1805 он

 


War and Peace (1965). Оросын нэрт кино найруулагч Sergei Bondarchuk-н туульсын, дайны драм. Оросын их зохиолч Leo Tolstoy-н 1869 оны ижил нэрт романыг дэлгэцнээ хөрвүүлсэн ба 1961-1967 оны хооронд дөрвөн ангитайгаар бүтээгдсэн. Киноны гол дүрүүдэд; Sergei Bondarchuk өөрөө Pierre Bezukhov-д, Vyacheslav Tikhonov гүн Andrei Bolkonsky-д, Ludmila Savelywva Natasha Rostova-д тус тус тоглосон. Үлгэр, түүх хоёрыг нийлүүлснээр туульсын бүтээл төрдөг бөгөөд би хувьдаа энэ киног бүх цаг үеийн хамгийн аугаа туульсын кино төдийгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг классик роман классик кино болсон ховорхон тохиолдлуудын нэг гэж үздэг. Уг кино Mosfilm кино студид хийхдээ ЗХУ-н эрх баригчид болон ЗХУ-н армийн дэмжлэгтэйгээр бүтээсэн ба ЗХУ-д хийгдсэн хамгийн өндөр үнээр бүтсэн кино болой. Уг киноны төсвийн тооцоог олон улсын хэвлэл мэдээллүүд янз бүрээр мэдээлж байсан; Америкийн хэвлэл мэдээлэл Оросууд $100 сая долларын өртөгтэй кино хийлээ гэж шуугиж байсан.

Америкийн хэвлэлийнхэн сайхь тоог 2007 оны ханшинд тохируулан $700 сая доллар гэж тооцоолсон ба 2019 онд мөн л ингэж тооцоолсон. 1979 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд "War and Peace" киног багадаа $90 сая доллараар бүтсэн гэж үзэж бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн кино гэж бүртгэж байв. Кино нээлтээ хийсэн даруй үлэмж амжилт олсон буюу ЗХУ-д 135 сая тасалбар борлуулсан бол Москвагийн олон улсын кино наадмын Гран При, мөн Оскар болон Алтан Бөмбөрцөг кино наадмуудын шилдэг гадаад хэл дээрх кино шагналын хүртсэн. 2017 онд "O.J.:Made in America" кино Оскарын шагнал хүртэх хүртэл "War and Peace" нь Оскар авсан хамгийн урт үргэлжлэх хугацаатай кино байв. Өнөөдөр уг киног кино урлагийн түүхэн дэх хамгийн аугаа туульсын киноны нэг, давтагдашгүй, өвөрмөц урлагийн бүтээл гэж үздэг бөгөөд ингээд уншигч таныг Оросын хамгийн аугаа романаар хийсэн киноны гүн рүү аялахыг уръя. 1959 онд Америкийн кино найруулагч King Vidor-н "War and Peace" кино ЗХУ-д нээлтээ хийж хит болоод зогсохгүй критикүүдээс сайшаал хүртэв.

  Францын халдан довтолсоны 150 жилийн ойн хүрээнд, мөн ЗХУ, АНУ хоёрын өрсөлдөж байсан үед Америкууд классик романаар нь кино хийж дэлхийд алдаршаад байсанд Зөвлөлтийн Соёлын Яамны сайд Yekaterina Furtseva-д их зохиолчийнхоо классик романаараа өөрсдөө кино хийж гайхагдах сэдэл төрүүлжээ. Зөвлөлтийн нэгэн сонинд гарсан нийтлэлд, Зөвлөлтийн олон найруулагчид гарын үсгээ зурангаа; "Америкийн киноноос уран сайхны болон жинхэнэ бодит чанараараа давж гарсан кино бүтээх нь Зөвлөлтийн кино урлагийн салбарын хувьд нэр төрийн хэрэг байх болно" бичсэн байлаа. Германы хэвлэлүүдэд энэ кино нь Vidor-н киноны эсрэг "хариу цохилт" болох нь гэж бичиж байв. 1960 онд Mikhail Romm, Sergei Gerasimov зэрэг Зөвлөлтийн толгой найруулагчид төслийн найруулагчаар яригдаж байв. Гэтэл хамгийн боломжит нэр дэвшигч нь Ivan Pyryev болсон ба түүний холбоотнууд байр суурийг нь баталгаажуулахын тулд зориуд 1959 онд "Fate of a Man" гэсэн бүрэн хэмжээний ганц "хит" киноны эзэн 40 настай найруулагч Sergei Bondarchuk-г Соёлын Яамд санал болгожээ.

  1959 онд, Bondarchuk Яамнаас захидал ирэх хүртэл энэхүү киноны найруулагчаар ажиллахыг хүсээгүй байсан агаад эцэст нь саналыг хүлээн авч, Pyryev-тэй өрсөлдөхөөр шийджээ. Bondarchuk-д тавьсан саналыг Pyryev-н эсрэг байдаг хүмүүс зохион байгуулсан ба удалгүй Bondarchuk-г дэмжсэн захидал Сайдад илгээгдсэн бөгөөд захидалд кино салбарын нөлөө бүхий эрхмүүдийн гарын үсэг зурайж байв. Эхлээд Furtseva хоёр нэр дэвшигч тус тусынхаа туршилтын бүтээлээ комиссын өмнө үзүүлнэ гэж зарлигдсан; тэгтэл Pyryev нэрээ татсан, өөрт нь боломж бага гэдгийг ойлгосон болов уу гэж таамагладаг аж. Хүйтэн дайны ширүүн нөхцөл зөөлөрч байхад замналаа эхлүүлсэн Bondarchuk бол Stalin-н эриний хуучны кино найруулагчдыг орлохын тулд Nikita Khrushchev-н дэвшүүлсэн залуу найруулагчдын үеийн гол төлөөлөгчдийн нэг байв. 1961 оны 4-р сард Mosfilm студийн ерөнхий захирал Vladimír Surin Furtseva-д "War and Peace" гурван ангит киноны төсөв 150.000 рублийн санхүүжилт олгохыг хүссэн захидал илгээж, тухайн оны 5-р сард сайд 30.000 рубль олгон төслийг баталснаар тэр өдөртөө киноны ажил эхэлжээ. Bondarchuk жүжгийн зохиолч Vasily Solovyo-г туслах зохиолчоор авсан. Тэд гурван ангит гэж төлөвлөж байсныгаа өөрчилж дөрвөн ангитаар хийхээр шийдсэн.

  Мөн тэд киног хэтэрхий түвэгтэй болгохоос зайлсхийж Tolstoy-н романы үйл явдал хийгээд сэдэвт зарим хасалт засвар хийсэн; тухайлбал, Nikolai Rostov, Maria Bolkonskaya хоёрын үзэгдлүүдийг багасгаж, Anatole Kuragin-д илүү их хөгжүүлэлт хийсэн. Tolstoy-н философи болон түүхийн талаарх үзэл бодлыг нэлээд хэмжээгээр танаж багасгажээ. Mosfilm 1962 оны 2-р сард бэлэн зохиолыг баталсан ба дараа сард нь Соёлын Яамны Surin болон Кино урлагийн Улсын Хорооны орлогч дарга Basakov нарын оролцсон хурлын үеэр Furtseva кино зохиолыг батлаад төслийг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэсэн Батлан хамгаалах яам зэрэг бүх холбогдох яам байгууллагуудад хандан тус киноны продюсерүүдэд бүх талаар туслахыг үүрэгджээ. Продюсерүүд цэргийн гурван зөвлөхийг томилсон; Армийн генерал Vladimír Kurasov киноны ерөнхий зөвлөх болсон бол Армийн генерал Markian Popov мөн туслах зөвлөхөөр томилогдсон. Дэслэгч генерал Nikolai Oslikovsky-г морин цэргийн мэргэжилтнээр авчээ. Зөвлөлтийн арми зураг авалтын үеэр мянган мянган цэргийг олны хэсэгт тоглуулсан байдаг.

  19-р зууны эхэн үеийн Оросын тухай жинхэнэ бодитой сэтгэгдэл төрүүлэхийн тулд лааны сууринаас хутга сэрээ хүртэл түүхэн эд хэрэгслийг 40 гаруй музейгээс нийлүүлсэн байдаг. Napoleon-н дайны үед өмсөж байсан цэргийн дүрэмт хувцаснуудыг хэдэн мянгаар нь оёсон ба үүнд 11.000 ширхэг малгай, 60 орчим хуучирсан их бууг засварлаж, 120 орчим тэрэг, вагоныг хийж босгосон аж. Морьт цэргийн шаардлагыг урьдчилан бодолцож, продюсер Nikolai Ivanov, генерал Osilkovsky нар тохиромжтой морьдыг хайж эхэлсэн бөгөөд янз бүрийн цэргийн ангиудаас ашиглагдахаа больсон ч хадгалагдаж үлдсэн морин чиргүүлтэй их буунуудыг кинонд ашигласан. Мөн Хөдөө аж ахуйн яамнаас 900 морь хандивлажээ. Bondarchuk 1961 оны 5-р сард жүжигчдийн сонгон шалгаруулалт явуулсан; Oleg Strizhenov гүн Andrei Bolkonsky-д тоглохоор болов. Гэтэл 1962 оны хавар үндсэн зураг авалт эхлэхээс өмнөхөн Strizhenov Москвагийн Урлагийн Театрын чуулгад элссэнийхээ дараа бодлоо өөрчилсөн ба Bondarchuk уурлаж, Соёлын Яаманд гомдол гаргав. Furtseva жүжигчинтэй ярилцаад ч бодлыг нь эргүүлж чадаагүй аж. Дараа нь найруулагч маань Grigori Kozintsev-н "Hamlet" бүтээлд тоглох ёстой байсан Innokenty Smoktunovsky-г "уруу" татах гэж үзжээ.

  Smoktunovsky зөвшөөрсөн авч Kozintsev яаманд дахь нөлөөгөө ашиглан жүжигчнээ "булаагаад" авчихжээ. Vyacheslav Tikhonov эцсийн сонголт байсан ба тэрээр зураг авалт эхэлснээс хойш 3 сарын дараа зураг авалтын талбайд гарчээ. Tolstoy-н бичсэнчлэн Bezukhov-н дүрийг биерхүү хүнээр Bondarchuk төсөөлж байв. Тиймээс тэрээр энэ дүрийг Олимпийн хүндийн өргөлтийн тамирчин Yury Vlasov-д санал болгож, тэр ч байтугай хэсэг хамтдаа бэлтгэл хийжээ. Vlasov жүжиглэх ямар ч чадвар авъяасгүй хүн байсан тул өөрөө саналаараа татгалзсаны дараа Bondarchuk өөрөө Bezukhov-д тоглохоор шийджээ. Түүний эхнэр Irina Skobtseva Bezukhov-н анхны эхнэр Helene-н дүрд тоглосон байдаг. Киноны гурав, дөрөвдүгээр ангиудын зарим хэсэгт найруулагчтай төстэй Yury Devochkin гэдэг сэтгүүлч орлож тоглож байжээ. Anastasiya Vertinskaya, Lyudmila Gurchenko зэрэг алдартай жүжигчид Natasha Rostova-н дүрд тоглохыг хүсч байсан ч Bondarchuk Оросын балетын академийг дөнгөж төгссөн туршлагагүй 19 настай Ludmila Savelywva-г сонгосон байдаг нь миний хувьд үнэхээр нүдээ олсон шийдвэр байсан санагддаг; Natasha Rostova бол яаж ч төсөөлсөн Audrey Hepburn биш харин ерөөсөө Ludmila Savelywva л юм.

  Судлаач Ian Aitken-н бичсэнээр, "War and Peace" кино нь 1964-1968 оны Khrushchev-н аядуу үеэс Brezhnev-н зогсонги байдалд шилжсэн үеийн хамгийн чухал кинонуудын нэг бөгөөд тухайн үед "гэсгээлтийнёс" либерал уур амьсгал мэдрэгдэж байсны хажуугаар Зөвлөлтийн кино урлаг улам хязгаарлагдмал болж байсан ажээ. Мөн Aitken-н онцолсноор, уг кино нь социалист реализмын албан ёсоор зөвшөөрөгдсөн хэлбэрүүдээс холдож, харин Унгарын философич Gyorgy Lukacs-н эрчимт цогц байдлын загвартай хэд хэдэн аспектаараа нийцсэн буюу энэ кино нь өөрөө Lukacs-д нөлөөлсөн классик реалист романаас сэдэвлэгдсэн; үйл явдлын нарийн түвэгтэй бүтэцтэй, нийгмийн хүрээнд хувь хүмүүсийн харилцааг дүрсэлсэн билээ. Aitken нэмж хэлэхдээ, уг кинонд хэд хэдэн илэрхий модернист техник ашигласан; өнгийг симболик байдлаар ашигласан нь анти-реалист ба мөн биет бус яриа, хурдтай эвлүүлэг, рефлекстэй, гар дээрх камерын ажиллагаатай гэжээ. Эцэст нь, Aitken энэхүү бүтээл нь социалист реализм бус харин шүүмжлэлт реализмын жишээ болсон хэмээжээ.

  Судлаач Lev Annisnsky эсрэгээрээ Bondarchuk-н киног төрд зөвшөөрөгдсөн кино гэдгээрээ төрийн симбол болж, үүгээрээ Зөвлөлтийн кино урлагийг төлөөлж гадаад алдаршсан "эсэргүү" бүтээл болох "Andrei Rublev"-ээс шал өөр, бүрэн эсрэгцэж байсан гэж үзсэн. Anninsky "War and Peace" киног үзэгчдийн сэтгэлийг булаадаг Оросын эх оронч сэдэв, дулаан уламжлалыг нэвт шингээсэн байсан гэж тайлбарласан. Судлаач David C. Gillespie кинонд Зөвлөлтийн уламжлалт мессеж агуулагдаж байгааг онцолсон; тухайлбал, Орос, Австрийн цэргүүд (гэхдээ офицерүүд биш) пролетар маягийн эв нэгдлийг харуулдаг, мөн Bezukhov-н чөлөөт масончуудтай холбоотой үеийг дурддаггүй гэх мэтээр идеологийн хэсгүүд байдаг гэжээ. Тэрээр мөн энэ кино нь Оросын цэрэг армийн хүч чадал, Оросын хүний сэтгэлийн хатуужлын ялгуусан дуулал болсон бүтээл хэвээрээ байна гэж бичжээ. Зөвлөлтийн кино критикүүд эл бүтээлийг халуун дотноор хүлээн авсан; энэ кино бол Оросын уран зохиолын хамгийн агуу бүтээлийг хамгийн амбицтай, сүрлэгээр дэлгэцнээ хөрвүүлсэн явдал боллоо гэсэн байхад зарим нь, Tolstoy-н түүхэн үзэл баримтлал, хүн төрөлхтөний талаарх тодорхойлолтыг гүн гүнзгий, гайхалтай тодоор илэрхийлэхийг зорьсон гэжээ.

Германчууд "War and Peace" киног туйлын нягт нямбай, дэглэсэн чанартай; консерватим, романтик эсхүл бүр классик түүхэн кино гээд уг кино жинхэнэ бодит байдлыг эрхэмлэдэг учир Vidor-н хувилбартай харьцуулшгүй илүү сайн гэсэн буй. Францын критикүүд киноны давуу чанар нь өргөн цар хүрээтэй тулааны сцэнүүдээсээ илүүтэй Оросын ландшафтын мэдрэмжнд оршдог хэмээн хүлээн авсан. Ийм өргөн цар хүрээтэй киноны гайхшруулам жишээ хэдий ч романдаа туйлын үнэнч хандсан нь киног уйтгартай болгосон гэж сөргөөр шүүмжлэгчид ч байв. Ерөнхийдөө Францууд "War and Peace" киног Зөвлөлтийн хамгийн сайн кино, Америкийн хувилбараас хол илүү гэж бичицгээсэн. Америкийн критикүүд, Англи руу дуу оруулсан явдлыг буруушааснаас гадна Bondarchuk дүрдээ тохирохооргүй хөгшин, харин Savelyeva бага зэрэг ёсорхуу механик харагдаж байна гэсэн. Харин зарим нь түүхэн үүднээс авч үзвэл "Gone with the Wind" киноноос ч илүү, манай уаг үеийн хамгийн шилдэг туульсын кино төдийгүй бидний хүлээлт, төсөөллийг давсан уран зохиолын агуу, сүрлэг хөрвүүлэлт гэсэн буй.

  Mosfilm студи мандан бадарч байх үедээ Kremlin-н тансаглал дор, ялгуусан Бородиногийн тулааны түүхт 150 жилийн ойд зориулан их зохиолчийнхоо классик романаар 4 ангит кино хийхээр болж, үүнийг нь Mikhail Sholokhov-н "The Fate of a Man" өгүүллэгийг дөнгөж кино болгочхоод байсан туршлага багатай Bondarchuk-д даатгасан ба тэр ч Зөвлөлт засгийнхаа үүргийг хөсөрдүүлэлгүй, бараг 8 цагийн үргэлжлэх хугацаатай кино бүтээлийг дэлхий дахинд амжилттай толилуулсан билээ. Bondarchuk-н "War and Peace" кино нь мөн хүйтэн дайны үед соёлын хувьд Америкчуудаас давж гарах ёстой гэсэн үзэл суртлын далд утгатай хийгдсэн буюу 1956 онд Холливууд Audrey Hepburn, Henry Fonda нарын одуудаараа гоёсон "War and Peace" кино хийчихээд байв. Хачирхалтай нь, Холливуудын кино Америкт дампуурсан бол Зөвлөлтийн үзэгчдэд бараг хит болсон байдаг. "Шинэков", зоригтой, туршилт хийх дуртай Bondarchuk нь Зөвлөлтийн удирдагчдын хайж байсан Vidor-н киног гүйцэх чин эрмэлзэлтэй тэр уламжлалт Оросын үндсэрхэг үзэлтэн мөн байлаа. "Орос үндэстний зан чанарын бахархал болсон энэхүү романыг яагаад Америкт кино болгоно вэ? Энэ бол дэлхий дахинд ичгүүртэй явдал!" хэмээн Bondarchuk нэгэн найздаа бичиж байв.

  Үнэхээр ч түүний энэ туульсын бүтээлд Зөвлөлт маягийн үндсэрхэг үзэл байдаг. Мөн кино нь Tolstoy-н хуманизм, оюун санааны итгэл үнэмшлийг хадгалсан. Tolstoy Napoleon-н дайны үе хийгээд дайны дараах үйл явдлуудыг романдаа өгүүлдэг; тэрээр 1825 оны Декабристуудын бослогоос санаа авч, 6 жилийн хугацаанд романаа бичсэн. Bondarchuk киногоо хийхэд бараг адилхан хугацаа зарцуулсан ба энэ явцдаа хоёр удаа зүрхний шигдээс болж бараг үхэх шахсан (нэг нь Mikhail Kalatozov-н "I Am Cuba" киног үзэж байхад тохиосон). Bondarchuk өөрөө аз жаргалгүй тэнүүлчээс ёс суртахуун, философийн аялал хийгч Bezukhov-н дүрээс өгсүүлээд ийм өргөн цар хүрээтэй киног хийх гэж тоймгүй сорилттой тулгарч байсныг бодолцвол зүрхний шигдээс болоод өнгөрсөн нь гайгүй гэмээр. Энэ Bezukhov нь хүүхэмсэг мөрийтэй тоглогчоос нийгмийн соён гэгээрүүлэгч болсон Tolstoy өөрийнх нь хувьслаас үүдэлтэй дүр юм. Уг романыг кино дэлгэцнээ хөрвүүлэхэд тун бэрхшээлтэй байдаг нь зөвхөн романы амин зүрхэнд байх гурван гол дүрийн сэтгэлийн дотоод хямралыг дүрслэхэд биш бөгөөд романы урт, олон тооны дүрүүд (кинонд 300 орчим яриайтай хэсэг бий), үй олон дэд үйл явдал, мөн философи, улс төр, шашин гээд хазайхгүй сэдэв гэж байдаггүй.

  Зохиолч Henry James уг романыг "Аварга, сул уутан мангас" гэсэн байдаг. Иймээс л энэ бол кино болгоход асар бэрх, найруулагчдын шандасыг шалгахуйц роман юм. Tolstoy-н дайн тулааны хэсгүүд чухам эгээ л туульсын дайны сэдэвт кинонд зориулагдсан мэт бичигдсэн, үүнийг ч Bondarchuk уртай буулгаж чадсан. Түүний хувьд ландшафт, цаг агаар нь Tolstoy-н дотоод болон гаднах өөрчлөлт буюу айдас, баяр хөөр, зовнилын илэрхийлэмж болдог. Киноны дөрөвдүгээр ангийн дийлэнхийг бүрдүүлдэг Москваг тонож, шатааж байгаа хэсгийг авахын тулд 10 сарыг зарцуулсан, учир нь шатсан байгууламжийг дахин зураг авалтад оруулах боломжгүй. Энэхүү хэсгийг авахад газар дээр 6 камер, мөн нисдэг тэрэгнүүдээс авсан. Мөн хэсэгт Bezukhov Tolstoy-н хуманизмын төлөөлөгч болоод зогсохгүй ухаан суусан, жинхэнэ эр хүн болдог билээ. 

Comments