Le Samourai (1967). Кино эхлэхэд үнсэн саарал өрөөнд нэгэн дэгжин хослолтой эр хэвтээ үзэгдэнэ. Өрөө бараг хоосон агаад хоёр хөшигтэй цонх, сараалжин торон доторх бяцхан шувуу, тэгээд орон дээр өнөөх түрүүн дурьдсан эр тамхи татан хэвтэнэ. Тамхины утаа өрөөгөөр тархах бол энэ эрийн бодол хаагуур тэнэж байгааг чөтгөр л мэдэх буйзаа. Энэ хэсэг нэлээд удаан үргэлжлэх бөгөөд түүнийг босох хүртэл үзэгч бид хамт бодлогшрон, энэхүү идэвхгүй туниардсан мөч хязгааргүй үргэлжлээсээ хэмээн эрхгүй хүсэх. Уг залууг Costello гэх бөгөөд хөлсний алуурчин, хөлсний алуурчин дундаа төгс алуурчин ба тэрээр хэзээч алдаа гаргадаггүй. Costello тунчиг царайлаг, хүссэн хүүхнийхээ зүрхийг урж чадах гоё залуу агаад насны хувьд гуч л гарч яваа болов уу гэмээр.
Тамхи татан хэвтэж байсан тэрээр гэнэт гэхдээ яаралгүй босон торон доторх шувуун дээрээ очих ба торон доторх эрх чөлөөгүй шувуу Costello-г бэлгэдэх мэт цаанаа нэг л өрөвдөлтэй. Costello бүрэн хувцаслаад байраа сайтар түгжчихээд гарч одно. Энэ бол Парис хот болой. Тэрээр гудманд эгнэж зогссон машинуудаас туршлагаараа нэгийг нь сонгон шууд жолооны ард сууна, суух даруйдаа халааснаасаа уртаа гинжлэгдсэн түлхүүрнүүд гарган ирж нэг нэгээр нь машинд тааруулж эхлэх агаад эл үйлдлээ гүйцэтгэхэдээ амарилангуй яг л машины эзэн мэт байна. Машин хэддэх юм түлхүүр дээрээс асан хөдлөх бөгөөд Costello хотоос гарч хөдөө зэлүүд газар орших байшинд ирнэ. Түүнийг нэг эр хүлээж байсан бөгөөд машинаасаа буунгуут машины дугаарыг сольж, мөн Costello-д буу өгөх бол Costello түүнд мөнгө өгнө, тэдний хооронд бараг яриа үл өрнөнө. Тэндээсээ Costello хотруу эргэн давхина, хотод орж ирээд нэгэн тансаг орон сууц руу шууд чиглэн очно.
Энд түүнийг Jane гэх залуухан, гуа шаргал үстэй хүүхэн хүлээж байна. Уг хүүхэн баян эрийн нууц амраг бөгөөд Costello-д үнэн сэтгэлээсээ хайртай бол Costello хүүхнийг хоргодох газар болгохын сацуу ажил хэргээ явуулахад л ашиглана, үнэхээр ч Costello хүүхэн дээр хүрч ирээд өнөө шөнө би чам дээр байсан шүү буюу нэг цагаас гурав хүртэл чамтай хамт байсан шүү гэж хэлчихээд явна. Замдаа Jane-ын баян амрагтай хальт тулгарчих ч саадгүй өнгөрөөд Costello цаашаа мөрийтэй хөзөр тоглож байгаа хэсэг хүмүүс дээр очоод нэлээд их мөнгө өгчихөөд, би та нартай шөнөжин буюу гурван цагаас тав хүртэл байсан шүү гэж хэлчихээд явна. Ингээд тэрээр шөнө дундын үед нэгэн шөнийн клуб дээр ирнэ, шар саарал пальто, хүрэн саарал бүрх малгай өмссөн тэрээр буугаа цэнэглээд клуб руу орно. Шөнийн клуб мэдээж битүү хүнтэй, дуулж бүжиглэж бас ууцгаасан хүмүүс байх агаад Costello шулуухан алхаж явсаар шууд клубийн эзэн дээр орох ба түүний даалгавар бол уг газрын эзэнийг алах: буу хоёронтоо тас хийж, клубийн эзэн үхэж, харин Costello уламжлалт, дадсанаараа цэвэрхэн зугтаж яваад гайгаар клубийн хөгжимчин өнгөт арьстан хүүхэнтэй таарчихна.
Costello балмагдсандаа ч уу, хүүхнийг өрөвдсөндөө ч үү, амийг өршөөнө. Бөөн цагдаа сэргийлэх болох нь мэдээж бөгөөд хотоор шар саарал пальтотой, саарал бүрх малгайтай бүхнийг барьж саатуулах агаад азгүй байдлаар Costello буугаа устгаж чадсан ч баригдчихна, Парис хот шүүдээ, хэдэн зуун хүн сэжиглэгдэнэ. Алуурчныг гэрчлэх хүмүүс дунд өнөөх хөгжимчин өнгөт арьст хүүхэн ч байна, тийнхүү сэжигтнээр татагдсан бүх хүнийг эгнүүлэн зогсоогоод гэрчүүдээр таниулах үйл явц өрнөж эцсийн хүнээр Costello үлдэж байдал хэцүүхэн болж ирнэ. Яг таван гэрч үлдсэнээс Costello-г тэнцүүхэн буруутай бас буруугүй гэх агаад хөгжимчин хүүхэн бүхнийг эцэслэх болоход ямар шалтгаанаар юм бүү мэд Costello-г буруугүй хэмээн хэлж явуулна, гэхдээ мэдээж цагдаа нар Costello-ын араас сүүл тавихаас өгсүүлээд арга хэмжээ авна. Харин Costello даалгавараа биелүүлсэн болохоор зохих шангаа авахаар болзсон газраа очиход түүнтэй уулзах ёстой хүн түүн рүү буудан шархдуулчихаад зугтааж одно. Шархтай алуурчин маань өнгөт арьст хүүхэн дээр очиж тусламж хүсэхийг зорингоо бодолдоо цагдаа нараас хэрхэн бултан байж итгэлийн алдсан захиалагчаасаа өшөөгөө авахыг төлөвлөнө.
Францын нэрт кино найруулагч Jean-Pierre Melville-н зохиолыг нь бичиж найруулсан нео-нуар, гэмт хэрэгт триллер. Франц-Италийн хамтарсан энэхүү киноны гол дүрүүдэд; Alain Delon, Francois Perier, Cathy Rosier, Nathalie Delon (Alain Delon-н эхнэр байсан) нар тоглосон. "Le Samourai" Францад бараг хоёр сая орчим тасалбар борлуулсан ба нээлтээ хийхэд нь критикүүд Melville-н зохиолыг, мөн атмосферик найруулгыг магтсанаас гадна Delon-н гүйцэтгэлийг сайшаасан. Киноны англи хэл рүү хөрвүүлсэн хувилбар "The Godson" нэртэйгээр 1972 онд Америкт гарсан буй. Уг киног гэмт хэрэгт триллер жанрт үлэмж нөлөөтэй бүтээл гэж үздэг ба Шинэ Холливууд Давалгааны олон кинонд "Le Samourai" болон Delon-н бүтээсэн дүрийг иш татах юмуу санаа авсан байдаг. Энэхүү кино нь загварлаг хийгээд нөлөө бүхий найруулгатай ба нямбай жүжиглэлт, нягт уур амьсгалыг ашиглан сэтгэл татам түүхийг гоо зүйтэйгээр бүтээсэн. Melville-н дүрүүд бараг ярьдаггүй; тэд сүүдрээс гарч бас орохдоо цуваараа гэм буруугаа далдлаж, малгайгаараа нүдээ нуусан байдаг. Уг хатуу ширүүн бүтээлд Delon бушидо дүрмээр амьдардаг хүйтэн, нууцлаг мэргэжлийн алуурчны дүрд бишрэм тоглодог.
Үндсэндээ киноны үйл явдал хэрэгт холбогдолгүйн баталгааны тухай боловч Melville үүнийг домоглог өшөө авалтын түүх болгон хувиргадаг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 220-р байрт жагсаагаад байна. Найруулагч Melville уг киногоо Delon-д зориулж бичсэн гэдэг. Мөн энэ нь Delon-н эхнэр Nathalie-н анхны кино байлаа. Кино дууссаны дараа Delon салах өргөдөл гаргасан боловч хэд хоногийн дараа тэд өргөдлөө цуцалсан гэхдээ 1968 онд тэд албан ёсоор салцгаажээ. Комиссарын дүрд тоглосон жүжигчин François Perier өмнө нь голдуу инээдмийн кинонд тоглодог байжээ. Melville-н хувийн кино студи болох "Studios Jenner" нь 1967 онд энэхүү киног хийж байх үед шатсан ба гал түймрийг зориуд тавьсан гэж сэжиглэсэн Melville киноныхоо зураг авалтыг өөр студид дуусгасан байна. Melville нэгэн ярилцлагадаа, анх Costello-н үхлийг угтаж байгаа кадрыг төгс инээмсэглэлтэйгээр авсан ч Delon-н тогллсон өөр нэг кинонд инээмсэглэн үхэж байгаа сцэн байдгийг олж мэдээд сайхь хэсгийг өөрчилжээ. Гэхдээ инээмсэглэн үхэж байгаа зураг авалтын хальс хадгалагдан үлдсэн аж.
Variety сэтгүүл 1967 онд уг бүтээлийг "этгээд эрлийз" гэж нэрлээд Melville-н эзэрхийлж байгаа бүхий л түгшүүр, адал явдал, дүр төрхийг нэгтгээд харахад хэтэрхий ёслолын шинжтэй; бараг л Франц хэлэнд хөрвүүлсэн Америк кино шиг санагдаж байна гэж шүүмжилсэн. Критикч Vincent Canby "Le Samourai" киноны оригинал нь "өө сэвгүй", харин 1972 оны Америкт гаргасан "The Godson" бол "зүг чиггүй", "аймшигтай" гэж шүүмжилжээ. Критикч Roger Ebert; "Зураач юмуу хөгжимчин шиг кино найруулагч хэдхэн цохилтоор сод бүтээл туурвиж чаддаг. Melville үг хэлэхээсээ өмнө энэ киногоороо биднийг увдисддаг. Тэр үүнийг гэрлээр хийдэг; зэврүүн өдрийн үүр цайх шиг хүйтэн гэрэл. Мөн өнгөөөр; саарал ба цэнхэр өнгөнүүд. Тэгээд үгийн оронд үйл хөдлөл ярьдаг". Критикч Bertrand Guyard-н онцлон тэмдэглэснээр, кинонд нөхөр, эхнэр хоёр бараг ярьдаггүй, гэхдээ тэдний утга учраар дүүрэн харц камерийг чичрүүлэхэд хангалттай байдаг гэжээ. Судлаач Stephen Teo-н үзэж буйгаар, мэргэжлийн алуурчин дээр төвлөрсөн гэмт хэрэгт триллер болон цагдаагийн процедурын холимог болсон "Le Samourai" бол Францын кино урлагийн түүхэн дэх хамгийн том нөлөөтэй гэмт хэрэгт триллер бүтээлээс гадна Costello бол Delon-н замналыг тодорхойлсон дүр гэжээ.
"Le Samourai" кинонд өнгө аяс, хэв маяг бүх зүйл нь болдог. Абсурд байдлын ирмэгт байгаа Melville-н шедевр нь туйлширсан эршүүд шинжтэй санагдаж байгаад үзэгчийг түгшээх оргил мөчдөө яруу найраг, төлөөллийн ертөнц рүү шилжчихдэг. Тиймээс Delon-н Costello дүрийн эвлэршгүй хүйтэн төрх байдал нь увайгүй цэмцэгнүүр ба хүн алахын тулд цагаан бээлий өмсөөд түүний хувьд "зарчим" бол "зуршил" гэж мэдэгддэг. Costello бол кино урлагийн түүхэн дэх хөлсний алуурчны охь дээж бөгөөд тэр "Point Black" киноны зүүдний өвчтэй Lee Marvin болон Robert Bresson-н "Diary of a Country Priest" киноны өөрийгөө сүйтгэх чин бишрэлтэй дүрүүдийн дунд дүүжлэгдэх мэт. Энэхүү хачирхалтай харьцуулалтаас Melville-н талаар ихийг харж болно; түүний жинхэнэ нэрийг Grumbach гэдэг бөгөөд Америкийн зохиолч Herman Melville-н нэрийг урлагийн нэр болгон авсан Францын еврей юм. Melville Америкийн кино урлагийн мотифийг бишрэгч бас дуурайгч байсан агаад Jean Cocteau, Robert Bresson нарыг дээдлэн хүндэлдэг хатуужилтай эр байв. Melville Delon-той уулзаад дүрийнх нь мэргэжлийнх нь хийгээд оюун ухааных нь байдлыг ямаршуу хөөрч догдлон тайлбарласныг төсөөлөхөд хэцүү биш юм.
Арван минут чимээгүй сонсож суусан Delon түүний яриаг тасалдуулаад "энэ түүх миний ойлгосноор харилцан яриагүй юм байна, би тоглох болно" гэж хэлж. Чимээгүй ч хүндэтгэлтэйгээр зөвшилцсөний дараа Delon Melville-д цорын ганц чимэглэл нь болсон хувь заяаны симбол бүхий самурайн сэлэм өлгөсөн өрөөгөө үзүүлсэн гэдэг. Францын хотын захын эгэл, даржин амьдралын хэв маягийг яруу найраглаг болгох явдал бол Францын кино урлагт үргэлж чухал уламжлал байсаар ирсэн. Энэ мотиф бол Jean Vigo, Marcel Carne. Cocteau-оор дамжин Jean-Luc Godard, Georges Franju, Melville хүртэл үргэлжилсэн уламжлал аж. Энэ нь үзэгчдэд Паристай тун төстэй хотод байгааг, тэгэхдээ бас төсөөллийн сэтгэлгээнд байгааг мэдрүүлдэг атмосферик шинж юм. Жишээлбэл, Costello хулгайлсан машинууддаа шинэ дугаар зүүдэг автомашины засварын газрыг харвал засварын газар хотын захад байдаг ба тэнгэр үүлшиж, нохой хуцаж, харин засварчин огт ярьдаггүй билээ. Энэхүү нууцлаг боловсруулалт нь Melville-н эхэн үеийн кинонуудад, тухайлбал "Le silence de la mar" болон, Cocteau-н зохиолоос сэдэвлэсэн "Les enfants terribles" шедеврт илэрхий харагддаг; мөн Францын Шинэ давалгааны босго гэгддэг "Bob le flambeur" киноноос нь ч ажиглагдана. "Le Samourai" кинонд Henri Decae зураглаачаар ажилласан ба түүний гоёмсог өнгөний схем нь классик гэрэл зургийн өнгө болох саарал, цагаан, хар өнгийг шингээсэн байдаг. Эл кинонд нам гүм байдал ерөөсөө бүх зүйл буюу Costello яг л давалгаа, чичиргээнд өртдөггүй цөөрөм шиг байхыг хүсдэг. Melville өөрийнхөө кинонуудын тусгаарлагдсан ялгаатай байдлын талаар ийнхүү өгүүлсэн буй: "Би баатруудаа цаг хугацаанд байрлуулахыг хүсдэггүй. Киноны үйл явдлыг 1968 онд болж байгааг мэдэгдэхийг хүсэхгүй байна. Тийм учраас "Le Samourai" кинонд хүүхнүүд банзал өмсдөггүй, харин эрчүүд нь малгай өмсдөг. Харамсалтай нь, одоо хэн ч ингэж хувцасладаггүй. Надад реалзим сонирхолтой санагддаггүй, миний бүх кино фантааз дээр тулгуурладаг. Би баримтат киноны найруулагчаар биш, кино гэдэг бол юуны өмнө төсөөлөл бөгөөд амьдралыг яг таг дахин бүтээхийн тулд хуулбарлах нь абсурд хэрэг. Хувиргана гэдэг миний хувьд зарим талаараа рефлекс ба би үзэгчдэд анзаарагдуулалгүйгээр реализмаас фантааз руу шилждэг".
Заримдаа энэ нам гүм байдад асуудалтай байдаг; Melville-н зарим бишрэгчид уг киног Францын реализмаас бараг л хошин байдлаар холдсон гэж маргадаг. Францын кино урлагийн нууцлаг сахиусан тэнгэр Delon 1967 онд 31 настай байсан ба аюултай царайлаг төрх нь цаанаа л ариун, чин сэтгэлийн увдистай. Тэр үед Delon жинхэнэ Францын гэмт хэргийн ертөнцтэй ойрхон байсан; уг киноны дараа түүнийг мафизмтай холбоотой байсан гэсэн шуугиан дэгдсэн байдаг. Энэ бүтээлийг яагаад Америкт "Godson" гэсэн нь тухайн 1972 онд "The Godfather" кино жинхэнэ сенсаац тариад байсантай холбоотой гэж үздэг. Jef Costello дүрийн Jef гэдэг нэр нь Америк боловч бас футуристик шинжтэй; мөн энэ нэр нь "Out of the Past" киноны гол дүрийн нэр билээ. Costello нэр бол жинхэнэ дээрэмчин Frank Costello-н нэр байх магадлалтай. "Le Samourai" гэдэг нэр тухайн үед илүү шинэлэг бас этгээд харийн сонсогдох ёстой байсан нь эргэлзээгүй.

Comments
Post a Comment