Once Upon a Time in the West (1968). Италийн нэрт кино найруулагч Sergio Leone-н туульсын спагетти вестерн жанрыг кино. Кино зохиолыг тэрээр Sergio Donati-тай хамтран бичсэн. Өргөн дэлгэцийн зураг авалтыг Tonino Delli Colli авсан бол хөгжмийн зохиолыг Ennio Morricone бичсэн. Гол дүрүүдэд; Claudia Cardinale, Henry Fonda, Charles Bronson, Jason Robards нар тогложээ. Найруулагчийн анхны хувилбар 1968 оны 12-р сард нээлтээ хийхдээ 165 минут үргэлжлэх хугацаатай гарсан ба энэ хувилбар нь Европт хит болж бокс оффист амжилт үзүүлсэн. Харин 1969 онд Америкт гарсан 140 минутын хувилбар нь санхүүгийн хувьд дампуурсан. Испанид зураг авалт хийсэн спагетти вестерн кинонуудаараа алдартай Sergio Leone энэхүү туульсын бүтээлээрээ домогт John Ford-н "эзэмшил" болсон Монумент хөндий руу довтлохоор зориглосон.
Leone барокко, комик киноны хэв маягийг жинхэнэ сүр жавхлан болгон өргөжүүлж, классик вестерн бүтээлүүд дээр олон сэдэвчилсэн хувилбарууд болон өгүүлэмжийн сүлжээсэн хээ угалз нэмж баяжуулсан. Киноны үйл явдал нь түүхэн бодит бус харин олон вестерн кинонуудаас зээлдэж авсан элементүүд юм. Хурцадмал реализмын агшинууд нь дуурийн тансаг хэсгүүд шиг хөвж, бүдүүлэг элэглэл нь хамгийн нарийн мэдрэмжийн илэрхийлэлтэй зэрэгцэн оршдог. Уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 67-р байрт жагсаагаад байна. Америкийн буутай тулаанчийн тухай "The Good, the Bad and the Ugly" туульсынхаа дараа Leone вестерн жанрт хийхийг хүссэн бүхнээ хийсэн гэж үзээд дахин вестерн кино хийхгүй байхаар төлөвлөсөн байдаг. Тэрээр "Harry Grey" гэсэн хуурамч нэрээр "The Hoods" гэсэн еврей гэмт бүлэглэлийн тухай романыг олж уншаад уг номоор кино хийхээр төлөвлөж байсан авч хожим 17 жилийн дараа энэ нь түүний сүүлчийн кино "Once Upon a Time in America" болсон байдаг. Холливуудын студиуд Leone-оор зөвхөн вестерн кино хийлгэхийг л хүсч байсан юм.
Түүний "The Dollars" трилогийг бүтээсэн United Artists түүнд Charlton Heston, Kirk Douglas, Rock Hudson гэсэн тэр үеийнхээ том оддын аль нэгтэй нь хамтран вестерн кино хийх санал тавьсан ч Leone татгалзсан. Харин Paramount түүнд их хэмжээний төсвийн хамтаар бараг замналынхаа туршид хамтран ажиллахыг хүсч ирсэн Henry Fonda-г санал болгоход найруулагч маань татгалзаж чадаагүй. Ийнхүү тэрээр 1966 оны сүүлээр Bernardo Bertolucci, Dario Argento хоёрт кино зохиолын боловсруулалт хийхийг даалгасан агаад тэд дараагийн хэд сард "High Noon", "The Iron Horse", "The Comancheros" болон "The Searchers" гэсэн хамаг л сайн вестерн кинонуудыг үзэж судалж, бараг бүх Америкийн вестерн кинонуудын лавлагаа бүхий түүхиГ бүтээв. "Once Upon a Time in the West" киноны хувьд Leone өмнөх вестернүүддээ баримталж ирсэн арга барилаа өөрчилсөн. "Dollars" трилогийн кинонууд нь хурдан хэмнэлтэй, этгээд, Зэрлэг Өрнөдийн домогт бүтээлүүдийг дооглон элэглэх хандлагатай байсан бол уг кино нь удаан хэмнэлтэй, бараан сэдэвтэй байлаа.
Японы домогт кино найруулагч Akira Kurosawa-н 1943 оны "Sanshiro Sugata" киноноос ялгаатай авч эл бүтээлийн нөлөөнд автсан Leone-н өвөрмөц хэв маяг оршсоор байсан ба түүний хоёрдахь трилоги буюу хожим "Once Upon a Time" гэгдэх болсон трилогиос өөрчлөгдөж эхэлсэн гэдэг. "Once Upon a Time in the West" киноны дүрүүд ч мөн "Dollars" трилогийнхоос мэдэгдэхүйц ялгаатай болсон. Уг киноны дүрүүд тийм ч сайн тодорхойлогдоогүй агаад эндээс Leone-н дүрүүд ер бусын байдлаар өөрчлөгдөж эхэлсэн; энэ нь найруулагчийн хэв маягийн хоёр дахь үе шат эхэлсний тэмдэг бөгөөд "Duck, You Sucker!", "Once Upon a Time in America" гэсэн хоёрдахь трилогийнх нь бусад хоёр кинонуудад улам хөгжүүлжээ. Кино тун бага харилцан яриатай, бага үйл явдалтай урт, удаан сцэнүүдтэй ба ийм сцэнүүд нь богино хугацааны гэнэтийн хүчирхийллээр тасалддаг. Leone хүчирхийллийн өмнөх зан үйлийг хүчирхийллээс илүүтэй сонирхож байв. Киноны өнгө аяс нь үйл явдал өрнөж буй хагас хуурай цөл газартай нийцэж, энэ нь нарийн дэглэсэн буудалцааны тоглолттой эсрэгцсэн реалист мэдрэмжийг төрүүлдэг. Уг кино Парисын нэгэн театрт хоёр жилийн турш тасралтгүй гарсан ба Leone тэр театрт зочлоход гарын үсэг авахыг хүссэн шүтэн бишрэгчид хийгээд театрын кино механикч угтсан; кино механикч түүн дээр очоод "би чамайг ална даа! Хоёр жилийн туршид нэг л киног ахин дахин тоглууллаа! Бас болоогүй дэндүү удаан кино шүү!" гэж уурласан гэдэг.
Fonda Frank-н дүрд тоглооч гэсэн Leone-н анхны саналыг хүлээж аваагүй тул Leone түүнийг ятгахын тулд Нью Йорк рүү нисч очоод Fonda-д хандан: "Үүнийг төсөөлөөд үз дээ, камер бүснээсээ буугаа татан гаргаж ирээд зугтааж байгаа хүүхдийг буудаж байгаа эрийг харуулна, энэ эр Henry Fonda байна" гэж хэлж. Fonda мөн түүний "Dollars" трилогийг үзээгүй байсан учир Leone түүнд трилогио үзүүлжээ. Fonda үзэж дуусаад "The Good, the Bad and the Ugly" кинонд тоглосон Eli Wallach руу залгаж ярихад Wallach Fonda-д Leone-тэй хамтран ажиллахыг зөвлөжээ. Ийнхүү Fonda саналыг хүлээн авсан ба бор контакт линз, сахалтайгаар зураг авалтын талбайд гарч ирсэн бөгөөд тэрээр хар нүд, тосолсон үс нь өөрийг нь муу талын дүр шиг харагдуулсанаар үзэгчдэд "шинэ" Fonda-г хүлээн зөвшөөрөхөд тустай гэж үзсэн авч Leone түүнд контакт линз авч, үсний тосоо арилга хэмээгээд Fonda-г уламжлалт хорон санаатан шиг харагдуулахыг хүсэхгүй байна гэжээ. Тэгвэл Leone эмэгтэй гол дүрдээ Claudia Cardinale-г Итали улсын иргэн байсан учраас, мөн гадаадын иргэн тул татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан учраас сонгож. Найруулагч маань Harmonica-г отоу байгаад алуулдаг гурван эрд "Dollars" трилогид тоглосон Eli Wallach, Lee Van Cleef, Clint Eastwood гурвыг тоглуулахыг хүссэн ч Cleef боломжгүй байж, Eastwood сонирхоогүй тул энэ санаагаа Leone орхижээ.
Киноны хөгжмийг Leone-н байнгын хамтрагч Ennio Morricone бичсэн ба Morricone зураг авалт эхлэхээс өмнө хөгжмийн зохиолыг бичсэн; "The Good, the Bad and the Ugly" киноны нэгэн адилаар уг киноны сэтгэлд хоногшим хөгжим нь бүтээлийн сүр жавхланг нэмэгдүүлдэг. Киноны гол дүр болгонтой холбоотой хөгжмийн лейтмотивууд байдаг шиг Америкийн Өрнөдийн сэтгэл санааг тусгасан хөгжим байдаг. Найруулагч маань зураг авалтын үеэр хөгжим бэлэн болсон байхыг хүссэн агаад зураг авалтын талбай дээр жүжигчидтэй ажиллаж байхдаа Morricone-н хөгжмийг тавьж жүжигчдийнхээ сэтгэл санаанд нөлөөлдөг байж. "Шүүлт" мотифийн минут орчмын дараа буюу Harmonica гурван алуурчныг алахаас өмнө Fonda анх үзэгдэх хүртэл хоёрдугаар сцений төгсгөл хүртэл ямар ч хөгжим тоглогддоггүй билээ. Киноны эхэнд Leone аман хуурын дуугаралтаас гадна салхинд эргэлдэх дугуй, галт тэрэгний чимээ, царцаа болон тагтааны гэх мэт байгалийн дуу чимээг ашигладаг. Найруулагчийн зорилго нь John Ford, Howard Hawks нарын Америкийн вестерн кинонуудын уламжлалыг аваад ёжтой байдлаар дахин боловсруулж, анхны эх сурвалжийнх нь утга санааг урвуулж, бараан өнгө аястай болгох явдал байв.
Үүний хамгийн тод жишээ бол вестерн кинонуудад сайн залуугийн дүрд тоглодог байсан Henry Fonda-г хорон санаатан болгох зэргээр киноны туршид өөр олон нарийн өөрчлөлтүүд гардаг. Критикч Roger Ebert уг киног "сайн хөгжилтэй" гээд Leone-н алдартай хэв маягийн "нягт нямбай охь" гэжээ. Тэрээр киноны үргэлжлэх хугацааг дэндүү урт гэж баалснаас гадна Cardinale-н дүрийг хэтэрхий идэвхгүй найруулсан гэжээ. Жилээс жилд энэхүү вестерн киноны нэр хүнд критикүүдийн дунд өсч, өнөөдөр култ статустай болжээ. Martin Scorsese, Quentin Tarantino, George Lucas зэрэг найруулагчид уг кино өөрсдийнх нь бүтээлд нөлөөлсөн гэж үздэг. Time сэтгүүл 20-р зууны 100 шилдэг кино жагсаалтдаа багтаасан байдаг бол Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 киноны тоонд оруулсан буй.
Leone-н "Once Upon a Time in the West" кино нь түүний Eastwood-г гол дүрүүдэд тоглуулсан анхны трилогитой багагүй төстэй; тухайлбал, хөгжмүүд нь адилхан сүрлэг сонсголонтой, адилхан хөлөрсөн халтар царайтай дүрүүдтэй; мөн адилхан хүлээлт хийгээд хүчирхийллийн хэмнэлтэйгээс гадна Өрнөдийн амьдралын нарийн ширийнийг тодорхой үзүүлснээрээ ижилхэн. Кино бараг гурван цаг үргэлжлэхдээ газрын эрх, төмөр зам, алуурчид, удаан хүлээгдсэн өшөө авалт, буруу таних, хайрын гурвалжин, давхар урвалт зэргийг багтаасан хангалттай комплекс үйл явдалтай байдаг. Үйл явдал тодорхой болохоос өмнө үзэгчид киноны хоёр дахь цаг руу орчихдог. Гэхдээ үүнээс хамааран киноны төгсгөл тун амттай байдаг ба Fonda, Bronson хоёрын буудалцдаг сүүлчийн сцэн 15 минут орчим үргэлжилдэг. Тэд бөөн юм болж болж эцэст нь буудалцах нь уу гэтэл Leone эргэн дурсах аргыг ашигладаг. Сайхан үхлийг яаруулах хэрэг юун?

Comments
Post a Comment