэ бүтэлгүй амьтан" гэж хэлдэг. Roland нь голдуу ахимаг насны хүүхнүүдийн анхаарлыг татсан объект, мөн ухаангүйнх нь хүслийн объект болдог; кафены эзэн Claire, түүний найз Jeanne (Michel-н ээж), дэгжин хатагтай Desnoyers нар жишээ болно. Санамсаргүй мэт боловч үнэндээ маш сайн бүтцээр киноны дүрүүд нь цаг хугацааны явцад бие биенийхээ цуурай болдог. Lola үнэндээ Cecil гэдэг нэртэй байсан, хатагтай Desnoyers-н 14 настай охиныг бас Cecil гэдэг, тэгээд зогсохгүй хатагтай Desnoyers өмнө нь бүжигчин байсан, харин Lola Michel-г санагдуулдаг учир Frankie-тай унтдаг гэх мэт. Мөн түүнчлэн орон зай кинонд "санамарсгүй" үүргийг гүйцэтгэдэг буюу Cecil ба Frankie, Cecil ба Roland нар тохиолдлоор холбогддог ба заримдаа дүрүүд гудамжинд зөрж өнгөрөх нь олонтаа харагдана.

  Хэрвээ сексийг, ялангуяа Lola, Frankie хоёрын харилцаа хийгээд номын дэлгүүр дэх сцэнд Marquis de Sade-н "Justine" романыг хошигнон дурдаж дурдаж байгааг харвал уг кино нь романтик дурлалд илүү сонирхолтой агаад энэ сэдвээр гүн пессимизмээ бараг нуудаггүй; тиймээс эл бүтээлийг тодорхойлохдоо гашуун-чихэрлэг гэдэг. "Lola" бол юуны өмнө хайрын хэврэг байдлын тусгал буюу дүр болгоны амьдралын замд хайр нь түр зуурын шинж чанараар илэрхийлэгддэг; бараг бүх дүрүүд ирж байгаа юмуу явж, ер нь л нүүдлийн маягтай байдаг. Жаргалтай агшин болгон түр зуурын шинжийн мэдрэмжээр таслагддаг;  Frankie, Cecil хоёрын үзэсгэлэн худалдаан дээр өнгөрүүлсэн жаргалтай хугацаа эцэстээ салалтаар өндөрлөдөг; киноны төгсгөлд Lola эргэн ирсэн Michel-г хар мөчид л Roland-г үүрд орхих ёстойгоо ухаардаг. Францын Шинэ Давалгааны бусад найруулагчид хайранд умбагчдаа одоо цагт байрлуулах хандлагатай байдаг бол Demy өнгөрсний сүүдэрт байрлуулдаг онцлогтой. Godard, Truffaut нараас ялгаатай нь Demy кино критикчээр замналаа эхлүүлээгүй харин богино хэмжээний баримтат киногоор эхлүүлжээ.

  Cahiers du cinema хүрээлэлд түүнийг "аялагч анд" гэдэг байсан авч "Lola" киноны нээлтийн кредитээс харахад Demy кино урлагт гүн гүнзгий хайртай нэгэн байсан нь харагддаг; дээр дурдсанчлан уг киногоо тэрээр найруулагч Ophüls-д зориулснаас гадна Ophüls 1955 онд "Lola Montes" гэдэг кино гаргасан, эндээс Lola гэдэг нэр Demy-д ямар утгатайг та төсөөлөх байх. "Lola" киноны тойрсон бүтэц, киноны эхлэл хийгээд төгсгөлд Michel цагаан Кадиллак машинаар Нант руу орж бас гарч байгаа нь, мөн хосуудын хайрыг түвэгтэй зохиомжилсон зэрэг нь Ophüls-н "La Ronde" киног санагдуулна. Найруулагч Robert Bresson-н "Les dames du Bois de Boulogne" кинонд кабаре бүжигчиний дүрд тоглосон Elina Labourdette "Lola" кинонд хатагтай Desnoyers-н дүрд тоглодог бол Michel гэдэг нэр маргаангүй "Breathless" киноны Michel Poiccard-н нэр юм. Гэхдээ "Lola"-ийн кино урлагийн ач холбогдол зөвхөн ишлэл төдийгөөр хязгаарлагдахгүй; Demy найруулагч болсон нь түүний бага наснаасаа кино урлагт дурласанаас үүдэлтэй бөгөөд тэрээр энэ кинондоо "Нантын коллежид сурч байхдаа хичээлээ таслаад кино үзэхээр явдаг байсан дурсамжаа" шингээхийг зорьсон. Кинонд, түүний баатар бас алтер эго Roland нь хуучны кино театрт ороод Gary Cooper-н тоглосон "Return to Paradise" гэдэг киног үздэг, энэ киноны баатар нь гадаадаас олон жилийн дараа орхисон охиноо авахаар явж байгаа тухай өгүүлдэг нь манай киноны түүхтэй төстэй юм. "Lola" кинонд Roland "Би ч гэсэн явна" гэж хэлэхэд тус үзэгдлийн төгсгөлд Jeanne "Кинонд, бүх зүйл үргэлж сайхан байдаг" гэж хэлдэг.

Lola нь фемме фаталаас бусдаар бараг эмэгтэй хүний бүхий л шинж төрхийг гаргадаг ба ямар эрэгтэй дэргэд нь байхаас хамаарч янз бүрийн төрхтэй болдог; харин Roland-тай байхдаа бүрэг ичимхий болчихдог. Сексийн гайхалтай хамтрагч шигээ төлөвшөөгүй энэ хүүхэн бол олон талаараа Шинэ Давалгааны эмэгтэй баатруудтай адилхан. Гэсэн хэдий ч Demy-н хувийн үзлээр бол Lola-г сонирхолтой, хөндий, идеалчилсан эхийн дүр болгосон нь илэрхий харагдах агаад Roland түүнтэй харьцах харилцаандаа өөрийгөө нэгэн зэрэг хүсэмжит хийгээд түгшихүйц болгохыг хүсдэг. Lola-н төсөөллийн төрх нь киноны өгүүлэмж хийгээд мизасцэнээс харагддагаас гадна хувцаслалтаас нь харагддаг. Киноны ихэнх хугацаанд Lola найруулагч Josef von Sternberg-н "The Blue Angel" кино дахь Marlene Dietrich-н Lola дүрийн дур булаам хар хувцсыг өмссөн нь өнөөдөр Anoyk Aimee-г өөрийг нь домоглог бас түүхэн секси дүр болгожээ. Anouk Aimee энэ кинонд тоглох үедээ аль хэдийнээ Францын кино урлагийн од болчихоод байсан ба найруулагч Federico Fellini-н "La Dolce Vita" шедеврт томоохон дүр бүтээж амжаад байлаа. "Lola" кинонд тэрээр гэртээ, хүүдээ очихдоо ч хувцсаа сольдоггүй, тэр бол "эх-янхан" гэсэн хоёрдмол шинжит яруу найраглаг дүрслэл юм. Тэр Frankie-тай хамт байхдаа төгс секс хамтрагч байдаг бол Roland-той болзохдоо дэгжин сайхан хувцаслаж, үүгээрээ сахиусан тэнгэр шиг харагддаг боловч түүний байгаа байдал, үүх түүх зугаацуулагч гэдгийг нь далдалж чаддаггүй. 

Comments