Jules and Jim (1962). Францын мастер кино найруулагч François Truffaut-н Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөнд хамаарагдах драм. Францын зохиолч Henri-Pierre Roche-н 1953 онд хэвлэгдсэн хагас намтарчилсан роман дээрээс сэдэвлэн Truffaut кино зохиолоо бичиж, киногоо бас продюсерлэсэн. Roche зохиолч найз Franz Hessel, түүний эхнэр Helen Grund хоёртой харилцаж байсан бодит харилцаанаасаа сэдэвлэн номоо бичсэн бол киноны үйл явдал Дэлхийн 1-р дайны өмнө, дараах үеүдэд өрнөхдөө богемиан амьдралтай гурван хүний хайрын гурвалжинд төвлөрдөг. Киноны гол дүрүүдэд Jeanne Moreau, Oskar Werner, Henri Serre нар тоглосон.
Найруулагч Truffaut эл номыг 1950-аад оны дундуур Парисын нэгэн дэлгүүрээс олж авсан агаад удалгүй Roche-тэй нөхөрлөсөн байдаг; ийнхүү Roche Truffaut-д номыг нь кино болгох эрхийг олгожээ. "Jules and Jim" киноны хөгжмийг Францын нэрт хөгжмийн зохиолч Georges Delerue бичсэн ба критикч Bosley Crowther түүний бичсэн хөгжмийг киноныхоо сэтгэл хөдлөлийн агуулгыг шингээж чадсан гайхамшигтай бүтээл гэсэн байхад Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн 10 киноны саундтракийн тоонд багтаасан буй. Жүжигчин Jeanne Moreau-н гүйцэтгэлийг Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний эмэгтэй жүжигчдийн хэв маягийн эрхэм жишээ гэж үнэлдэг бөгөөд критикч Ginette Vincendeau түүнийг тодорхойлохдоо; "Үзэсгэлэнтэй, гэхдээ элдэв маяггүй байгаагаараа; тачаангуй, гэхдээ нэгэн зэрэг оюунлаг, нэг төрлийн ухаалаг хэрнээ дур булаам; үүгээрээ тэр Шинэ Давалгаа Хөдөлгөөний эмэгтэй жүжигчиний шинжийг тодорхойлдог".
Найруулагч Martin Scorsese "Goodfellas" киноныхоо эрч хүчтэй хэмнэлийг Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөн, нэн ялангуяа Truffaut-н энэхүү бүтээл чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Scorsese "Jules and Jim" киноны өргөн ашигласан хүүрнэл, хурдтай эвлүүлэг, царцаасан кадр, хүүрнэгчтэйгээр киног эхлүүлэх аргыг "Goodfellas" кинондоо ашигласан билээ. 60 гаруй жилийн өмнөх Truffaut-н хайрын хуйларсан салхи өнөөдөр ч цаглашгүй үзэсгэлэнтэй хэвээрээ байна. Энэ кино бидний хувьд одоо ч ховорхон үзэгддэг кино хэл, сексийн харилцааны мэдрэмжтэй байдлаараа уран яруу дүрслэлтэй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Truffaut-н камертай хамт бид гол дүрийн хоёр богемиан залууг даган хөдөлж, хамт аялж, араас нь дагаж, мөн хамтдаа гайхамшигтай Jeanne Moreau-д дурладаг. Empire сэтгүүл уг киног манай гаригийн шилдэг 100 киноны 46-р байрт жагсаасан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 99-р байрт эрэмбэлээд байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Австри болон Франц улсууд дэлхийн нэгдүгээр дайнд хоорондоо дайтахаас өмнө Парист нэгэн Австри, Франц хоёр залуу урлагийг харах хараа болон үзэл бодлоороо нэгдэн нөхөрлөн дотносох ба хорь гаран насны залуус үзэл бодол хийгээд урлагийн сонирхол, тэр ч бүү хэл охид, хүүхнүүдээ хуваалцан дундаа хэрэглэнэ. Тэд бол шар үстэй, намхан, ичимхий Австри залуу Jules болон өндөр, хар үстэй, шалиг Франц залуу Jim бөгөөд хоёулаа урлаг, утга зохиолын өндөр мэдлэгтэй, дээд зэргийн боловсон богемиан амьдралын хэв маягтай залуус болой. Найзууд ийнхүү хүүхнүүдийг хуваалцан, хольж солин явсаар Catherine хэмээх маш үзэсгэлэнтэйн дээр халдаж боломгүй эрх дураараа, солонгон ааштай хүүхэнтэй танилцаж, улмаар гурвуул дотно нөхөрлөх бөгөөд тэд хамт хооллохоос авхуулаад хамт зугаалах мэтээр үргэлж хамт явцгаах агаад залуус нэгэн зэрэг хүүхэнд дурласан нь тодорхой бол хүүхэн хэн хэнтэйн ижил тэгш харьцана.
Хэн нэгэн нь түрүүлж хүүхэнд сэтгэлээ илчлэх нь мэдээж байсан агаад энэ нь Jules байна, хайрын хүсэлтийг Catherine болох ёстой юм шигээр хүлээн аван тун албаны байдлаар зөвшөөрөх бөгөөд уг явдалд Jim уурлаж бас гайхсангүйгээр үл барам найздаа хандаж: энэ хүүхэн өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, энэ дэлхий дээр тэр жаргалтай байхгүй, түүнд нэг эр хүн хангалтгүй хэмээдэг. Jules, Catherine хоёр дөнгөж хуримлахтай зэрэгцэн дэлхийн нэгдүгээр дайн эхэлж Jules болон Jim эх орныхоо төлөө тулалдахаар аянд дайнд мордон найзууд салцгаах ба тэд дайнаар хоорондоо нүүр тулах бий хэмээн айцгаана. Дайны жилүүдэд Catherine жирэмслээд бас төрж охин гаргах бол Jim-г найз хүүхэн нь болох Gilberte хүлээх хэдий ч Jim түүнтэй зөвхөн хонохоос хайргүй байлаа, үүнийг нь ч Gilberte мэддэг, хүлээн зөвшөөрдөг байлаа.
Хар дайн дуусчээ, Jules эхнэр болон охиноо аван Австридаа харин ойн модон дунд сайхан байшиндаа амар амгалан аж төрөнгөө зохиол бичин амьдрах ба Jim найз нь тэдэн дээр зочлон очиход галт тэрэгний буудал дээр Catherine бяцхан охины хамт тосоод гэртээ аваачина, гурван найз уулзалдаад хэр баяр хөөр болохоос гадна хуучнаа яаж дурсан баясалдсаныг энд өгүүлэхгүй бөгөөд тэдний гадаад төрх л жаахан өөрчлөгдсөнөөс доторх сахилгагүй, ирмүүн, цогтой чанар нь хэвээрээ агаад мэдээж Catherine болон Jules хоёр эхнэр, нөхөр болсон нь ихээхэн өөрчлөлт байлаа. Тэглээ гээд тэдний харилцаа эрс өөрчлөгдсөнгүй өнөөх л хөгжөөнтэй хэвээрээ бол Jim-ын Catherine-г хайрлах сэтгэл мөн л хэвээрээ бөгөөд хүүхэн ч үүнийг анзааран харц болон үйл хөдлөлөөрөө илт сээтэн хаяна, харин Jules бүгдийг чимээгүй ажиглана.
Jim, Catherine хоёрт хоёулахнаа байх үе ирэхэд залуу далдуур зүрх сэтгэлээ илчлэх ба харин хүүхэн түүнээс: чи Gilberte-тэйгээ суугаач, тэр чамд их хайртай гэхэд Jim: тэр намайг ямарч шийдвэр гаргасан ойлгоно, тэр намайг насаараа хүлээх хүн гэж хариулдаг. Тэр оройдоо Jules, Jim мөн л аминчихан уулзахад Jules найздаа хандаж: Catherine бид хоёр удахгүй сална, бид хоёр тохирохгүй юм, тэр надаас уйдсан, энэ хугацаанд олон удаа намайг араар тавьсан гэж хэлдэг. Ингээд хэд хоноод Jim буцах ба Catherine хурдан буцаж ирэхийг хүссэн захиа Парис руу бичсээр байгаад Jim-г буцаан авчрахад Jules-ын бичсэн: чи хурдан ир, Catherine чамд хайртай, чи ч бас хайртай биздээ, би энэ хүүхэнд дэндүү хайртай болохоор хүссэнээр нь байна гэсэн үгстэй захиа давхар томоохон хүч болно. Jim хувцас хунараа аваад Jules-нд нэг мөсөн нүүж ирэх бөгөөд ингэснээр Jim, Catherine хоёрын янаг дурлал ил болох буюу тэд хамтдаа унтах бол Jules үүнийг харин ч баяртайгаар хүлээн авч гурвуулаа барагалж жаргалтай амьдарна.
Энэ үед Jim хүүхэд хүсэж эхлэх бөгөөд даанч Catherine хүүхэд олохгүй байх агаад дээр нь хүүхэн уурласан юмуу ааш нь хөдлөхөөр Jules-ын өрөө рүү ордог, хааяа Jules-дээ л хайртай гэсэн хандлага нь Jim-г буцаад Парис явах шалтгаан болно. Jim-г мэдээжээр Gilberte хүлээж аваад, Catherine-аас ирэх олон захиаг хүлцэнгүйгээр дамжуулахдаа: чи явж болно, гэхдээ ядаж надтай долоо хоно гэж Jim-г уях ба Catherine-аас ирэх захианд: би жирэмсэн болсон, би чамд хайртай гэсэн үгс байх агаад энэ бүхэн даанч худлаа болохыг Jim мэдэж байлаа. Ийнхүү Jim Gilberte-тэйгээ суухаар зэхэж байтал Jules, Catherine хоёр Парист амьдрахаар ирнэ, найзууд мэдээж дотно хэвээрээ бол Catherine Jim-тэй хоёулахнаа үлдсэн хойноо гар буу тулгаад: чи намайг сонго, үгүй бол үх гэдэг бөгөөд бөөн ноцолдосны эцэст Jim хүүхнээс буугийн салгачихаад зугтааж орхино. Уг явдлаас төд удалгүй гэхдээ сэтгэлийн түгшүүр намжсан хойно Catherine, Jules болон Jim гурав нэгэн кафед уулзах агаад кафе нуурын эрэг дээр орших бөгөөд Catherine машин дотроосоо Jim-д хандан: хэлэх юм байна, машинд суучих гэхэд залуу машинд суунгуут Catherine хаазаа нэмэн хурдалсаар гүүрнээс машинтайгаа, мөн Jim-тэйгээ живж үхэхийг Jules харсаар үлддэг.
1955 онд, 23 настай кино критикч байсан Truffaut 74 настай зохиолч Roche-н хагас намтарчилсан номыг анх уншсан ба хожим өөрийнх нь дурссанаар, тус номонд бүрэн автсан тэрээр өөртөө "Хэрвээ би хэзээ нэгэн цагт кино хийж амжилтад хүрвэл, тэр нь "Jules and Jim" байх болно" гэж хэлжээ. Зургаан жилийн дараа олонтаа уншиж, бараг цээжилсэн номоо тэр кино болгосон буюу энэ нь амжилтаас илүү домог статустай кино болжээ. Жараад оны үзэгчид зөвхөн киног үзээд зогсохгүй тэд энэ бүтээлээр амьдарсан. Бид Jules, Jim хоёртой анх танилцахад тэд уран зохиол хийгээд хүүхнүүдийн тухай л ярилцацгаасан богемизмаар амьдрагчид байдаг. Гэхдээ тэдний амьдрал хүсэмжит бас аюултай Catherine-тай танилцсанаар жинхэнээсээ утга төгөлдөр болж ирдэг. Catherine хүлцэнгүй, номхон Jules-тэй гэрлэж, харин өөрийг нь аялдан дагадаггүй Jim-н нууц амраг болдог. Уг бүтээл хэдийгээр эрэгтэй дүрүүдийн нэрээр нэрлэгдсэн хэдий ч киноны бүх амин сүнс Catherine байдаг ба тэр бол нэгэн зэрэг цаглашгүй бас мөнхөд хувьсан өөрчлөгддөг хүн; тэрээр Charlie Chaplin-н дүрд, мөн цус сорогч, хайрандаа сохорсон ээж гэх мэт янз бүрийн дүрд тоглодог.
Хүсэл тэмүүлэлтэй, хуучинсаг бүхнийг эсэргүүцдэг Catherine бол энэ киноны цорын ганц чөлөөт сэтгэлгээтэй нэгэн билээ. Эрэгтэй дүрүүд авъяас чадвараа урлагт зориулдаг бол Catherine төрөлхийн ур ухаанаа бүрэн дүүрэн амьдрахад зориулдаг; эсхүл тэр эмэгтэй хүн уламжлалаар үгүйсгэгддэг харин эрэгтэй хүний хувьд хариуцлагагүй эрх чөлөөг өөрийнхөөрөө эдлэх гэж оролдсон оролдлого болов уу. Catherine үе үе эрэгтэй хүний хувцас өмсдөг. Цаасан дээр бол ааш нь олддоггүй тэрээр Эрос, Танатос хоёроос хөтлүүлсэн, толгой эргүүлсэн ба эмгэнэлтэй, прото-феминист ба эрчүүд ноёрхсон ертөнцөд үнэмшилгүй, уран төсөөллийн эмэгтэй мэт санагдана. Гайхамшигт Moreau-г бүтээсэн Bette Davis шиг ширүүн дориун, Tuesday Weld шиг муур лугаа зальтай Catherine дүр бол модерн кино урлагийн ялгуусан амжилт болоод зогсохгүй автократ анима болжээ. Сена мөрөн рүү үсрэх юмуу ёжтой үгээр тоглохоос үл хамааран Catherine ааш араншингаа экзистенциал зарчим болгон өргөдөг. Jim түүнийг ойлгож байна гэж хэлэхэд, тэр "би ойлгогдмооргүй байна" гэж хариулдаг. Энэ бол киноны ганц үнэн гэлтэй. Кино Catherine-н ширүүвтэр, заяагдсан биет амьдрал болон түүний талаарх хоёр эр хүний ойлголтын өөрчлөлт, тэдний гялтганасан нөхөрлөлийг дахин зохицуулдаг авч хэзээ ч мөхөөдөггүй ойлголтуудын хоорондох чичирхийллийн зайд оршдог. Философич Jean-Paul Sartre нэгэнтээ "хамгийн сайн урлаг гэдэг бол өнгөрөн одож байгаа цаг хугацааны тухай байдаг" гэж хэлсэн байдаг. "Jules and Jim" яг л зүүд шиг нисэн одож, амьдралын ахархан мэдрэмжээр бялхан байдаг.
Киноны гол дүрүүд шиг үзэгч бид нас ахих тусам ухаажиж, магадгүй ухаантай болохын хэрээр хайрлах, ариун сайхан сэтгэлээ гээдэг бололтой. Критикч Andrew Sarris уг киног боломжгүйн амтат шаналал, төгс төгөлдрийн жавхлантай бүтэлгүйтлийн тухай кино гэсэн нь туйлын оносон санагдсан. Кино анхнаасаа ялгуусан амжилт олж, Truffaut өөрийнхөө баатрууд болох Jean Cocteau, Jean Renoir хоёроос сайшаал хүртсэн; тэр ч байтугай Truffaut 75 настай байсан, "жинхэнэ" Catherine болох Helen Hessel-ээс "бидний сэтгэлийн дотно харилцааны мөн чанарыг бодитой буулгасан" гэсэн магтаалын захидал хүлээн авсан байдаг. Гэхдээ Францын Хяналтын Хорооноос уг киног ёс суртахуунгүй хэмээн үзэж 18 наснаас доош үзэгчид үзэхийг хориглосон. Өнөөдөр хаа сайгүй байгаа нүцгэн контентийг харьцуулж үзвэл энэ нь инээдтэй хэрэг билээ. Гучин нас хүрээгүй байсан Truffaut-н хайрын гурвалжингийн талаарх төсөөлөл, хүсэл итгэмээргүй ер бусын. Raoul Coutard-н үзэсгэлэнтэй зураглал, Georges Delerue-н тансаг хөгжмийн аялгуу, Truffaut-н гайхам шинэлэг дүрслэл магадгүй хамгийн шилдэг хайрын гурвалжингийн түүхийг бүтээжээ.

Comments
Post a Comment