The Dead (1987). Америкийн мастер кино найруулагч John Huston-н драм. Ирландын их зохиолч James Joyce-н "Dubliners" өгүүллэгийн эмхтгэлд багтсан сүүлийн ижил нэрт өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн ба кино зохиолыг найруулагчийн хүү Tony Huston бичсэн бол гол дүрд охин Anjelica Huston тоглосон. Эл кино John Huston-н сүүлчийн кино байсан ба нас барсных нь дараа нээлтээ хийсэн. 66 дахь удаагийн Оскарын наадамд Tony Huston шилдэг кино зохиол хөрвүүлэлт төрөлд нэр дэвшсэн. Тухайн үед ухаан санаанд багтамгүй санагдаж байсан энэ бүтээл одоо зоримог, бараг туршилтын шинжтэй харагдана. "The Dead" кино заримдаа хуучны ганц тайзтай телевизийн жүжиг шиг хэв маягтай харагддаг авч эдгээр нэгдмэл эффект нь киног хатуу чанд, тодорхой, амьд болгодог.
Найруулагч Huston-н тэсвэр тэвчээр, гярхай нүд юуг ч үлдээлгүй жижиг сажиг бүх зүйлд анхаарсан ч сүүлчийн оргил хэсгийн илчлэлтийн тухай огтхон ч цухуйлгадаггүй. Киноны бүх жүжигчид өө сэвгүй байдаг, ялангуяа Anjelica-н нууцлаг, сэтгэл татам тоглолт сэтгэлээс гаршгүй. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 479-р байрт жагсаасан буй. Tony Huston-н кино зохиол James Joyce-н оригинал өгүүллэгтэй нэлээд төстэй байсан ба кино үзэгчдэд зориулан хүүрнэлийг сайжруулахын тулд зарим харилцан ярианд өөрчлөлт оруулсан. Хамгийн чухал өөрчлөлт бол кинонд 18-р зууны Ирландын "Donal Og" шүлгийн Англи орчуулгыг уншдаг ноён Grace хэмээх шинэ дүр байв. Найруулагч Huston анхлан киноны зураг авалтыг бүхэлд нь Дублинд болон Ардмор студид авахаар төлөвлөж байсан. Гэтэл түүний эрүүл мэнд муудсанаас болж дотоод зураг авалтыг Калифорнийн Урлагийн Хүрээлэнгийн дууны тайзан дээр авсан ба Huston-н хүү Danny, зургийн найруулагч Fred Murphy нарын ахалсан хоёр дахь кино баг Дублинд гадаах зураг авалтыг хийжээ. Найруулагч Huston энэ киногоо найруулж байхдаа 80 настай байсан ба хамартаа зөөврийн хүчилтөрөгчийн хоолойтой тэрээр камераар харах гэж тэргэнцэрээсээ үе үе босдог байв.
Ихэнх тохиолдолд тэрээр жүжигчдээ зураг авалтын талбайн гаднах видео дэлгэцээр харж, багийнхантайгаа ярихын тулд микрофон ашиглаж байлаа. "The Dead" киногоороо Huston замналынхаа туршид хийж байгаагүй драматик хэсгүүдийг хийсэн байдаг; тухайлбал, хөгжилтэй хэрнээ гэр бүлийн дулаахан байдлыг харуулсан сцэнүүд түүний хувьд харь зүйл байсан ч Huston үхэхээсээ өмнөхөн ч шинийг туршсаар байсан нь бишрэм. Мөн тэрээр өмнө нь хэзээ ч жүжигчидтэйгээ зөн совингоороо ажиллаж байгаагүй. Huston эрүүл мэндийн улмаас даатгалд хамрагдах боломжгүй болсон учир хэрэв Huston киногоо дуусгаж чадахгүй аваас найз, найруулагч Karel Reisz киног нь дуусгахаар тохиролцжээ. Охин Anjelica аавынх нь эрүүл мэнд муу байсан ч киноны найруулагч хэвээрээ байсан гэж мэдэгдсэн байдаг. Аав нь өвдөж байсан ч нүдээ аниад ч хамаагүй ажилладаг байсан гэж Anjelica хэлсэн буй. Цаг хугацаа давчуу байсан тул Huston юу хийх ёстойг яг таг нарийвчлан хэлдэг байж. Нүдэн дээр нь аав нь үхэж байгааг харах, бас зураг авалтын дарамтаас болж сүүлдээ Anjelica-н биеэ өвдсөн гэдэг. Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1904 он, Дублин хотод цас зөөлөн хялмайлан орж ахуйд, нэгэн байшингийн өмнө хэдэн минутын зайтайгаар морин тэрэгтэй зочид ээлж дараалан бууж ирэх агаад өмссөн зүүсэн хээнцэр байдлаас нь ажихуйл Эпифанийн баярт ирж байгааг нь төвөггүй ойлгоно. Тэгвэл байшин дотор зочдоо хүлээн, баярын ширээ, хоол унд, зочдодоо хүлээж аван ая тухыг нь алдагдуулахгүй хэмээн хичээх гурван хүүхэн борви бохис хийлгүй сандчиж, тэвдэн үйлчлэхдээ үйлчлэн, хүлээн авахдаа хүлээн авна. Эл байшингийн эзэд болох хижээл насны нөхөргүй, дууны багш эгч дүү хоёр эмэгтэй болон тэр хоёрын хамаг ажлыг нь нугалах залуухан зээ бүсгүй гурав өөрсдийн садан төрөл, найз нөхдөө жилийн яг өдийд гэртээ урин оройн зоог барьж, дуулж бүжиглэн өнгөрүүлдэг уламжлалаараа зочдоо хүлээх бөгөөд хүндэт зочдод ч ээлж ээлжээр орж ирнэ. Зочид уван цуван ирж, түрүүлж ирсэн нь дөнгөж саяхан ирсэнтэйгээ яриа хөөрөө дэлгэн хуучлаж, сүүлдэж ирэх нэгнийхээ талаар ярилцах зэргээс үзэгч бид кинонд гарах дүрүүдтэй танилцах буюу дүрүүдийг хөндлөнгөөс, өөрөө биет байдлаар баярт очоод нэг булангаас зочдыг ажиглан таних боломжийг кино маань олгоно. Эдгээр баярт уригдан ирсэн олон дундаас киноны гол дүр нэг гэрийн хоёр болох Gabriel \нөхөр\, Gretta \эхнэр\ нарыг найруулагч анхаарлын төвд аваачина.
Ингээд баяр өндөрлөж зочид тарж үзэгч бид Gabriel, Gretta хоёрыг даган тэдний байрласан буудалд ирэх ба замын турш дуугаа хурааж, гүн бодлогшрон явах эхнэрээ Gabriel гайхна. Саяхан өндөрлөсөн баярын хоолны үеэр тэд дуурийн дуучдын тухай ярилцаж байсан агаад гаднах хувцсаа өмсцгөөж байшингаас гарах мөчид зочдын нэг нэгэн сонсоглонтой сайхан дуу дуулж, энэ үед яг шатаар бууж явсан Gretta тэр дуунд ховсдуулчихав уу гэмээр таг зогсон, тэр дууг бүх бие сэтгэлээрээ мэдрэн тэгэхдээ бүр орчиноосоо тасрах мэт болон сонсож үүнийг нь шатны дор зогсох Gabriel яг харж таарч, эхнэрийнхээ нууцлаг гэхдээ маш үзэсгэлэнтэй нууцлаг төрхийг олж хардаг агаад үгээр илэрхийлэмгүй энэ агшинг чадварлаг уран зураач л тодорхой илэрхийлэх болов уу гэмээр далдын сэрэл мэдрэмжинд автан гайхсан Gabriel ч мөн үлгэрийн юм шиг энэхүү хоромд хөшчихнө. Киноны энэхүү мөч бол яг торгон мөч бөгөөд Gretta-ын нууцлаг төрх, Gabriel-ын гайхаж биширсэн байдал дээр өнөөх чихэнд чимэгтэй дуу хавсарсанаар цэвэр яруу найраглаг, ариун тунгалаг урлагийн мэдрэмжтэй сцен болж, кино урлагийн бүхий л түүхэндэх хамгийн гайхамшигтай сценүүдийн нэг болон үлджээ.
Gabriel эхнэрээ тэр дууг сонссоноос хойш хачин байгааг, бодол нь тэртээ алсад явж байгааг анзаарч, мөн яагаад тэр дуунд тэгтлээ ухаанаа алдсаныг гайхаж, буудалд ирээд энэ талаар ярилцана. Gretta түүнд өмнө нь хэзээч ярьж байгаагүй нэгэн түүх ярьж өгнө. Энэ түүх бол 17 настай Gretta болон Michael Furey нарын хайрын түүх юм. Michael Furey тэр дууг дуулж өгдөг байсан ба хайр татам энэхүү хүү уушгины сүрьеэтэй байсны улмаас үхжээ. Бороотой тэр орой Gretta сүмийн сургууль руу явах гээд зогсож байтал Michael Furey хүрч ирсэн агаад энэ уулзалт тэр хоёрын сүүлийн уулзалт байлаа. Gretta түүнийг бороонд цохиулна, харьж үз гэхэд Michael Furey эсрэгүүцэн, би амьдрахыг хүсэхгүй байна гэж хэлсэн бөгөөд тэр өдрөөс төд удалгүй хүү үхэж, уг үхэлд Gretta өөрийгөө буруутгаж, тэр надаас болж, намайг харах гэж бороотой өдөр ирж өвчнөө хүндрүүлсэнээр үхсэн байх гэдэг. Ингэж хэлээд Gretta уйлж уйлж байгаад унтдаг бол Gabriel тэр танихгүй хүүгийн эхнэрийг нь хайрласан хайр ямар аугаа байгаа вэ? Уг хайрыг нь мэдэрсэн миний эхнэрийн сэтгэл хичнээн аугаа байгаа вэ? Ийм хайрыг би хэзээ ч мэдэрч явсангүй, ер нь ч үзэхгүй байх гэж бодоод, үргэлжлүүлэн: бидний хайр, харуусал, итгэл найдвар хийгээд хүсэл тачаал бүгд үхдэг талаар шөнөжин бодож хонодог агаад энэ үеэр гадаа цас орсоор л байдаг.
James Joyce-н "The Dead" өгүүллэгийг Англи дээр бичигдсэн хамгийн шилдэг богино өгүүллэг зарим судлаачид үздэг. Дублины нэгэн зочид буудлын өрөөнд унтаж буй эхнэрийнхээ дэргэд хэвтэнгээ хайр хийгээд үхлийн тухай эргэцүүлэн бодлогошрох нөхөр; яг энэ үёд Ирланд даяар цас хаялж байх; юутай гайхамшигтай сцэн. Киноны ихэнх хэсэг үдэшлэгт зориулагдсан байдаг ба тэнд хэн хэн байгаа, юу болж байгаа, тэд юу ярьж байгаа тухай гардаг. Joyce үгсийг ашиглан ярианы цаадах нам гүмийг, баяр хөөрөөр илэрхийлэгддэггүй гүн гүнзгий сэтгэлийг илэрхийлж чаддаг. Gretta түүхээ ярьсны дараа Gabriel энэ түүх нь эхнэрийнх нь амьдралын томоохон хэсэг байсныг ухаардаг ба эхнэр нь унтахад Gabriel харанхуйд хажууд нь хэвтдэг; "Gabriel-н нүдэнд энэрэх сэтгэлийн нулимс цийлэгнэв. Тэр өөрөө ямар ч эмэгтэй ийм мэдрэмж төрүүлж байгаагүйгээ мэдэрдэг, гэхдээ тэр ийм мэдрэмж хайр байх ёстой гэдгийг мэдэж байв" хэмээн Joyce бичсэн байдаг. Найруулагч Huston энэ өгүүллэгээр кино хийхээр шийдэхдээ энэ нь түүний сүүлчийн ажил гэж мэдэж байсан нь эргэлзээгүй.
Кино дээрх үдэшлэгийн бүх нарийн ширийнийг яагаад тийм тодорхой харуулсан бэ гэвэл эдгээр хэрэггүй мэт сцэнүүдээр энгийн, сэтгэл ханамжтай амьдралын гадна төрхийг бий болгох, ингэснээр үйл явдлын төгсгөлийн мөчүүдэд бид мэддэг гэж боддог хүмүүсийнхээ зүрх сэтгэлийн ганцаардал, хүсэл тэмүүлэл нь хичнээн гүнд нуугдан оршиж байдгийг харуулж, биднийг цочирдуулах явдал юм. Киноны год сэтгэл хөдөлгөм агшин бол Gretta-д хамааралгүй, харин эхнэрийнхээ нэгэн цагт хайрлаж байсан, хэзээ ч харж байгаагүй тэр залуу хөвгүүний төлөө уйлсан Gabriel-д хамаатай. Танихгүй хүний төлөө уйлна гэдэг хүнийг хүн болгодог шинж болов уу. Энэ киног буюу Joyce-н аугаа бүтээлийг Huston-оос өөр хүн ийм сайхнаар бүтээж чадахгүй; яагаад гэвэл Huston өөрөө Ирланд гаралтай, Ирландад олон жил амьдарсан, түүн шиг Joyce-г мэдрэх найруулагч ховор гэж бодож байна.

Comments
Post a Comment