Some Like It Hot (1959). Америкийн нэрт кино найруулагч Billy Wilder-н гэмт хэрэгт комеди. Кино зохиолыг тэрээр I. A. L. Diamond-той хамтран бичсэн бөгөөд 1935 оны "Fanfare of Love" гэдэг Франц киноны зохиолооё сэдэвлэсэн аж. Киноны гол дүрүүдэд; Marilyn Monroe, Tony Curtis, Jack Lemmon нар тоглосон бол туслах дүрүүдэд; George Raft, Pat O'Brien, Joe E. Brown нар тоглосон. Энэхүү кино нь критикүүдээс өндөр үнэлгээ авч, арилжааны хувьд ч амжилттай байсан ба өнөөдөр бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг хэмээн тооцогддог. Тэр жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино, шилдэг найруулагч гэсэн нийт 6 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг хувцас дизайн төрөлд ялалт байгуулсан. Америкийн цензурын холбоо 1950-аад оны эхэн үеэс аажмаар суларч ирсэн ба уг киноны хориотой сэдэв нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөхүйц байсан авч 1960 оны дунд үе хүртэл цензур хэрэгжиж байв.
"Some Like It Hot" киноны гайхалтай амжилт цензурыг хүчингүй болгох шалтгаануудын нэг гэж үздэг. Урам зоригтой, нямбай урласан, гадна талдаа шунал болон гэмт хэргийн тухай юм шиг харагдаж байгаа ч үнэндээ сексийн л талаарх Wilder-н комеди кино урлагийн мөнхийн эрдэнэсийн нэг юм. Энэ кино нь Wilder-н хөгжилтэй цинизимээр баялаг тул нялууралд хамаг цагаа алдахгүй, харин бүх дүрүүд Darwin-н хандлагын дагуу авирладаг. Тэд (гол дүрүүд) чин үнэн сэтгэлийг мэдрэнгүүтээ цочирддог; Curtis-н дүр өөрийгөө зөвхөн секс л хүсдэг гэж боддог, Monroe-н дүр өөрийгөө зөвхөн мөнгө хүсдэг гэж боддог агаад тэд ердөө л бие биенээ хүсч байгаагаа мэдээд гайхшраад зогсохгүй жаргалтай болдог. Ингээд Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 31-р байрт заларч буй уг киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Нэгдсэн улсад хуурай хууль хэрэгжиж байсан хорин есөн он, Чикаго хотыг өвөл нөмөрчээ. Хотын мафийн том гар Colombo оршуулгын үйл ажиллагаа явуулдаг газраар халхавчилан нууцаар цэнгээний газар хууль бусаар ажиллуулдаг ба өвлийн нэгэн шөнө цагдаа нар гэнэт дайрч орон Colombo-ын нууц цэнгээний газрыг үнсээр нь хийсгэж орхино, уг гэнэтийн дайралтад Colombo-ын дайсан бас нөхөр Toothpick буруутай буюу тэрээр хүчирхэг найзыгаа цагдаад барьж өгсөн нь энэ. Гэхдээ бидэнд цагдаа, мафи энэ тэр чухал биш харин уг явдлаас болж ажилгүй болон гудманд хөлдөж үхэх гэж байгаа нууц цэнгээний газарт хөгжимчинөөр ажиллаж байсан бүрээ тоглодог Joe болон хийл тоглогч Jerry нар буюу киноны гол баатарууд маань чухал болой. Joe бол царайлаг, мөрийтэй тоглоомчин, бас найгүй хүүхэмсэг эр бол Jerry найзыгаа бодвол илүү шуналтайг эс тооцвол дутах юмгүй өрөөсөн дугуйнууд агаад ажилгүй болсны дээр өрөө төлөх хугацаа тулсан учир найзууд хөгжимчдөд ажил олгох газар очиход өндөр цалинтай, аялал болон буудаллах байр хоол үнэгүйгээр Майами руу аялан тоглолтоор явах жазз хамтлагт хийл, бүрээ хөгжимчдийн орон тоо дутуу боловч хамтлаг дан хүүхнүүдээс бүрдэх болохоор эрэгтэй хүмүүс авахгүй гэснээр манай хоёр сэтгэл гонсойно.
Гэтэл Jerry сод ухаан сийлэн найздаа хоёулаа эмэгтэй хүн болж хувиръя гэсэн санал тавих агаад өрөө төлж, мөнгө олон, нарлаг газарт очин хүүхэн эргүүлэх хүслээ гүйцэлдүүлэхэд энэ зэргийн хувирал жаахан хэрэг бөгөөд хувь тавилангаар гэхүү, азгүйгээр гэхүү найзууд санамсаргүй байдлаар Colombo өөрийн залуусын хамт Toothpick-г хөнөөж байхыг харж, улмаар амьд гэрч болчихно..найзууд тухайн үед азаар амь гарах ч цаашид Чикагод байж болохгүй, Colombo тэднийг яавч зүгээр өнгөрөөхгүйг мэдэх учир одоо мөнгө олох гэж хүүхэн хүний дүрд хувирах гэсэн нь харин амиа аврах зайлшгүй шаардлага болчихно тэр ээ. Ийнхүү Joe маань Josephine болох бол Jerry Daphne болж хувирцгаан дан хүүхнүүдээс бүрдэн жазз хамтлагт хөгжимчдөөр орон галт тэргэнд суун Майами руу аялан тоглолтоор явна. Эмэгтэй хувцас өмссөн Jerry \хойшид залуусаа эмэгтэй нэрээр нь бичнэ\ найздаа хандаж: энэ хүүхнүүд чинь ямар нимгэн хувцалдаг юм бэ? яг хөлдлөө гээд нүцгэн байгаа юм шиг санагдаад байх гэдэг. Галт тэргэнд ороод найзууд хамтлагийн гоцлол дуучин Sugar гэх дур булаам, үзэсгэлэнтэй хүүхэнтэй танилцах ба дан хүүхнүүдийн дунд орсон манай хоёрт энэ нь архины дэлгүүрт орсон архичид шиг зүүдний мэт байх ч тэд хоёулаа бусдаасаа илт илүү Sugar-д санаархана.
Хөнгөн, хөөрүү Daphne -г бодвол илүү хашир, алсын хараатай Josephine өөрийн хувирсан дүрээ ашиглан Sugar-тай дотно танилцан ямаршуу хүн болохын мэдэж чадах ба хожим хойно энэ олсон мэдээлэлээ ашиглан өвөртөө оруулахыг бодно. Sugar нарлаг Майми руу баян эр урхидахаар яваа ба бүтэлгүй хайр, ядуу амьдрал нь түүнийг ингэхэд хүргэсэн бөгөөд боломж л олдвол балгах дуртай энэ хүүхний итгэлийг манай хоёр “хүүхнүүд” ихээхэн татаж тэд тун ойртоцгооно. Галт тэргэнд болсон олон хөгтэй явдлыг орхиод бид Майамигийн тансаг буудалд гурван найз хүүхний хамт ирэх бөгөөд буудлын гадаа ирээдүйн эхнэрээ хүлээцгээх саятанууд дотроос хөгшин тэгсэн хэрнээ одоо ч ээжийн хүү байгаа Osgood хөөрхий муу Daphne-г харуут нүдлэн бүр дурлаж орхино. Энэ зуур Josephine хамтлагийнхаа гоцлол дуучин хүүхнийг амтлахын тулд залуухан ганц бие саятаны дүрд хувирах агаад зориуд Sugar-ын анхааралыг татаад зогсохгүй тун сайн жүжиглэлт хийгээд хүүхний талаарх мэдээлэлээ ашигласнаар Sugar-г өөртөө дурлуулж дөнгөнө. Daphne-д дурлаж гүйцсэн Osgood-ээс ирэх бэлэг сэлт хийгээд шөнө дарвуулт хөлөг онгоц дээрээ болзох саналыг сэргэлэн Josephine өөртөө ашигтай байдлаар ашиглан бэлэг сэлтийг нь Sugar руу илгээж, шөнийн болзоог өөр дээрээ аван энэ хооронд Daphne-г хөгшин найз залуугаа аргалж байхыг тушаах ба үнэндээ Daphne Josephine-ээс айдаг билээ.
Тушаал авсан Daphne хөгшин амрагаа үүр цайтал саатуулж байх хооронд Josephine саятаны дүрээр дарвуулт хөлөг онгоц дээрээ үнэтэй дарсанаас нэг балгаж, Sugar-ын жимсэн уруулнаас нэг амтлан жаргана. Sugar баян, царайлаг ганц бие залуутай танилцлаа хэмээн толгойн эргэн энэ бүхэнд итгэж чадахгүй байх бол Josephine өөрийгөө эмэгтэй хүн мэдрэх мэдрэмжээ алдсан, секс хүсэл төрдөггүй гэж худал хэлэн хүүхнээр өрөвдүүлсэнээр өвөртөө оруулчихна. Үүрээр Josephine өрөөндөө орж ирэхэд Daphne сая Osgood-той сүй тавичихлаа, мэдээж сална тэгэхдээ ихээхэн мөнгө авна гэх бөгөөд согтуу дээр нь өөрийгөө эмэгтэй гэж бүр итгэчихсэн түүнийг Josephine загнаж сэнхрүүлнэ. Маргааш өглөө нь Daphne Josephine хоёрын эмэгтэй байх сүүлчийн өдөр байж таарах буюу тус газарт Bonaparte тэргүүтэй бүх мафийн тэргүүнүүд цуглах дотор Colombo ч байх агаад Bonaparte энэ уузлалтыг ашиглан найз Toothpick-ын алсан Colombo-г устган өшөө авахаар иржээ. Colombo-г ирсэнг мэдсэн найзууд үтэр түргэн зугтаах хэрэг гарах ба Josephine явах болсоноо гэнэт хэлсэнээр Sugar-ын аугаа их мөрөөдлийг нурааж хүүхэн дахин архи ууж эхлэх бол Josephine гэнэт явах шалтгаанаа баян айлын охинтой сүй тавив гэж хэлнэ. Ингээд, Colombo болон манай залуус буудлаар нэг хөөцөлдөж байгаад Colombo-г устгах Bonaparte-ын ажиллагаанд манай хоёр азгүйгээр орж гэрч болчихно, энэ нь тэд бас л зугтаах хэрэгтэй гэсэн үг юм.
Daphne-г Osgood байнга хүлээж байхаа, тэгэхдээ дарвуулт онгоц дээрээ хүлээж байхаа хэлсэн учир залуус дарвуулт онгоц руу амь ирэн зугтаах бөгөөд Josephine явахаасаа өмнө нулимстай дуулах Sugar-г олж харахдаа түүнд хайртай болсоноо ухааран, бүх нууцаа илчилсэн үйлдэл болох эмэгтэй хувцастайгаар түүн дээр очин уруул дээр нь үнсээд хэн гэдгээ мэдэгддэг. Мөнгөнөөс илүү хайр чухалыг ойлгосон Sugar зугтааж байгаа Osgood, Josephine, Daphne нарыг гүйцэж очин эд баялаг хэрэггүй ганцхан чи л надад хэрэгтэй гэснээр Josephine-тэй учраа олон үнсэлцэнэ. Osgood-д одоо үнэнээ хэлэх болсоноо ухаарсан Daphne тойруугаар: би тамхи татдаг гэхэд Osgood зүгээр дасчихна гэхэд Daphne би хүүхэд төрүүлж чадахгүй гэхэд Osgood зүгээр бид хүүхэд үрчилчихнэ гэх бөгөөд аргаа барсан Daphne би эрэгтэй хүн гээд хиймэл үсээ авахад Osgood зүгээрээ хэн ч төгс биш гэдэг.
Франц киноны зохиолыг Robert Thoeren, Michael Logan хоёр бичсэн ба тэдний бичсэн эх зохиол олдохгүй байсан тул продюсер Walter Mirisch 1951 онд хийгдсэн Герман хувилбарынх нь зохиолыг худалдаж авч, улмаар Wilder үүн дээр шинэчлэн ажиллахаар болжээ. Хоёр кино адилхан ажил хайж буй хоёр хөгжимчний тухай өгүүлдэг, харин Wilder өөрийнх дээрээ гангстерийн дэд үйл явдлыг нэмж өгчээ. Студи Lemmon, Curtis хоёрыг эмэгтэй хүн шиг биеэ авч явахыг сургахын тулд эмэгтэй хүнийг дуурайдагаараа алдартай Barbette гэгчийг хөлслөж байв. Найруулагч маань Curtis-г "Houdini" киноноос хараад "нүдэлчихсэн" байсан ба Joe-н дүрд төгс тохирно гэж үзжээ. Wilder Jerry-н дүрд анхлан Frank Sinatra-г бодож байсан ч дараа нь Sinatra хэтэрхий түвэгтэй байх юм шиг санагдаад больжээ. Дараа нь Jerry Lewis-д санал тавихад Lewis татгалзсан агаад хожим үүндээ харамсаж явдаг гэж ярьсан байдаг. Найруулагч маань "Operation Mad Ball" киноноос Lemmon-г хараад эцсийн сонголтоо хийсэн бөгөөд Wilder, Lemmon хоёр удалгүй "The Apartment" шедеврт дахин ажилласан билээ.
Wilder, Diamond хоёр Sugar-н дүрд Monroe шиг том од тоглоно гэж хүлээлтгүй байсан. Wilder дотроо жүжигчин Mitziv Gaynor-г бодож явсан ба Monroe энэ дүрийг хүсч байгаа гэсэн цуу яриа гарч, энэ яриа явсаар биеллээ олжээ. Monroe Sugar-н дүрийг бас нэгэн "тэнэг шаргал үст" гэж үзэж байсан боловч нөхөр Arthur Miller-н урамшуулалт хийгээд цалингаас гадна киноны ашгийн 10%-г санал болгосоноор тэрээр зөвшөөрсөн. Олон хүн Wilder-д Monroe-г битгий сонго, хамтран ажиллахад хэцүү хүн гэж хэлж байжээ. Киноны хөгжмийг Adolph Deutsch бичсэн ба кино дууны дизайны хувьд "хүчтэй хөгжмийн элементтэй". Энэ нь 1920-оод оны жинхэнэ жазз хөгжмийг мэдрүүлдэг буюу тодорхой мөчүүдэд хурц, гуулин чавхдаст хөгжмийг ашиглан хурцадмал нөхцөлийг бий болгодог; жишээлбэл, Colombo-н гангстерүүд гарч ирэхэд тодорхой сонсогдоно. Зураглал болон гоозүйн хувьд Wilder киногоо хар-цагаанаар хийхээр шийдсэн, учир нь Lemmon, Curtis хоёр эмэгтэй хувцсаа өмсөөд бүрэн нүүр будалттайгаар өнгөтөөр туршилтын зураг авалт хийтэл залуус "үзэшгүй муухай" харагджээ.
Monroe-н гэрээнд кино өнгөт байх ёстой гэсэн заалт байсан боловч тэр залуусыг эмэгтэй төрхтэйгөөр өнгөтөөр хараад хар-цагаанаар хийхийг зөвшөөрөхгүй байж чадаагүй. Кино түүхч Foster Hirsch-н хэлснээр, 1959 онд болсон нэгэн үзвэрийн үеэр киноны төгсгөлд жүжигчин Joe E. Brown-н хайхрамжгүй мөртлөө цагаа төгс олж хэлдэг мөрийн араас үзэгчдийг хамгийн чанга, чин сэтгэлийн нэгэн зэрэг уухайлан инээлдэхийг сонссон гэдэг. 2017 онд BBC-н явуулсан санал асуулгаар уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг комеди киногоор шалгарсан бол 2000 онд Америкийн кино хүрээлэн Америкийн хамгийн шилдэг комеди киногоор мөн нэрлэж байв. Ихэнх гайхалтай кинонууд яагаад чухам гайхалтай байдаг вэ гэвэл ийм кинонууд олон давхар утгатай, нарийн түвэгтэй байдаг учраас. Тиймээс бид өөртөө хийгээд бусдад "тэр киног дахиад үз" гэж хэлдэг. Бид ийм гайхалтай бүтээлүүдийг дахин дахин үзэх бүрдээ шинэ, гайхам зүйлсийг олж авдаг ба бид сайн киноноос гайхамшгийг олж нээсэн гэдэгтээ итгэлтэй болоход бидний мэдрэмж, сэтгэл боловсрон төлөвшиж, өнөөх гайхалтай кино урьдынхаасаа ч илүү ухаалаг, сайжирсан санагддаг. "Some Like It Hot" гэхдээ олон үзэж байж илүү ойлгодог төрлийн кино биш юм. Wilder-н уг киноны бүх зүйлс тодорхой байдаг, энэ киног та нэг үзээд л гайхалтай чанарыг нь бүрэн дүүрэн, тэр дороо олж мэдэрнэ.
Өөрөөр хэлбэл, энэ яг анхны харцаар дурлах шиг. Тиймээс хүн анхны харцаар дурласан л бол хоёр дахь харц хэрэггүй шиг та кинонд дуртай л бол энэ кинонд шууд дурлана. Бид эл бүтэлээс юуг мэдрэх вэ? Эсрэг хүйстнийхээ хувцсыг өмсөх нь хэр инээдтэйг тайлбарлах шаардлагагүй, Wilder, Diamond хоёрын ухаалаг диалогитой зохиолд мөн л тайлбар хэрэггүй. Curtis-н Cary Grant-г илэрхийлсэн төрх, Lemmon-н хүүхэн шиг урам зоригтой тоглолт, Monroe замналынхаа оргил үед байсан гээд энэ бүхэнд тайлбар илүүц. "Some Like It Hot" киноны мөнхийн амжилтын нууц нь ердөө л илэн далангүй чанарт нь оршино. Wilder, Diamond хоёрын зохиолоо бүтцийн болон сэдэвчилсэн цогц бат суурин дээр тулгуурлан бичсэн нь үүнийг хамгийн шилдэг комеди киноны зохиол гэж үзэхэд хүргэдэг. "Some Like It Hot" киноны өөрчлөлтийн тухай сэдвийг тусгайлан авч үздэг. Кино өөрөө дүрүүдийнхээ хувцаслалт шиг байнга өөрчлөгддөг; кино гангстертай кино шиг эхлээд дараа мюзикл болж, тэгснээ комеди, эцэстээ бараг романтик кино болж хувирдаг. Өөрчлөлт нь жижиг ба том, урт ба богино маягаар киноны туршид өрнөдөг буюу энэ нь хошигнолынх нь хүчилтөрөгч болдог; тухайлбал харааны хувьд бид оршуулгын тэрэг архины машин болж байгааг харах бол сонсголын хувьд өндөр дуугаар ярьдаг, харин дүрийн эргэлтийн хувьд Lemmon-н дүр эмэгтэй хүний хувцастайгаар аймшигтай муухай харагддаг билээ.
Энэ мэтээр өөрчлөлт нь кинонд нягт шингэсэн байдаг ба зөвхөн инээлгэх зорилготой бус сэдэвчилсэн утгатай байдаг. Өөрчлөлт нь киног эрч хүчээр дүүргэж, драматикийг сэргээж, үзэгчдийн анхаарлыг татах сэргээш шиг байдаг. Энэ бол Америк маягийн садар, догшин кино буюу цагийг сайхан өнгөрүүлэх тухай Америк гарын авлага юм. Зарим судлаачид уг кино дахь жендэр, сексийн агуулгыг бараг л "гэгээрсэн" гэж магтаж ирсэн аж. 1976 онд энэхүү киноны агуулгыг "гетеросексуал ч биш, гомосексуал ч биш, эмэгтэй ч биш, харин эдгээр туйлшралыг өөрчилж, манин шинжийн үргэлжлэх хэмжээний тухай" гэж бичиж байсан сонирхолтой. Гэхдээ чухам найруулагч Wilder тийм үргэлжлэх хэмжээний тухай хөндсөн нь юу л бол? Wilder зүгээр Америк маягаар цагийг хөгжилтэй өнгөрүүлж, эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцас өмсвөл ямаршуу комеди бүтэх бол гэж бодсон болов уу. Нэг үгээр энэ бол ххйр, хүсэл тачаал, эрэгтэй юмуу эмэгтэй хүн байх тухай биш харин түүний капитализмын талаарх бодол болов уу. "Some Like It Hot" кино бол эмэгтэй хүн байх мэдрэмжээр эрчүүдийг хэрхэн илүү сайн ойлгохыг сонирхдоггүй учир "Tootsie" бүтээлээс ялгаатай.
Энэ Wilder-н кино тул хүн хүссэнээ авахын тулд "Machiavellian" аргыг хэрэглэх тухай буюу мөнгө, секс, өөрийгөө хамгаалахаас эрхэм зүйл байхгүй аж. Wilder Америкийг тодорхойлогч байсныг мартаж болохгүй. Киноны нэр гайхалтай сексээс өөр зүйлийг хэлээгүй л болов уу. Wilder зүгээр л цагийг сайхан өнгөрүүлэхийг хүссэн; түүний камераа хэрхэн ашигласныг харцгаая; үзэгчдийн бодлыг Alfred Hitchcock шиг удирдахыг хүсээгүй, дүрүүдийн юу мэдэрч байгааг Nicholas Ray шиг бидэнд мэдрүүлэхийг хүсээгүй, мөн Frank Capra шиг зохиолдоо засвар хийхийг хүсээгүй. Wilder ердөө л ёс суртахуунгүй хандсан, эгээ л хүн тултал нь хөгжилдөхдөө ёс суртахууныг мартдаг шиг тийм байхыг хүссэн. Wilder-г шүүмжлэгчид түүний энэхүү ёс суртахуунгүй байдлыг хүнийг үзэн ядах үзэлтэй адилтгадаг ба Wilder-н сүүл үеийн комеди кинонууд илүү зохилтой, утгатай болж ирсэн бөгөөд Wilder-н цинизим гэдэг хөгжилтэй ч зэвүүн байдаг. Wilder-н цинизим гэдэг бол Америкийн доторхыг хайр найргүй уудлан гаргахыг хэлж байгаа агаад капитализмд хүнийг үзэн ядах үзэл маш их байдаг.
Marilyn Monroe энэ кинонд төдийгүй угаасаа ямар халуухан жүжигчин болохыг бид мэднэ, тэгвэл Wilder түүний халуухныг ч бас ямар дулаахан хүн болохыг олж харсан гэдэг. Энэ киноны зүрх нь Monroe ба тэр энэ киног үүрч явдаг гэвэл хилсдэхгүй. Wilder зориуд түүнд ийм ачааг үүрүүлсэн бөгөөд Wilder энэ киногоороо Monroe-н байр суурийг эвдсэн гэдэг. Wilder өөр ямар ч найруулагчаас илүү түүнийг ойлгодог байсан ба ганцаардсан, гутарсан, архи тамхинд донтсон түүний цэвэр ариун, гэнэн цайлган, сахиусан тэнгэрлэг төрхийг эцсийн удаа магадгүй Wilder гаргажээ.

Comments
Post a Comment