It's a Wonderful Life (1946). Итали-Америкийн нэрт кино найруулагч Frank Capra-н продюсерлэж, найруулсан Зул сарын сэдэвт фантааз, драм. Америкийн зохиолч Philip Van Doren Stern-н "The Greatest Gift" богино өгүүллэгээс үндэслэн Frances Goodrich, Albert Hackett (эхнэр, нөхөр хоёр), Jo Swelling болон Frank Capra нар кино зохиолыг бичсэн. Philip Van Doren Stern өгүүллэгээ Английн зохиолч Charles Dickens-н "A Christmas Carol" туужаас санаа авч бичжээ. "It's a Wonderful Life" кино нээлтээ хийгээд бокс оффист амжилт олоогүй, мөн критикүүдээс сайн, муу янз бүрийн үнэлгээ авсан ч өнөөдөр бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг төдийгүй хамгийн шилдэг Зул сарын тухай киноны тэргүүнд бичигдэх болжээ. Кино тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино, шилдэг эрэгтэй гол дүр зэрэг 5 төрөлд нэр дэвшсэн ч ганц ч ялалт байгуулаагүй. Киноны муу борлуултаас болж Capra-г зарим студид амжилттай бүтээл туурвих чадваргүй болж гэж үзэхэд хүргэсэн байдаг.
Жил болгон үзэхэд үнэ цэнээ огт алддаггүй, Зул сарын классикуудын классик, жинхэнэ Америк сор бүтээл гэгддэг энэхүү киног илүү ойроос харах гээд үзье. Киноны гол дүрд James Stewart тоглосон. Тэр George Bailey-н дүрээрээ Алтан баримал атгаж чадаагүйд би хувьдаа харамсдаг. Хэзээ нэгэн цагт орхиж явахыг мөрөөдсөөр ирсэн жижигхэн хотдоо хайрлагдаж, хүндлэгддэг хүн болохоо олж мэдсэн George хотынхоо иргэдэд туслахын төлөө хувийн мөрөөдлөө орхиж байгаагаас түүний ёс суртахууны алсын харааг олж харж болно. Зул сарын өмнөх өдөр амиа хорлохыг нь тасалдуулсан Сахиусан Тэнгэр түүнд, хэрвээ чи байхгүй байсан бол чиний эхнэр, хот, ертөнц ийм байх байсныг харуулдаг. Энэ энгийн юм шиг хэрнээ гүн бодлогошруулам түүхийг үзэх тусам сэтгэл татам байдаг. Америкийн кино хүрээлэн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 20-р байрт, харин хамгийн их урам зориг өгөх кино жагсаалтынхаа тэргүүн байрт эл киног залсан ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 82-р байрт эрэмбэлээд байна.
Capra энэхүү киногоо өөрийнхөө хийсэн хамгийн дуртай киногоор нэрлэсэн байдгаас гадна Зул сарын баяр болгоноор гэр бүлийнхэндээ үзүүлдэг байжээ. Philip Van Doren Stern "The Greatest Gift" өгүүллэгээ 1939 онд бичсэн бөгөөд хэд хэдэн хэвлэн нийтлэгчд татгалзсаны дараа тэрээр өгүүллэгээ 24 хуудастай товхимол болгон хэвлүүлээд 1943 оны Зул сараар гэр бүл, найз нөхөд гэсэн 200 орчим хүнд шуудангаар илгээжээ. Энэ өгүүллэг жүжигчин Cary Grant юмуу RKO студийн продюсер David Hempstead-н анхаарлыг яаж ч байгаад юм татаж чадсан ба 1944 онд RKO студи өгүүллэгийн эрхийг $10.000 доллараар худалдан авч, Grant-г гол дүрд тоглуулна гэж найдаж байв. RKO төслийг хойшлуулах хүртэл Dalton Trumbo, Clifford Odets, Marc Connelly нарын кино зохиолчид хэд хэдэн кино зохиол дээр ажиллачихаад байлаа. Тухайлбал, Trumbo-н бичсэн зохиолд George үйл явдал өрнөх тусам увайгүй болдог, дараа нь сонгуульд ялагдсаныхаа дараа амиа хорлохыг завддаг идеалист улс төрчөөр дүрслэгдсэн.
Мөн Сахиусан Тэнгэр түүнд, өөрийг нь огт төрөөгүй байсан бол Бедфорд Фоллс ямар байх байсныг үзүүлэх биш харин улс төрд орохын оронд бизнэсмэн байх байсан гэж харуулдаг ажээ. Grant энэ төслийн оронд өөр нэг Зул сарын сэдэвт "The Bishop's Wife" киног сонгосон буй. RKO студийн захирал Charles Koerner Frank Capra-д "The Greatest Gift"-г уншихыг санал болгосон. Capra-н шинэ продакшн компани болох Liberty Films нь RKO-той 9 киноны түгээлтийн гэрээ байгуулаад байв. Capra өгүүллэгийг сайн кино болох боломжтойг тэр даруй олж харсан агаад дэлхийн 2-р дайны дараа баримтат юмуу сургалтын киноноос өөр олигтой кино хийгээгүй байсан Capra урам зоригтойгоор төслийг авсан. Capra Odets-н өмнө биччихсэн байсан зарим сцэнийг авсан ба гэр бүлийн хоёр болох Frances Goodrich, Albert Hackett хоёрыг, мөн Jo Swelling, Michael Wilson, Dorothy Parker нарыг кино зохиолчдоор авсан. Гэхдээ тэдний хамтын ажиллагаа тийм ч эв найртай байсангүй; хожим Goodrich Capra-г "аймшигтай хүн" гэсэн байдаг. Ерөнхийдөө Capra эхнэр, нөхөр кино зохиолчидтой сайн харилцаатай байгаагүй ба эхнэр, нөхөр хоёрын мэдэгдсэнээр Capra тэднийг үл тоомсорлон харьцдаг байж.
Хожим кино зохиолын кредитийн төлөө маргаан үүссэн бөгөөд Кино Зохиолчдын Арбитрын хороо Goodrich, Hackett хоёр кино зохиолын кредитийг авах эрхтэй гэж шийдвэрлэсэн ажээ. Найруулагч Capra намтартаа бичихдээ, бүх дүрүүдээсээ гол дүрдээ жүжигчин сонгох хамгийн хэцүү байсан буюу өөрийгөө сайн хүн гэдгээ мэддэггүй сайн хүний дүр гаргаж чадах жүжигчин олох амаргүй байж. Гэхдээ тэрээр энэ дүрд ганц л хүн тоглож чадна гэж бодож байсан нь James Stewart байлаа. Capra MCA-ийн агент Lew Wasserman-аар дамжуудан Stewart-тай холбогдсон ба нэг ийм төсөл байгааг Stewart-д дуулгахыг Wasserman-аас хүсэхэд Wasserman Stewart зохиол энэ тэртэй танилцахгүй шууд зөвшөөрнө гэж хариулсан байдаг. Capra, Stewart хоёр өмнө нь "You Can't Take It with You", "Mr. Smith Goes to Washington" гэсэн хоёр кинонд хамтран ажиллачихаад байжээ. Stewart-н дотно найз жүжигчин Henry Fonda-г мөн гол дүрд тоглуулахаар ярилцаж байжээ. Stewart, Fonda хоёр хоёулаа дайнаас буцаж ирээд ажилгүй сул сууцгаөж байсан агаад удалгүй Fonda нэрт найруулагч John Ford-н "My Darling Clementine" кинонд тоглохоор болсон. Capra, Ford хоёр кинонуудынхаа зураг авалтыг зэрэг эхлүүлсэн буй.
"You Can't Take it with You" болон "Mr. Smith Goes to Washington" кинонуудад Stewart-тай хамтран тоглосон Jean Arthur-д анх Mary-н дүрийг санал болгосон авч Jean Broadway нь жүжигт тоглоод ядарчихсан байсан тул татгалзсан байдаг. Capra-н дараагийн сонголтууд Ginger Rogers, Olivia de Havilland нарын эмэгтэй жүжигчид байсан ч эцэст нь MGM-ээс Donna Reed-г зээлжээ. Тухайн цагт од байсан Ginger Rogers кино зохиолыг уншаад "дэндүү хуурамч" гээд татгалзсан байдаг. Тэгвэл Potter-н дүрд сонгох жүжигчдийн жагсаалт маш урт байсан гэдэг, эцэст нь, тэр үед "A Christmas Carol" радио жүжигт Ebenezer Scrooge-н дүрд тоглосон Lionel Barrymore сонгогдсон нь жам ёсны сонголт байсан гэлтэй. Barrymore мөн л "You Can't Take it with You" кинонд тоглоод байсан ба сонирхуулахад энэ кино Оскарын наадмын шилдэг кино шагналыг 1938 онд хүртжээ. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа дайнаар хайртай дотно хүмүүсээ алдсан хүмүүсийн сэтгэлийг хуваалцаж, тэднийг тайтгаруулах зорилготой "It's a Wonderful Life", "Stairway to Heaven" зэрэг урам зориг өгсөн фантааз кинонууд хит болсон байдаг.
Сонирхолтой нь, одоо ч эдгээр кинонууд бидэнд урам зориг өгч, амьдрахын сайхныг мэдрүүлсээр байгаа нь кино урлагийн ид шид гэлтэй. "It's a Wonderful Life" анх Нью-Йорк хотод нээлтээ хийсэн бөгөөд тухайн үеийн критикүүдийн шүүмжийг Capra өөрийнх нь бүтээлийг үл тоомсорлож байна гэж үзсэн. Time сэтгүүл уг киног гайхам бүтээл гэж магтаад Оскарын наадмын шилдэг кино шагналын төлөө зөвхөн "The Best Years of Our Lives" кинотой л өрсөлдөнө гэж бичиж байсан нь нүдээ олсон буюу тухайн оны Оскарын шилдэг киногоор "The Best Years of Our Lives" шалгарсан. Найруулагч Capra бүтээлч, төсөөлөмтгий сэтгэлгээ хошигнол, энэрэх сэтгэл, амьдралаар гэрэлтдэг билээ. Зарим судлаачид Capra энэхүү кинондоо "It Happened One Night" бүтээлдээ гаргасан техникийн дэвшлээ гаргаж чадаагүй байж болох ч өмнөх ямар ч кинонуудаасаа илүү жинхэнэ үр дүнтэй чанар, агуулгыг гаргасан гэсэн буй. Ихэнх критикүүд эмэгтэй гол дүр болох Donna Reed-н тоглолтыг өндрөөр үнэлж, ингэж тоглоод байвал том од болно гэж тодорхойлж байв. Критикч Bosley Crowther гол дүрийн хоёр жүжигчний гүйцэтгэлийг магтсан киноны сул тал нь амьдралын концепт нь хуурмаг, сентиментал шинжтэй хэмээгээд мөн Capra-н зугаатай жижигхэн хот сэтгэл татам, сайн хүмүүстэй, гэхдээ асуудлыг шийдвэрлэх хэв маяг нь тун өөдрөг бас хялбар байдаг гэж бичжээ.
Критикч James Agee: "Capra-н армид зориулж бүтээсэн кинонуудаас хойших анхны кино нь болсон энэхүү бүтээл нь 1938 оны "A Christmas Carol" киноноос хойших хамгийн үр дүнтэй сентиментал бүтээл боллоо. Сэтгэл хөдөлгөм зүйлсээр баялаг, ууртай, доромжилсон, оюун санааны хариуцлагатай, илүү тайван хандлага багатай боловч заавал үзүүштэй кино". Кино түүхч Andrew Sarris:"Энэ бол хүний оршин байхын тухай өнө удаан настай хамгийн гүн гүнзгий гутранги үлгэрийн нэг". 2002 онд Их Британийн Channel 4 "It's a Wonderful Life" киног 100 шилдэг кино жагсаалтынхаа 7-р байрт жагсаасан ба тус суваг жил бүрийн Зул сарын өмнөх өдөр уг киног Британийн үзэгчдэд үзүүлдэг аж. 1947 онд Холбооны Мөрдөх Товчоо "It's a Wonderful Life" киноны тухай санамж бичигтээ, Энэхүү кинонд Lionel Barrymore-г хамгийн ихээр үзэн ядмаар дүр болгохын тулд "Scrooge" маягаар үзүүлсэн нь банкны ажилтнуудыг гутаах гэсэн илэрхий оролдлого, энэ нь коммунистын хэрэглэдэг нийтлэг башир арга гэж бичжээ. Холбооны Мөрдөх Товчоо үзэхдээ, энэ кино нь дээд давхаргынхныг санаатайгаар гүтгэж, мөнгөтэй хүмүүсийг муу санаатай, жигшүүртэй хүмүүс гэж харуулахыг оролдсон гэсэн нь сонирхолтой дүгнэлт юм.
Кино түүхч Andrew Sarris-н ажигласнаар, цензурчид ноён Potter баригдалгүй, шийтгэх хүлээхгүйгээр дээрмээсээ мултарч байгааг огт анзаараагүй орхисныг "сонирхолтой" гэж онцолсон байдаг. Энэхүү киноны агуулгыг уламжлалт шашин шүтлэгийг эсэргүүцэх хандлагатай гэсэн шүүмжүүд мэр сэр байдаг. Критикч Manny Farber; "Capra үргэлж үзэгчдийнхээ оюун ухааныг төдийлөн үнэлдэггүй хялбар,, энгийн замыг сонгодог, энэ кинонд нь хэд гурван л сентиментал мөчүүд бий". "It's a Wonderful Life" бүтээлийг шууд нялуун сентиментал үлгэр гэж дүгнэх нь хэтэрхий өнгөц, бас илэрхий дургүйцсан хандлага гэж бодох. Мэдээж кинонд сентиментал мөчүүд бий, байх ч ёстой, яагаад гэвэл энэ чинь баярын кино шүү дээ. Гэхдээ зарим талаараа энэ кино нь хүн насанд хүрээд хүсэл мөрөөдлөө орхин, ухвар мөчид хүмүүсийн дунд амьдарч байгааг өгүүлснээрээ аймшигтай, амьсгал давчдуулам үлгэр. "It's a Wonderful Life" киног, нэг газар гацчихсан, буулт хийж зөвшилцсөн, бусдыг ирж бас явахыг ажигласан, мөн түүнчлэн төгс дарангуйлагч эхнэртэй, хүүхдүүдтэйгээ муухай харьцдаг хүний түүх гэж харвал энэ нь экзистенциалист шинжтэй болж байна. Критикч Richard Cohen уг киног "Холливуудад хийгдсэн хамгийн аймшигтай кино" гэж тодорхойлсон. Түүний үзэж буйгаар, "Pottersville"-ийн үзэгдэлд George өөрийнхөө хэзээ ч төрөөгүй ертөнцийг бус харин яг одоо оршин байгаа бидний ертөнцийг хардаг гэжээ.
Өөрөөр хэлбэл, Capra-н бүтээсэн Бедфорд Фоллс бол хортой, ядаргаатай, хуурамч бол "Pottersville" бодитой, өнөөдрийн Капиталист ертөнцийг харуулсан учир яг одоо бид бүгдээрээ "Pottersville"-д амьдарч байгаа хэрэг. "It's a Wonderful Life" нээлтээ хийснээсээ хойш 30 жилийн дараа буюу 1976 оны Зул сараар телевизээр гарсанаасаа хойш жил бүрийн Зул сарын телевизийн гол хөтөлбөр болж, улмаар култ классик гэж үнэлэгдэх болжээ. 1984 онд өгсөн ярилцлагадаа Capra: "Энэ кино одоо өөрийн гэсэн амьдралтай болж, яг л надаас тасраад явчихсан юм шиг санагдаж байна. Би үр хүүхэд нь Ерөнхийлөгч болсон эцэг эх шиг л киногоороо бахархаж байна. Гэхдээ энэ амжилтыг хүүхэд нь өөрөө хийсэн. Анх би үүнийг Зул сарын кино болно гэж бодоогүй. Надад ердөө санаа нь таалагдсан". Steven Spielberg, Akira Kurosawa, David Lynch, Guillermo del Toro нарын найруулагчид уг кинонд дуртайгаа илэрхийлсэн байдаг ба Spielberg нэгэнтээ "Энэ кинонд дэлхийн бүх хүн чухал гэдгийг харуулсан, энэ бол тун хүчтэй мессеж" гэсэн буй. Найруулагч Orson Welles: "Энэ киног үзэн ядах аргагүй".

Comments
Post a Comment