Диваажингийн шат

 


A Matter of Life and Death (1946). Их Британийн аугаа кино мастерууд болох Michael Powell, Emeric Pressburger хоёрын зохиолыг нь бичиж, найруулж, продюсерлэсэн фантааз-романс төрлийн кино. Киноны гол дүрүүдэд: David Niven, Roger Livesey, Raymond Massey, Kim Hunter болон Marius Goring нарын голдуу Английн жүжигчид тоглосон. Уг кино Америкт "Stairway to Heaven" нэртэй гарсан буюу энэ нэр нь киноны алдартай тусгай эффектээр бүтсэн Дэлхий ба Диваажинг холбосон урсдаг шатнаас үүдэлтэй аж. "A Matter of Life and Death" киног Их Британийн кино хүрээлэн хамгийн шилдэг 100 Их Британи кино жагсаалтдаа 20-р байрт, Sight & Sound сэтгүүл хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбартаа бүх цаг үеийн хамгийн шилдэг кино жагсаалтынхаа 78-р байрт тус тус жагсаагаад байна.

  Marius Goring-д кондукторын дүрийг санал болгосон боловч тэрээр гол дүр Peter-д тоглохыг хүссэн; гэсэн хэдий ч найруулагчид гол дүрээ David Niven-д өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд эцэст нь Goring сонголтгүйгээр кондукторын дүрд тоглохоор болжээ. Хэрэв тэрээр татгалзвал найруулагчид жүжигчин Peter Ustinov-д санал болгохоор төлөвлөж байж. Powell, Pressburger хоёр June-н дүрд хэнийг тоглуулахаа нэг л олж чадахгүй байсан учраас Холливуудын зүг анхаарал хандуулав. Боломжит хувилбар нь Betty Field байсан ч Betty Нью-Йоркт жүжигт тоглож байв. June-д тоглосон Kim Hunter-г найруулагч Alfred Hitchcock тэдэнд санал болгосон буюу Kim Hunter нь Ingrid Bergman-н "Spellbound" кинонд зориулан дэлгэцийн шалгаруулалтад камерын араас мөр уншигч хийж байжээ. Kim продюсер David O. Selznick-тэй хоёр жилийн гэрээтэй байсан агаад Powell, Pressburger хоёр түүнтэй анх уулзангуутаа зөв хүн гэж мэдэрч, тэр даруйдаа Selznick-тэй тохиролцжээ.

Уг кино продакшны нарийн түвэгтэй байдлаас шалтгаалан продакшны өмнөх ажилд багагүй хугацаа, хүчийг зарцуулсан. Дэлхий ба Диваажинг холбосон аварга том хэмжээтэй урсдаг шатыг хийхэд 3 сарыг зарцуулахдаа маш их мөнгө зарцуулж, энэ шат нь 106 гишгүүртэй, тус бүр нь 6.1м өргөн, 12 морины хүчтэй байгууламж болсон байна. Гэхдээ бүтэн зураг авалтыг жижигхэн кино загвар өлгөж байгаад авч дуусгажээ. Аварга шатны ажиллах чимээ нь дууг шууд бичихэд садаа болж байсан учир урсдаг шаттай бүх хэсгийг пост продакшнаар хийсэн гэдэг хэдий ч хожим кинонд зураг ажилласан нэрт зураглаач Jack Cardiff урсдаг шат асуудалгүй ажиллаж байсан гэж ярьсан байдаг. Диваажин буюу Нөгөө Ертөнцийн сцэнүүдийг хар-цагаанаар буулгахаар болсон хүндрэл бэрхшээлийг улам нэмэгдүүлсэн аж. Тэд зураг авалтаа Three-Stip Technicolor-оор хийсэн, харин хэвлэх явцад өнгө нэмээгүй, хар-цагаанаар авсан кадруудад сувдан өнгө өгсөн аж. "The Wizard of Oz" кинонд өнгөний ялгарал эсрэг нөлөөтэй байдаг билээ. Kim Hunter, Roger Livesey хоёрын ширээний теннис тоглодог үзэгдэл байдаг; тэднийг Alan Brooke, Viktor Barna гэсэн теннисний аваргууд дасгалжуулж байсан гэдэг. Мөн киноны эхэн хэсэгт Peter далайн эрэгт сэрдэг хэсгийг Jack Cardiff өөрийн хүссэн дүр төрхийг гаргахын тулд камерынхаа линз руу амьсгалаараа цантуулж байсан аж.

Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. 1945 он, Хатан хааны агаарын нисэх хүчний нисгэгч, эскадрилийн ахлагч Peter Германы нутаг дээгүүр үүрэг гүйцэтгэж яваад онгоцондоо аюултай гэмтэл аван юу юугүй үхэлтэй нүүр тулахаар болно. Онгоцны багийнхан шүхрээр ослын үсрэлт хийцгээсэн бол Peter-н шүхэр эвдэрчихсэн байв. Шатаж байгаа онгоц Английн суваг дээгүүр нисч байна, тэрээр эцсийн удаа хүний хоолой сонсохыг хүснэ, харин түүнийг хүлээж авсан цорын ганц радио оператор бол Английн эрэг дээрх орших Америкийн армийн Агаарын цэргийн хүчний бааз дахь June гэдэг хүүхэн байна. Тэд богинохон хугацаанд тун дотно яриа үүсгэдэг. Peter шүхэргүй үсэрч, онгоц ч дэлбэрнэ. Peter тэр үед үхэх ёстой байсан ч өөрийг нь Диваажин руу авч явах ёстой байсан 71 дугаартай кондукторын харааг Английн сувгийн өтгөн манан халхласнаар Peter амьд үлдчихнэ. Peter далайн эрэг дээр сэрэх буюу өөрийгөө амьд гэдгийг мэдээд зогсохгүй шөнийн ээлжийн ажлаа дуусгаад гэр рүүгээ харьж явсан June-тэй халз таарах нь хувь тавилан гэлтэй. Мэдээж тэд дурлалцаж, хамт амьдарч эхэлнэ.

Нэг өдөр Peter дээр кондуктор ирэх бөгөөд нөхцөл байдлыг тайлбарлахын тулд цаг хугацаа зогсоогоод "чи үхэх ёстой байсан, үхлээ хүлээн зөвшөөрөөд надтай хамт Диваажин яв" хэмээнэ. Peter амьдрахыг хүснэ, учир нь тэр хайраа олсон. Ийнхүү кондуктор Диваажинд ирээд Peter давж заалдах хүсэлтэй байгааг уламжилж, шүүх хуралд бэлдэх 3 хоног авч, эл хугацаанд Peter хэдийнээ үхсэн хүмүүсийн дундаас (хэн ч байж болно) өмгөөлөгчөө сонгох ёстой болно. Дэлхий дээрх амьдралд, Peter хачин жигтэй яриаг сонссон June өөрийнхөө найз, сайхан сэтгэлтэй эмч Reeves-тэй танилцуулна. Эмч Reeves найз өвчтнөө тархины гэмтэл авсан, тиймээс аль болох түргэн хагалгаанд оруулахаар төлөвлөж эхэлдэг. Эмч Peter-н төлөө явж байгаад осолдож амиа алддаг ба эмч Дэлхий дээр түүнийг эмчилж чадахгүй ч Диваажинд түүний өмгөөлөгчөөр ажиллахаар болно. Ингээд Диваажинд шүүх хурал болно; эмч Reeves өөрийнхөө үйлчлүүлэгчийг өмгөөлж, одоо амьд байгаа нь түүний буруу бус, та нарын алдаа, мөн хүнд хайртай болж өөрөө ч хайрлагдаж байгаа болохоор амьд үлдэх эрхтэй гэж мэдэгдэнэ.

Дашрамд хэлэхэд шүүх хурал Дэлхий дээрх Peter-н тархины хагалгаатай зэрэгцэн өрнөдөг. Шүүх хурлын прокуророор Америкийн хувьсгалын дайны анхны хохирогч болсон Британичуудыг үзэн яддаг Америкийн иргэн Abraham Farlan гэгч байлаа. Reeves шүүгсээч Британичуудыг өрөөсгөлөөр ойлгодог хүмүүсээс бүрдсэн тангарагтнуудыг солихыг хүсдэг бөгөөд шударга ёсны үүднээс тангарагтнуудыг орчин үеийн олон үндэстний холимог бүрэлдэхүүнээр сольдог. Эмч, хуульч хоёр ач тач мэтгэлцсэний эцэст June-г Диваажинд авчраад; чи үнэхээр Peter-д хайртай бол өөрийнхөө амийг оронд өг, тэгвэл хайртыг чинь хэлтрүүлье гэнэ. June зөвшөөрч хайраа илчилснээр Peter амьд үлдэх эрхтэй болж, харин June Диваажингийн шатан дээр гарч зогсдог; шат урсан явж байгаад гэнэт зогсох ба June Peter-нхээ гар руу гүйнэ, үүнийг харж баярласан Reeves: "Орчин ертөнцөд хуулиас хүчтэй зүйл үгүй бол харин Дэлхийд хайраас илүү хүчтэй зүйл байхгүй" гэж хэлдэг. Дэлхий дээр Peter-н мэс засал амжилттай болно. Маш хүнд ч амжилттай боллоо хэмээн маскаа авах эмч Диваажингийн шүүгч байна.

  Шүүмжлэгч Bosley Crowther уг киног үзээд сэтгэл татам, насанд хүрэгчдийн хошигнолтой, дүрслэлийн хувьд гарамгай, Зул сарын шилдэг кино гэж магтаад найруулагчид болон нийт кино багийнханд баяр хүргэсэн байдаг. Дэлхийн 2-р дайн дууссаны дараахан "It's a Wonderful Life", "Stairway to Heaven" зэрэг кинонууд нь бий болсон нь хайртай хүмүүсээ алдсан олон хүний сэтгэлийг шингээж, нэг төрлийн тайвшралыг өгдөг гэж 2006 оны нэгэн номонд бичсэн байдаг аж. 2017 онд шүүмжлэгч Kevin Maher эл бүтээлийг "үнэмлэхүй классик фантааз, заавал үзэх кино" гэсэн буй. Найруулагч Powell-н номондоо дурдсанаар Европын олонх орнууд киног "A Question of Life and Death' нэрээр гаргаж байсан байхад Америкийн зах зээлд л киноны нэрийг эрс өөрчилжээ. "Stairway to Heaven" нэр бол киноны бизнест дөнгөж хөл тавьж байсан Arthur Krim, Robert Benjamin гэсэн Америкийн хуульчдын санал санаа байсан бөгөөд тэд Америкт "үхэл" гэсэн үг орсон кинонууд ер нь амжилт олдоггүй, тиймээс нэрээ өөрчлөх хэрэгтэй гэсэн байдаг аж. Найруулагч Pressburger уг санааг эсэргүүцэж "Death Takes a Holiday" кино маань хит болсон шүү дээ гэхэд, Америк хуульчид "үхэл" амралтанд байгаа гэдэг чинь энэ кинонд үхэл гарахгүй гэсэн утгатай учраас амжилттай болсон гэж амыг нь тагласан байдаг аж.

Киноны өгүүлэмжинд Peter-н харж байгаа бүхэн бодит уу, хий харах өвчин үү гэсэн асуулт тодорхой хариулт байдаггүй. Нэг жүжигчин Диваажинд шүүгч, Дэлхий дээр мэс засалч хийж байгааг бодолцож үзвэл энэ нь хий харах өвчин байж магадгүй юм. Нэгэн судлаачийн хэлснээр кинонд гарах Peter-н шинж тэмдгүүд, түүний оношлогоо болон эмчилгээний нийцэл, зөв байдал бол кино багийнхны маш их судалгаа, эрэл хайгуул хийснийг харуулна гэжээ. Peter-н "Нөгөө Ертөнцийн" талаарх төсөөллийг киноны өгүүлэмжийн хүрээнд ер бусын зүйл гэж тайлбарлах аваас энэ нь үйл явдлын элементүүдээр дэмжигдэнэ. Киноны харилцан ярианд дурдагддаг гол асуулт бол Peter онгоцноосоо үсрээд амьд үлдэх магадлал ба энэ нь бараг боломжгүй ч бараг гайхамшиг гэмээр тийм цөөхөн тохиолдлууд байдгийг бас үгүйсгэхгүй билээ. Түүнчлэн Диваажинд өрнөдөг хоёр сцэн буй; тухайлбал Trubshawe-н Диваажинд ирэх, мөн шүүх хурал болохын өмнөх хэсгүүд Peter-гүйгээр өрнөдөг. Зээлсэн номтой холбоотой зохиомжийн гуравдахь бүтэц нь "Нөгөө Ертөнц" бодитой гэдгийг илтгэж байх шиг байдаг. Гэсэн хэдий ч эдгээр бүтцүүдийг бүгдийг нь Peter-н ухаангүй байх үеийн түүний ухаанаас бий болсон бүтээлүүд гэж бас тайлбарлаж болно. Продюсерууд кинонд Диваажин гэдэг үгийн оронд "Нөгөө Ертөнц" гэж нэрлэхийг илүүд үзсэн, учир нь Диваажин гэхээр хязгаарлагдмал болчихно гэж үзжээ. Зохиолч Eric Warman: "Энэ бол хоёр ертөнцийн түүх, нэг нь бидний мэддэг нөгөө нь амьдрал, төсөөлөл нь дайны улмаас өөрчлөгдсөн залуухан нисгэгчийн оюун санаанд л оршдог ертөнц юм. Диваажин ба Дэлхийд давхцаж байгаа аливаа бүхэн цэвэр тохиолдлынх юм" гэсэн буй.

  Уг киноноос хоёр жилийн өмнө "A Canterbury Tale" киногоороо найруулагч Powell, Pressburger хоёр Америк, Британийн харилцааг харуулсан сэдэвт кино хийж чадахаа харуулж, тухайн үеийн Британи дахь Америкчууд болон Их Британийн засгийн газраас Америк ба Британийн харилцааг сайжруулахад уг киног үзэхийг уриалж байжээ. Учир нь дэлхийн 2-р дайнд Америкчууд хэтэрхий оройтож оролцсон, тэгээд зогсохгүй Англид Америк цэргүүд дураараа аашлан байгаад тухайн үеийн Их Британичууд асар ихээр дургүцэж байсан нь уг кинонд ч тусгалаа олсон буюу Диваажин дахь шүүх хурал үнэндээ Англи ба Америкийн тулаан байдаг бол гол дүр Peter маань Америк хүүхэн June-д дурладаг нь санамсаргүй хэрэг биш юм. Киноны урсдаг шатны хоёр талаар философийн, улс төрийн, урлагийн томоохон зүтгэлтэнгүүдийн хөшөө баримал байдаг (Eric Aumonier гэгч хийсэн), ба хөшөөнүүдийн нэрсийн жагсаалт Powell-н гар нооргийн 49,50-р хуудсуудад байдаг аж. Abraham Lincoln, Julius Caesar, Plato, William Shakespeare, Frederic Chopin, Michelangelo, Jonathan Swift, Bartolome Murillo зэрэг сууцнуудын нэр дурдагддаг; сонирхолтой нь кинонд дурдагдсан суутнуудын ихэнх нь унаж татах өвчинтэй байсан байдаг. 

Comments