McCabe & Mrs. Miller (1971). Америкийн нэрт кино найруулагч Robert Altman-н ревизионист вестерн жанрын кино. Америкийн зохиолч Edmund Naughton-н 1959 онд хэвлэгдсэн "McCabe" романаас сэдэвлэн Brian McKay, Robert Altman хоёр кино зохиолыг бичсэн. Найруулагч Altman уг кино нь вестерн киноны уламжлалт элементүүдээс татгалзах юмуу үл тоомсорлодог учраас "анти-вестерн" гэж нэрлэсэн. Киноны гол дүрүүдэд Warren Beatty, Julie Christie (тэрээр энэ дүрээрээ Оскарт шилдэг эмэгтэй гол дүрд өрсөлдсөн) хоёр тоглосон. Кино Vilmos Zsigmond-н зураглал, Канадын нэрт дуучин Leonard Cohen-н саундтракуудаараа алдартай. "McCabe & Mrs. Miller" кино нээлтээ хийснээсээ хойш жилээс жилд нэр хүнд нь өсч, ревизионист вестерн жанрын жишиг гэгдэх болсон. Altman-н замналын оргилын үеийг тодорхойлдог эл бүтээлийг Америкийн кино хүрээлэн бүх цаг үеийн хамгийн шилдэг вестерн жанрын киноны 8-р байрт жагсаасан нь нэгийг хэлнэ.
Төгс кино хийх боломж бололцоо найруулагчид тийм ч олонтаа тохиолддогүй; зарим нь амьдралынхаа турш төгс бүтээлийн төлөө хичээдэг ч бүтэлгүйтэх нь элбэг. Найруулагч Altman олон шилдэг кино туурвиснаас магадгүй хамгийн төгс нь "McCabe & Mrs. Miller" болов уу. Энэ бол хэзээ ч олж авахгүй хайрын төлөөх хүсэл, хэзээ ч бий болгож чадахгүй гэр орны тэмүүллийн тухай гэдгээрээ хамгийн гашуун гунигтай кинонуудын нэг мөн. Киноны үйл явдал ямагт бороо, цастай саарал тэнгэрийн дор өрнөдөг; энэ бол кино яруу найраг, гунигтай шүлэг. Ингээд BBC-н санал асуулгаар Америкийн хамгийн шилдэг кинонууд жагсаалтын 16-р байрт бичигдсэн, Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 237-р байрт эрэмблэгдэж буй киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Өгүүлэх нь, нар жаргах дөхсөн өвлийн хүйтэнд морь унасан эр нэгэн уушийн газар орж ирэх бөгөөд бяцхан уушийн газар түүнийг орж ирсэнээс цаг хүрэхгүй хугацааны дотор мөрийтэй тоглоомын газар болон хувирна. Товчдоо, сайхь эр мөрийтэй хөзөр тоглоход зориулагдсан бүхнийг авч явсанаар уушийн газрынхан цөм татагдан орж, дүнсгэр тэр газар амь орж тоглоомны хөгжөөнтэй уухай нь дор хөгжилдмү. Энэ эрийг McCabe гэдэг, үнэн юмуу, худал юмуу, ямартай ч зартай буучин, хүн буудаж алсан гэдэг түүх түүний нэрийг байнга дагахаас гадна зартай мөрийтэй тоглоомчиноор нь улс андахгүй. Төрх байдлын хувьд царайлаг дажгүй хэдий ч хулчгар, алсын хараагүй, дээр нь найгүй архичин болно. McCabe-ын хүрэлцэн ирээд буй энэ газар бол америкийн баруун хойт нутгийн "Пресбитериан Сүм" гэдэг жижигхэн хот бөгөөд уг газрыг дүрсэлвээс бүүдгэр, байнга цас орсон уулархаг мод ихтэй бараг хөдөө алслагдсан газар болой. Харин энэ киноны маань үйл явдал арванесдүгээр зуунд өрнөж буйг тодруулах нь зүйтэй болов уу.
McCabe уг газар зүгээр тэнэж ирээгүй, насаараа олж цуглуулсан хэдэн цаасаараа бизнес хийхээр ирсэн ба ажигч хүний хурц нүдээр уг газар нутагт мөрийтэй тоглоомны газар байхгүйг олж мэдэн, уг газрын хуучирсан нэгэн сүмийг засан мөрийтэй тоглоом, халуун ус, мөн тэгээд янханы үйлчилгээтэй том буудал барихаар ханцуй шамлан орно. Уг бизнесээ амжилттай эхлүүлэхэд нь түүний домог мэт \хүн алсан, зартай буучин\ түүх тус бололгүй яахав. Энэхүү нутаг нь уурхай түшсэн, уурхайчид буюу голдуу эрчүүдээс бүрдсэн хот тул янханы газар ажиллуулвал ашигтай болохыг хашир андгай андахгүй ухаарна. Ингээд тэрээр бүх мөнгө төлөвлөсөн буудал барихад зориулж эхлэх бөгөөд ойролцоо янханы газраас гурван хүүхэн худалдаж авч бүх юм ёсоороо өрнөж байтал ойролцоох хотоос Constance гэх хүүхэн McCabe-ын ажил хэргийг дуулаад даруй зорин ирж байгаа нь энэ агаад зүгээр ч үгүй баахан хүүхэн дагуулан \удирдан\ ирнэ. Constance шууд л McCabe дээр ороод явчих ба зорьсон хэргээ, өөрийгөө танилцуулан McCabe-г сөхөө авч амжаагүй байтал саналаа тулган зөвшөөрүүлчихнэ.
Бүсгүйн хэрэг зориг хийгээд энэ бүсгүй үнэндээ хэн бэ гэвэл: Constance гэх энэ бүсгүй насаараа янхан хийсэн дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч бөгөөд одоо ажилдаа гаршиж өөрөө охид хүүхнүүдийг удирдан биеийн үнэлүүлэгч эзэгтэй болж, тэгээд McCabe-ын бизнес санааг сонсоод өөрийн охидын хамт хамтран ажиллахаар ирээд байгаагаа хэлээд ашгаа шударгаар хувааж ажиллъя гэнэ. Бүсгүй McCabe-ын гурван янханыг хараад инээдээ нуухгүй ба өөрөө болон өөрийнх нь охид дээд зэрэглэлийнх учир ашиг их олно гэнэ, энэ ч үнэн болохыг бүсгүйн ярианы турш архи зооглож суусан McCabe ойлгоно. Ингээд тэд хамтрагчид болж, төд удалгүй буудал ч ашиглалтанд орж ашгийг ёстой нэг цөм хийж эхлэх ба гол ашгийг нь Constance-н охид авчирч байлаа. Дашрамд Constance-н танилцуулахад: бараг эрэгтэй хүн шиг зан араншинтай энэ бүсгүй асар амиа хичээгч, хар тамхичин ч аятайхан сайхан төржээ. Барагалж мөнхийн согтуу явах McCabe бүсгүйд санаархан очиход бүсгүй нэг бол үйлчлүүлэгчтэй үгүй бол хар тамхиа татаад мансууран байна. Хамтрагчид ингэж тэгсээр хоёр биенээ бизнес хамтрагчид биш найзууд гэж харан хааяа нэг оронд ордог болоход ч бүсгүй мөнгө авч хамт хонодог байв.
Ажил явдал ургаштай явж байтал уул уурхайн том компаний төлөөлөгчид ирж McCabe-д санал тавина. Санал ийм: McCabe-ын буудал уул уурхайн ажил явуулахад саад болж буйг, нэг ёсондоо энэ газраа өгчих гээд асар их мөнгө санал болгоно. Согтуу толгой мэдээж зөвшөөрөхгүй ба төлөөлөгчид гуйгаад болохгүй бол гуядаж авахаа сануулна. Энэхүү заналхийлснээс төд удалгүй буутай залуус ойр орчмоор үзэгдэж эхлэх ба бүгд айдастай болж, шүүх цагдаа тус болохгүйг мэдсэн McCabe өөрөө өөрийгөө хамгаалахаас өөр аргагүйд хүрнэ. Тийнхүү хүч тэнцвэргүй тулаанд хүнд шархдаж ялсан McCabe тэсгэм хүйтэнд тусламжгүйгээр хөлдөж үхэх мөчид нөгөө талд Constance тамхиндаа мансууран хэвтэж байдаг. Кино түүхч James Bernardoni-н бичсэнээр, киноны үндсэн сэдэв нь хувь хүн ба капиталист нийгмийн шаардлага хоорондын мөнхийн зөрчил гэжээ. Тэрээр мөн Altman мизасцэнийхээ зохицуулалтаар хувь хүн ба нийгмийн тасралтгүй зөрчлийг бүхий л үзэгдэлдээ, бараг бүх кадртаа илэрхийлсэн гэжээ. Киноны төгсгөлд, шархадсан McCabe цасанд ганцаараа үхэж байхад, Constance үүнийг огт мэдэлгүй, үхэл шиг хар тамхиныхаа мансууруулд унаж байгааг дүрсэлсэн нь хувь хүн ба нийгэмлэгийг тохируулах гэсэн вестерн жанрын сэдвийн талаарх нарийн өнгө аястай, зог тусам, уламжлалын эсрэг бясалгалын шинжтэй төгсгөл болдог аж.
Уг киноны продюсеруудын нэг David Foster 1968 онд эх романы эрхийг худалдаж авсан ба тэрээр философич Simone de Beauvoir-н "The Mandarins" зохиолын эрхийн талаар Ellen Wright-тэй хэлэлцээр хийж байхдаа Naughton-н романы талаар анх дуулжээ. Wright тухайн үед Парист амьдарч, ажиллаж байсан Naughton-н төлөөлөгч байв. Foster хамтрагч Mitchell Broward-тайгаа хамт Fox студитэй хоёр киноны гэрээ байгуулсан агаад удсангүй Foster нэрт яруу найрагч, кино зохиолч Ben Maddow-д кино зохиол захиалжээ. 1969 онд найруулагч Altman "MASH" киноныхоо пост продакшнд орж, Foster-г үзвэртээ урьж; Foster-д кино шууд таалагдсан тул Altman-г найруулагчаар сонгосон аж. Тэд "MASH" кино бокс оффист амжилт гаргатал хүлээхээр тохиролцсон буюу ингэсэн тохиолдолд шинэ төсөлдөө санхүүжилт авахад асуудалгүй байв. Төсөл батлагдаж, Maddow-д захиалсан зохиолоос үл хамааран хоёр дахь киноны зохиолыг Brian McKay-д захиалж, McKay ч ердөө 5 долоо хоногийн дотор зохиолоо бичиж дуусгасан. Altman эрэгтэй гол дүрийг Elliott Gould-д санал болгосон ч Gould өөр киноны төлөө татгалзсан; Altman түүнд "чи амьдралынхаа хамгийн том алдааг гаргаж байна шүү" гэж хэлсэн гэдэг. Foster Англид байсан Warren Beatty руу залгаад киноныхоо тухай хэлсэн бөгөөд Beatty "MASH" киног үзэхээр Нью-Йорк руу нисч, дараа нь кинонд тоглохоор Калифорни руу ниссэн байдаг.
Анхлан киног "the Presbyterian Church Wager" гэж нэрлэсэн авч Пресбитериан сүмээс Warner Bros.-д хандан; танай кинонд манай сүмтэй холбоотой янхны газар, мөрийтэй тоглоомын тухай гарч байна гэсэн гомдол ирснээс болж киноны нэрийг "McCabe & Mrs. Miller" гэж сольжээ. Уг кино урьдчилсан үзвэргүйгээр нээлтээ хийсэн бөгөөд Vincent Canby зэрэг критикүүд сөргөөр хүлээж авсан байдаг; тэрээр киноны үйл явдлыг "нозоорсон бэлгэдлээр" сунжирсан гээд үүний үр дүнд эх зохиолынхоо нэр хүндийг унагасан гэж бичсэн. Мөн критикч Rex Reed киног "уялдаа холбоогүй, тэнэгдүү, уйтгартай, сонирхогчийн, бүхэлдээ үнэ цэнэгүй хог" гэж хатуурхасан байдаг. Ерөнхийдөө нээлтийн үзвэрийн үеэр үзэгчид киног шүгэлдэх юмуу элдэв хараалын үгсээр угтаж байсан нь үнэн юм. Гэсэн хэдий ч киноны зүүдний мэт үзэсгэлэнтэй шинж, алслагдсан хөдөөний амьдрал ямар байж болох талаарх түр зуурын, тунгалаг харааны дүрслэлийг зарим критикүүд магтсан. Критикч Pauline Kael найруулагч Altman-г амьд харилцааны уур амьсгалыг бүтээх суут авъяастай гэсэн буй. Критикч Kathleen Carroll; "Altman хэзээ ч тайлбар мэдэгдэл хийдэггүй. Тэр цаг хугацаа өнгөрөхийг л үзүүлдэг бөгөөд үзэгч түүний сэжүүрийг олох ёстой. Түүний анхаардаг зүйл бол үйл явдлыг тайлах бус харин уур амьсгал эсхүл мэдрэмжийг буулгах явдал ба тэр үүнийгээ зөөлөн өнгөөр, кинонд нь ууссан байдлаар харуулснаар киногоо эртний төрхтэй болгодог".
Критикч Roger Ebert: "Өөр ямар ч вестерн кинотой адилгүй, уг киногоороо Altman үеийнхээ толгой найруулагчдын нэг болсноо харууллаа". Критикч Gene Siskel: "Үйл явдал нь бус харин үйл явдлыг өгүүлсэн арга барил нь киног бишрэм болгож байна. Ийм тансаг сцэнүүдийг бүтээх нь сайн киноны жишиг чанар ба Altman маргаангүй мастер". Критикч Charles Champlin: "Сонирхолтой боловч хямдхан толинд харах шиг тэгш бус". Харин Канадчууд Beatty, Christie хоёрын гүйцэтгэл хийгээд Cohen-н дуу хөгжмийг магтаж, бусдаар "онц зүйлгүй" гэж хүлээж авах хандлагатай байлаа. Критикч James Spears эл киног үзэсгэлэнтэй мөрөөдөл, Ванкуверийн мөрөөдлийн чухал хэсэг гэж магтсан. Montreal Gazette сонинд "үзэсгэлэнтэй хэдий ч заримдаа дүр эсгэсэн хөдөөний үлгэр шиг" гэжээ. Дайнгүй дайны тухай "MASH" киногоороо ялгуусан амжилт үзүүлсэн Altman өөрийнх нь хэлснээр "вестерн биш вестерн" кино хийхээр зориг шулууджээ. "MASH" кинондоо тэрээр төрөл жанрынхаа уламжлалыг буюу тулааны сцэн, харгис баатарлаг төрх, эх оронч бахархлыг таатайгаар авч хаясан агаад энэ аргаа Edmund Naughton-н романыг кино болгохдоо ашиглана гэж тооцсон.
Хуучны улиг болсон ойлголтыг нураах хамгийн сайн арга бол тэдгээрийг ёжлолгүй үзүүлсэн романдаа илүү үнэнчээр хандах явдал гэж Altman үзжээ. 1971 онд өгсөн нэгэн ярилцлагадаа найруулагч; "Би энэ түүхийг сонгосон шалтгаан бол энэ уламжлалт түүх байсан. Энэ нь хэзээ ч өгүүлэгдэж байгаагүй хамгийн эгэл, нийтлэг вестерн байсан. Энэ бол таны хамгийн их харж байсан дүр, үйл явдал, вестерн" гэсэн буй. Altman энэ тохиолдолд зориуд хэтрүүлэгтэй хэлсэн болов уу. Үнэхээр ч эх романыг New York Times сонины критикч "вестерн реализмын ер бусын ном" гэж байв. Гэхдээ л Altman-н "анти-вестерн" гэсэн үл хайхарсан байдал нь Холливуудын студийн даргы нарыг бухимдуулах хэмжээний радикал байлаа. Тэдний хувьд "McCabe & Mrs. Miller: кино нь зөвхөн анти-вестерн гэдгээрээ бус анти-рационал, анти-үзэгчид гэсэн утгатай байв. Иймэрхүү эсэргүүцэл, бухимдлын хажуугаар хүлээлт бас байсан агаад учир нь, "MASH" кино бага төсвөөр бүтээд төсвөө хэд давсан санхүүгийн амжилт гаргаж; мөн Оскарын наадамд 5 төрөлд нэр дэвшин, Altman-д шилдэг дэлгэцийн хөрвүүлэлт шагналыг авчирчихаад байлаа. Том кино студид үзэгчдийн хүслийг урьдчилан харах чадвараа алдчихсан байсан эрин цагт Altman хамгийн найдвартай бооцоогоо бодож байв. Warner Bros түүнийг ажилд авахыг хүсч, тухайн үеийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг байсан Warren Beatty түүнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байв.
Altman-н удирдлага дор Beatty, Julie Christie хоёр зохиолын алдаа дутагдлыг олоход гар бие оролцож байсан буюу тухайлбал, Christie-н дүрийг илүү гүнзгийрүүлж, хоёрдогч дүрүүдийг илүү сайн хөгжүүлжээ. Хоёрдогч дүрүүд болон үйл явдлын шугам тун баялаг киноны эхний хагаст үндсэн хүүрнэлийг олоход амаргүй байдаг; жишээлбэл Christie-н янхны дүр киноны дөрөвний нэг хүртэл гарч ирдэггүй. McCabe, Constance хоёр киноны хамгийн чухал олон мөчүүдэд байдаггүй; залуухан янхан Alma хүчирхийллийн улмаас сүйрэхэд, ковбойгийн эмгэнэлт төгсгөлд, нөхрөө зодуулж үхэхийг харсан Ida-н царай айдсаас тайвшрал руу шилжихэд. McCabe өөрөөсөө ичиж зовсон мэт илэрхийлэмжтэй харагддаг ба тэр бувтнаж,сандарсан тэнэг инээд хийгээд үслэг хүрэмнийхээ ард нуугдсан юм шиг санагддаг. Уламжлалт ёсоор бол вестерн киноны баатар нь нэр төрөө хамгаалагч гэж тодорхойлогддог, харин энэ кинонд үгүй юм. Харин Beatty-н энэ дүр Altman-н 1973 оны "The Long Goodbye" киноны хувь тавилантайгаа эвлэрсэн баатрын урьдач гэмээр байдаг.

Comments
Post a Comment