"Франкенштейн". Английн зохиолч Мэри Шеллигийн 1818 онд бичсэн роман. Уг романд, уламжлалт бус шинжлэх ухааны туршилтаар оюун ухаантай амьтан бүтээсэн залуу эрдэмтэн Виктор Франкенштейний тухай өгүүлдэг. Шелли энэ зохиолоо 18 настайгаасаа бичиж эхэлсэн гэдэг бөгөөд 1818 оны 1-р сард 20 настай байхдаа Лондонд нууц нэрээр анх хэвлэн нийтлүүлж байжээ. 1821 онд Парист хэвлэгдсэн хоёрдахь хэвлэлд анх удаагаа жинхэнэ нэрээр нь гарчээ. Шелли 1815 онд Европоор аялж явахдаа Германы Рейн мөрний дагуу явж, хоёр зууны өмнө нэгэн алхимичийн туршилт хийж байсан Франкенштейн цайзаас 17 км зайд орших Герншеймд түр саатжээ. Дараа нь Шелли романыхаа ихэнх үйл явдал өрнөдөг Швейцарийн Женев руу аялсан. Галванизм болон Оккултийн талаарх яриа нь түүнтэй хамт аялагчид, ялангуяа түүний сэтгэлд залуу, хожмын нөхөр Перси Б. Шеллигийн ярианы гол сэдэв байв. 1816 онд Мэри, Перси болон Лорд Байрон нар хэн хамгийн сайн аймшгийн зохиол бичих вэ гэсэн уралдаан зохион байгуулсан аж. Хэдэн өдрийн турш бодсоны эцэст Мэри Шелли амьдрал бий болгож буй эрдэмтэний тухай төсөөлж эхэлсэн нь "Франкенштейн" бүтээгдэх үндсэн санаа болжээ. "Франкенштейн" романыг готик, романтик хөдөлгөөний элементүүдийг шингээсэн боловч мөн анхны шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол гэж үздэг бөгөөд өмнөх шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудаас ялгаатай нь гол дүр нь "санаатай шийвэр гаргаж", мөн гайхалтай амжилтад хүрэхийн тулд "лабораторид орчин үеийн туршилт руу ханддаг" гэж үздэг ажээ. Энэхүү бүтээл нь уран зохиол, нийгмийн соёлд үлэмж нөлөө үзүүлсэн ба аймшгийн зохиол, кино, жүжгийн жанрт шинэ төрлийг бий болгосон. Роман хэвлэгдсэнээс хойш "Франкенштейн" гэдэг нэрийг бүтээгч / эцэг гэхээсээ илүү мангасыг илэрхийлсэн буруу утгаар ашиглах болжээ.
ҮНДСЭН САНАА. Виктор хүн төрөлхтний хүлээн зөвшөөрөгдсөн хязгаарыг давж, амьдралын нууцад нэвтрэхийг оролддог буюу мэдлэгийг араас хөөцөлдөх нь уг романы гол цөм болдог. Үүний нэгэн адилаар Роберт Уолтон хойд туйлд очихын тулд хүн төрөлхтний өмнөх судалгааг давахыг оролддог. Энэхүү мэдлэгийн төлөөх харгис эрэлхийлэл нь аюултай болохыг Викторын бүтээл эцэстээ түүний хайртай хүн бүрийг устгаж байгаагаас, мөн Уолтон мөсөн давхаргын дунд хавчуулагдан өөрийгөө аюулд оруулж байгаагаас харж болно. Викторын мангасыг үзэн ядах сэтгэл өөрийг нь үхэл рүү хөтөлж байхад Уолтон Викторын жишээнээс мэдлэгт улайрах нь ямар их хор хөнөөлтэй байдгийг олж мэдсэнийхээ дараа үүрэг даалгавараасаа ухарч байна. Хувь хүний хязгааргүй сэтгэл хөдлөлийн туршлагын эх сурвалж болох романтизмаар дэмжүүлсэн байгалийн сүрлэг шинж юуны өмнө дүрүүдэд оюунлаг шинэчлэлийн боломжийг санал болгодог. Уильям, Жастин хоёрыг нас барсны дараа сэтгэл санааны хямралд орж, хариуцлагын гэмшилд автсан Виктор сэтгэл санаагаа сэргээхээр уулсыг зорьдог. Үүнтэй адилаар хүйтэн, орхигдсон аймшигтай өвлийн дараа хавар ирэхэд мангас зүрх сэтгэл нь хөнгөрч байгааг мэдэрнэ. Байгалийн сэтгэл санаанд үзүүлэх нөлөө романы туршид илэрхий харагддаг боловч Викторын хувьд хаашаа ч явсан мангас дагах болно гэдгийг ойлгох үед түүнийг тайвшруулах байгалийн хүч үгүй болж байна. Романы төгсгөлд, Виктор мангастай хөөцөлдөхдөө хэт автсан байх үед хойд туйлын цөлийн хэлбэрээр байгаль нь түүний мангастай хийсэн анхны тэмцлийг бэлгэдсэн суурь дэвсгэр болж хувирдаг. Мангас үйл явдлын төвд оршдог тул энэхүү сэдэв нь романыг бүхэлд нь хамарна. Найман фут өндөр, үзлийн муухай төрхтэй мангасыг нийгэм хүлээж авдаггүй ба түүний үзэшгүй аймшигтай төрх зөвхөн харагдах байдлаасаа ч бус мөн хулгайлсан биеийн хэсгүүд хийгээд хачирхалтай химийн бодисуудын холимог багтаан түүнийг амьдруулсан байгалийн бус хэв маяг нь өөрөө гаж зүйл билээ.
Мангас бол шинжлэх ухааны хамтын хүчин чармайлтаар бий болсон бүтээгдэхүүн биш харин харанхуй, ер бусын үйл ажиллагааны бүтээгдэхүүн юм. Мангас бол Викторын мэдлэгээ ашиглан бүтээсэн олон аймшигтай амьтдын романд тусгагдсан зөвхөн хамгийн нарийвчилан үзүүлсэн нь юм. Амбицтай, нууцлагдмал, хувиа хичээсэн зан чанар нь түүнийг хүний нийгмээс хөндийрүүлдэг тул Виктор өөрөө нэг төрлийн мангас гэж үзэж болох агаад гаднаасаа төлөв даруу нэгэн тэрээр эцэстээ бүтээлээ үзэн ядах сэтгэлд автсан учир дотроо жинхэнэ "мангас" бол тэр өөрөө байж болно. Эцэст нь, олон шүүмжлэгчид эл романыг олон төрлийн дуу хоолой, текст, түгшүүртэй үеийг хослуулсанаараа роман өөрөө мангас гэж тодорхойлсон байдаг. Виктор шинжлэх ухааныг судлах ёстой нууц гэж үздэг; нууцыг олж мэдсэнийхээ дараа соргогоор хамгаалах ёстой. Тэрээр Инголштадт уулзсан байгалийн философич М. Кремпийг үлгэр жишээ эрдэмтэн гэж үздэгээ "Бүдүүлэг, гэхдээ шинжлэх ухаанд гүн нэвтэрсэн хүн" хэмээх үгээрээ илтгэдэг.
Викторын амьдрал бий болгох хүсэл эрмэлзлэл бүхэлдээ нууцлагдмал бөгөөд түүний мангасыг хөнөөх хүсэл Уолтон түүхийг нь сонсох хүртэл нууц хэвээр үлддэг. Виктор ичгүүр, гэмшлийн улмаас нууцаа үргэлжлүүлсээр байхад мангас муухай төрх байдлаасаа болж нийгмээс тусгаарлагддаг. Уолтон хоёулангийнх нь хувьд наминчлагчийн үүрэг гүйцэтгэж, тэдний эмгэнэлт харилцаа Уолтоны захидалд мөнхөрдөг. Виктор үхэхийнхээ өмнөхөн бүхнээ наминчилдаг буюу амьдралыг нь сүйрүүлсэн аюултай нууцаасаа чөлөөлөгддөг, харин үүнтэй адилаар мангас Уолтоны оролцоог ашиглан хүмүүстэй холбогддог ба эцэст нь, хэн нэгэн хүн түүний өрөвдөлтэй оршихуйг ойлгож, өрөвдөх болно гэдэгт найддаг билээ. "Франкенштейн" бүтээл нь захидал, тэмдэглэл, тайлбар хийгээд номууд, заримдаа зүгээр л ишлэлүүдээр дүүрэн байдаг учир текстээр ханасан зохиол. Уолтоны захидлууд түүхийг бүхэлд нь хамардаг, харин Викторын түүх Уолтоны захидалд багтдаг бол мангасын түүх Викторынхтой таардаг. Янз бүрийн бичлэгүүд нь дүрүүдийн хандлага хийгээд сэтгэл хөдлөлийг тодорхой илэрхийлэл болдог тул энэхүү олон тооны текстүүд нь хүүрнэлийн бүтцийн чухал тал болдог. Хэл яриа нь мангасын хөгжилд асар их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тариачдыг сонсож бас ажигласнаар мангас ярьж, уншиж сурдаг ба энэ нь Викторын тэмдэглэлд дурдсанчлан түүний бүтээлийн зан авирыг ойлгох боломжийг олгоно. Хожим мангас хойд туйлд хөөцөлдөж явахдаа Викторт зориулж хаданд, модонд үг бичиж, байгалийг өөрийн бичгийн гадаргуу болгон хувиргадаг.
МОТИФ. Чухал феминист үзэлтний охины бичсэн роман гэхэд "Франкенштейн" нь хүчирхэг эмэгтэй дүрээс зайлсхийдэг. Энэ роман нь зовж шаналж, дараа нь үхдэг эмэгтэйчүүдээр дүүрэн байдаг: Каролин Бофорт бол өргөж авсан охиноо асран халамжлан өөрийгөө золиослоод үхдэг эх хүн бол Жастиныг гэм буруугүй байхад хүн амины хэргээг цаазилдаг: харин эмэгтэй мангасыг бүтээсэн Виктор түүнийг амьдруулдаг ч дараа нь хянах боломжгүйгээ ойлгоод үгүй хийдэг: тэгвэл тэвчээргүй, арчаагүй байдалд орсон Элизабет Викторыг эргэж ирэхийг хүлээж, эцэст нь мангаст алуулдаг. Виктор болон мангас хоёрын хор хөнөөлтэй бөгөөд автсан зан байдалд анхаарал хандуулахын төлөө Шелли эмэгтэй дүрүүдээ тун идэвхгүй болгосон гэж үздэг. Виктор болон мангас хоёулаа мангасын жигшүүртэй төрхийг мэдрэмж илэрхийлэх үед хөндөлтийн сэдэв дахин давтагддаг. Өөрийнхөө бүтээлийг анх харсан талаараа Виктор "Би түүнийг анх бодохдоо л шүдээ хавирч, нүд минь үрэвсэж, бодлогогүй бүтээсэн амьдралаа үгүй хийхийг чин сэтгэлээсээ хүссэн" гэж хэлдэг. Мангас ч мөн адил жигшүүрийг өөртөө мэдэрдэг: "Би өрөвдөлтэй, хаягдсан, алдаа" гэж хэлдэг. Тэд хоёулаа мангасын оршихуйд гашууддаг ба Виктор хэзээ ч бүтээлээ хийгээгүй байсан болоосой гэж хүсдэг. Энэ сэдэв Викторын бусад хүсэл эрмэлзлэл дээр ч харагддаг. Виктор эмэгчин мангасаа устгахдаа түүнийг амьд гарахаас сэргийлж, бүтээх үйл явцаа шууд зогсоодог.
СИМБОЛ. "Мөнхийн гэррлийн орноос юу хүлээж болохгүй вэ?" Гэж Уолтон
асуухдаа шинжлэх ухааны талаар өөдрөг үзэлтэй, итгэж үнэмшдэг болохоо
харуулдаг. "Франкенштейн" романд гэрэл нь нээлт, мэдлэг, соён
гэгээрлийг симболчилдог. Байгаль бол харанхуй нууцлагдмал, далд замуудтай, үл
мэдэгдэм механизмтай газар агаад эрдэмтдийн зорилго бол гэрэлд хүрэх явдал юм.
Гэрлийн аюултай, илүү хүчтэй үеэл бол гал юм. Мангасын галыг анх харсан мэдрэмж
нь галын хоёрдмол шинж чанарыг илчилдэг; гал шөнийн харанхуйд гэрэл үүсгэдэг ч
түүнд хүрвэл аюултай болохыг мангас сэтгэл догдлон олж мэддэг. Грекийн бурхан
Прометей хүн төрөлхтөнд галын тухай мэдлэгийг өгөөд үүнийхээ төлөө шийтгэл
хүлээдэг бол орчин үеийн Прометей болох гэж оролдсон Виктор шийтгэгдэх нь
гарцаагүй хэдий ч галаас ялгаатай нь түүний хүн төрөлхтөнд өгсөн
"бэлэг" нь амьдралын нууцын тухай мэдлэг байсан ба нууц хэвээрээ
үлдэж байна.
Comments
Post a Comment