М. Ю. Лермонтов "Манай үеийн баатар"

 



 

"Манай үеийн баатар". Михаил Юрьевич Лермонтовын 1839 онд бичиж, 1840 онд хэвлэн нийтлэгдээд, 1841 онд дахин шинэчлэн найруулагдсан роман. Романд Кавказ нутгийн үзэсгэлэнтэй байгалийг дүрсэлсэнээс гадна Печорин хэмээх анхаарал татахуйц Байроник баатрын (анти-баатар) амьдралыг хөрөглөсөн бөгөөд энэхүү роман нь мөн "илүүдэл хүн"-г дүрсэлсэн сонгодог жишээ бүтээлийн нэг болой. Англи хэл дээр хэд хэдэн орчуулга байдгаас 1958 оны Владимир Набоков, Дмитрий Набоков хоёрын орчуулсан орчуулга байдаг аж. Ингээд "Манай үеийн баатар" хэмээх гайхамшигтай романы гол дүрийн баатрын анализ болоод ерөөсөө энэхүү бүтээлийн хөндсөн сэдэв, агуулгатай танилцъя.

  ГРИГОРИЙ АЛЕКСАНДРОВИЧ ПЕЧОРИН.  Печорин бол Байроник баатрын симбол юм. Тухайн үед Лорд Байроны бүтээлүүд олон улсад нэр хүндтэй байсан ба Лермонтов романыхаа туршид түүний нэрийг хэдэнтээ дурддаг. Байроник уламжлалын дагуу Печорин бол эсрэг тэсрэг шинжтэй дүр юм. Тэрээр нэгэн зэрэг мэдрэмтгий бас увайгүй хүн. Тэрээр туйлын ихэмсэг зантай боловч өөрийнхөө зан чанарыг гүн гүнзгий ойлгодог бөгөөд гарцаагүй ирэх үхэл хийгээд оршин байхын утга учиргүйг эрэгцүүлэн бодогч романтик баатрын гунигт биелэл ажээ. Печорины оршин байхтай холбоотой бүхий л философи нь нихилист чиг баримжаатай бөгөөд өөрийг нь ямар нэгэн байдлаар бусдаас хөндийрсөн, тусгаарлагдсан хувийн шинэ чанартай болгодог. Печорин гэдэг нэрийг Печора гэх мөрнөөс авсан буюу Онега мөрнөөр нэрлэгдсэн Александр Пушкины "Евгений Онегин" бүтээлд хүндэтгэл үзүүлсэн түүхтэй ажээ. Печорин эмэгтэй хүнийг эцэс төгсгөлгүй байлдан дагуулахын сэдэл гэж үздэг ба эмэгтэй хүнийг ямар нэгэн хүндэтгэл хүлээхүйц биш гэж үздэг. Тэрээр гүнж Мэри зэрэг хүүхнүүдийг романтик байлдан дагуулах тоглоомынхоо барьцаанаас арай илүү гэж боддог агаад энэ нь түүний таашаал эрэлхийлэх хүсэлд утгагүй хоосон зүйл юм. "Би хэзээ ч гэрлэхгүй, уруу татах хүсэлгүй байгаа тэр охины хайр сэтгэлийг олж авах гэж яагаад тэгтлээ их хичээгээд байгаа юм бол гэж олонтоо боддог" хэмээн тэрээр гүнж Мэригийн тухай хэлдэг. Печорины эмэгтэй хүнд хандах цорын ганц зөрчил бол түүний бүх алдаанаас үл хамааран, магадгүй түүнд хайртай Вераг чин сэтгэлээсээ мэдрэх явдал юм. Печорин Верагийн араас мордоход "гүнж Мэри" итгэл найдварын мөчийг толилуулдаг ба уншигч түүнийг оршин байхын утга учирд хүрч, Печориныг жинхэнэ мэдрэмжийг ойлгох боломжтой юм байна гэж таамаглана. 

Гэсэн хэдий ч насан туршийн өнгөцхөн бөгөөд увайгүй байдлыг тийм амархан үгүй хийж чадахгүй агаад хувь тавилан хөндлөнгөөс оролцож, Печорины морь унахад, тэрээр авралын ганц итгэл найдвартай хүрэхийн төлөө цаашид хичээдэггүй; "алдагдсан аз жаргалыг эрэх нь ямар ч утгагүй, хоосон зүйл болохыг би олж харлаа. Би илүү юу хүсэх юм бэ? Түүнтэй дахин уулзах уу? Юуны төлөө гэж?" Тэрээр хэлдэг. Печорины он цагийн дарааллаар сүүлчийн адал явдал нь романы эхэнд тайлбарлагдсан буюу тэрээр удахгүй сэтгэл гутралд ороод, нийгмээс холдож, улмаар өөрийнхөө үхлийг урьдчилан таамаглаж буйгаар үйл явдлыг харуулна. Романы хүүрнэгч Максим Максимитчийн өгүүлж буйгаар Азамат Казбичийн мориор наймаалцах гэж Печорины төлөө Черкесийн үзэсгэлэнтэй гүнж Белаг хулгайлдаг. Максимын тайлбарласнаар, Печорин Белаг өвөртөө хийхийн тулд шаргуу ятган сэнхрүүлж, эцэст нь Белаг эзэмддэг. Белатай хэсэг хугацаанд хамт амьдарсны дараа Печорин өөрт нь эрх чөлөө хэрэгтэй гэдгийг тайлбарлаж эхэлдэг бөгөөд Бела ч үүнийг нь анзаарч, орхиод явчих бий гэж айж эхэлдэг.

 Бела өөрийгөө Печоринд бүрэн зориулдаг боловч тэрээр өөрийгөө түүний боол биш, харин Черкес овгийн ахлагчийн охин гэж хэлээд мөн хэрэв өөрт нь хайргүй юм бол явах хүсэлтэй буйгаа илэрхийлдэг. Максим Белагийн сэтгэлийг ойлгож байгаа нь түүнийг Печорины зорилгод эргэлзэхэд хүргэдэг. Печорин бүсгүйд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрч, түүний төлөө үхэхэд бэлэн байгаа ч тэрээр тогтворгүй зүрх сэтгэлтэй, ханашгүй дур хүсэлтэй учир амьдрал нь өдрөөс өдөрт хоосорч байгааг хүлээн зөвшөөрдөг. Түүнд ганцхан эмчилгээ байгаа нь аялан явж, сэтгэл зүрхээ амьд байлгах явдал гэж Печорин боддог. Гэсэн хэдий ч Белаг түүний дайсан Казбич хулгайлж, Бела үхлийн шарх олсны дараа Печорины зан араншин өөрчлөгдөнө. Хоёр өдөр шархны өвдөлтөндөө дэмийрсэн Бела Печорины талаарх мэдрэмж болоод сэтгэлийнхээ айдсыг ярихад, шархдсанаас хойш түүний дэргэдээс холдоогүй Печорин алдалгүй сонсож байдаг. Хүүхнийг үхсэний дараа, Печорин өвдөж, тураад, бусадтай харьцахаа больдог. Максимтай дахин уулзсаны дараа тэрээр хүйтэн хөндий, нийгмийн эсрэг үйлдэж, хүмүүстэй харилцах сонирхолгүй болоод сэтгэлийн гүн хямралд орсноор тайлбарлагддаг. Тэрээр удалгүй Персээс буцах явах замдаа нас бардаг буюу хэзээ ч эргэж ирэхгүй гэдгээ урьдчилан хүлээн зөвшөөрдөг билээ. 

Печорин өөрийнхөө хувийн шинж чанарыг өөрийгөө сүйтгэгч гэж тодорхойлдог бөгөөд хүний ертөнцөд байгаа өөрийнхөө зорилгыг ойлгодоггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүний уйтгартай амьдрал, хоосон сэтгэл нь түүнийг боломжит бүхий л таашаал, мэдрэмжинд толгой мэдүүлэхэд хүргэдэг агаад удалгүй энэ бүхэн түүнтэй холбоотой болгоныг сүйрэлд хүргэдэг. Тэрээр үүнийг Вера, Грушницкий нарын хамт ухамсарлаж эхэлдэг бол Белатай хамт туулсан эмгэнэлт явдал нь түүний сэтгэл хөдлөлийг бүрэн сүйрэлд хөтөлнө. Үүний дараа болон Грушницкийтэй хийсэн ирүүлийн дараа ч түүний зовсон сэтгэлээс түүнийг өөрөөрөө байгаа гэж үзэж болно. Гэвч үнэндээ тэрээр үйлдлээсээ болж зовж шаналж байна. Гэсэн хэдий ч түүний олон үйлдэл өөрөөс нь хийгээд тохиолдлын байдал мэт уншигддаг. Печорин маш оюунлаг хүн учир энэ нь хачин санагдах агаад түүний үйлдлүүд яагаад тохиолдлын байдаг талаар буюу түүний үзэж буйгаар энэ бол хувь заяа гэсэн дүгнэлтийг бид романы сүүл хэсгээс уншина. Тэрээр өөрийнхөө дур зоргийн зан авирыг ухааныхаа доод рефлекс биш харин хувь тавилан гэж үздэг. Печорин өөрийнхөө үйлдэл бүрийг бусдын амьдралд дарамт болж, өөрийг нь улам бүр сэтгэлийн шаналалд автахад хүргэж буйд зовж байна. 

ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ. Печорин бол ёс суртахууны ялзралд автсан хувь хүн юм. Тэрээр эргэн тойрныхоо хувь хүмүүсийн сул талыг ашиглаж, тэдний нөхцөл байдлыг дордуулахад хүргэнэ. Белаг өөрийн болгохын тулд тэрээр Азаматын муу чанарыг өөгшүүлдэг. Роман эхэлж байхад жижиг гарын хулгайч байсан Азамат романы төгсгөлд оргодол болсон байна. Печорин мөн гүнж Мэрийг завхруулдаг буюу уншигч гүнжтэй анх танилцахад, тэрээр амиа бодогч боловч цэвэр ариун байдаг. Печорин түүний гэнэн бөгөөд бардам чанарыг ашигладаг. Печорин түүнийг ашиглаж дууссаны дараа гүнжийн нэр төр өмнөх шигээ цэвэр ариун биш болсон байдаг. ХАЙР. Печорины хайрын мэдрэмж этгээд юм. Тэрээр хайр сэтгэлийг нь мөн хайр сэтгэлээр хариулах хүртэл тухайн эмэгтэйгээ хайранд умбуулдаг ба тэд түүнд өөрсдийгөө бүрэн зориулж эхлүүт л тэрээр уйтгарлаж, хөндийрч эхэлдэг. Вераг бүрэн эзэмших боломж хэзээ ч түүнд олддоггүй учраас  Вера түүний сэтгэлийг татсаар байдаг. Печорин Вера хоёрын хооронд ямар нэгэн холбоо бий болохоос өмнө нөхөр нь түүнийг аваад явдаг билээ. Вера хэзээ ч хүршгүй бөгөөд ингэснээр Печорины хамгийн хүсэмжит хайр болж байна. Печорины оюун ухаанд хайр гэдэг сорилттой ижил утгатай юм. Печорин нь хайрын тухай ийм ойлголттой цор ганц дүр биш ба гүнж Мэри чухам Печорины энэ занд нь татагдан дурладаг. Гүнж олон шүтэн бишрэгчидтэй хэдий ч өөрийг нь магтаж, анхаарал тавихаас татгалздаг хүнийг хүсэмжилдэг. 

НӨЛӨӨЛӨГЧ.  Печорин бол романд орших мастер нөлөөлөгч юм. Тэрээр Азамат, Бела, гүнж Мэри, Грушницкий болон бусад олон дүрүүдэд нөлөөлдөг. Тэрээр өөрийгөө уй гунигаас гаргахын тулд төлөвлөгөө зохиодог. Тэрээр жүжгийн зохиолчийн дүрд хувираад дүрүүдэд нөлөөлөх замаар шуугиантай үйл явдлын гинжин хэлхээ бий болгодог. Тэр Грушницкийг хөнөөчихөөд "үзүүлбэр төгслөө" гэж хэлдэг. Бусад дүрүүд ч гэсэн нөлөөлөх үйл явдалд оролцдог. Таман дахь залуу хүүхэн Печориныг далай руу уруу татан авчраад живүүлэх шахдаг бол Грушницкий болон морин цэргийн ахмад Печориныг ирүүлд татан оруулахаар төлөвлөдөг. НӨХӨРЛӨЛ. Печорин өөрийгөө хүмүүсээс маш хурданаар холдуулдаг агаад өөрийгөө нөхөрлөх чадваргүй гэдэгт итгэдэг учир хүмүүсийг найз нөхөр гэхээсээ илүүтэй танил хүмүүс гэж нэрлэдэг. Нөхөрлөлийн хүрээнд нэг нь үргэлж нөгөөгийнхөө боол байдаг гэдэгт тэрээр итгэдэг бөгөөд тэрээр захирах юмуу захирагдахыг хүсдэггүй. Тэрээр Максимтай дахин уулзахдаа хөгшин офицертой хүйтэн хөндий харьцдаг. Печорины зан авир Максимийн сэтгэлийг шархлуулдаг. Печорин Вернертэй ч илүү дээр харьцдаггүй буюу Вернерээс салж явахдаа тэрээр ямар ч сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг үзүүлдэггүй. Грушницкийн тухайд бол Печорин бүр ч их харгис байдаг; тэрээр Грушницкийд нөлөөлж, дараа нь залуу эрийн аминд хүрдэг.

 ГЭНЭН СЭТГЭЛ. Печорин 25 настай ч гэсэн өөрийгөө залуу хүн гэж мэдэрдэггүй. Түүний залуу нас, гэнэн цайлган чанар нь аль эрт үгүй болсон гэж мэдэрдэг. Тэрээр өөрөөсөө дөнгөж л 4 насаар дүү Грушницкийн дэргэд хамаагүй илүү туршлагатай байдаг бөгөөд Печорин Грушницкийн гэнэн сэтгэлийг ашигладаг буюу Грушницкийн залуу залуу насны итгэл үнэмшил хийгээд хүсэл тэмүүллийг ашиглана. Печорин мөн гүнж Мэригийн гэнэн сэтгэлийн ашиглахдаа эмэгтэй хүнийг урхидах арвин туршлагаа, мөн хүний мөн чанарын талаарх мэдлэгээ ашигладаг. Печорин бол олон талаараа цус сорогч агаад тэр романд орших залуу насны амьдралыг сорж авдаг. Тэрээр Грушницкийн амьдралыг авч, гүнж Мэрийг бие махбодь хийгээд сэтгэл санааны хувьд доройтуулдаг. 

ЭРХ МЭДЭЛ. Печорин эл романы эрх мэдлийг атгадаг боловч хүчтэй дайснуудтай учирдаг. Романд Казбич айдас төрүүлэм, ухаалаг овгийн ахлагч гэж дүрслэгддэг хэдий ч Печорин түүний амархан мангартуулдаг. Таман дахь залуу хүүхэн  Печориныг алахад тун ойрхон байдаг ч Печорин хүүхнээс илүү хүчтэй байсан тул өөрийг нь далай руу шидчихдэг. Гүнж Мэри мөн Печориныг зальдах гэж үзээд бүтэлгүйтдэг бөгөөд тэрээр хүүхний үйл хөдлөлийг нэвт харж байдаг. ӨРСӨЛДӨӨН. Өрсөлдөөн бол эл романы салшгүй нэг хэсэг юм. Казбич, Печорин хоёр хоёулаа Белад дурладаг боловч Печорин шударгаар тоглодоггүй. Печорин Белаг хулгайлснаар Казбичид хүүхний зүрх сэтгэлийг эзэмдэх боломж олддоггүй. Казбичид Белагийн сэтгэлийг татах дахин нэг боломж гарсан ч бүтэлгүйтдэг буюу Бела офицерүүдэд хашгиран дохио өгснөөр Казбичид хулгайлагдахаас аврагддаг. Казбич Печориныг ялахын тулд зугтахаасаа өмнө Белаг хутгалдаг билээ. Печорин, Грушницкий хоёр мөн л өрсөлддөг бөгөөд ялагч нь Печорин юм. Тэрээр гүнжийн зүрх сэтгэлийг эзэмдэж, Грушницкийн амьдралд үймээн самуун үүсгэдэг ба Грушницкий өшөөгөө авахыг хүсдэг боловч Печорины оронд өөртөө хор хүргэдэг бөгөөд Грушницкий Печориныг алахаар зохицуулагдсан ирүүлд амиа алддаг билээ.

Comments

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

Post a Comment