Аз жаргал тоглоом биш

 


Le Plaisir (1952). Maximillian Oppenheimer буюу кино урлагт Max Ophüls нэрээрээ алдаршсан кино найруулагчийн хамгийн оргил бүтээлүүдийн нэг "Le Plaisir" хэмээх тансаг, сэтгэл татам бүтээлтэй танилцъя. Max Ophüls Германд төрсөн боловч нацистууд эх оронд нь засгийн эрхийг барих болсоноор Франц руу дүрвэж тэндээ суурьшсан байдаг. Түүний бүтээлүүдээс камерын мэдрэмжтэй, онцгой маягийн гулссан зураглалуудыг харж болох ба үргэлжийн хөдөлгөөнтэй байх камер үзэгчийг үйл явдал хийгээд дүрүүдийг дагаж яваа юм шиг, тэднийг ажиглах цонх болж өгдөг. Ophüls-ын бас нэг авъяас бол үзэгч ном уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлэм киногоо өгүүлэх чадвар, түүний кино камерын мэдрэмжтэй хөдөлгөөн хийгээд өгүүлэх чадамжтай хоршсоноор номон дотор яваад орчих шиг болно.

  Энд онцолж буй киноныхоо зохиолын тэрээр Францын төдийгүй дэлхийн богино өгүүллэгийн мастер Guy de Maupassant-ын \Maupassant-ын бүтээлүүдээс Ophüls-ын хамгийн дуртай гурван өгүүллэг\ гурван богино өгүүллэгийг ашигласан агаад кино маань гурван богино хэмжээний киноноос бүрдсэн антологи юм. Гурван кино гурвуулаа цэнгэл жаргал гэсэн нэг сэдвийг гурван өөр өнгө төрхөөр үзүүлэх бөгөөд тус бүр нь бодол доргиож, сэтгэлд хадагдана. Кинонд маш олон алдартай жүжигчид тоглосноос том гэсэн гурван жүжигчинийг товч танилцуулъя; Францын кино урлагт маш том хувь нэмэр оруулж, олон арван сайхан дүр бүтээсэн Jean Gabin, мөн жүжигчинийх нь замнал найман арван жил үргэлжилсэн, Францын хамгийн том оддын нэг гайхамшигт Danielle Darrieux болон "La Bête Humaine",  "Cat People" зэрэг олон шилдэг кинонд тоглож явсан үзэсгэлэнт Simone Simon нар тогложээ. Ингээд, олон үг нуршилгүй комеди-драм бүхий гурван богино хэмжээний киноны үйл явдлыг товчхон хүргэе.

"Le Masque": Парисын зүг бүрээс хүмүүс нэгэн цуутай цэнгээний газрыг зорих ба том бүжгийн талбайд хөлөө тасартал бүжиглэх хөөрхөн, дэгжин хүүхнүүд болон тэднийг харж баясангаа шампаан дарс уух ноёнтонгуудыг та нэг төсөөлөөд үзээрэй. Ар араасаа эгшиглэх хөгжим хэнийг ч зүгээр суулгахгүй бол хөөс захруулан урсах шампаан дарс шөнийг барьж, нарыг саатуулна. Тус газарт гайхамшигтай бүжиглэдэгээрээ алдартай нэг залуу бий, тэр шөнө цэнгээн эхлүүт л салхи татуулан орж ирэн ядрахыг мэдэхгүй бүжиглэх бөгөөд ганган хувцасласан болов ч үргэлж масктай байх нь сонирхолтой. Нэгэн үдэш тэрээр ирдэгээрээ ирж, бүжиглэдэгээрээ бүжиглэж байгаад гэнэт ухаан алдан унах ба азаар ойрхон эмч байж таарна. Эмч түүнд анхны тусламж үзүүлэхийн тулд маскыг нь автал жар гаран насны цал буурал шахуу өвөө байх агаад хүмүүсийн гайхсанаас илүүтэй энэ өвөө шөнө бүр ирж хамгийн гойд сайхнаар бүжиглэдэг нь гайхамшигтай. Эмч өвгөнийг аваад гэрт нь хүргэж өгнө, гэр нь ядуусын байр байх агаад өвгөнийг эмгэн нь хүлээж байлаа. Эмгэн яаж уурлаж, хөөрхий муу өвгөнөө хэрхэх бол гэж эмч дотроо төсөөлж байтал харин эмгэн огтхон ч гайхсангүйгээр үл барам өвгөнөө дандаа ингэж оройгоор явдаг, түүний ганц жаргал нь энэ гээд залуу сайхан явахдаа бал бурам шиг үгэнд нь согтож эхнэр нь болсоноос хойш үнэндээ өдийг хүртэл  зарц шиг нь явлаа, энэ миний төөрөг юм билүү дээ гэдэг. Өвгөн салонд үсчин хийдэг бөгөөд үсийг нь засдаг залуу хүүхнүүдэд татагдаж, улмаар тэдэнтэйгээ хамт байж бүжиглэхийн тулд маск өмсдөг ажээ. Эмчийг өвгөнийхээс гарахад шөнө дуусаагүй байх агаад жаргал гэдэг залуу насны нэг хэсэг юмдаа гэж эмч бодсоор алхана.

"La Maison Tellier":  Хагас сайн өдөр бол хотын эрчүүдийн хувьд хүсэн хүлээдэг, алжаал ядаргаагаа тайлдаг өдөр буюу гагцхүү энэ өдрийг л бусад бүх өдрүүд нь тойрох мэт тийм чухалаа. Julia бол итгэл олсон, хотын хамгийн алдартай янханы газрын эзэн хүүхэн бөгөөд түүний дор махлагаасаа туранхай хүртэл тав зургаан хүүхэн үнэнчээр ажиллаж, мөн хамт амьдарцгаана. Хагас сайны орой бүр Julia-ын хоёр давхар байшинд хотын бараг бүх эрчүүд нас, зиндаа харгалзахгүй цуглаж наргиж цэнгэнэ. Нэг өдөр Julia-д хөдөө байдаг эгчээс нь охиныхоо христийн шашинтан болох ёслолд ирж оролцохыг хүссэн захиа ирнэ, хүүхэн “ажилчдаа” аван эгчийнх рүүгээ явах ба энэ нь алдартай янханы газар маань хэсэгхэн зуур ажиллахгүй гэсэн үг ээ. Хүүхнүүдийг хөдөө явсан хойгуур хотын эрчүүд ёстой л уйдаж үхэцгээнэ. Урт сандал дээр зэрэгцэн суусан эрчүүдийн уй гуниг, уйдсан сэтгэлийг саран авхай л хуваалцах ба уйдагсадын дотор хотын дарга, банкны ажилтан, даатгалын ажилтан зэрэг байхаас зарим нь бараг уйлах нь холгүй урвайна. Julia-ын эгчийн нөхөр Joseph гэгч эр хүүхнүүдийг тосон бор бааз орон гэртээ аваачина, Joseph хүүхнүүдтэй тун элэгсэг, хүндлэлтэй хандахдаа Rosa гэгч хүүхэнд илүү тахимдуу хандаж, халамжлах агаад хөдөөний молхи эр гэхэд хамгийн гоё хүүхнийг нь ялгаж харах нүдтэй ажээ. Хөдөөний нам гүмд ирсэн хотын хүүхнүүд тэр шөнөдөө унтаж чадахгүй зовно, учир нь тэд хэзээ ч ийм амар тайвныг мэдэхгүй бөгөөд их хотын ужид амьдралдаа дассаных билээ. Төд удалгүй Julia-ын эгчийн охиных нь шашинд орох ёслол нэгэн сүмд болж хүүхнүүд ариун сүмийн орчинд ороод биеэ барилгүй цурхиртал уйлцгаана. Ёслол өндөрлөж хүүхнүүд хот руугаа буцах болсоныг тэмдэглэцгээж тэд зантайхан уухад Joseph нэлээн согтон Rosa руу чичрэн нэр нүүрээ барна. Гэхдээ тэрээр дараа нь уучлалт гуйх ба Joseph хүүхнүүдийг галт тэргэнд суулгаж өгчихөөд Rosa-г хараанаас алсартал галт тэргийг даган гүйдэг; хүүхнүүд ирсэнээр хот ахин амь орох ба хүүхнүүд маань ч энэ амьдралаа санацгаасан нь илт ээ. Julia-ын байшинд өрнөх садарлалт, архидалтыг цонхны гаднаас харуулах ба жаргалын нэг хэсэг болох цэвэр ариун байдал эл байшингийн гадна л бий.

"Le Modèle": Би нас дээр гарсан хүн. Хөгшин, ядарсан биеэ далайн эрэг дээр ээн суух дуртай бөгөөд өнгөрсөнөө эргэн дурсан ийнхүү суух нь жаргалтай санагддаг билээ. Нэгэн бүрхэг өдөр ийнхүү сууж байтал миний өмнүүр тэргэнцэртэй эхнэрээ түрсэн залуу өнгөрсөн бөгөөд олон жилийн өмнө энэ эр, эм хоёрт тохиосон эмгэнэлт түүхийн гэрчийн хувьд би танд эл түүхийг ярьж өгье. Jean бол өсөх ирээдүйтэй, авъяслаг уран зураач хэдий ч онгод шүтээнээ хүлээн гараасаа олигтой бүтээл туурвиж амжаагүй яваа ба нэгэн өдөр гудмаар явж өнгөрөх Joséphine гэх голшиг гоё хүүхэнд дурлаж орхино. Jean-ны уран бүтээлийн онгод нь янаг сэтгэлтэйн хамт ийнхүү ирэх бөгөөд Joséphine-ны араас хөлөө хугартал гүйсний эцэст найз хүүхнээ бас уран зургийнхаа модел болгож чадна. Ингээд хэдэн сар өнгөрөхөд Jean-ны уран зураг бэлэн болж хосууд маш их мөнгө олох агаад зураг зурагдах явцын хэдэн сард хосуудыг ямар янаг халуун байсныг асуух хэрэггүй. Гэтэл жаргал удаан үргэлжилсэнгүй, зураг бэлэн болсоноос хойш Jean-ны сэтгэл хөрж, өдөр хоног өнгөрөх тусам Joséphine-ээс залхаж, сүүлдээ бүр үзэн ядаж, дээрхэлэнгүйгээр үл ойшоож хандах бол Joséphine харин яг эсрэгээрээ түүнгүйгээр амьдарч чадахгүй болж харин ч гэрлэхийг хүснэ. Jean хүүхнээс зугтаж найзындаа байх үед нь Joséphine орон дотроо хайртыгаа хүлээн хүлээн хэвтэнэ. Joséphine сурагласаар Jean-ыг олж ирэхэд залуу түүнийг үл тоож, бүр хөөхөд Joséphine тэгвэл би үхнэ гэхэд нь Jean тэг тэг хэмээснээр хүүхэн цонхоор шууд үсэрчихдэг. Хүүхэн амьд үлдсэн ч суумгай болсон агаад Jean нүгэлээ цайруулах гэж түүнтэй гэрлэн хамт байх болсон. Миний ярьсан түүх хүн жаргахын төлөө үхлээс ч айдаггүйг харуулсан болов уу.

Ophüls эл антологиороо хөгшрилт, гэрлэлт, цэвэр ариун байдлыг дээд зэргийн тансаг, энэрэнгүйгээр бүтээсэн бөгөөд гурван түүхээ нэгтгээд "жаргал бол тоглоом биш" гэж төгсгөсөн нь уран яруу бас ончтой. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 421-р байрт заларч буй энэхүү киноны гүнд орох гээд үзье. Эрэгтэй, эмэгтэй гээд ер нь жүжигчид Ophüls-д дуртай байсан ба түүний түвэгтэй, урсгал ус шиг крантай, замтай камерын хөдөлгөөнийг авахын тулд техникчид заримдаа гомдоллодог байсныг эс тооцвол тэд бүгдээрээ түүний тэвчээртэй, тууштай чанарт татагддаг байв. Замналынхаа туршид Ophüls олон улсад янз бүрийн хэлээр (Герман, Итали, Франц, АНУ гэх мэт) кино хийж байсан ба дэлхийн 2-р дайны дараа Францад суурьшиж, бүрэн дүүрэн, төлөвшсөн кинонуудаа туурвьсан. Ophüls эмэгтэй хүнд хайртай, эмэгтэй хүнийг өөрийнхөөрөө тодорхойлж байсан; түүний ихэнх кинонуудын төвд эмэгтэй хүн байдаг байв.

Гэхдээ түүнийг феминист гэж нэрлэж болохгүй болов уу. "Le Plaisir" киноны туршид найруулагч маань Maupassant-н текстэд үнэнч байдаг боловч мэдрэмжийн нарийн зөрүү байдаг, үүнийг ганц үгээр илэрхийлбэл; цинизим. Maupassant цинизимыг ихээхэн ашигласан бол Ophüls бараг огт ашиглаагүй. Maupassant-н цинизим бол тэрээр дүрүүдээ дорд үзэх замаар өөрийгөө өргөмжлөх арга байдаг бол Ophüls үүнийг хайраар орлуулж, өөрийгөө хэзээ ч ялгаж үздэггүй. Киноны нэгдүгээр түүхэнд өгсөн Ophüls-н увайгүй үзэлд эмч масктай хөгшин эрийг сургамж авсан гэж бодож байтал масктай хөгшин эр үсрэн босоод бушуухан бүжгийн танхим руугаа гүйдэг; гэхдээ энэ нь увайгүй санагддагүй агаад Ophüls-н хувьд амьдрал гэдэг хөдөлгөөн болой. Гэхдээ мэдрэмжийн ялгааг хамгийн тод томруунаар киноны гуравдахь түүхийн оргил хэсгээс харж болно. Maupassant-н эх зохиолд Joséphine-н цөхөрсөн амиа хорлох оролдлогыг тун энгийнээр бодитой дүрсэлсэн байдаг; тухайлбал, "Тэр миний хажуугаар шурдхийн өнгөрөөд хашлага даваад алга болсон: гэж байдаг. Харин өөрийгөө эмэгтэй хүнтэй адилтгасан Ophüls Joséphine-г шатаар өгсөн гүйхэд камер түүний оронд орох буюу Joséphine болж, үзэгчдийг толгой эргэм харанхуй руу шумбуулдаг. "Le Plaisir" киноны гурван түүхээс бид эмэгтэйчүүдийн байр суурийн тодорхой процессыг харж болно.

  Нэгдүгээр түүхэнд гардаг хөөрхий эхнэр орой бүр гэртээ ганцаараа үлдэж, хүний маск өмссөн хөгшин нөхрийнхөө бүжиглэх донтолтод хамсан, барагалж энэ бүхэндээ талархалтай ханддаг; киноны хоёрдугаар түүхэнд гарах янхны газар нийгэмд шаардлагатай байгууллага шиг дүрслэгддэг бөгөөд биеэ үнэлэгч гэдгээрээ эрчүүдэд нөлөөлөх болсон Rosa янхны газраасаа цаашихыг сэтгэж эхэлдэг бол гуравдугаар түүхэнд өөрийг нь объект гэж харж байсан зураачийн эсрэг өөрийгөө илэрхийлэх цорын ганц арга бол нүдэн дээр нь цонхоор үсрэх гэж бодсон хүүхний тухай билээ. Хэрэв боломж олдсон бол Ophüls гуравдугаар түүхийг нэлээд өргөжүүлэхээр байжээ. Түүний анхны сонголт Maupassant-н "Paul's Mistress" гэдэг зохиол байсан ба "Paul's Mistress" зохиолд мэдрэмтгий, эмзэг залуу найз охинтойгоо хамт Сена мөрөн дээр амралтын өдрүүдээ өнгөрүүлдэг бөгөөд тэд маргалдаж, охин гарч яваад алга болж, залуу түүнийг олоход охин бүлэг лесбианчуудтай секс хийж байдаг аж. Ийнхүү залуу амиа хорлож түүх жаргадаг ажээ. "Paul's Mistress" зохиолыг кино болгох кино продакшн олдоогүй гэж хэлж болно. "Le Plaisir" киноны өмнө Ophüls "La Ronde" киногоороо олон улсад алдаршаад байсан учраас "Le Plaisir" киноны үзүүлэх амжилтыг бодолцож лесбиан түүхийг тухайн үед сонирхох кино продакшн байгаагүй нь гайхах юм биш. 15 жилийн дараа найруулагч Jean-Luc Godard сайхь түүхээс хэсэгчлэн "Masculin Feminin" кинондоо оруулсан гэдэг. Эмэгтэй хүний эсэргүүцэл, зовлонгоор олдсон ялалт "Paul's Mistress" зохиолоор илрэх ёстой байгаад илрээгүй ч киноны гуравдугаар түүхэнд биеллээ олжээ. 

Comments