Бернард Шоу "Пигмалион"

 


"Пигмалион". Ирландын нэрт жүжгийн зохиолч Жорж Бернард Шоугийн 1912 онд бичсэн, Грекийн домгийн дүрээр нэрлэгдсэн жүжиг. Анх Герман хэлээр орчуулагдан 1913 онд Венагийн Хофбург театрт нээлтээ хийж байсан ба Англи хэл дээрх анхны тоглолт нь 1914 онд Лондонгийн Хатан Хааны театрт тавигджээ. "Пигмалион" бүтээлийг өнөөдөр Шоугийн хамгийн алдартай жүжиг гэж үздэг бөгөөд 1964 онд уг жүжгээс сэдэвлэн "My Fair Lady" нэртэй мюзикл кино хийгдсэн байдаг. Эртний Грекийн домогт Пигмалион өөрийнхөө урласан барималд дурлаж, баримал амь орж байгаа тухай өгүүлдэг. Энэ домгийн ерөнхий санаа Викториан эриний Их Британийн жүжгийн зохиолчид дунд түгээмэл сэдэв байсан ба Шоуд нөлөөлсөн хүмүүсийн нэг болох Английн жүжгийн зохиолч В. С. Гилберт 1871 онд "Пигмалион ба Галатея" нэртэй жүжиг бичиж амжилтад хүрчихээд байв.

Элиза Дулиттлийн дүрийг Лондон хотын Норфолк гудамжинд байрлах цэцгийн дэлгүүрийн эзэн Китти Уилсон гэгчээс санаа авч бүтээж. Уилсон 1958 он хүртэл цэцгээ зарсаар байж. Дараа нь охин Бетти нь ажлыг нь залгаж авсан боловч сарын дараа Лондон хотын захиргаа дэлгүүр байсан буланд гудамжны худалдаа эрхлэхийг хориглосноор дэлгүүр хаагдсан. Шоу профессор Хенри Хиггинсийн дүрийг Александр Мелвилл Белл, Александр Ж. Эллис, Тито Паглиардини зэрэг хэд хэдэн Их Британийн фонетикийн профессоруудаас санаа авч бүтээхдээ хамгийн их санаа авсан хүн нь ааш муутайгаараа алдартай Хенри Свит байсан гэдэг. Шоу мөн Гейдельбергийн их сургуулийн профессор Жейкоб Хенлегийн амьдралын түүхийг мэддэг байсан байх магадлалтай гэдэг бөгөөд Хенле Швейцарь гэрийн үйлчлэгч Элиз Эглофф гэгчид дурлаад түүнийг зохистой эхнэр болгохын тулд хэдэн жилийн турш хөрөнгөтний боловсрол зааж сургасан түүхтэй аж. Харамсалтай нь, Эглофф гэрлэснийхээ дараахан нас барсан. Түүний түүхээр Готтфрид Келлер тууж бичиж, Шарлотт Бирч-Пфайффер жүжгийн зохиол бичиж байж.

  ҮНДСЭН САНАА. "Пигмалион" жүжигт ядуу цэцэгчин охиныг боловсролтой болгох замаар гүнгийн ахайтантай адилхан эмэгтэй болгож чадах уу гэж асуудаг. Элизагийн өөрчлөлт түүний хэл яриа болон зиндааны зан авир, боловсон ёсны боловсролоор дамжин илэрдэг хэдий ч энэ бүхэн түүний гадаад төрхийг өөрчлөхөөс эхэлнэ. Элиза анх Хиггинсийн гэрт ирэхэд, Хиггинс хатагтай Пирсэд "бүх хувцсыг нь тайлж аваад шатааж орхи" гэж тушаадаг. Элиза хувиралтаа эхлүүлэхээсээ өмнө хувцсаа тайлдаг. Усанд орж, шинэ хувцас өмссөн түүнийг төрсөн эцэг нь анх хараад таньдаггүй; Элизаг аав нь аялгатай яриагаар нь л таньдаг. Элиза анхны өөрчлөлтийг шинэ хувцасны шүүгээгээр дамжуулан мэдэрдэг боловч энэ хэсэг зөвхөн гадаад төрх байдал, хувцаснаас үүдэлтэй өөрчлөлт нь хангалтгүй болохыг харуулж байна. Шинэ хувцас өмслөө гээд хүний жинхэнэ мөн чанарыг халхалж чадахгүй. Элиза Хиггинс, Пикеринг нартай эрчимжүүлсэн хэл ярианы сургалт хийснийхээ дараа ч доод давхаргын бүдүүлэг байдал нь засарч, цэцэгчин охиноос гүнгийн ахайтан болоход зөв ярьж сурахаас илүү их зүйл шаардлагатай гэдгийг ойлгодог. Түүнийг хатагтай Хиггинс болон Эйнсфорд Хиллийнхэнтэй танилцуулахад Элзиа өөрийн эрхэм тансаг, гоо үзэсгэлэнгээрээ хүн бүрийг алмайруулдаг билээ. Гэхдээ уран ярьж сурсан ч Элиза эцэст нь хуучин аялга, бүдүүлэг түүхүүд рүүгээ эргэн орчихдог. Шоу энд гадаад хувирал нь Элизаг Хиггинсийн төсөөлж байгаа шиг хатагтай болгон бүрэн хувиргахад хангалтгүй гэсэн санаагаа давтаж байна.

Элизагийн эцсийн хувирал нь Хиггинсийн хувьд гадаад төрх байдлын хувьд ялалт байсан авч үнэндээ хувирал бүсгүйн сэтгэлзүйд явагдсан буюу Элиза одоо өөрийнхөө үнэ цэнэ, бие даасан байдлыг илэрхийлж чадах аргыг олсон шинэ хүн болсон. Жүжгийн төгсгөлд Элиза Хиггинсийг үгүйсгэж, чөлөөт хүслээ мэдэгддэг ба Хиггинс түүний хувьд багш байхаа больсон учир түүний өмнө үүрэг хүлээхгүй гэдэг. Түүгээр ч зогсохгүй өрсөлдөгч профессорт нь тусална хэмээдэг. Хиггинс үүнд нь уурлаж, ийм мэдэгдлийнх нь төлөө түүнийг загнадаг агаад Хиггинс Элизаг өөрчилж чадахгүй гэдэгт итгэхийг хүсч байгаа ч Элизагийн доод давхаргын мэдрэмжинд, мөн эрх чөлөөнд хүрч байгаад нь бухимдахын хажуугаар бахархадаг. Үүгээр Шоу Элизагийн зөвхөн цэцэгчин охиноос хатагтай болж байгаа хувирлыг харуулаад зогсохгүй сурагчаас өөрийгөө багш болгон хувиргасан өөр нэг жишээг харуулахыг хүссэн. Тавдугаар үзэгдэлд, Элиза Хиггинст хандаж "та одоо миний багш биш" гэж хэлдэг билээ. "Пигмалион"-ын "Таван үзэгдэлт романс" гэсэн дэд гарчиг уншигчдад ердийн романтик жүжгийн хүлээлт үүсгэнэ. Жүжгийн нэр нь өөрөө Овидын домогтой холбоотой буюу домогт уран барималч Пигмалион барималд шүтэн дурлаж, дарь эхийн хүчээр гантиг баримлыг амьд хатагтай болгон хувиргаж чаддаг.

Шоу зөвхөн Пигмалионы домгийг төдийгүй романтик жанрын алдаатай талыг харуулахын тулд домог болон романсыг "урвуу" харуулчихсан. Жүжигт, Хиггинсийг хэрхэн Пигмалион болгож байгааг бид харж байна; бүтээсэн зүйлдээ амьдрал өгөх хүч чадалтай суут ухаантан, уран бүтээлчийн дүрээс тийм ч их ялгаагүй. Гэхдээ Хиггинсийг романтик баатар гэж үзэх аваас Шоу үзэгчдэд романтик баатарын биет жаргалтай төгсгөл буюу гэрлэлтийг өгдөггүй. Үүний Шоу Хиггинсийг мөнхийн ганц бие гэж шууд тодорхойлсоноор Пигмалионы домог хийгээд романтик жанраас татгалзаж байна. Хиггинсийн хувьд романтик байдал нь түүний шинжлэх ухааны эрэл хайгуулд чөдөр тушаа ба ингэснээр Элиза эрэгтэй хүнд дурлах бус, харин өөрийн үнэ цэнэ, хүч чадлыг хүлээн зөвшөөрсөнөөр романтик баатарын үүргийг гүйцэтгэж, энэ хүч нь түүнд эцэстээ Хиггинст "үгүй" гэж хэлж, өөрийн хүслээр урагшлах боломжийг олгож байна. Овидын домог дээр Пигмалион нь Галатеягийнхаа өөрчлөлтийн цорын ганц шүүгч (дарь эхийг эс тооцвол) нь гэж гардаг бол Шоугийн жүжигт хатагтай Пирс, Пикеринг нар Элизаг ядуу цэцэгчин охиноос хатагтай болж хувирахад нь хувь нэмрээ оруулцгаадаг.

  Үүгээрээ Шоу өөрчлөлт гэдэг ганц нэг хүнээс бус харин хүмүүсээс хамаардаг гэж үзэж байна. Ингэснээр Шоу домог болон романс гэдэг бол оршдоггүй ертөнцийн идеалчилсан хувилбарууд гэдгийг тодотгож, оронд нь тэрээр хүн бүр өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг илүү бодит байдал дээр жүжгээ үндэслэсэн. 20-р зууны эхэн үеийн Лондонд үйл явдал нь өрнөдөг "Пигмалион" жүжиг нь анги давхарга, хүний мөн чанарын талаарх уламжлалт ойлголтууд болон мөн Викториан эриний Англичуудын шаардлагыг сорино. Шоу ангийн өвөрмөц байдал нь хатуу бүтэцтэй биш гэдгийг онцолж, янз бүрийн анги давхаргын хүмүүс өөр бусдыгаа хэрхэн шүүж, ойлгож байгааг шүүмжилсэн. Энэ бүхэн бол дадал зуршлын хэлбэр. Боловсрол, яриа, зан авир, эд хөрөнгөөс хамаараад хүн анги дэвшиж, байр суурьтай болж болно. Элизагийн жишээнээс харахад тэр дундаж давхаргын хэл, зав авирт суралцсаны дараа түүнийг ердийн нэг цэцэгчин охин гэж үзэхээ больж, харин хатагтай гэж үзэх болсон. Ноён Дулиттл ч мөн адил дунд давхаргад шилждэг боловч түүний өөрчлөлт бол баяжихтай холбогддог. Гэсэн хэдий ч Шоугийн үзэж буйгаар дундаж давхаргад байх нь бүрэн давуу тал биш ба энэ нь бас өөрийн гэсэн асуудалтай байдаг. Жүжгийн дөрөвдүгээр үзэгдэлд ноён Дулиттл "Би өөрийнхөө төлөө биш бусдын төлөө амьдрах ёстой болсон. Энэ бол дундаж давхаргын ёс суртахуун" гэдэг. 

МОТИФ. Бүтээхүйн тухай домог нь Бурхан юу ч үгүй хоосноос ямар нэгэн зүйлийг хэрхэн бүтээдэг тухай тайлбар юм.  Жүжгийн нэр болсон Овидын домог бол Элиза Хиггинсээр дамжуулан боловсрол эзэмшсэнээр цэцэгчин охиноос гүнгийн ахайтан болж хувирсан тухай бүтээхүйн домог буюу жүжгийн үндэс суурийг бий болгодог. Энэ утгаараа, Хиггинс бүтээгч болж байна. Жүжгийн гуравдугаар үзэгдэлд, Хиггинс ээждээ "хэн нэг хүнийг сонгож аваад түүнд шинэ хэл яриа зааж, тэс өөр хүн болгон хувиргах хичнээн сонирхолтой болохыг та төсөөлөхгүй дээ" гэж хэлдэг. Уран барималч гантиг баримлаа эмэгтэй хүн болгон хувиргадаг анхны Пигмалионы домогтой харьцуулахад Хиггинс Элизаг зөв зохистой яриулж сургаснаар цэцэгчин охиноос хатагтай болгож байна. Элизаг тувт хэвэнд оруулж, бас дахин шинээр хэвэнд оруулдаг ба ингэх бүртээ Хиггинс "шинэ Элизаг бүтээж байна" хэмээдэг. Элизагийн эцсийн хувирал гарахаас ч өмнө бид Хиггинсийн хувиргах ур чадварт итгэж, улмаар тэр ямар ч түүхий материалаар сайн зүйл бүтээх нь гэж бодно.


Бүтээхүйн тухай домгийг ашиглангаа Овидын түүхээс санаа авсан Шоу бүтээхүйн хэмжээ хязгаарын сэдэвт итгэл найдварыг өгөхдөө үүнийг өөрөөр авч үзжээ. Домгоос ялгаатай нь бүтээгч бүтээлдээ хайртай биш, ядаж л ямар нэгэн романтик байдлаар хайрладаггүй; цаашилбал, бүтээл нь өөрийн гэсэн оюун ухаантай; өөрийнхөө үнэ цэнэ, биеэ даасан байдлынхаа төлөө ярих боломжийг олгодог түргэн ааштай байдаг. Хиггинсийн хэл яриа, авиа зүйн талаарх донтолт нь Шоуд ярианы хэв маяг нь хүний ертөнцийг хэрхэн тайлбарлах, ертөнц хүнийг хэрхэн тайлбарлах талаарх судалгааны суваг болдог. Жүжгийн нээлтийн хэсэгт, Хиггинс Элизаг "ийм бухимдмаар, жигшмээр дуу авиатай эмэгтэй хүн хаана ч байх эрхгүй, ерөөсөө амьдрах ч ёсгүй. Та бол сүнстэй, бурхнаас заяасан яруу тансаг ярих авъяастай хүн гэдгээ санаарай" хэмээдэг; харин Элиза хариуд нь тодорхой бусаар муухай орилдог билээ. Хиггинсийн хувьд Элизагийн дуу авиа нь бүсгүйг хүнээс доогуур, ердөө судлах ёстой субъект л гэж үзэхэд хүргэдэг. Элизаг хүн байж шиг ярих ёстой гэж хэлсэн ч Хиггинсийн энэ буруушаалт нь егөөтэй; гуравдугаар үзэгдэлд, Хиггинс Элизаг тоть гэж нэрлэж, зэрлэг зуршилтай болохыг нь онцлоод зогсохгүй түүнийг ямар ч хүчин зүйлгүйгээр хүний хэлийг давтах чадвартай амьтантай харьцуулдаг. Үүгээрээ Шоу хатагтай шиг сонсогдох нь өөрийгөө хийгээд мөн чанараа хангалттай илэрхийлж чадах үзүүлэлт мөн үү гэж асууж байна. Элизагийн хувирлын цар хүрээ жүжгийн эхнээс төгсгөл хүртэл хэрхэн ярьж байгаагаар нь илэрдэг бөгөөд Пикерингийн хатагтай Хиггинст хэлсэнчлэн Элиза дуу авиаг танихдаа авъяастай нэгэн.

  Тавдугаар үзэгдэлд, Элиза Хиггинст "Хэрэв би оролдвол хуучны дуу авианы нэгийг хэлж чадна гэж бодож байна" хэмээдэг. Элиза сонсоглоороо хатагтайн дүрд тоглодог буюу тэр хатагтай шиг ярьж, харагдаж, жүжиглэж чаддаг. Гэсэн хэдий ч аав нь түүнд гэнэтийн бэлэг барихад Элиза өмнөх муухай орилдог төлөвтөө эргэн ирдэг. Энд тэрээр Хиггинсийн өмнөх хуучин өөртөө буцаж орж чадна гэсэн циникал итгэл үнэмшлийг баталдаг. Шоугийн дуу авиа сэдэв болгон онцолсон явдал бол өөрийгөө жүжгийн зохиолчийн хувьд болон мөн жүжгийн ерөнхий театрын шинж чанарыг илтгэнэ. Элизагийн хатагтай болж хувирч байгаа нь зөвхөн түүний хэрхэн ярьж байгаагаас гадна нийгмийн янз бүрийн түвшинд хэрхэн харагдаж, яаж үйлдэж байгаагаас нь хамаардаг шиг жүжигчин хүн гэдэг зөвхөн тухайн дүрдээ тохирохуйц байхын дээрээс тохирохуйц дуу хоолойтой байх ёстой ажээ. Дуу авиа сэдэв болгон онцолсон нь яриагаар дамжуулан мөн чанарыг хэрхэн бий болгож, тодорхой анги давхаргын таатай орчинд хүрэхийн тулл хэл яриаг хэрхэн гоёчилж болох тухай идеаг дэмждэг сонсголын бүрээсийг бий болгодог.

  СИМБОЛ. "Пигмалион" жүжгийн хөндсөн гол асуудлуудын нэг бол анги давхаргын статус болон нийгмийн байр сууринаас шалтгаан үүссэн хуваагдал байдаг ба харин цаг агаар нь ангийн хил хязгаарыг огтолж буй түгээмэл үзэгдэл болдог. Жүжгийн нээлтийн хэсэгт гарах бороо нь янз бүрийн анги давхаргын төрөл бүрийн бүлгүүдийг нэг дор цуглуулдаг хүчин зүйл бөгөөд бүх дүрүүд Гэгээн Паулын сүмийн үүдний дор хоргодож, улмаар бид өөр өөр анги давхаргаас гаралтай дүрүүд хоорондоо харилцахаас өөр замгүй болж байгааг харна. Энэ утгаараа цаг агаар нь үнэмлэхүй тэгшитгэгчийн симбол болно. Жүжгийн сүүл хэсэгт цаг агаарыг дунд ангийн мэдрэмжгүй байдлыг харуулахад ашигладаг. Элиза хатагтайн хувиар анх удаа гарч ирэхдээ ердөө хэдхэн ярих "аюулгүй" сэдэвтэй байдгийн нэг нь цаг агаар байдаг буюу тэр одоохондоо ийм доод түвшинд байдаг. Цаг агаар бол нийгмийн түгээмэл аспект учраас Элиза жинхэнэ ангийн байр сууриа илчлэхгүйгээр Эйнсфорд Хиллстэй яриа өрнүүлж чадаж байна.

Цаг агаар нь хэдий аюулгүй сэдэв боловч Элизагийн хэл шинэчлэлийн тоглолтыг бүрэн нууж чаддаггүй. Хатагтай Хиггинсийн бороо орох эсэх талаарх асуултад хариулахдаа Элиза туйлын нарийн бас тодорхой хэл яриа ашигласнаар Фреддиг инээлгэдэг бөгөөд үүнд нь Элиза юу нь инээдтэй байна, би буруу зөрүү хэлсэн гэж үү, гэж гайхахад хүргэдэг. Энд байгалийн үзэгдэл болох цаг агаар нь хэлний эмх замбараагүй, урьдчилан таамаглах аргагүй шинжийг бэлгэддэг. Жишээлбэл, Элиза хатагтай Эйнсфорд Хиллтэй авга эгчийнхээ үхлийн тухай ярилцахдаа жинхэнэ төрх авираа гаргаж орхидог; тиймээс цаг агаар нь байгалийн болон хиймэл зүйлийн симбол болж байна. Цаг агаарыг эзэмшиж чадахгүй шиг Элиза энэ үед ердөө л "амьд хүүхэлдэй" хэвээрээ байгаа ба энэ бол хатагтай байна гэдэг бол цаг агаар ямар байхыг мэдэж, мэдээлэхээс илүүтэй эзэмших зүйл болохыг харуулна. 

Comments