Мольер "Тартюф"

 


"Тартюф". Францын жүжгийн зохиолч, яруу найрагч, жүжигчин Жан-Батист Поклен буюу Мольерын инээдмийн жүжиг. Анх 1664 онд тоглогдсон ба Тартюф, Орган, Эльмира дүрүүдийг классик театрын хамгийн аугаа дүрүүдийн тоонд оруулдаг. Мольер эл жүжигийнхээ анхны хувилбарыг Версалын наадмаар тоглуулсаны дараа 14-р Людовик хаан Парисын хамба лам, хааны наманчлагч, хуучин багш нь болох Паул Филипп Ардуэн де Бомон де Перефиксийн нөлөөгөөр жүжгийг хориглож, Мольерыг хяхан хавчих болж гэдэг. Өнөөдөр Франц, Англи хэлэнд "тартюф" гэдэг үг нь хоёр нүүртэн, ялангуяа шашны гэгээнтний дүр эсгэдэг хүнийг тодорхойлоход ашиглах болжээ.

ҮНДСЭН САНАА. "Тартюф" жүжгийн өөр нэг нэр нь "Хоёр нүүртэн" ба энэхүү нэр нь жүжгийн олонх дүрд хамаатай. Тартюф ариун сүсэгтэн, гэгээнтний дүр эсгэдэгээрээ мэдээжийн хэрэг хоёр нүүртэн. Орган түүнээс дутуугүй хоёр нүүртэн буюу тэр өөрийгөө өндөр ёс суртахуунтай гэдэгт итгэж үнэмшдэг. Органы ээж хатагтай Пернель мөн өөрийгөө шударга шулуун хүн гэдэгт бат нот, хоёр нүүрт шинжээр итгэдэг. Эдгээр гурван дүр бүгд өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд хоёр нүүр гаргадаг. Тартюфын хэтрүүлэгтэй сүсэг бишрэлтэй үйлдлүүд нь Органы өөрийгөө дөвийлгөсөн зантай холбогдсоноор тэрээр хүү Дамис, охин Мариана хоёрт юу зөв болохыг мэднэ гэсэн итгэлийг нь батжулна. Хатагтай Пернель хүү Орган шигээ Тартюфт итгэж, Органтай эвссэнээр гэр бүл дэх хүч нөлөөгөө хадгалахад нь тусалдаг. Тэвчээртэй, дуулгавартай, намбалаг эхнэр Эльмирагийн яльгүй хоёр нүүрт төрх нь түүнд нөхөр Органыг ятгах хүч өгдөг. Тартюф Органы эрх мэдлийн төлөөх хүсэл дээр тоглолт хийдэг ба жүжгийн гуравдахь үзэгдэлд Дамис Тартюфыг Эльмираг уруу татах гэж оролдсон гэж буруутгадаг. Тартюф гэм буруугаа сэтгэл уярам үгсээр хүлээн зөвшөөрч, амьдралынхаа бүхий л бусармаг үйлдлүүдээс ичиж байгаагаа илэрхийлж, үүнд нь ч Орган итгэж, түүнийг гэгээнтнээс өөрөөр байх боломжгүй гэж үздэг.

Энэ итгэл үнэмшлийг бататгахын тулд Орган Дамисыг буруушааж, худалч гэж нэрлэдэг бөгөөд хоёр нүүрт аргаар Тартюф өөрийгөө Органы эрх мэдлийн симбол болгодог. Энэ тактик нь Тартюфыг илүү их эрх мэдэлтэй болох боломжийг олгодог; гэсэн хэдий ч жүжгийн төгсгөлд Тартюфаас хамаагүй эрх мэдэлтэй, хүчирхэг Хаан луйварчны хоёр нүүрт байдлыг тэвчиж чадахгүй больсноор Тартюфын эрх мэдэлд тэмүүлсэн санаархал нурж байна. Тартюф луйварчин, худалч боловч түүний худал хуурмагт итгэхүйц хэмжээний тэнэг нэгэн байж гэмээнэ л Тартюфын заль мэх амжилтад хүрдэг. Орган Тартюфын бүх үйлдэлд шууд л итгэчихдэг бөгөөд Органы шүүлтүүргүй итгэсэн өчүүхэн зүйл ч Тартюфт ашигтай байдаг. Орган эхнэр Эльмираг нь ажиглаж байх нь Тартюфын ариун үүрэг гэдэгт итгэдэг ба энэ итгэл үнэмшил нь Тартюфт Эльмираг чөлөөтэй эргүүлэх боломжийг олгодог. Орган Тартюфыг олон жил гэгээнтний хувьд бусдын төлөө зовж, одоо л эдгэж байгаа гэж боддог учир Тартюфыг сайхан орон дээр унтуулж, хүссэнээ идэж, уухад нь санаа тавьдаг.

  Орган гэр бүлийнхнээ өв хөрөнгийг нь дэмий хоосон үрэхээр төлөвлөж байгаа гэж итгэсэн тул буян, сайн сайхан зүйлсэд хөрөнгө мөнгийг нь зарцуулах хүн Тартюфаас өөр хүн үгүй гэж итгэн хамаг өмч хөрөнгөө Тартюфт шилжүүлдэг. Гэнэн итгэмтгий байдлын эх үүсвэр нь өөрийгөө төөрөгдүүлэхээс үүдэлтэй байдаг. Орган өөрийг нь бурхан тэнгэр чиглүүлдэг гэж итгэдэг учраас л Тартюф зөвхөн үнэнийг хэлдэг гэж эргэлзэлгүй итгэдэг. Гэсэн хэдий ч Эльмира, Дорина гэсэн ухаалаг хашир эмэгтэйчүүд Тартюфын жинхэнэ төрхийг мэддэг; харин Тартюф эмэгтэйчүүд өөрийг нь сэтгэл татам эр гэж үздэг хэмээн өөрийгөө төөрөгдүүлдэг. Тартюфыг илчлэх төлөвлөгөөндөө эмэгтэйчүүд түүний төөрөгдлийг ашиглана гэж найддаг. Хэдийгээр Тартюф Эльмирагийн бодож байгаа шиг тийм ч гэнэн хонгор биш ч гэсэн Тартюф тэр дороо л Эльмирагийн янаг сэтгэлээс нь татгалзсан шалтгаан болон өөрт нь дурлан тэмүүлж байгаа худал үгсэд итгэчихдэг. Эцсийн эцэст, Тартюф өөрийгөө дур татам эр гэж бодсоор л байдаг. Орган эрүүл ухаанаа алдаж, Тартюфыг дагаад нийгэм болон гэр бүлтэйгээ холбоотой бүхий үндсэн холбоогоо тасалж хэт туйлширсан шашны фанат болдог ба Тартюф үнэмшилгүй хүсэл тэмүүллээрээ түүний сүсэг бишрэлийн багийг тайлж хаядаг. Мариана, Валер хоёр залуу насны сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн бие биенээрээ тоглодог.

Харин Дамис болзошгүй үр дагаврыг урьдчилан бодолгүйгээр Тартюф-тай тэрсэлдсэнээр өөрийнхөө залгаж авах өвийг алддаг билээ. Эдгээр дүрүүд яаруу шийдвэр болон бодлогогүй зан авираасаа болж хохирол үзэх юмуу бүр түүнээс ч дор үр дагавартай учирч болохыг Мольер харуулсан. Ухаалаг дүрүүд асуудлаа шийдвэрлэхийн тулд сэтгэлээ бус харин ухамсараа ашигладаг; гэр бүл хамгийн зөв бодогч Дорина үнэнийг яг л өөрийнхөө харж байгаагаар хэлдэг буюу энэ нь эргэлзээ, хэвийн мэдрэмжээр илэрдэг. Доринагийн адилаар Эльмира хүмүүст хэрхэн нөлөөлөхийг ухаалгаар мэддэг. Эльмира Тартюфын жинхэнэ мөн чанарыг илчлэх ёстой гэдгийг мэддэг ч дуулиан шуугиан тарихаас сэрэмжлэн больдог. Харин жинхэнэ онцгой байдал ирэхэд буюу тэр орой Орган охин Марианаг Тартюфтай гэрлүүлэхээр зарлигдсан нь Эльмираг яаруу сандруу үйлдэл хийлгэхэд хүргэх бөгөөд Эльмира Тартюфтай ухамсартай харьцахын оронд шууд сээтэгнэх хэрэгтэй болдог. Тартюф Эльмираг аль дээрээс эргүүлж сээтэгнэж байсан ч ийм хариу өдөлт ирнэ чинээ санаагүй учир урхинд орох нь эргэлзээгүй. Клеант жүжгийн туршид Органд ухамсартай, биеэ эзэмдэхийг номлодог ба жүжгийн төгсгөлд Клеантын гуйлт Органыг Тартюфаас өшөө авахыг болиулсан явдал бол эрдэм, тэвчээр хоёр ялсны шинж тэмдэг билээ.

  МОТИФ. Галзуурлын мотиф нь жүжгийн үйл явдлын дэг журам ба дэг журамгүй байдал, зохицол ба үл зохицол, даруу байх ба хэтрүүлэх гэх мэт эсрэгцсэн байдлаар гардаг. Жүжгийн эхэнд хатагтай Пернель хүү Органы байшинг галзуугийн орон байр хэмээн тодорхойлдог; мөн сэтгэцийн асуудал байгааг харуулсан олон нотолгоо байдаг. Хатагтай Пернель мөн хортой цуу яриа хүмүүсийг хагас галзуучууд болгож байна мэдэгддэг. Гол дүр болох Орган үнэндээ галзуурсан гэхэд болно; жишээлбэл, үйлчлэгч Дорина түүнийг галзуурсан гэдэг. Харин Клеант Органыг "төвлөрч чадахаа больсон" гэж тодорхойлдог. Тартюф Органы бүх өмчийг өөрийн болгосны дараа Эльмира Органыг илбэдүүлсэн гэж буруутгадаг. Эцэст нь, Клеант Органыг ийм хэтийдсэн иррационал байхаа болихыг ятгадаг ба харин Валер, Мариана хоёр өөр төрөл галзууралд буюу залуу насны хайр дурлалд автчихдаг. Дорина тэднийг галзуурсан галзуучууд гэж дуудаж, харин Марианаг гэнэн хонгор хэмээдэг. Аз болоход залуучууд галзуурлынхаө эмчилгээг олдог буюу тэд гэрлэхээр болдог билээ. Хатагтай Пернель жүжгийн бүх хүмүүсийг тасралтгүй шүүмжлэхдээ хөрш айлуудын ярьж байгаа зүйл дээр үндэслэсэн шүүмжилдэг. Дорина хатагтай Пернельтэй мөн хов цуурхалаар ярихдаа бүр ч илүү хов жив ярьдаг. Клеант хов живийг үл тоомсорлож, эрдэмтэй амьдралд анхаардаг ч хатагтай Пернелийн чалчихыг зогсоож чаддаггүй. Дорина залуу охин чинь Тартюф шиг хөгшин эртэй гэрлэвэл хүмүүс юу гэж ярих бол гэж байнга давтан үглэж Органыг охиноо Тартюфт өгөхийг нь болиулах гэж оролддог.

  Дорина мөн Тартюф шиг аймшигтай хөгшин нөхөртэй болбол хүмүүсийн дунд ямаршуу яриа дэгдэх бол гэж Марианад төсөөлөл төрүүлэх замаар аавынхаа эсрэг чанга зогсохыг урамшуулна. Тартюф Эльмираг уруу татахдаа хүүхний нэр төрийг сэвтүүлэхгүй гэсэн бүрэн баталгаа өгөхдөө ямар ч хов жив гэрлэлтийг нь хөндөхгүй гэж амладаг. Тартюфын амлалт нь Эльмирад элдэв шуугиан өөрийг нь сүйрүүлж болохыг сануулдаг. Тартюф мөн Органыг Дамисын эсрэг болгосон худал түүх тараах замаар дуулиан шуугианыг зэвсэг болгон ашигласан. Тартюфыг унагах оролдлого хийхдээ Эльмира, Клеант, Валер нар найзуудынхаа сүлжээнээс цуурхал, хов живийн яриаг цуглуулдаг ба "Тартюф" жүжгийн туршид хов жив үйд явдлыг өргөн хүрээнд байршуулахад тусалдаг үл үзэгдэх тайлбар болж, ингэснээр үзэгчдийг төгсгөл дэх Хааны оролцоонд бэлтгэнэ.

  СИМБОЛ. Органы залуу эхнэр Эльмира сайхан хувцас өмсөх дуртай ба хадам ээж нь болох хатагтай Пернель түүнийг "үнэтэй чимэглэл" гэж нэрлэдэг. Хатагтай Пернелийн хувьд Эльмирагийн хувцаснууд нь даруу бус шинж, тооцоогүй зардлын симбол аж. Эльмирагийн хувьд хувцас нь эд баялаг, таашаал, залуу насыг бэлгэддэг бөгөөд Тартюфын хувьд Эльмирагийн хувцас нь сексийн дур хүслийн симбол болно. Жүжгийн оргил хэсэгт Тартюф анх удаа Эльмирад хүрэхдээ тэр Эльмирагийн хувцасыг илээд дараа нь торгомсог байдалд нь биширч гүйцдэг. Мөн дэлхий дээрх хамгийн ариун хүн шиг санагдах Тартюф өөрөө сайхан хувцас өмсөхөөс зайлсхийдэг ч олон нийтийн газарт ноосон цамц өмсдөг. Гол дүр Орган анх гарч ирэхэд эхнэр Эльмира нь орондоо өвдөөд хэвтэж байдаг; Дорина Органд эхнэр нь өвдсөн болохыг хэлэхэд Орган энэ мэдээг үл тоомсорлоод зөвхөн Тартюфын талаар л санаа тавьдаг. Эльмирагийн өвчин нь тэдний гэрлэлтийн зөрчилдөөний симбол болдог. Тартюф Эльмирагийн биеийг дурдах замаар түүний өвчнийг ойлгож байгаагаа илэрхийлдэг. Тартюфыг хуурамчаар уруу татах явдал хүссэнээс нь цалгин гарахад Эльмира түүний довтолгоог няцааж, нуугдсан Органд анхааруулах гэж худлаа ханиалгадаг ба тэр хэдэнтээ худлаа ханиалгах хэрэгтэй болдог. Орган түүний дохиог сонсохгүй байгаа нь өвчин эдгэх шаардлагатай буюу гэрлэлтэд эдгэрэлт зайлшгүй болохыг илэрхийлнэ. 

Comments