Амьдралын зам

 


La Strada (1954). Италийн мастер кино найруулагч Federico Fellini-н эмгэнэлт драм. Тэрээр кино зохиолоо Tullio Pinelli, Ennio Flaiano хоёртой хамтран бичсэн. Киноны гол дүрүүдэд Giulietta Masina, Anthony Quinn хоёр тоглосон. "La Strada" бол хамгийн нөлөө бүхий кинонуудын бөгөөд 1957 онд Оскарын кино наадмаас хамгийн алдартай шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн бүтээл. Энэхүү кино нь Fellini маягийн кино хэлийг тодорхойлсон ер бусын чанаруудыг тодотгож өгсөн түүний анхны бүтээл гэгддэг.

Суу билэгт Nino Rota-н уянгалагч гунигтай хөгжмөөс Otello Martelli-н далай, тэнгэр, хөдөөгийн ландшафтын мартагдашгүй зураглал хүртэл энэхүү зүрх шимшрэм харгис хийгээд нигүүлслийн тухай сургаальт үлгэр нь Fellini-г неореализмаас салгаж, өөрийнхөө тарчилсан сэтгэл ба өнгөрсний гажсан дурсамжууд руу улам ихээр аялал хийхэд нь тодорхой хэмжээгээр урам зориг өгсөн. 1960-аад оны "La Dolce Vita" киноны дараагаас найруулагчийн бүтээлүүдэд давамгайлах болсон карнивал маягийн уур амьсгал "'La Strada" кинонд тэдгээр кинонуудынхаас илүүтэй өвөрмөц бас бодитоор дүрслэгдсэн хэдий ч сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий шинж, мөн илэрхийлэмжээр баялаг байдаг. Ингээд  Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 74-р байрт эрэмбэлэгдэж буй киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

Эхийнхээ өврөөс гарч үзээгүй сайхан сэтгэлт охин Gelsomina-г эх нь амьдралын эрхээр гудамжины жүжигчин \циркчин\ Zampanò-д хэдэн зоос болон идэж уух юмнаас худалдаж байгаагаар кино эхэлнэ. Gelsomina ч үүнд тэгтэлээ гомдохгүй ба хөгшин эх хийгээд олон дүү нараа овоо хэдэн хоногийн хоолтой үлдээж буйдаа баярлана. Мөн түүнд мундаг жүжигчин болж хангалуун амьдрах их мөрөөдөл байв. Gelsomina бол засаагүй алмааз эрдэнэ, сахиусан тэнгэртэй л зүйрлэм сайхан сэтгэлтэй охин бөлгөө. Түүний эзэн, дарга бас багш Zampanò бол хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг том биетэй, хүчирхэг мөн асар бүдүүлэг хоосон тэнэг эр болно. Ингээд тэд моторт дугуйндаа \давхар гэр нь болдог\ сундлан Итали орноороо хөндлөн гулд хэсүүчлэн үзүүлбэрээ үзүүлж тав арван зоос олно.

Хөөрхий охины жүжигчин болох дэврүүн сэтгэл эхнээсээ л хатуу “гартай” тулж эхэлнэ. Zampanò түүнд бөмбөр, бүрээ, ганц нэг ая, мөн хэдэн бүжиг дуу заахаас үл хэтрэх бөгөөд охиноор голдуу хар бор ажлаа хийлгэж, дээр нь зодож харгис хандана. Нэг ёсондоо Gelsomina тэнэг алиалагчаас хэтрэхгүй агаад Zampanò-ын боол шиг л амьдран, аялан явлаа. Тэд гайгүйхэн мөнгө олсон үед мунхаг эр архинаас, бас мэдээж хүүхнээс бүх мөнгөө өгчихдөг байлаа. Тиймээс үргэлж л дутуу гуцуу явна. Цаг хугацаа өнгөрөх бүр Gelsomina “багшаа” энэ миний эр гэсэн сэтгэлээр мэдэрч хандаж эхлэх бол өнөөх мангар хар нь хог новш шиг үл тоомсорлоно. Ийнхүү нэг өдөр Zampanò-ын утгагүй амьдралаас залхасан Gelsomina эсэргүүцлээ зоригтой илэрхийлэн түүнийг орхин явдаг. Харин Zampanò энэ муу хаачив гэсэн харцаар үдэх бөгөөд төд удалгүй ч ёсоор нь болдог. Танихгүй газар хөл нүцгэн Gelsomina явсаар бас нэгэн гудамжны циркийн жүжигчин Matto гэгч олсон дээгүүр явагч залуутай танилцана. Matto бол циган эр ба хоч нь тэнэг, байнга алиалж, марзагнаж байх тэрээр Gelsomina-ын сайн найз болно.

Энэ үед Zampanò ирж Gelsomina-г нэвширтэл зодож орхиж явсан шийтгэлийн өгнө. Zampanò болон Gelsomina хоёр энэ үеэс нэгэн явуулын циркт орж хамтран ажиллах ба уг циркт Matto байх агаад Zampanò тэр хоёр бол эртний өстөнгүүд юм. Matto хорон үгээрээ цаг үргэлж Zampanò-г дайрч доромжлохоос гадна цаг заваараа Gelsomina-д хийлийн уянгат ая зааж, мөн амьдралын утга учрыг ч таниулна. Gelsomina түүнд амьдрах утга алга, намайг гэх хүн алга гэж хэлэхэд, Matto ертөнцөд орших бүх зүйл ямар нэгэн зүйлд зориулагдсан байдаг гээд хэн нэгэнд өөрийгөө зориул гэх мэт философийн яриа өрнүүлдэг. Нэг өдөр хорон үгсийг тэсэхээ байхаас гадна Gelsomina-г өөрөөс нь холдуулж байна гэж уурласан Zampanò Matto-г алахаар завдсан ч цагдаад баригдаж шоронд орж бас циркээс хөөгдөнө. Түүнийг шоронгоос гарахад Gelsomina дахин хамт замдаа гарахаар хүлээж байна. Gelsomina хувь заяа маань л энэ хүнийг дагахаар заяагдаж итгэн дахин эсэргүүцэхээ больж, бүр гэрлэе гэхэд Zampanò бас л үл тоомсорлодог.

Ингээд тэд явж байгаад зам дээр дугуйн хагарсан машинаа засах эртэй таарах агаад энэ бол Matto байлаа, эртний хонзон хийгээд саяхныхаа өшөөг Zampanò мартав гэж дээ, шууд түүнрүү дайран нэг л цохино, гайт энэ цохилт үхлийн цохилт байх нь тэр. Zampanò, Gelsomina хоёр үтэр түргэн зугтаана, Zampanò үнэндээ алъя гэж бодоогүй билээ. Харин энэ явдал Gelsomina-ын оюун санаанд хүчтэй нөлөөлж, улмаар хоол нойрноос гарч нүднээс гаран өмнөх хөгжилтэй цовоо байдал нь хийсэн одох ба хэдий тэднийг хэн ч сэжиглэхгүй ч Gelsomina-ын бие улам дордож, өөрөөр хэлбэл галзуурна. Цаашид авч явахын аргагүй болсон Zampanò охиныг гудманд хаяад явдаг. Уг явдлаас хойш хэдэн жилийн дараа түүнийг гудмаар алхаж явахад Matto-ын Gelsomina-д зааж өгсөн, Gelsomina-ын байнга тоглодог\ киноны гол хөгжим\ хийлийн аяыг нэг хүүхэн амандаа аялан байдаг. Zampanò даруй очоод хэн энэ аяыг зааж өгсөн бэ гэж асуухад хүүхэн гэрт нь хэсэг толгой хорогддог байсан хүүхэн гээд тэр хүүхэн үхсэн гэж хэлэхэд Zampanò-ын царайд өгүүлэшгүй хар уй гуниг тодордог.

Fellini энэ киногоо өөрийнхөө бүхий л домоглог ертөнцийн бүрэн каталог, урьд хожид огт байгаагүй миний хувийн мөн чанарыг харуулсан аюултай бүтээл гэж тодорхойлсон байдаг. Үр дүнд нь юу болсон бэ гэвэл, энэ кино нь түүний өмнө нь хийж байсан, мөн хожим хийсэн бүх кинонуудаас хамгийн ихээр хүчин чармайлт шаардсан, Fellini-г хамгийн их тарчилгасан кино нь болсон байдаг. Хөгжүүлэлтийн үйл явц удааширч, хүнд хэцүү замыг туулсан ба найдвартай санхүүгийн дэмжлэггүй, жүжигчдийн сонгог шалгаруулалт гэж холион бантан, олон тооны хойшлуулалт зэргээс болж эцэст нь зураг авалт дуусахын өмнөхөн Fellini мэдрэлийн ядаргаанд орж эмнэлгийн тусламж авах шаардлагатай болжээ. Кинонд өгсөн анхны шүүмжүүд айхтар ширүүн байсан бөгөөд Венецийн кино наадмын үеэр Fellini-н дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд бараг л "дайн" болсон гэдэг. Fellini энэхүү киногоо урлах үйл явцыг тодорхойгүй мэдрэмжүүдээс эхтэй гэсэн байдаг;  "ямар нэгэн өнгө аяс миний дотор нуугдаж байсан нь намайг гунигтай болгож, яг л намайг сүүдэр мэт салахгүй дагах нь надад гэм буруугийн мэдрэмж төрүүлж байв. Энэ мэдрэмж хамтдаа байгаа, тэгсэн хэрнээ тэд яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хамтдаа байх нь аюултай хоёр хүний тухай байсан " гэж Fellini өгүүлсэн буй.

  Энэ мэдрэмжүүд нь аажмаар тодорхой зураглал болж хувирсан; тухайлбал далайн эрэг дээр чимээгүйхэн будрах цас, үүлсийн янз бүрийн хэлбэр, алтан гургалдайн дуулалт гэх мэт. Тухайн үед эдгээр зураглалыг ноороглохдоо тэрээр замналынхаа эхэн үед хөдөөгийн хөгжмийн танхимд тайз болон дүрүүдийг зурдаг байсан зуршилтайгаа холбосон байдаг. Эцэст нь тэрээр Gelsomina-н толгойг дүрслэхдээ цаасан дээр тойрог зурсанаар энэ санаа нь анхлан түүнд бодитой болсон гэдэг бөгөөд гол дүрдээ эхнэр Giulietta Masina-г тоглуулахаар шийджээ. Fellini эхнэрийнхээ 10 настай үеийн зургаас Gelsomina-н дүр төрхийг гаргаж авсан гэдэг. Мунаг Zampano-н дүрийн санаа Fellini-н залуу насаа өнгөрүүлсэн Римини хоттой салшгүй холбоотой юм. Тэнд гахай хөнгөлдөг хүүхэмсэр эр байжээ. Нөхөр тэр хавийн охид хүүхнүүдийг урдуураа зүгээр өнгөрүүлдэггүй зартай завхай эр байсан ба нэг удаа нэгэн ядуу ядарсан охиныг жирэмсэн болгочихоод хаячихаад төрсөн хүүхдийг нь чөтгөрийн хүүхэд гэж таарсан хүн бүртээ ярьж явдаг өөдгүй эр байсан нь Zampano-н дүрийн суурь үндэс ажээ.

Шүүмжлэгч Tullio Cicciarelli уг киног "бүрэн бус яруу найраг" гээд мөн Fellini хатуу шүүмжлэл юмуу хоёрдмол утгатай болчих бий гэхээс айгаад зориуд ийм шинж байдалтай орхисон гэжээ. Харин критикч Ermanno Continin найруулагчийг хүүрнэн өгүүлэхийн мастер гэж магтжээ. Ер нь хүмүүс энэ киног олон янзаар үзэж дүгнэсэн; 1954 оны Венецийн кино наадмаар шүүгчид найруулагч Luchino Visconti-н "Senso" кинонд бус Fellini-н эл бүтээлд Мөнгөн Арслан шагнал олгосноор бөөн хэрүүл шуугиан дэгдээсэн буюу Fellini тайз дээр гарахад эсэргүүцэгчид түүний эсрэг шүгэлдэж, эцэстээ зодоон цохионоор энэ явдал дуусахад Fellini хувхай цонхийчихсон байсан бол эхнэр нь уйлж байсан гэдэг. Дараагийн жилүүдэд Fellini; "сэтгэл хөдлөлийн үүднээс" авч үзвэл энэ кинондоо хамгийн ихээр ач холбогдол өгсөн гээд цааш нь; "юун түрүүнд энэ бол хамгийн ихээр намайг илэрхийлсэн кино болсоноос гадна хувийн болоод сэтгэл хөдлөлийн хувьд хамгийн намтарчилсан кино минь" гэж хэлжээ. Тэрээр ингэж хэлэх болсон шалтгаан нь энэ кинондоо продюсер олох гэж үйлээ үзэж, яг юу хийх гээд байгаагаа ухамсарлах гэж өөрийгөө хангалттай хэмэлсэн ганц кино нь юм.

  Мунаг Zampano-д тоглосон жүжигчин Anthony Quinn хожим дурсахдаа "Fellini намайг хайр найргүй захирч зандарч, хүссэнээ гаргуулахын тулд тухайн сцэнийг ахин дахин авдаг байсан" гээд цааш нь хэлэхдээ Fellini-тэй хамтран ажиллана гэдэг үнэлж баршгүй хүндэтгэл байсан гэжээ. "Би Fellini-тэй3 сар хамтран ажиллахдаа жүжигчний хувьд өмнө үзэж байснаасаа илүү ихийг үзэж сурч авсан" - AnthonyQuinn. Найруулагчийн замналын эхэн үе неореализмтай нягт холбоотой байв. Хэдийгээр тэрээр найруулагчийн хувиар уламжлалт неореалист хэв маягтай байсан ч уг кино нь неореалист онолчдын улс төрийн чиг хандлагыг дагах юмуу эсхүл тодорхой "реалист" хэв маягийн тунхаг гэсэн идеалогиийн шаардлагуудаас ангид гэж дүгнэгддэг. Үр дүнд нь зарии шүүмжлэгчид Fellini-г дайны өмнөх мистисизм, индивидуализм ба "цэвэр хэв маяг" руу буцаж очсон гэж буруушааж байв. Харин Fellini шүүмжлэлд ширүүхэн хариу барьсан: "Зарим хүмүүс неореализм зөвхөн тодорхой төрлийн бодит байдлыг харуулахад тохиромжтой гэж боддог хэвээрээ байна, тэд үүнийг нийгмийн бодит гэж шаарддаг. Энэ бол ердөө амьдралын тодорхой талыг харуулдаг хөтөлбөр" гэжээ.

Кино шүүмжлэгч Millicent Marcus "La Strada бол уламжлалт неореализмын нийгэм, түүхэн асуудалд хайхрамжгүй хандсан кино хэвээрээ байна" гэжээ. Удалгүй Италийн бусад кино найруулагчид буюу MichelangeloAntonioni, тэр байтугай Fellini-н ментор Roberto Rossellini хүртэл Fellini-н дагаж эхэлсэн. Шүүмжлэгч Peter Bondanella: "нийгмийн бодит байдлын догматик хандлагыг давж, хувийн ба сэтгэл хөдлөлийн бусад ижил төстэй асуудлуудыг уран сайханчаар авч үзэх болжээ" гэжээ. "La Strada" киноны хөгжмийг бүхэлд нь үндсэн зураг авалт дууссаны дараа Nino Rota бичсэн. Үндсэн аялгуу нь эхлээд Matto-н хийл дээр тоглогдож, дараа нь Gelsomina-н бүрээн дээр тоглогддог гунигтай аялгуу ба үүний эцсийн дохио сүүлчийн сцэний өмнөх сцэнд Zampano-д Gelsomina-г орхисных нь дараа хүүхэнд тохиолдсон хувь заяаг хэлж өгсөн эмэгтэйн дуугаар илэрдэг. Энэ нь киноны эхнээс гарч ирсэн гурван үндсэн аялгууны нэг бөгөөд киноны туршид тогтмол давтагддаг. Эдгээр аялгуун дээр Gelsomina Zampano-той танилцсаны дараах хамгийн эхний үзэгдлээс дөрөв дэх аялгуу нэмэгддэг, мөн энэ аялгуу нь Zampano-г байхад тасалдах юмуу чимээгүй болж, кино үргэлжлэх тусам чимээ нь аажмаар багасч ирдэг. Судлаач Claudia Gorbman эдгээр аялгууг жинхэнэ лейтмотив гэж үзэж, киноны зураглал юмуу харилцан ярианд тодорхой бус утгыг хуримтлуулж, бас дамжуулдаг жинхэнэ тэмдэглэгээ гэжээ.

  Критикч Dominique Aubier: "Fellini бусад найруулагчдын ховорхон хүрсэн оргилд гарахдаа уран бүтээлчийн үлгэр домгийн ертөнцөд үйлчилдэг хэв маягийг бүтээсэн явдал байсан. Энэ жишээгээ бол кино урлагт техникээс илүүтэй оюун ухаан хэрэгтэйг энэ кино нотолж байна. Ийм кино бүтээхийн тулд зохиолч зөвхөн илэрхийлэх чадамж сайтай байхын зэрэгцээ тодорхой сэтгэл санааны асуудлуудыг гүнзгий ойлгосон байх ёстой". Критикч Roger Ebert эл киног найруулагчийн замналын оргил үе байсан гээд үүнээс хойш Христийн, Фройд маягийн, сексийн хийгээд намтарчиллын хэт туйлшрал руу гулсан орсон гэсэн буй. Түүнийхээр "La Strada" бол найруулагчийн "La Dolce Vita", "Amarcord" зэрэг шедеврүүдэд хөтөлсөн ололтын үйл явцын нэг хэсэг гэжээ. Критикч Jean Aurel жүжигчин Giulietta Masina-н гүйцэтгэлийг Charlie Chaplin-аас санаа авсан авч зөвхөн энэхүү кинонд зориулж бүтээсэн шинэлэг, тохируулсан мэдрэмжтэй гэсэн. Энэ бол гашуун боловч итгэл найдвараар дүүрэн шинжээрээ эгээ л амьдралтай төстэй бүтээл.  

Comments