Vagabond (1985). Бельги-Францын нэрт кино урлаач Agnes Varda-н зохиолыг нь бичиж найруулсан драм. Залуухан тэнэмэл эмэгтэйн цогц шуудуун дотроос олдож буйгаар кино эхэлж, кино эмэгтэйн үхэхээс нь өмнөх өвлийг Лангедок-Руссиллон гэдэг дарсаараа алдартай газар нутгаар хэрэн хэсүүчилж байгааг эргэн дурсах маягаар өгүүлдэг. Киноны гол дүрд Францын жүжигчин Sandrine Bonnaire тоглосон. Энэхүү кино нь Венецийн олон улсын кино наадмаар нээлтээ хийж хийж Алтан Арслан шагнал хүртэж, Сезар наадамд дөрвөн төрөлд нэр дэвшсэнээс Sardrine Bonaire шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Уг киног зөвхөн Францад л гэхэд нэг сая гаруй тасалбар борлуулсан. Киноны оригнал Франц нэр нь Sans toir ni loi буюу хуульгүй, толгой хорогдох газаргүй гэсэн утгатай ажээ.
"Vagabond" кино нь гол дүр болох Mona-н амьдралыг харуулсан энгийн хүүрнэлийн сцэнүүдийг Mona-г мэддэг байсан хүмүүсийн түүний талаарх дурсамжаа шууд камер руу хараад ярьдаг хуурамч-баримтат үзэгдлүүдтэй хослуулсан өвөрмөц кино хэлийг бий болгосон. Ач холбогдол бүхий үйл явдлуудыг заримдаа харуулахгүй орхидуулдаг учир үзэгч бүрэн зураглалыг олж авахын тулд өгөгдсөн мэдээллийг сайтар ажиглаад нэгтгэх шаардлагатай болдог. Критикч Roger Ebert: "Маш олон аугаа киноны нэгэн адилаар энэ кино бидэнд маш онцгой хүний тухай хүчтэй хийгээд чимэглэлгүйгээр тун тодорхой түүхийг өгүүлдэг". Эрх чөлөөг эрэлхийлж байгаа Францын тэнүүлчийн сүүлчийн өдрүүдийг өгүүлдэг эл бүтээлийг зарим хүмүүс Agnes Varda-н хамгийн оргил туурвил хэмээдэг.
Энэ кинондоо Varda хамгийн сайн чаддаг бүхнээ нэгтгэн оруулсан; бүрэн зохиомол болгохоос татгалзсан гарчигнаас таслаж авсан түүх; патриарх системийн эсрэг болон өөрийнх нь сэтгэлийн зовнилыг ойлгож чаддаггүй хүмүүсийн эсрэг тэмцэх хүчирхэг эмэгтэй гол дүр; хот, зам, барилга байгууламж хоорондох хязгаарлагдмал орон зайг таашаах буюу газрын зураг дээр хоосон мэт харагддаг газар орон, хүргэн хүрээтэй үйл хөдлөл бус харин жижиг зүйлсээр дамжуулан түүх бүтээх итгэл үнэмшил болой. Ийнхүү Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 207-р байрт жагсаж байгаа энэ киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Францын гард мужийн нэгэн жижиг тосгоны усан үзмийн талбайд өвөл иржээ. Хүйтэн өглөө хүмүүсийн ярьдгаар далайгаас гарч ирсэн эмэгтэй гэгддэг Mona-н цогцос шуудуун дотроос олдоно. Орон нутгийн цагдаа нар түүнийг хөлдөж үхсэн хэрмэл тэнүүлчин болохыг хурдан тогтоосон шигээ түүнийг оршуулж орхино. Mona-н сүүлчийн өвлийг түүний тэнэмэл замд тааралдсан хүмүүстэй ярилцсан дурсамжуудаар дамжуулан бидэнд хүргэнэ. Mona ганцаараа хот, тосгодоор тэнүүчлэхдээ автобусаар явж, майханд унтаж, замын машинд дайгдаж, өлбөрч үхэхгүйн тулд хааяа нэг олдсон ажлыг хийнэ. Mona ингэж явахдаа өлсөж, цангаж, даарч, тамхи юмуу эсхүл каннабисын дутагдалд орж, мөн янз бүрийн аюултай нөхцөлд байнга ордог.
Mona өөрийнх нь энэ чөлөөт байдалд атаархдаг гэрийн үйлчлэгчтэй танилцаж, ямааны фермер гэр бүлтэй хэсэг хамт амьдарч, мод судлаач бүсгүйн машинд хонож, усан үзмийн талбайд ажилладаг Тунис эрийнд толгой хоргодож, мөн архи ууж, хар тамхи хэрэглэдэг хэсэг бүлэг залуустай нэгдэн төмөр замын буудал дээр хоног төөрүүлнэ. Mona танилцсан нэг хүн дээ Парист нарийн бичгийн дарга хийж байгаад больж, эрх чөлөө хийгээд хариуцлагагүй амьдралыг хайн бэдрэх болсноо ярина. Mona гутал нь урагдаж, нэгэн жижигхэн байшинд унтаж байтал байшинг өөр согтуу тэнүүлчид шатааснаар тэрээр зөвхөн хөнжлөөс бусад бүх зүйлсээ галд алдана. Тэрээр хачирхалтай ургацын баярт санамсаргүй явж ороод этгээд хувцасласан хүмүүс Mona-г дарсны шаараар будчихна. Зугтаасныхаа дараа, тэрээр усан үзмийн талбайгаар тэнэж яваад шуудуунд орж унадаг; ядарч, даарч, шалба норсон тэрээр босч чадалгүй үүрд нойрсоно.
"Vagabond" киног Agnes Varda-н "Ulysses" гэдэг. Ирландын их зохиолч James Joyce-н нэгэн эринийг тодорхойлсон туульсын романтай харьцуулсан явдал бол хоёр уран бүтээлчийн төстэй байдлаас улбаатай. Зохиолч, найруулагч хоёр хоёулаа тус тусынхаа салбарт тэргүүлэгчид байсан ба тэд өөрсдийнхөө бүтээлд урлагийн нийгэм дэх хэмжээсийг бататгасан туршилтын эрч хүчийг өгдөг байсан. Joyce модерн соёлыг Homer маягийн суурин дээр дахин боловсруулснаар тухайн үеийнхээ ухамсрыг дүрслэн харуулахыг оролдсонтой адилаар Varda өөрийнхөө үеийн түвэгтэй хийгээд идэвхгүй ертөнцөд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн тухай энгийн түүхээ модерн киноны гол гарын авлага болсон найруулагч Orson Welles-н "Citizen Kane" кино дээрээс загварчилсан.
"Хэрэв та "Citizen Kane" киноны түүхийг ярих гэвэл үнэндээ бараг яриад байх түүх байдаггүй. Хөгшин баян эр үхсэн. Тэр бидэнд ойлгогдохгүй үг хэлсэн. Бид тийм ч ихийг олж мэддэггүй, ердөө түүний амьдралын зарим хэсгийг л олж мэддэг бөгөөд эцэстээ тэр үг энгийн чарга л болдог. Энэ түүх гэж үү? Энд түүх гээд байх юм алга. Энэ киног тийм сонирхолтой болгодог зүйл бол Welles-н бидэнд тэр хүний тухай өгүүлэх арга буюу хүмүүс түүний тухай юу гэж боддог нь бидний сонирхлыг татдаг" гэж Varda ярьсан байдаг. Varda тоглоом тоглож байгаа аятай Welles-н шедеврийг яг урвуугаар нь "Vagabond" киногоо хийсэн. Varda-н бүтээлд залуухан, ядуу тэнэмэл бүсгүй үхдэг; тэр бидний ойлгохгүй байдлаар үхдэг; бид буюу үзэгчид түүний талаар багахан мэдээлэл л олж авдаг ба энэ нь эцэстээ усан үзмийн паган зан үйл шиг л байдаг. "Vagabond" киноны үйл явдал "нимгэхэн", бараг өрнөл гээд байх зүйлгүй авч Varda модерн Францын өдөр тутмын амьдралын бүтцийг тод, сэтгэлд буухаар хөрөглөжээ.
Түүний баатар Mona амьдралынхаа сүүлчийн хэдэн долоо хоногт гадаадын ажилчдаас авхуулаад дээд мэргэжилтэй эмэгтэйчүүд, барилгачид, дэлгүүр ажлуулдаг эрчүүд, ачааны машины жолоочид, залуу бизнес эрхлэгчид, хуучны маягаар малын аж ахуй эрхлэн амьдардаг гэр бүл гээд зүсэн бүрийн бас нас насны хүмүүстэй танилцаж, богино хугацаанд нөхөрлөдөг. Мөн Mona Араб цагаач ажилдын усан үзмийн талбайгаас эхлээд хиппи нарын орогнох болсон 17-р зууны хаягдсан харш, хотын захад орших тансаг зочид буудал гээд олон газраар аялдаг агаад үзэгчдэд тухайн үеийн нийгмийг баримтат кино маягаар үзүүлэхдээ биднийг бий болгож байгаа соёл болон субъектив хандлагын талаар шинэ ойлголтуудыг өгөх шиг болдог. Гэхдээ Varda бидэнд ертөнцийг ийм л байдаг гэж харуулахыг хүсээгүй бөгөөд Mona-н учирсан үзсэн болгоныг ширхэгчлэн үзүүлж байгаа нь үзэгч биднээс өөрсдөө тунгаан бодохыг шаардсан хэрэг. Varda-н баримтат болон уран сайхны бахдам хослол нь үзэгчдийг бодол, төсөөллөөрөө Mona-н ертөнц дэх нэг хэсэг, оролцогч болгодог. "Бодит" үйл явдал, газруудыг дүр болон өрнөлийг хоёцланг нь уран сайхны аргаар холбосон энэхүү стратеги нь Varda-н дебют кино болох "La Pointe Courte" бүтээлээс хойш түүний бүтээлүүдийн цөм болсон ба 1954 онд гарсан сайхь кино Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж үзэгсэд бий.

Comments
Post a Comment