Жэк Лондон "Онгон байгалийн дуудлага"

 




"Онгон байгалийн дуудлага". 1903 онд хэвлэгдсэн Америкийн зохиолч Жэк Лондоны бичсэн адал явдалт бэсрэг роман. Уг бүтээлийн суурь дэвсгэр 1890-ээд оны үед Клондайкийн алтны халуурлын үеэр хүчирхэг чарганы нохой тун эрэлттэй байсан Канадын Юкон хотыг харуулсан ба романы үйл явдал Калифорнийн Санта Клара хөндийн нэгэн ферм дээрх Бек нэртэй нохойг хулгайлаад Аляскад чарганы нохой болгон зарснаар эхэлнэ. Бек хатуу ширүүн орчинд аажмаар анхдагч, зэрлэг болохын сацуу амьд үлдэхийн тулд тэмцэж, бусад нохдыг ноёлохоос өөр аргагүйд хүрнэ. Эцэст нь, Бек соёл иргэншлээс холдож, зэрлэг байгальдаа удирдагч болон гарч ирэхийн тулд анхдагч зөн совин, туулсан туршлагадаа найддаг. Лондон Юконд бараг нэг жил амьдрахдаа ажиглалт, судалгаанаас номынхоо ихэнх материалийг бүрдүүлжээ. Энэ романыг 1903 оны зун "The Saturday Evening Post" сэтгүүлд цувралаар нийтлүүлсэн багөөд тэр жилдээ ном болгон хэвлүүлсэн. Уг ном Лондонд асар их амжилт, нэр хүндийг авчирсан. Аль 1923 онд энэхүү бүтээлийг кино болгож байснаас хойш олон удаа кино болж гарчээ. 

ҮНДСЭН САНАА. "Онгон байгалийн дуудлага" романд соёлжсон, ёс суртахуунтай хуучны Бек хүйтэн хойд нутгийн хатуу ширүүн бодит амьдралд дасах зохицохын тулд өөрчлөгдөж буй тухай өгүүлдэг. Алах эсхүл алагдах нь Клондайкийн нохдын цорын ганц ёс суртахуун гэдгийг Бек завинаас буугаад найз Курлигийнхаа харгис үхлийг харах мөчөөс эхлэн ухаардаг. Зэрлэг байгаль гэдэг хүчтэй нь л амжилттай байдаг хэрцгий, хайхрамжгүй ертөнц бөгөөд энэ нь төгс Дарвины ертөнц гэж хэлж болох ба Лондоны дүрслэл бол дэлхий дээрх амьдралын хөгжлийг тайлбарласан хувьслын онолыг дэвшүүлсэн Чарльз Дарвины онолд тун их өртэй мэт. Дарвины онолыг тодорхойлоход голдуу хэрэглэгддэг нэр томьёог хэдийгээр Лондон ашиглаагүй ч "хамгийн дасах зохицох чадвартай нь амьд үлдэнэ" гэсэн хэллэг Бекийн туршлагыг төгс илэрхийлжээ. Хуучинд, аятай тухтай ертөнцөд тэрээр ёс суртахууны үүднээс амьдралаа золиослож болох боловч; энэ нөхцөлд тэрээр амьд үлдэхийн төлөө ийм бодол санаагаа орхиж байна. Гэвч Лондон амьд үлдэхийн төлөөх тэмцлийг романыхаа үндсэн сэдэв болгоод ханасангүй: харин түүний баатар илүү өндөр зорилго өөдөө тэмүүлдэг буюу ноёлохын төлөө тэмцдэг. Уншигчид энэхүү тэмцлийг Бекийн Спицтэй хийх зөрчил, Бекийн зорилго сүргийн тэргүүн нохой болж байгаагаас, мөн романы төгсгөлд тэрээр замдаа чонын сүргийн манлайлтай тулалдаж буйгаас харж болно. Бек зүгээр л амьд үлдэхийг хүсдэггүй; тэр Спиц зэрэг өрсөлдөгч ноход шигээ ноёрхогч болохыг хүсдэг. Лондоны хүүрнэлээр тэмдэглэгддэг энэхүү ноёрхлын хүслээс бид 19-р зууны сүүл үеийн Германы философич Фридрих Ницшегийн нөлөөг харж болно. 

Ницшегийн үзлээр ертөнцийг эзэд буюу "чаддаг болох хүсэлд" автагсад болон боолууд буюу дээрх хүсэлд үл автагсад гэсэн хоёр янзын хүмүүсээс бүрдэнэ. Ницше энэ санаагаараа амьтдыг зүйрлэн ашигладаг ба эзэд буюу ноёрхогчдыг "цайвар үст араатан", "махчин шувууд" зэргээр харьцуулж, харин боолуудыг хонь болон бусад сүргийн хөхтөн амьтадтай харьцуулдаг байв. Лондоны Бек бол баатарлаг хүч чадал, ноёрхогч болох догшин хүслээрээ Ницшегийн ноёрхогчид болох Наполеон Бонапарт, Юлий Цезарь нарын нохойн хувилбар юм. Бек бол нэг ёсондоо ёс суртахуун дутмаг зэрлэг амьтан боловч Лондон Ницше шиг уншигчдаас энэхүү догшин байдлыг талархан хүлээж авахыг хүсч байна. Түүний бүтээлд хүн, араатан хоёрын алинд ч эзнийхээ төлөө тулалдаж, ялахаас илүү хувь тавилан үгүй ажээ. Бек зэрлэг байгальд нэвтэрч орохдоо, амьд үлдэхийн тулд олон тооны сургамж авах ёстой бөгөөд тэр сайн ч сурч чаддаг. Гэвч уг роман нь түүний хүйтэн хойд нутагт амжилттай байх нь зөвхөн зэрлэг байгальд суралцах явдал биш гэдгийг харуулдаг; чухамдаа Бек нохойг соёл иргэншсэн амьтад болгосноос хойш дарагдаж үгүй болсон өөрийнхөө зэрлэг өвөг эцгийнхээ эзэмшиж ирсэн эртний зөн совин ба ой санамжаа аажмаар сэргээсэн явдал юм. Бект тохиолдсон зүйлийн техникийн нэр томьёо нь атавизм буюу орчин үежсэн амьтанд алс эртний өвөг дээдсийг нь тодорхойллдог шинж чанарууд дахин гарч ирэх явдал болно. Лондон уг сэдэв рүү ахин дахин эргэж орж, Бек романд өгүүлсэнчлэн бүх нохдын адилаар зэрлэг амьдралын хэв маяг руу "ухарч" буйг байнга сануулдаг. 

Хүмүүс амьтны арьс өмсөж, агуйл амьдарч байсан хийгээд зэрлэг байгальд өвөг эцэг нь олзоо агнаж байсан эртний ертөнцийг Бек үе үе төсөөлөн хардаг. Түүний өвөг эцэгтэйгээ холбогдсон онцлог шинж зөн совингоос илүү, энэ бол ид шидийн шинж чанартай зүйл юм. Хүчирхэг мэт санагддаг соёл иргэншсэн ертөнц нь нимгэн гадаргуунаас өөр юу ч биш болж, гадаргууны доор унтаа байсан эртний зөн совин нь маш түргэн илчлэгдэж байна. Бек онгон байгалийн дуудлагыг сонсдог бөгөөд Лондон зөв нөхцөл байдалд бид ч мөн үүнийг сонсож магадгүй болохыг илэрхийлжээ. Бекийн толгойлж буй хоёр амьдрал эрс ялгаатай боловч энэхүү ялгаа нь романы туршид зөрчилдөхгүйгээр өнгөрдөггүй. Бекийн шүүгч Миллертэй өнгөрүүлсэн амьдрал тайван, сорилгүй байдаг бол зэрлэг байгаль түүнд харгис, хэрэгцээт амьдралыг мэдрүүлдэг. Хэдийгээр эдгээр хоёр амьдралыг туйлын эсрэг тэсрэг гэж үзэх нь сонирхолтой байх боловч романы төгсгөл хэрд гарах үйл явдлууд зэрлэг болон соёл иргэншлийн аль алинд нь нийгмийн код, шатлал, мөн түүнчлэн хуультай байдгийг харуулж байна. Жишээлбэл, Бекийн нэгдэж буй сүрэг анархи биш; хамгийн хүчирхэг нохойд өгдөг тэргүүлэх нохойны албыг хүсдэг. Тэргүүлэх нохой нь сүргийн өмнөөс шийдвэр гаргадаг, манлайллын өвөрмөц хэв маягтай; Бек Спиц хоёрын сөргөлдөөний гол шалтгаан бол Бек хүчирхэг нохой биш алдар нэр багатай, захын нохдыг талд байдаг агаад Бек сүргийн цөөнхийн эрхийг хамгаалдаг. Соёл иргэншсэн болон соёл иргэншээгүй ертөнцийн дэг жур мэдээжээр эрс ялгаатай байдаг; зэрлэг байгальд олон зөрчилдөөнийг ухамсартай эрэгцүүллээр бус цус тулаанаар шийддэг. Гэвч энэ хоёр ертөнцөд чухал нэг зүйл бий, тэр нь ертөнцийн тогтоосон дүрмийг ойлгож бас дагаж мөрдөх бөгөөд эдгээр дүрэм зөрчигдсөн үед л бид жинхэнэ зэрлэг, үл хүндэтгэсэн амьдралыг олж харна гэж романд өгүүлж байна. 

Мерседес, Хал, Чарльз нар зэрлэг байгальд орохдоо амьд үлдэхийн тулд дагаж мөрдөх ёстой дүрмүүдийн талаар бага ойлголттой байдаг ба тэдний хоол хүнсээ зөв зохицуулах чадваргүй байдал, ямар ч хэрэггүй буу, хутгандаа найдаад, нохдынхоо зовлонг үл тоомсорлодогоос тэд зэрлэг байгалийг ойлгодоггүй эсхүл зориуд үл тоомсорлож буйг гэрчилнэ. Үүний үр дүнд зэрлэг байгаль нь тэдний үйлдлийн хариу үр дагаварыг үзүүлдэг. Тэд зэрлэг байгалийн оршин суугчдын нэг Жон Торнтоноор дамжиж ирсэн сэрэмжлүүлгийг үл тоомсорлосноос болж багаа тогтворгүй мөсөн дээгүүр явуулж үхэлд хүргэдэг билээ. Романд, зэрлэг байгаль эмх замбараагүйтэл хийгээд хорон санааг зөвшөөрдөггүй, гэхдээ түүнээс дутахааргүй хатуу нийгэм, байгалийн дэг журмыг тогтоодог гэжээ. Бек зэрлэг байгальд ирэхэд түүний анхдагч зөн совин тэр даруй сэрдэггүй, харин түүнийг дасан зохицоход гадны тусламж шаардлагатай байдаг. Уг тусламж нь соёл иргэншлээс гадуурх ертөнцийг захирч буй нэн өөр дэг журмыг ойлгохын сацуу үүний нэг хэсэг болсон сүргийг дэмжсэнээр ирдэг. Тухайлбал, Дэйв, Сол-лекс гэх арай ахмад ноход Бект чарга чирэх нарийн ширийнийг зааж өгдөг билээ. Цаашилбал, бүлгийн гишүүд хүмүүст үйлчилдэг ч ажлаараа бахархдаг ба аялал амжилттай болох бүрт өөрсдөдөө баяр хүргэдэг. 

МОТИФ. Амьдрал ба үхлийн тулалдаанууд нь "Онгон байгалийн дуудлага" романы хүүрнэлийг тодотгож, Клондайк дахь амьдралын аюулыг сануулдаг боловч хамгийн чухал нь Бек шинэ орчинд аажмаар нэгдэн орж буйг илтгэнэ. Бек хойд нутагт анх ирэхдээ Курли хэмээх нөхөрсөг нохой зэрлэгээр алуулж буйг хардаг агаад удалгүй өөрийгөө Спицтэй өрсөлдөж буйгаа олж мэддэг бөгөөд тэд тулалдаж, тулаанаас Бек л амьд гарч ирдэг. Энэ ялалтаараа өөрийгөө ноёрхогч нохой гэдгээ баталсан Бек баавгай, хандгай, эцэст нь хүмүүстэй тулалдаж үргэлжлүүлэн өөрийгөө батлах ёстой. Бек Жон Торнтоныг хөөнөсөн Йехат гэх индианыг алахдаа амьдралынхаа төлөө анх удаа хүн төрөлхтний эсрэг тэмцдэг, энэ нь түүний зэрлэг байгальд ууссаны хамгийн сүүлчийн баталгаа юм. Эл романы нэг чухал сэдэв бол "атавизм" буюу амьтны (энэ тохиолдолд Бек) зэрлэг өвөг дээдсийнхээ зөн совингоо сэргээх явдал юм. Бекийн хувьд уг сэргээлт нь түүний анхдагч өнгөрсөн үеийнх нь ахин дахин үзэгдэх төсөөлөлтэй холбоотой ба энэ нь ихэвчлэн шөнөөр түүдэг галын дэргэд хэвтэж байхад нь тохиолддог. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг амьтны арьс нөмөрсөн, харанхуйгаас сэрэмжилдэг эртний хүмүүс гэж хардаг бөгөад өөрийгөө эртний ойд олзоо агнаж буй зэрлэг амьтан гэж төсөөлдөг. Эдгээр үзэгдлүүд нь түүнийг өвөг дээдсийнхээ замд эргэн орж, өөрийг нь зэрлэг амьтан болох хувь тавиланд нь ойртуулдаг. 

СИМБОЛ. Мерседес чаргандаа маш их зүйл ачдаг тул ноход чаргыг татах боломжгүй болдог; дараа тэр өөрөө чарган дээрээ суугаад улам хүндрүүлдэг. Бүх эд хөрөнгөө өөртэйгөө хамт байлгахыг хүссэнээрээ тэрээр аливаа зүйлийн үнэт нь шууд ашиг болдогт оршдог зэрлэг байгаль ба тухайн зүйлийн үнэт нь эзэмшигчийнхээ баян тарганыг бэлгэддэг соёл иргэншил гэсэн хоёр ялгааг онцолж байна. Зэрлэг байгальд эд хөрөнгө, хэрэглээний зүйлс хэрэггүй ба Мерседес үүнийг ухаарч чадаагүйгээс болж ачаа нь хэтэрсэн чаргыг мөсөн дээр гаргасанаар өөрийнхөө үхлийг дууджээ. Романы төгсгөлийн бүлгүүдэд Бек өөрийг нь хүн төрөлхтөнөөс холдуулагч зэрлэг байгалийн амьдралын дуудлагыг мэдэрдэг. Түүнийг явахад нь саад болж, хүмүүний ертөнцтэй холбоотой байлгадаг цорын ганц зүйл бол Жон Торнтоныг хайрлах хайр юм. Йехат индиан Торнтоныг алахад Бекийн хүн төрөлхтний сүүлчийн хэлхээ холбоо тасарч, Йехат руу чөлөөтэй дайрч, хэд хэдэн индианыг алдаг. Хүн рүү дайрах нь Бекийн хувьд огт санаанд багтамгүй зүйл байсан бөгөөд ингээд түүний хүсэл эрмэлзлэл нь өөрийнх нь өөрчлөлт бүрэн дууссан буюу зэрлэг байгалийг жинхэнэ утгаар нь хүлээн авсныг бэлгэддэг.

Comments