Өвдсөн Эрос

 


L'Eclisse (1962). Италийн мастер кино найруулагч Michelangelo Antonioni-н бичиж, найруулсан романтик, драм. Киноны зураг авалтыг Ром, Верона хотуудад авсан ба Antonioni Флоренц-д нарны хиртэлтийг зураглаж байхдаа "L'Eclisse" бүтээлийнхээ санааг олжээ. "L'Eclisse" Канны кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж, Алтан Далдуу Мод шагналын төлөө өрсөлдөж байсан ба энэ кино нь "L'Avventura", "La Notte" кинонуудын хамтаар Antonioni "Модернист" трилогийг бүрдүүлдэг. Киноны гол дүрүүдэд Alain Delon, Monica Vitti хоёр тоглосон. Найруулагч-н хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон уг киног Martin Scorsese трилогийн хамгийн зоримог кино нь гэж тодорхойлсон байдаг. Antonioni-н нууцлаг, түгшээсэн эл бүтээл нь найруулагчийн цаг хугацааг удаашруулж, дүрүүдээ амьдрах боломжгүй газраар хэрэн тэнүүчлүүлэх чадварыг харуулсан сэтгэл зовоосон, харийссан бүрэнхий бүс болой.

  Тэрээр Ром хотын өдрийг шөнө шиг хоосон хөндий болгож; энэ киногоороо дайны дараах цэцэглэн хөгжилт нь үнэндээ хоосон шинжтэй болохыг зөнгөөрөө илэрхийлсэн үү, эсхүл цөмийн дайралтын дараах сүйрлийг өөрийн этгээд алсын хараагаарай дүрсэлсэн үү гэдэг сонирхолтой. Энэ кино үнэхээрийн уран төсөөлөлтэй; үүгээрээ Federico Fellini-тэй харьцуулахуйц ер бусын дүр төрхтэй ба Antonioni Ромын гудамжинд экзистенциал сэтгэл зовнилын нүүх нээж, үзэгчдийг тийшээгээ явж орохыг уриалдаг. Энэхүү хачин бас гайхамшигтай киног BBC Англи дээрх бус хамгийн шилдэг 100 гадаад кино жагсаалтдаа багтаасан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 124-р байрт эрэмбэлсэн байна. Antonioni-н өмнөх "L'Avventura" кино 1960 онд нээлтээ хийгээд хүмүүст шоолуулж байсан ч "L'Eclisse" Канны наадмын хамгийн их хүлээлттэй кино болтол "L'Avventura" киног хүмүүс дахин шинээр үнэлчихээд байлаа. Критикүүд Antonioni-н арга барилыг өөрийгөө эцэс төгсгөлгүй давтах аюулд орсон урлагийн хэлбэрийг шат ахиулах нэг арга гэж үзэж байв.

  Өнөөдөр энэ киног Antonioni-н хамгийн чухал бүтээлүүдийн нэг гэж үздэг. Критикч David Sin-н бичнээр,  бидний амьдарч буй эрин үеийг өргөн хүрээтэйгээр шүүмжилсэн нөлөө нь буураагүй, кино урлагийн шинэлэг бүтээл гээд нээлттэй хэлбэр нь дүрүүдийг харах, тусгах өөр өөр арга замуудыг санал болгодог гэжээ. Критикч Peter Bradshaw уг киног "Урнаар зөгнөгч" хэмээсэн. Jonathan Rosenbaum зэрэг критикүүд киноны төгсгөлийн үзэгдлийг өндрөөр магтаж, найруулагчийн хамгийн үр дүнтэй үзэгдлүүдийн нэг гэсэн. Найруулагч Scorsese "My Voyage to Italy" гэдэг Итали киноны тухай баримтат кинондоо "L'Eclisse"-г залуу кинонд дурлагч байхдаа үзээд хэрхэн сэтгэлд нь хоногшиж, улмаар найруулагч болох урам зориг өгсөн тухай өгүүлдэг ба энэ бүтээл түүнд өгүүлэх аргыг нэг шат ахиулсан, түүх биш харин яруу найраг шиг санагдсан гэж онцолж, мөн киноны сүүлийн 7 минут бидэнд кино урлагт боломжгүй зүйл гэж үгүй болохыг харуулсан гэжээ.

Гэхдээ уг бүтээлд таагүй хандагчид байсан; критикч Robin Wood "L'Avventura" киноноос хойших бүх Antonioni-н кинонууд "бууж өгсөн", "өөрийгөө өөгшүүлсэн", үндсэндээ бахархалтайгаар цөхрөл рүү ухарсан гэж шүүмжилсэн. Критикч Jon Lisi "хахир хүйтэн оюунлаг" гээд үзэсгэлэнтэй, түүхэн ач холбогдолтой хийгдсэн ч туйлын уйтгартай гэжээ. Харин критикч Susan Doll: "Хэрвээ Antonioni-н кинонууд пост-модерн ёжлолт, хурдан хэмнэлтэй эвлүүлэгт татагдсан кинонд дурлагчдын сонирхлыг татахаа больсон аваас бид ч баларчээ. Түүний кинонууд зөвхөн Италийн нийгэмд гарсан томоохон өөрчлөлтийг төдийгүй кино урлагийн соёлд гүн гүнзгий өөрчлөлтийг тусгасан". Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе.

7 сарын нэгэн даваа гаригийн үүрээр, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй, залуухан үзэсгэлэнтэй хүүхэн болох Vittoria Ром хотын хөрөнгийн биржийн хэсэгт орших байранд хэдхэн цагийн дараа экс найз залуу нь болох Riccardo-той маргалдаж буйгаар кино маань эхэлнэ. Тэд шөнөжин ярилцсаны эцэст салахаар болох ба Vittoria Riccardo-д хандан: би чамтай хамт байхдаа жаргалтай байхаа больсон, 20 настай байхдаа жаргалтай байсан одоо бол чамтай хамт байхыг хүсэхгүй байна гэсээр Riccardo-ын гэрээс гарч явна, залуу ятгаж үлдэхээр араас нь очиж тэд хэсэг хамт явсаар Vittoria-ын гэрт ирэх бөгөөд эндээс тэд үүрд сална, энэ үед өглөө болж байлаа. Дараагийн хэсэгт Vittoria Ромын хөрөнгийн бирж дээр ирж хөрөнгийн бирж, хувьцаа зэрэгт улайран донтсон ээжтэйгээ уулзаж салалтынхаа тухай ярих гэтэл эх нь саяхан алдсан мөнгөө зогсоо зайгүй ярьсаар юун охиноо сонсох манатай байх ба харин эх нь түүнийг өөрийн хөрөнгийн брокер, царайлаг бөгөөд залуухан Piero гэгчтэй танилцуулна.

  Энэ Piero зальтай, овжин бөгөөд хөдөлгөөнтэй эр болохыг бид түүний хэрхэн ажиллаж байгаагаас харж болно. Энэ өдөр Vittoria ээжтэйгээ ярилцаж чадаагүй ч хөрөнгийн биржийг үймсэн, бужигнасан там лугаа адил дүрэлзсэн болохыг олж харахдаа энэ газар хүний амь нас чухал биш мөнгө л хамгийн чухал зүйл болохыг олж харна. Тэр үдэш Vittoria хөрш Anita гэх хүүхнийд зочлох бөгөөд тэд эксүүдийнхээ талаар ярилцацгаана: Vittoria хэлэхдээ: би маш их төөрөлдсөн, зэвүүцсэн бас хямарсан хэмээн харилцааныхаа талаар ярих агаад ойрхон орших бас нэг хөрш болох Marta тэднийг гэртээ урьснаар хүүхнүүд 3 болж аваад уунгаа ярилцаж эхэлнэ.  Marta нөхрийн хамт Кени улсад фермтэй байсан талаараа ярина, үнэхээр ч тэдний гэр дүүрэн Африкийн эд зүйлс, соёл ахуйг илтгэсэн юмсаар чимэглэгдсэн байх ба тэд нэгэн тоглоом тоглоно, уг тоглоомонд Vittoria гол дүр бүтээх буюу тэрээр Африкийн бүжигчиний хувцас өмсөөд биеэ хараар будаад Африкуудыг дууриан бүжиглэнэ: энэ нь Marta-д таалагдаагүй учир түүнийг зогсооно. Хөгжөөнтэй байдлыг Marta колоничлолын талаарх гашуун сэдэв рүү яриаг шилжүүлтэл Vittoria, Anita нарт яриа таалагдаагүй учир яриаг зогсооно.

Энэ үед Marta-ын нохой гэрээс гараад явчихна, хүүхнүүд нохойг хайж шөнийн гудмаар хайж яваад Vittoria нохойг олж найздаа өгчихөөд гэртээ ирэх бөгөөд Riccardo түүний байрны өмнө ирээд түүнийг дуудахад хүүхэн нуугдаад түүнд хариу өгдөггүй. Маргааш нь Anita болон Vittoria нар Верона хот дээгүүр нисэх агаад Vittoria үүлс дунд ороод хүүхэд шиг л баясан хөөрнө. Энэ үед хөрөнгийн бирж дээр Piero завгүй ажиллаж байв. Vittoria хөрөнгийн бирж дээр ирээд эхийгээ маш их мөнгө алдсаныг мэдэхийн сацуу ээжтэйн адил биржийн улайрсан тоглогч үл таних эр бүх мөнгөө бас алдсан болохыг  Piero-оос олж мэдээд тэр үл таних эрийг өөрийн мэдэлгүй сонирхож араас нь дагаж явсаар нэгэн кафед ирнэ, бүх мөнгөө алдсан эр цэвэр ус захиалчихаад жижиг цаасан дээр нэг юм зурна. Үл таних эр усаа уучихаад яваад өгөхдөө цаасаа орхичих ба Vittoria явж очин цаасыг хартал цэцэг зурсан байдаг. Хүүхэн Piero-той таараад машинаар нь ээжийнхээ гэрт хамт ирэх бөгөөд хүүхэн залууд гэр бүлийнхээ зургийг, өсөж том болсон өрөөгөө харуулна. Piero хүүхнийг үнсэхийг оролдоход хүүхэн эсэргүүцнэ, ингээд Piero буцаад ажлынхаа оффис руу явдаг.

  Ажлын дараа Piero тохиролцчихсон байсан дуудлагын хүүхэнтэйгээ уулзахад дуудлагын хүүхэн үсээ шаргал байсныг улбар шар болгочихсонд Piero хамт байх сонирхол нь буураад яваад өгнө, тэрээр Vittoria-ын гэрт очоод хүүхэнг юм бичиж байхыг олж харах агаад энэ үед нэгэн согтуу нөхөр Piero-ын анхаарлыг ихээр татна: Piero Vittoria нарыг ярилцаж байх хооронд өнөөх согтуу нөхөр Piero-ын машиныг хулгайлчихна. Маргааш өглөө нь тэд Piero-ын машин нууранд унасан байхыг мэдэх бөгөөд согтуу нөхөр харин үхсэн байлаа. Хүүхэн энэ явдалд Piero машиндаа л харамсан санаа тавьж байхаас үхсэн хүнийг огт тоохгүй байгааг ажиглах ба тэд цааш паркаар хөгжилдөн явсаар Vittoria-ын гэрийн үүдэнд ирэхэд Piero хүүхнийг үнсэхэд Vittoria нэг л түвэгтэйгээр хүлээж авдаг. Vittoria гэртээ орохоосоо өмнө боошигтой усанд мод хийчихдэг. Маргааш нь Vittoria гэрийнхээ гадна Piero-г хүлээж байхдаа Өнөөх боошигт хийсэн мод тэндээ байсаар байгааг анзаарах бөгөөд Piero хүрч ирээд шинэ машин авсанаа хэлнэ. Хүүхэн түүний гэрт очъе гэснээр тэд Piero хүүхнийг эцэг эхийнхээ гэрт аваачих ба эцэг эхийнх нь гэр уран зураг болон уран баримлаар дүүрэн тун үзэсгэлэнтэй байр байлаа. Тэд ярилцана, Vittoria нэг л сандарсан, хүсээгүй байдлаар хэрвээ хоёр хүн бие биедээ хайртай болохыг хүсвэл тэд хоёр биенийнхээ талаар дэндүү ихийг мэдэхгүй байсан нь дээр гэдэг.

Ингээд тэд тоглоом шоглоомоор шилэн цонхны хоёр талаас үнсэлцэх бөгөөд улмаар хүсэл тэмүүллээр дүүрэн үнсэлцэж байгаад хүүхний даашинзыг урчихдаг, үүнд Vittoria даашинз өөрөө урагддаггүй гэж хэлдэг. Хүүхэн урагдсан даашинзаа барьсаар унтлагын өрөөнд ороод цонхоор гудамжинд алхах гэлэнмаа нарыг, кафед суугаа хүмүүсийг болон хэн нэгнийг хүлээх цэрэг эрийг олж харах ба Piero түүн дээр ирсэнээр тэд хурьцал үйлддэг. Дараагийн хэсэгт тэд толгод дээр тэнгэрийг харан хэвтэцгээж байх агаад Piero; би яг л гадаадад улсад байгаа юм шиг санагддаг хэмээснээр тэд маргалдаж эхлэх буюу Piero хүүхнийг өөрийг нь ойлгодоггүй гэж уурлахад хүүхэн: би чамд хайргүй ч байсан болоосой, эсхүл би чамайг илүү их хайрладаг болоосой гэж хэлдэг. Дараагийн хэсэгт Piero-ын ажлын оффисийн буйдан тэврэлдэн, үнсэлцэн хэвтэх бөгөөд тэд яг л хүүхдүүд шиг эрхлэлдэн тоглоно. Тэд салах болоход тэврэлдээд өдөр болгон уулзана шүү, нөгөө газартаа гэсээр үнсэлцсээр,  хагацаж ядсаар хоёр тийш болно. Киноны төгсгөл үзэгч бидэнд ертөнцийн төгсгөл ирж буй мэт мэдрэмж төрөх ба кино бүхий л уур амьсгалаараа эцсийн, сүүлчийн, төгсгөлийн шинжийг илтгэнэ.

1960-аад оны Европын хамгийн загварлаг, тэргүүлэх кино найруулагчдын нэг Michelangelo Antonioni тэр үеэс хойш моодноос бараг гарсан нь харамсалтай. Үүний нэг шалтгаан нь 1960-аад онтой холбоотой гэдэг; тухайн эрин үеийнхээ оюун санааны төлөв байдлын тухай амбицтай кино хийхэд урлагийн шинэчлэлийг боломжтой хийгээд хүсүүштэй гэж үздэг байсан хэрэг. Дараагийн хэдэн арван жилд энэ бүхнийг үр дүн гарсан байдаг. 1960-аад он ийм оюунлаг үйл ажиллагааны талаар маргалдаж болох авч үргэлж сайшаагддаггүй цаг үе байсан ба кино урлагт Michelangelo Antonioni, Jean-Luc Godard хоёр тэргүүлэгчид нь байв. "L'Eclisse" кино "Last Year at Marienbad", "Paris Belongs to Us" кинонуудын араас, харин "The Extermiating Angel", "Vivre sa vie" бүтээлүүдтэй нэг жилд, "Muriel" болон "Contemp" кинонуудын өмнөх жилд гарсан байдаг; өөрөөр хэлбэл эдгээр кинонуудад том мэдэгдэл, хүүрнэлийн шинэлэг байдлаараа жараад оны кино ертөнцийг тодорхойлсон хэрэг. "L'Eclisse" мөн найруулагчийг олон улсад алдаршуулсан Эрос, урлаг, бизнес болон сэтгэлийн харийслын тухай трилогийн оргил байсан ба 1960 онд "L'Avventura", 1961 онд "La Notte" бүтээлүүдээ хийж байв.

Зарим талаараа энэ кино нь хүүрнэх уламжлалыг үл тоомсорлож, дур хүсэл хийгээд хомсдолын зэвэргэн яруу найраглаг шинжийн аль алинд нь радикал хандсанаараа түүний цочроосон модернизмын түвшинг нэмэгдүүлдэг. "L'Avventura" киноны гол нууц буюу гол дүрийн нэг Anna (Lea Massari) дарвуулт завиар аялж яваад галт уултай арал дээр сураггүй алга болж, яагаад алга болсон нууц хэзээ ч тайлагддаггүй ба киноны үндсэн өгүүлэмж түүний найз Claudia (Monica Vitti) руу шилждэг нь "Psycho" кинонд Vera Miles-н дүр Janet Leigh-н дүрийг "орлодог" цочролын тактиктай төстэй байдаг. Бараг 24 цаг доторх үйл явдлыг өгүүлсэн "La Notte" бүтээл нь илүү уламжлалт хэлбэртэй боловч дунд хэсгийн дийлэнх нь найруулаггүй мэт санагдахуйц өгүүлэмжийн урсгалаас бүрддэг. "L'Eclisse" киноны гол баатрууд нэг романтик харилцаа дуусгаад нөгөө романтик харилцаа руу "харайж" байгаа өгүүлэмжийн удаан шилжилтээс бүрдсэн мэт санагдана; киноны баатрууд (Delon, Vitti) төгсгөлийн үзэгдэлд харагддаггүй нь киноны хамаа намаагүй өнгө төрхийг улам л хурцатгана.

Америкт болсон зарим үзвэрийн үеэр киноны төгсгөлийн 7 минутад самгардаж гүйцсэн гэдэг; энэ төгсгөлийн үзэгдэл магадгүй Antonioni-н хамгийн хүчтэй төгсгөл болов уу. Энэхүү зэвэргэн оргил хэсгээрээ Antonioni-н объект, орон зайгаар хүмүүсийг эзэмдэх, орлуулж байгаа сэтгэл түгшээсэн уур амьсгалыг өгдөг буюу энэ нь хэдийнээ "L'Avventura" кино дээрх галт уултай аралд зочлох, "La Notte" киноны эхлэлд эмнэлгийн цонхоор нисдэг тэрэг чимээ сонсогдох зэрэг хэсгүүдэд тусгагдсан байдаг. Мөн үүн лугаа "L'Eclisse" киноны эхэн хэсэгт хосууд өглөө салсны дараа өрөөнд байгаа янз бүрийн эд зүйлс, цонхоор харагдах цамхаг түр хугацаанд тэднийг орлож байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Сайхь гурван тохиолдол эхэндээ бүгд хүүрнэхүйн хазайлт юм шиг санагддаг авч үнэндээ хүүрнэлийг урьдчилан тооцоолоогүй зохиомжид, дүрүүдээс холдуулж, орчин нөхцөл рүү тараасан байх талтай. Antonioni-г жүжигчдийн найруулагч гэж ховор үздэг ч уг кинонд Vitti, Delon хоёрыг замналынхаа хамгийн гүнзгий илэрхийлэлтэй, сэтгэл догдлуулам гүйцэтгэлийг толилуулсан гэдэг бөгөөд энэхүү дээд зэрэглэлийн бүтэцтэй шедеврийг тэдэнгүйгээр төсөөлөмгүй. Энэ нь тэдний байхгүй байгаа болон тэдэнтэй холбоотой мотифуудын давталтын аль алийг нь тойрон сүндэрлэсэн төгсгөлийн үзэгдэлд ч хамаатай байдаг. Энэ хосын эротизм нь найруулагчийн бүтээлүүдэд тэр үеийг хүртэл үргэлжилсэн сэдэвчилсэн хандлагын эргэлтийг мэдэгдэл болсон буюу Эросыг орчин үеийн өвчин биш гэж үзэхээс холдуулж, харин эротизмыг бага ч атугай үнэлэх болсныг нь харуулна. "L'Avventura" кино дахь Sandro, биеэ үнэлэгч хоёрын учрал, "La Notte" кино дахь Giovanni (Marcello Mastroianni) болон нимфоманиак хоёрын богино уулзалт зэргээс найруулагчийн өмнөх байр суурийг харж болно. Antonioni "L'Avventura" киногоороо Канны наадамд оролцож байхдаа ийнхүү ярьсан буй: "Та яагаад эротизм өнөөдөр бидний уран зохиол, театрт болон бусад газарт ийм өргөн тархсан гэж бодож байна? Энэ бол манай цаг үеийн сэтгэлийн өвчний шинж тэмдэг. Гэхдээ Эрос эрүүл байсан бол, өөрөөр хэлбэл хүнд зохистой хэмжээгээр байсан сан бол эротикт сэтгэл зовтлоо хэт автахгүй байх байлаа. Гэвч Эрос өвчтэй; хүн тавгүйрхэж, ямар нэгэн зүйл түүнийг зовоож байна. Хүнийг ямар нэгэн зүйл зовоох бүрт тэр хариу үзүүлдэг, гэхдээ тэр зөвхөн эротик тэмүүллээр муу хариу үйлдэл үзүүлж, тэгээд жаргалгүй байдаг".

  Antonioni-н трилогийн эхний хоёр бүтээлд модерн ертөнцөд урлаг, бизнес хоёр хамтран оршин байгааг хөндөхдөө урвалт гэсэн сэдвийг бас тогтмол хоршуулдаг. "La Notte" киноны Giovanni амжилттай боловч уйдсан зохиолч ба эхнэртэйгээ хамт очдог үдэшлэгт түүнд баян эрхэм боломжийн ажлын санөл тавьдаг, мөн Giovanni нимфоманиак өвчтөн, баян эрхмийн охинд татагддаг. "La Notte" киноны Sandro бол урлагаа орхиж баяжсан архитектор ба тэрээр Anna, Claudia, бас янханд шунан татагддаг билээ. Гэтэл Antonioni "L'Eclisse" кинондоо Эросыг илүү эерэгээр, гэм буруугийн бүрхүүлгүйгээр, капитализмтай зөвшилцөх эсхүл илжирлийг тээгч болгон харуулах нь арай аядуу шинжтэй болсон. Энэ бол найруулагчийн хувьд тодорхой шинэ хандлага байсан ба түүний дараагийн кинонуудад Эросыг өвчин гэж үзэхээ улам зөөлрүүлжээ. Antonioni-н энэ кинондоо Эросыг өөрөөр харах шалтгаан Delon. Vitti хоёрыг гүйцэтгэлийн нөлөө байсан байх магадлалтайгаас гадна Delon-н бүжиглэх мэт хөдөлгөөн, Vitti-н номхоршгүй нүүрний хувирал нь найруулагчийн сарнисан хүүрнэлтэй холбоотой болов уу. 

Comments