Бяцхан тэнүүлч ууланд

 


The Gold Rush (1925). Английн мастер кино найруулагч Charlie Chaplin-н продюсерлэж, зохиолыг нь бичиж, найруулсан дуугүй комеди. Мэдээж гол дүрд Chaplin өөрөө тоглосон. Туслах дүрүүдэд; Georgia Hale, Mack Swain, Tom Murray, Henry Bergman, Malcolm Waite нар тоглосон. Chaplin Клондайкийн Алтны халууралтай холбоотой гэрэл зургуудаас гадна Сьерра Невадад цасанд дарагдаж, өлсөж үхэхгүйн тулд гутлаа, амь үрэгдсэн нэгнийгээ идэж байсан "Donner Party"-ийн эмгэнэлт түүхэн явдлаас киноныхоо санааг олж авчээ. Эмгэнэлт явдал хийгээд инээдэм хоёрын хооронд нимгэхэн хана байдаг гэдэгт итгэдэг байсан Chaplin сайхь аймшигт түүхийг комедитой хослуулахаар шийдсэн. Chaplin өөрийн алдартай Тэнүүлч дүрээ өвдөж, өлсөж, даарч, ганцаардан, хэзээ мөдгүй бор баавгайд бариулах магадлалтай ч эдгээр зовлон бэрхшээлийг даван туулах зоригтой, өөдрөг үзэлт алт хайгч болгохоор шийдсэн. "The Gold Rush" кинонд гутлаараа хоол хийж идэж байгаа, ороомогтой бүжиг, өлссөн найз нь түүнийг тахиа болгон харж байгаа гэх мэт Chaplin-н хамгийн алдартай хэсгүүд багтсан.

Гэхдээ зарим хүмүүс Buster Keaton-н илүү амархан ойлгогддог формализмын улмаас Chaplin-г дутуу үнэлдэг байсан авч Chaplin-н орон зайг эзэмших чадвар, тусгай эффектийн шинийг сэтгэх ур, сентименталыг комедитой хослуулах хосгүй шинжийг харахын тулд "The Gold Rush" шедеврийг үзэхэд хангалттай. Chaplin-н хомсдол, ганцаардал, хүсэл тэмүүллийн талаарх эл кино нь кино урлагийн түүхэнд төдийгүй түүний хамгийн инээдтэй, хамгийн урт настай киноны нэг болж байна. Энэ бүтээлгүйгээр хожмын Jacques Tati--аас Billy Wilder хүртэлх комеди жанрын мастеруудыг төсөөлөх аргагүй билээ. 2012 онд Sight & Sound сэтгүүл найруулагчдын дунд явуулсан санал асуулгаар эл киног хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 91-р байрт жагсаасан бол Entertainment Weekly бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 кино жагсаалтдаа 97-р байрт жагсаасан. Харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 93-р байрт эрэмбэлээд байна.

  Chaplin 1924 оны эхээр Калифорнийн Траки хотын ойролцоо кинондоо зориулан олон зураг авалт хийсэн хэдий зөвхөн киноныхоо нээлтийн хэсгийг нь л хадгалж үлдсэн. Хоёр долоо хоногийн турш кино багийнхан Сьерра Невадагийн цастай нутаг дэвсгэрт орших Траки хотод зураг авалт хийжээ. Энд Chaplin Чилкут даваагаар өгсөж буй хайгуулчдын түүхэн дүрслэлийг сэргээхийг хүссэн бөгөөд олны хэсэгт 600 орчим хүн тоглуулсан. Киноныхоо үлдсэн хэсгийг тэрээр Холливуудын студид авсан буюу Клондайктай адилхан тайз зассан аж. Chaplin 1924 оны 11-р сард Lita Grey-тэй гэрлэж, шинэхэн эхнэр нь анх эмэгтэй гол дүрд тоглох ёстой байсан авч жирэмсэн болсон тул Georgia Hale түүнийг орлосон. Харин Lita Grey олны хэсэгт тоглосон байна. "Unknown Chaplin" баримтат кинонд өгүүлснээр, зураг авалтын үеэр Chaplin, Lita хоёрын гэрлэлт сүйрсэн гэж Georgia мэдэгдсэн; киноны анхны хувилбарын төгсгөлийн сцэнд Chaplin, Georgia хоёр үнсэлцдэг нь тэдний бодит харилцааны тусгал байсан гэжээ.

  Критикч Mordaunt Hall; "Энэ бол яруу найраг, эмгэнэл, сайхан сэтгэлийг шуурга, бүдүүлэг байдалтай холбосон комеди. Энэ кино "The Kid", "Shoulder Arms" зэрэг баяр баясгалантай сод бүтээлүүдээс ч илүү оригинал, бодлогошруулсан чанараараа Chaplin-н бүхий л кинонуудаас хамгийн гайхалтай эрдэнэс нь". Японы домогт кино найруулагч Akira Kurosawa уг киног өөрийнхөө хамгийн дуртай кинонуудын нэг гэсэн байдаг. Variety сэтгүүл "The Gold Rush" киног хамгийн шилдэг бас хамгийн нарийн бодож боловсруулсан комеди гэсэн байдаг; мөн "The Birth of a Nation" кино драматик ангилалд олон өрсөлдөгчийг сөрөн зогсож чадаж байгаа шиг "The Gold Rush" ч ялгаагүй олон жил өөрийн салбартаа хамгийн том хит нь хэвээр байх болно гэж бичжээ. Chaplin-н намтар бичигч Jeffrey Vance "The Gold Rush" киног Chaplin-н дуугүй эринд хийсэн хамгийн агуу бүтээл нь гэсэн байдаг. Мөн тэрээр бичихдээ; "Энэхүү кино бол түүний хамгийн агуу, бас хамгийн амбицтай дуугүй кино гэдэг нь маргашгүй; "The Gold Rush" тухайн цаг үедээ хамгийн өндөр өртгөөр бүтсэн комеди киноноос гадна хамгийн урт комеди байсан. Уг кинонд Chaplin-н хамгийн алдартай комеди үзэгдлүүд багтсан; тухайлбал, талхан ороомогтой бүжиг, гутлаа чанаж идэх, хадан дээр савлах кабин гэх мэт болно. Гэхдээ энэ киноны агуу чанар зөвхөн комеди үзэгдлүүдэд нь бус харин эдгээрийг дүрд суурилсан хүүрнэлд бүрэн цогцлоосонд оршино. Chaplin нэгэнтээ энэ киногоороо л дурсагдахыг хүснэ гэж хэлж байсан".

  Тухайн үед The New Yorker сонин киноны драматик элементүүд Chaplin-н танил болсон бүдүүлэг хошигнолтой тийм сайн зохицохгүй байна гэж сөргөөр шүүмжилж байлаа. 1942 онд Chaplin "The Gold Rush" киноныхоо шинэчилсэн хувилбарыг гаргасан ба 1925 оны анхны дуугүй хувилбарыг өөрчлөхдөө шинэ хөгжим бичиж, өөрөө хүүрнэл хийж оруулснаас гадна эвлүүлгийг чангатгасан нь киноны үргэлжлэл хугацааг хэдэн минутаар богиносгожээ. The New Republic сэтгүүл: "Та Chaplin суут ухааны үр дүн болсон тун онцгой зүйлсийг харж байгаа ч тодорхойлж чадахгүй. Энэ бүхэн абсурд зүйлсээс эхэлдэг; бүжигчиний хөл нь хоёр талхан ороомогоор дүрслэгдсэн, хагас нь хадан цохион дээр хагас хадан цохионы гадна байх кабин, гутлаар хийсэн хоол. Гэвч Chaplin-н пантомим нь абсурдыг хүний сэтгэлээр утга учиртай болгон өөрчилдөг; ороомог бүжигчиний зан чанараар амь орж, ад болсон кабин сэтгэл хөдөлгөм бодит байдал болж, харин гуталт юу тохиолдож байгаа итгэмээргүй. Абсурдыг бодитой, туйлын ач холбогдолтой болгосон ба энэ л чухам Chaplin-н танд мэдрүүлэхийг хүссэн сэтгэл хөдлөлийн газар юм".

"The Gold Rush" киног та умгар өрөөндөө жижигхэн дэлгэцээр үзэж байсан ч энэ нь нийтлэг мэдрэмж төрүүлдэг, учир нь, "The Gold Rush" бол дэлхий даяарх анхны соёл гоц үзэгдэл байсан ба ер бусын удаан моодонд байгаа кино. Тантай эгээ л адилхан дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчид, жишээлбэл, тансаг театрт үзэж байгаа хүмүүсээс ядуусын хорооллын үзэгч, тэр ч байтугай хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр үзэж байгаа нэгэн юмуу модноос даавуу өлгөөд проектороор үзэж байгаа тэр хүн ч энэхүү бүтээлийг үзээд инээж, бас битүүхэн гуниглана. Уг киноны хошигнол, яруу найраглаг чанар соёл хийгээд түүхийн хил хязгаараас давсан ба энэ бүтээлд цаг хугацаа үйлчилдэггүй. Кино Англид нээлтээ хийхэд BBC радио нээлтийн үеэрх үзэгчдийн инээлдэж байгааг шуугианыг арван минутын турш цацсан бол Берлинд нээлтээ хийхэд талхан ороомогтой хэсэг үзэгчдэд тун таалагдсан тул сайхь хэсгийг ахин дахин тоглуулсан гэдэг; кино урлагт ийм тохиолдол өдрийн од шиг ховор билээ.

Жижигхэн, гэнэн цайлган, асуудалд орсон, романтик, хайхрамжгүй, сэргэлэн, идеалист Тэнүүлч хүн болгоны дотор амьдардаг болов уу. Chaplin ийм Тэнүүлчийг хэзээ ч харгис, түрэмгий байдлаар үзүүлж байсангүй, харин үргэлж хүмүүсийн сайн сайхны төлөө ярьдаг нэгэн болгон үзүүлсэн. 1925 онд, Францаас Хятад хүртэл дэлхийн дээрх хамгийн алдартай хүн Chaplin байсан гэвэл хилсдэхгүй. Түүний Тэнүүлч дүр 1914 оны "Kid Auto Races at Venice" кинонд нь анх гарч эхэлсэн гэж үздэг. Тухайн үед Keystone кино компаниас долоо хоногт $150 доллар авдаг байсан Chaplin гурван жилийн дараа гэхэд First National Exhibitioner's Circuit-тэй жилийн сая гаруй долларын гэрээ байгуулсанаар дэлхийн хамгийн өндөр цалинтай ажилтан болсон. Энэ компанид байхдаа тэрээр хоёр дамарт форматаас гараад "The Kid", "The Pilgrim" гэх мэт бүрэн хэмжээний кинонуудаа хийжээ. 1918 онд Chaplin D. W. Griffith. Mary Pickford, Douglas Fairbanks нарын хамтаар United Artists кино компанийг байгуулсан агаад 1923 онд шинэ компанийнхаа ивээл дор "A Woman of Paris" киногоо хийв.

Драм жанрын уг кино нь бүтэлгүйтэж, Chaplin өөрөө камео маягаар л үзэгдсэн. Chaplin хэдий бүтэлгүйтсэн ч өөрийнхөө олон талт чадвар, илүү чухал уран бүтээлч байж чадна гэдгээ харуулахыг хүссэн болов уу. Тэрээр 1846-1847 оны "Donner Party"-ийн эмгэнэлт явдлын тухай ном уншиж, дараа нь 1897-1899 оны Клондайкийн алтны халуурлын тухай цувралыг багтаасан Douglas Fairbanks-н стереоскоп картуудыг хараад киноныхоо санааг олсон аж. "The Kid" кинонд тоглохдоо 12 настай байсан Lita Grey жирэмсэн болсноор Chaplin түүнтэй гэрлэж, улмаар гурван сарын хугацаанд кино продакшн зогссон агаад найруулагч Josef von Sternberg-н "The Salvation Hunters" кинонд дебют хийгээд байсан Georgia Hale Lita-аас дүрийг нь авахдаа давхар нөхрийг нь ч авчээ. "The Gold Rush" киноны бусад дүрүүд болох Tom Murray, Mack Swain, Henry Bergman нар бол Chaplin-н байнгын хамтрагчид байсан агаад жишээлбэл, Bergman "City Lights" кинонд Chaplin-н туслах найруулагчаар ажилласан байдаг. Эл бүтээл гарахад үзэгчид яагаад халуун дотноор хүлээн авсны нэг шалтгаан бол энэ кино хямдхан роман шиг, Jack London-н зохиолууд шиг, 19-р зууны Америкийн мелодрам романыг санагдуулам уламжлалт байсных гэдэг.

"The Gold Rush" бол түүний Тэнүүлчийг түүхэн хүрээнд оруулсан анхны тохиолдол биш; "Shoulder Arms", "The Immigrant" кинонуудад Тэнүүлч маань түүхэн хүрээнд орчихсон байдаг ба 1925 онд Клондайкийн хэрэг романтик адал явдал болчихсон учраас хүмүүсийн дурсамжинд хадгалагдаж үлджээ. Chaplin Тэнүүлчээ энэ кинонд Ганцаардсан эрэлч гэж нэрлэсэн бөгөөд Ганцаардсан эрэлчийн хувцсас гэж ердөө бүх юмаа багтаасан нуруун дээрх үүргэвчээс бусдаар Тэнүүлчийн дүрээс огтхон ч ялгаагүй. Ганцаардсан эрэлч Jim-тэй кабинд өлсөж байхдаа гутлаа чанаж иддэг. Гутлынхаа аль "амттай" хэсгийг Jim-д өгсөн Ганцаардсан эрэлч гутлынхаа ул, үдээсийг яг л шпагетти шиг иддэг бөгөөд эдгээрийг чихэр өвс, хатуу чихрээр хийжээ. Дараа нь, Jim Ганцаардсан эрэлчийг аварга тахиа гэж хардаг, энэ тахианы дүрд мөн л Chaplin өөрөө тоглосон байдаг. Талхан ороомогон бүжигтэй хэсгийг Chaplin 1917 оны "The Rough House" киноны Fatty Arbuckle-н хэсгээс санаа авч, бараг шууд дууриасан нь нууц биш боловч бүх дэлхий ороомогон бүжгийг Chaplin-нхаар л мэддэг билээ. Энэ киног үзсэн хэн ч жижигхэн ч ертөнцийн бүхэн өрнөж байгаа кабиныг хэзээ ч мартахгүй. Миний хувьд энэ кабин шинэ жилийн баяраас умгар өрөө хүртэл бүхнийг илэрхийлэгч. 

Comments