In the Mood for Love (2000). Хонконгийн нэрт кино найруулагч Wong Kar-Wai-н бичиж, найруулж, продюсерлэсэн романтик драм. Хонконг, Францын хамтарсан энэ киноны гол дүрүүдэд Tony Leung, Maggie Cheung хоёр тоглосон. Энэ бол найруулагчийн албан бус трилогийн хоёрдахь кино буюу энэ бүтээл"Days of Being Wild", "2046" кинонууд хамтаар трилогийг бүрдүүлдэг. "In the Mood for Love" канны наадмаар нээлтээ хийж критикүүдээс өндөр үнэлгээ авсан ба Tony Leung Канны наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Өнөөдөр уг романтик драмыг Азиас гарсан хамгийн шилдэг кинонуудын нэг гэдгээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд оруулж үнэлэх болжээ.
Нэгэн эринийг тодорхойлсон уг кинонд өдөр тутмын амьдралыг сэтгэл булаам байдлаар дүрсэлж, хөвж яваа мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд загвар болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэтээр поп соёлд үлэмж нөлөө үзүүлжээ. Sofia Coppola, Barry Jenkins зэрэг олон кино найруулагчдад нөлөөлсөн байдаг. Wong Kar-Wai-н энэ бүтээлд бараг өөр ямарч киноноос илүү биелэгдээгүй хүслийн ганцаардлыг нэгэн зэрэг эзгүйрсэн, тачаангуй байдлаар харуулдаг. Гэнэт хайрлан дурлахын гоо сайхан хийгээд хэзээ ч бүтэхгүй гэдгийг нь мэдэх зовиуртай мэдрэмжийг хоёуланг нь дүрслэхийн тулд найруулагч ганган зураглал, нямбай кадр, сэтгэл хөвсөлзүүлэм удаашруулсан хөдөлгөөнт зураглалыг ашигласан. Ийм нам гүм, нарийн нягт өнгө аясын цаана хайр болон өвдөлт гүн далдлагдаж, олонтаа давтагддаг дүрслэлүүдийн дунд завхайрал, сэтгэлийн шарх, янаглалын санаа тодорхой схемгүйгээр цухуйж байдаг.
Энэ бол зөн совингоор "ажилладаг" боловч эцэстээ түр зуурынх гэдгийг нь мэдсээр байж мөнх үргэлжилнэ гэсэн хуурмаг мэдрэмжийн тухай кино. 2022 оны Sight & Sound сэтгүүлийн критикүүдийн саналаар хамгийн шилдэг киноны 5-р байрт орсон "In the Mood for Love" киног Empire сэтгүүл мөн шилдэг 100 киноны жагсаалтынхаа 42-р байрт эрэмбэлсэн буй. 2015 Бусаны олон улсын кино наадмаар шалгаруулсан Азийн шилдэг 100 кино жагсаалтад Yasujiro Ozu-н "Tokyo Story", Akira Kurosawa-н "Rashomon" кинонуудын ардаас 3-р байрт орсон. Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 17-р байрт заларч буй уг киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Энд өгүүлэх хайрын түүх жаранхоёр оны Хонконгт өрнөнө; сонины газарт ажилладаг Chow эхнэрийн хамт нэгэн нийтийн байранд өрөө түрээслэн амьдрахаар ирнэ. Мөн тэр өдөр нарийн бичгийн дарга ажилтай Su гэх бүсгүй нөхрийн хамт мөн л тэр байранд өрөө түрээслэнэ. Ингээд залуу гэр бүлүүд айл хөршүүд болно. Chow-ын эхнэр болон Su-ын нөхөр нар бараг гэрийн бараа хардаггүй, үргэлж л ажлаар гадагшаа дотогшоогоо явдаг ажилтай улс байв. Сайхь нийтийн байрны ойр гоймонгийн гуанз байх ба Chow орой ажлаасаа тарч ирээд тэнд хооллодог байв. Учир нь, гэртээ ороход эхнэр эзгүйд ганцаараа хооллох уйтгартай байлаа. Тэр замдаа Su-тэй байнга тааралдана, бүсгүй мөн л Chow лугаа адил шалтгаантай байсан нь мэдээж. Ийнхүү зөвхөн мэндийн зөрүүтэй байсан тэд ойр зуурын юм ярихаас авхуулаад хамт хооллодог болно. Тэдний нөхцөл ижил, гансарсан сэтгэл мөн л ижил байв: ийм ижил зовлонтой зүрхэс ойртож дотносох нь жам ажгуу. Тэд өөрсдийн нөхөр болон эхнэрүүдийн адил хийгээд ялгаатай талыг харьцуулцгааж байгаад өөрсдийнх нь эхнэр нөхөр болох улсууд нууц амрагууд болохыг олж мэднэ.
Аймшигтай цочирдсон тэд өөрсдийн эхнэр нөхрүүд яаж яваад танилцчихав? Энэ бүхэн ер нь яаж эхэлсэн бол? бид юун дээр алдаад ийм тэнэг байдалд орчихов? зэргийн хамт бодоцгоож, хамт судална. Үүгээр зогсохгүй үнэнийг илчлэх мөчид юу тохиох бол хэмээн хоорондоо төсөөлцгөөн ярилцах ба мөн эхнэр, нөхрийнхөө дүрд хувиран яаж танилцсан ямаршуу хамт байдгийг дүр зургийг зураглахыг оролдон тоглох нь гайхалтай бас өрөвдмөөр. Итгэл алдран, гуньсан Chow, Su хоёрын дунд хайрын сэтгэлийн бамбар дүрэлзэхэд асахад багахан галын оч л хэрэгтэй ба тэд биднийг хуурсан юм чинь бид ч бас адилхан хуурна гэсэн сэтгэлзүйд хөтлөгдөнө. Ийнхүү тэд хайр сэтгэлээр холбогдоно, нэг ёсондоо давхар нууц амрагууд болцгооно. Шинэхэн амрагууд уулзахдаа байрныхаа улсад мэдэгдэхээс эмээж Chow тусдаа буудалд байрлах агаад Su түүн дээр очиж хамт байхын зэрэгцээ ажилд нь тусална.
Мөд удалгүй эхнэр, нөхрүүд нь ирж тэд салах нь тодорхой учраас цаг, хором бүрийг хайрынхаа балыг шимэн, шимэн жаргахыг хүснэ. Chow, Su хоёрын харьцаа зөвхөн махан биеийн тачаадал дээр суурилсан бус илүү насанд хүрч үүргээ ухамсарласан, бодолтой бас алсыг харсан харьцаа байлаа; өөрөөр хэлбэл цэвэр хайраар услагдсан ухаалаг хөрсөн дээр ургасан цэцэгтэй зүйрлэлтэй. Тийм ч учраас тэд салах цагаа ухамсарлан, тэр гашуун мөч ирэхэд хэрхэх талаараа ярилцаж, бүр бэлтгэл сургуулилт хүртэл \энэ сцен маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг хосгүй сцен юм\ хийнэ. Салах цаг ирж Chow ажлын шугамаар Сингапур явдаг, уг явдлаас жилийн дараа Su Chow-г маш их санаж, дахин үнэрийг нь үнэртэх гэж татдаг байсан тамхийг \өөрөө татдаггүй\ асааж үнэртэн, мөн Сингапурт суугаа Chow руу залгаж хоолойг нь сонсоно, гэхдээ харин ярихгүй. Chow нэгэн найздаа домог ярьж байна “хүнд хэрвээ бусадтай хуваалцаж болохгүй нууц байвал ууланд гараад, мод нүхэлж байгаад тэр нууцаа шивнээд шавраар бөглөчихвөл тэр нууц нь үүрд тэр нүхэнд үлддэг” хэмээнэ. Киноны төгсгөлд Chow Камбож улсын нэгэн сүмд нууцаа шивнэж байгаа гарах ба план өөрчлөгдөхөд нууцаа шивнэсэн нүхний аман дээр цэцэг ургаж байдаг аа.
Киноны анхны Хятад нэр нь "The Age of Blossoms" юмуу эсхүл "Flowery Years" гэж байж; энэ нь залуу нас, гоо үзэсгэлэн, хайр сэтгэлийн түр зуурын хугацааг илэрхийлдэг Хятад зүйрлэл аж. Харин киноны Англи нэр "I'm in the Mood for Love" гэдэг дууны нэрнээс үүсэлтэй буюу Wong Kar-Wai уг дууг пост-продакшны дараа сонсох хүртлээ киногоо "Secrets" гэдэг нэр өгөхөөр төлөвлөж байж. Бүх монтаж дууссан ч кинондоо нэр олж чадахгүй байсан Wong Kar-Wai худалдаанд гараад удаагүй байсан дуучин Bryan Ferry болон Roxy Music хамтлагуудын хамтарсан "Slave to Love: The Very Best of the Ballads" цомогт багтсан "Im in the Mood for Love" дууг сонсоод 20-р зууны дунд үед алдартай байсан жазз хөгжмийн стандартыг санагдуулсан учир эргэлзэлгүй сонгосон ажээ. Түүний өмнөх хэд хэдэн киноны Англи нэрүүд поп дууны нэрнээс үүдэлтэй байдаг учир ийм сонголт шинэ юм байсангүй. "In the Mood for Love" кино урт хугацаанд боловсруулалтын төлөвт байсан. 1990-д онд Wong Kar-Wai одоогийн Хонконгт үйл явдал нь өрнөдөг "Chungking Express", "Fallen Angels" кинонуудаараа Ази төдийгүй дэлхийд амжилт үзүүлж, критикүүдээс сайшаал хүртэж, олон найрагчдад нөлөөлсөн.
1997 онд бүтээсэн "Happy Together" бүтээл нь олон улсад амжилт олж, Канны кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн. Тухайн үед түгээмэл бус байсан ижил хүйстнүүдийн хайрын түүхийг үзүүлсэн "Happy Together" найруулагчид харьцангуй танил бус Аргентинд бараг бүхэлдээ импровиациар хийгдсэн ч Хонконгийн үзэгчдийн дунд хит болсон. Нэгэн аравны эцэс гэхэд Хонконгийн бүрэн эрхт байдлыг Их Британиас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шилжүүлснээр Wong төрсөн эх газартаа дахин очиж ажиллах хүсэл нь биелэх боломжтой болсон байна. Тэрээр 1994 онд хийсэн "Ashes of Time" киноныхоо эцсийн үр дүнд сэтгэл хангалуун бус байсан эрт цагт, тусгаарлагдсан цөлд өрнөдөг тулаантай киноны сайхь киноныхоо эсрэгээр шинэ киногоо 20-р зууныг харуулсан, илүү хотод өрнөдөг байхаар төлөвлөж байв. 1998 он гэхэд тэрээр дараагийн кино болох "Summer In Beijing" төсөл дээрээ ажиллаж байсан ба хэдийгээр киноны зохиол эцэслэсэн дуусаагүй байсан ч тэрээр зураглаач Christopher Doyle-той хамт Тяньаьмэний талбай болон хотын бусад газраар зөвшөөрөл авалгүйгээр цөөн тооны зураг авалт хийхээр очиж байв. Wong Kar-Wai сэтгүүлчдэд шинэ кино нь мюзикл, хайрын түүх байх болно гэж мэдэгдсэн ба мөн Tony Leung, Maggie Cheung хоёрыг гол дүрүүддээ тоглуулахаар тохиролцчихсон байлаа.
График дизайны чиглэлээр суралцсан тэрээр киноныхоо постерыг хүртэл хэдийнээ хийчихсэн байсан гэдэг. Wong Kar-Wai зохиолдоо хөгжүүлэлт хийж эхэлсэн бөгөөд "Days of Being Wild" киноноосоо хойш санхүүжилтыг баталгаатай байлгахын үүднээс зохиолдоо чөлөөтэй хөрвөх байдлаар хандаж, зураг авалтын үеэр өөрчлөлт оруулахыг илүүд үзэх болсон байдаг. 20-р зууны дунд үеийн Хятадын байдлыг харуулсан кино хийхэд Wong Kar-Wai-н улс төрийн бодол, мөн түүний нөхцөл байдалд тааруулан ажилладаг аргачлал зэргээс болж Бээжинд кино зураг авалт хийх нь ерөнхийдөө бэрхшээлтэй болов. Тэрээр "Summer In Beijing" төслөө "Chungking Express" киноныхоо анхны концепт шиг гурамсан түүхийн нэг хэсэг гэж үзсэн буюу "Chungking Express" киноны гуравдахь түүхийг дараа нь "Fallen Angels" бүтээлд нэмж оруулсан байдаг. Гэхдээ найруулагч маань энэ бүтцийг даруйхан орхиж, төлөвлөсөн байсан гурван түүхийнхээ түрдээ "A Story of Food" гэж нэрлэсэн түүхийг хөгжүүлэхээр авч үлдсэн; үүнд бэлэн гоймон хамт идэнгээ нууцаа хуваалцдаг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тухай өгүүлсэн байв. Тэрээр өмнө нь хэдэнтээ хамтран ажилласан жүжигчид бас кино багийнхантайгаа дахин нэгдэн ажиллахаар болохдоо энэ "A Story of Food" нь дараагаар нь киноных нь цөм болно гэж шийдвэрлэсэн.
Шинэ киноны үйл явдал Эх газрын Хятадааас холдож, 1960-аад оны Хонконг руу буцаж шилжсэний дараа энэ түүх нь аажмаар "In the Mood for Love" болсон билээ. Wong Kar-Wai замналаа эргүүлсэн "Days of Being Wild" киногоо Хонконгт өрнөж буйгаар хийсэн ба эх газарт төрсөн Хятадууд, тэдний дурсамжууд, ялангуяа түүний дурсамжууд тус газар нутагт хүчтэй нөлөөлсөн. 1930, 1940-өөд оны Шанхай од дуучид болон тэдний төлөөлж буй үзэл санааны дуу чимээг шингээсээр байсан тэр цаг үе мөн түүнд Филиппин, Хавай, Латин Америк, АНУ-аас номхон далай дээгүүр хөвөн ирэх олон төрлийн доргио хөгжим, бүжгийг сануулж, үүнийг найруулагч маань "Days of Being Wild" киноныхоо арын дэвсгэр болгон ашигласан. Wong Kar-Wai "Days of Being Wild" киноныхоо амжилтад урамшиж, үргэлжлэлийг нь хийхээр төлөвлөж байж. Гэтэл продюсерүүд өндөр өртгөөр бүтэж, удаан хугацаанд зураг авалт нь үргэлжилсэн мөртлөө санхүүгийн хувьд олигтой амжилт олоогүйд сэтгэл дундуур байсан ба сайхь кино бол Хонконгийн кино урлагийн салбараас гарч ирсэн Wong Kar-Wai-тай анх биеэ даасан кино хийх гэж оролдсон, зураг авалтын арга барил нь жазз хөгжим шиг импровиациар ажилладаг зураглаач Christopher Doyle, WongKar-Wai хоёрын анхны нэгдэл байсан.
Тухайн үеийн Хонконгийн бараг бүх одод чуулсан тус киноны даруухан ашгаас болж үргэлжлэлийг хийх нь худлаа болсон ба гэсэн хэдий ч найруулагч маань энэ хооронд олон кино хийхдээ үргэлжлэлийг нь хийх хүслээ дотроо хадгалсаар байсан. "Summer In Beijing" төслийн анхны санаа боломжгүй болсон тул одоо хүслээ хэрэгжүүлдэг хэрэг гэж тэр шийджээ. Tony Leung, Maggie Cheung хоёр "Days of Being Wild" кинонд хамт тоглосон ч хамтдаа нэг кадрт огт гардаггүй; "Days of Being Wild" кинотой зарим сэжмээр энэ кинонд холбож өгсөн. Tony Leung-н цөөхөн хэдэн дутуу сцэн үлдсэн байсныг найруулагч үргэлжлэлдээ ашиглан гээд хадгалж байсан агаад "In the Mood for Love" киноны үргэлжлэл болох "2046" кино нь хожим найруулагчийн хувьд "Days of Being Wild" киноны сүнслэг үргэлжлэл болж, "Days of Being Wild" ба "In the Mood for Love" кинонуудад гардаг Tony Leung-н дүр түүхийг холбодог аж. "2046" киноны зохиол үндсэндээ "In the Mood for Love" киноны зохиолдоо зэрэг шахуу эхэлж, аль ч киноны үйл явдал, бүтэц, тэр ч байтугай бүх дүрүүд хэдийнээ бэлэн болчихсон байсан учир Wong Kar-Wai "In the Mood for Love" киноны зураг авалтын үеэр "2046" бүтээл дээрээ давхар ажиллаж байлаа.
Кино багийнхан киногоо янз бүрийн газар орчинд хийж, түүх аажмаар бүрэн бүтэн болж ирж байлаа. Эцэст нь, "Summer In Beijing" төслөөс үлдсэн хэсгүүдэд санаа оноо нэмсээр байгаад нэг кинонд багтахааргүй их болж хөгжсөн бөгөөд найруулагч "In the Mood for Love" кинондоо эцэслэн хандахаасаа өмнө олон бичлэг, бичсэн түүхээсээ татгалзаж, дараа нь дахин шинээр төсөөлж, зураг авч, үлдсэнийг нь "2046" кинондоо ашиглахаар үлдээж. Найруулагч маань уг кинонд нь Alfred Hitchcock-н "Vertigo" бүтээл нөлөөтэй гээд мөн Tony Leung-н дүрийг James Stewart-н дүртэй харьцуулсан буй. Wong Kar-Wai: "Tony-н дүр надад "Vertigo" киноны James Stewart-г санагдуулдаг. Энэ дүрд бараан тал бий. Олонх үзэгчид үүнийг тун ариун нандин харилцаа гэж бодохыг хүсдэг нь надад сонирхолтой санагддаг. Тэд сайн хүмүүс, учир нь, тэдний эхнэр/нөхөр анхлан тэднийг хуурсан, харин тэд адилхан байхаас татгалзсан. Хэн ч тэдний харанхуйг олж хардаггүй; гэхдээ тэд эхнэр/нөхөртэйгөө нүүр тулах, тэдний амрагийн харилцааг зохиомжлохын тулд нууцаар уулздаг. Tony-н царай сэтгэл тун сэтгэл татам тул ийм зүйлс болсон гэж би боддог. Энэ дүрд John Malkovich тоглосон бол гээд төсөөлөөд үз л дээ. Та "энэ үнэхээр хачин хүн юм" гэж бодох болов уу. "Vertigo" ч мөн адил; хүн болгон James Stewart-г сайн залуу л гэж боддог, гэхдээ хэн ч түүнийг өвчтэй гэж боддоггүй".
Критикч Roger Ebert уг киног "хариу нэхээгүй хайрын шүүслэг түүх" гэсэн бол The New York Times тухайн жилийн хамгийн үзэсгэлэнтэй киногоор нэрлэсэн. Критикч Peter Walker: "Амьдралын тухай гүн гүнзгий, сэтгэл хөвсөлзүүлэм эргэцүүлэлтэй энэ кинонд хайр, урвалт, хагацал, алдагдсан боломж, дурсамж, цаг хугацааны өршөөлгүй байдал, ганцаардал гэх мэт зүйлсийн тухай өгүүлдэг". 21-р зууны босгон дээр дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм найруулагч Wong Kar-Wai байсан "In the Mood for Love" магадгүй түүний хамгийн оргил бүтээл болов уу. Тухайн цагт Хонконгийн бусад найруулагчдын адилаар тэрээр Өрнөдийнхний улиг гэж үздэг бүхнийг шинэ эрч хүч, чамин тансаг өнгө төрхтэйгөөр буулгаж эхэлсэн бөгөөд гэхдээ John Woo, Tsui Hark нарын кинонд сайхь Романтизм нь хүчирхийллийн ард нуугдаж байдаг бол Wong Kar-Wai-н кинонд хайр гэдэг ердөө анхаарал сарниулах зүйл биш, эсхүл гэтэлгэлийн хором зуурын амлалт биш, мөн ямар нэгэн сэдэл гэхээсээ илүү шууд давамгайлсан зөрчил гэж гардаг.
Хамгийн дээд мелодраматик цэгтээ байхдаа ч түүний хайрын түүхүүд заримдаа хөгжөөнтэй хэдий ч ховорхон ёжлолтой байж, дурлагсад нь ёжлолын маяггүй, сэтгэлзүйн хувьд урсгалаараа байгаа хотын эсрэг байдаг. Найруулагчийн сэтгэцийн нуар өнгө аяс "Chungking Express", "Fallen Angels" кинонуудад оргилдоо хүрдэг бол "In the Mood for Love" илүү намуухан классик шинж, түүхийн мэдрэмжээрээ ялгардаг. Christopher Doyle, Mark Lee Ping-bin хоёрын тансаг зураглалд Хонконгийн мушгирсан гудамж, чичиргээтэй коридор, лугших шатаар араар тавилтын эсрэг хуйвалдаан зохиож байгаа эр, эмийн давтагдсан зураглалууд үнэхээр санаанд тод үлджээ. Тэд хүсэл тачаалаа хангалттай илэрхийлж байгаа нь бидэнд тодорхой байдаггүй; тэд эмзэгхэн нэр төр, ёс суртахууны бардамналаасаа болж өөрсдөдөө тулгарсан хязгаарлалтдаа захирагддаг ба гэхдээ эргэлздэг ч бууж өгдөггүй. Энэ нөхцөл тэдний харилцааг улам л халаадаг; заримдаа эротикоос илүү дарамттай зүйл байдаггүй. Араараа тавиулсан хүмүүсийн адилаар тэд өөрсдийгөө буруутгаж, өөрсдийнхөө хүртэх ёсгүй гэж итгэсэн зүйлээ үгүйсгэж байна. Кинонд ганцаардсан Su нөхрийг нь булааж байгааг хараахан мэдэхгүйгээр хөрш хүүхэн дээр очиж байгаа сцэн байдаг; эсхүл тэр энэ бүхнийг мэдэж байсан уу?, хаалга хаагдахад хөрш хүүхний байгаа байдлаас Su яг тэр мөчид нөхөр нь тэнд байгаа байж магадгүй гэсэн совин төрдөг. Su ухаангүйдээ хананы цаанаас нөхрийнхөө хоолойг таньсан ч байж магадгүй. Tony Leung-н нүүрэн дээгүүрх гялалзах сэтгэл хөдлөл шиг "In the Mood for Love" киноны сцэнүүд гарч ирээд дараа нь тохиолдол хэмээгддэг дурсамж, хувь тавилангийн манандаа шумбан ордог.
Хоёр гэр бүл нэг өдөр байрандаа нүүж ордог; тэдний эд зүйлс холилдсон нь амьдрал нь хэрхэн холилдохын урьдач гэмээр. Гэхдээ нүүлгэлтээс өмнө, бүр кино эхлэхээс өмнө тэдний амьдрал холилдсон байж болох?. Энэ киноны ертөнцөд Chow, Su хоёр угаасаа хайрын тавилантай байсан ба энэ бол үзэгчдийн таамаглалууд эргэлдэж, эргэлдэж байгаад хэдийнээ зурагдсан хувь тавилангийн тухай кино. Su, Chow хоёр айдас бас шударга зангаасаа болж амьдралынхаа жаргалын ховор боломжоос татгалзсан нь тэдний буруу биш. Найруулагч Wong Kar-Wai энэ киногоо Хонконгоос өөр газарт хийснээр төсөөлөхөд бэрх, бараг боломжгүй санагдана. Wong Kar-Wai-н кинонууд Өрнө ба Дорно, капитализм ба коммунизм, эрх чөлөө ба дарлалын дунд живж буй хүний тухай байдаг. Поп зураглал, шидэт реализм, холимог соёлын эмх замбараагүй хот болох Хонконг бол түүний гол баатруудаа байршуулах дуртай газар болдог.

Comments
Post a Comment