Ju Dou (1990). Хятадын нэрт кино найруулагч Zhang Yimou болон Yang Fengliang хоёрын хамтран найруулсан романтик-драм. Хятадын реалист зохиолч Liu Heng-н "Fuxi, Fuxi" гэдэг романаас сэдэвлэжээ. Киноны гол дүрд алдарт Gong Li тоглосон. Энэ бол шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд Оскарт нэр дэвшсэн анхны Хятад кино байсан ба нээлтээ хийсэн даруй Хятадад хориглогдсон ч 1992 онд хориг цуцлагджээ. Эх романд, Tianqing нь Jinshan-тай цусан төрөл, зээ дүү нь байдаг ба үйл явдал нь үүн дээр суурилсан хориотой харилцаанд төвлөрдөг аж. Гэтэл кино бүтээгчид романыг дэлгэцнээ хөрвүүлэхдээ цус ойртолтын элементийг оруулахгүй байхаар шийдсэн. Кинонд Jinshan, Tianqing хоёрыг цусан холбоогүй гэж дүрсэлж, Ju Dou тэднийг цусан төрөл биш гэдгийг мэдсэнийхээ дараа л Tianqing-тай харилцаагаа эхлүүлдэг. Time Out сэтгүүл уг киног Хятадын шилдэг 100 кино жагсаалтын 21-р байрт, харин The New York Times хамгийн шилдэг 1000 кино жагсаалтдаа багтаасан буй.
Ийнхүү киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. Хорьдугаар зууны Хятадын хөдөөний нэгэн тосгонд даавуу буддаг бизнес эрхэлдэг өргөж авсан ахындаа Tianqing хэмээх гуч гаран насны эр хүрэлцэн ирж буйгаар кино маань эхэлдэг. Хөдөөний эл тосгонд хөрөнгө чинээ, нэр сүрээр Jinshan аргагүй ялгарах агаад тавь гарч яваа энэ эрийн өвөг эцгээсээ өвлөсөн даавууны будагны бизнест тус болохоор өргөмөл дүү болох Tianqing нь ирснийг түрүүн өгүүлсэн билээ. Jinshan-ны орон гэр нь эгээ л үйлдвэр шиг агаад асар урт даавуунууд хурц өнгөөрөө тодрон хашаанд нь тэнгэрээс унасан солонго лугаа унжина. Jinshan-ны зан авир хэцүү, дээрэнгүй дээр нь дүүтэйгээ зарц шигээ харьцана. Tianqing-д очих газар байсангүйгээс гадна боолчлогдоод ч гэсэн хоолтой хонож байгаадаа сэтгэл өег. Tianqing-г ахындаа ирэх үеэр ах нь залуухан, нүд булаам бүсгүйтэй дэр нэгтгэсэн байв; нэг ёсондоо Хятадад байдаг л ёс болох эхнэр худалдаж авчээ.
Нүд сохром энэхүү гоё бүсгүйг Ju Dou гэх агаад хорь л хүрч яваа бүсгүй цаанаа л айдастай, тарчлан зовсон нь нүднээс нь илэрхий; тухайлбал, шөнө зүв зүгээр байсан бүсгүй өглөө хөх няц болсон нүүр ам, гар хөлтэй болсон байх нь хэцүү. Jinshan хүслээ гаж буруугаар буюу садист аргаар хангадаг зэрлэг балмад хүн байв. Энэ бүхнийг Tianqing бүсгүйн байдлаас харахаас гадна шөнө болгон уйлах, өвдсөндөө тэсэшгүйгээр орилох дуунаас сонсдог байв. Уг харгислал дунд Tianqing ч унтаж чадахаа болин, очиж бүсгүйд тусалъя гэж санавч ахаасаа айн сүрдэнэ. Угаас ч зориг муутай эр билээ. Tianqing бүсгүйг өрөвдөхийн дээрээс нууцхан хайрлана. Ганц бие энэ эрд Ju Dou-ын гоо үзэсгэлэн хийгээд залуу сайхан бие цогцост дурлан тачаадахгүй байхын аргагүй байв. Ju Dou-ын усанд ордог тасалгааны ханыг Tianqing нууцаар нүхлэн уг нүхээрээ бүсгүйн усанд орохыг сэм ажиглан хорхойгоо хагас ч гэсэн дардаг байв.
Гэтэл сайхь нүхийг Ju Dou олж илрүүлэх бөгөөд залууг өөрт нь сайныг ойлгон, тамын зовлонгоос нь мултарахад тусална гэж найдана. Ингээд Ju Dou шууд Tianqing дээр очин хамаг учраа буюу ах чинь хүн биш араатан, би энэ бүхнийг удаан тэсэхгүй үхэх нь, туслаач гэнэ. Tianqing-д санаа байвч сачий хүрсэнгүй. Тус явдал тэр хоёрыг ойртуулсан буюу Tianqing зөөлөн сэтгэл, халамж хайр бүсгүйг эрхгүй татан тэдний дунд асар эрчээр долгиолсон хайрын сэтгэл хийгээд бие махбодийн дундрашгүй тачаадал үүсэн бий болно. Тэд Jinshan-ны нүд харуулан нууцаар явалдах агаад ингэж яваад Ju Dou жирэмслэнэ. Jinshan-ны баярласныг энд хэлэх илүүц бизээ. Харин бүсгүй хүүхдээ Tianqing-ынх гэдэгт бат итгэж, үүнийгээ ч хайртдаа хэлнэ; бүгдийн хүсэн хүлээсэн хүү төрнө. Jinshan ёстой л байдгаа барьж гүйх бол Tianqing төрсөн хүүгээ зөвхөн хажуунаас л, ахын хувиар л байх нажидтай дүрд насаараа тоглох болохоо ухаарна.
Хүүд Tianbai гэдэг нэр хайрлана. Tianqing, Ju Dou хоёр нууцаар явалдаж, бас Jinshan-ны эзгүйд гэр бүл шиг байдаг байв. Энэ үед зовогсдыг бурхан харж үзэв үү гэмээр аз тохиож Jinshan саад дайрагдан бөгснөөс доош мэдээ алдан суумгай болно. Эл явдал нууц амрагуудад зориг өгч, улмаар нүглээ илхэн үйлдэж ирнэ. Jinshan-ны нүдэнд одоо бүх зүйл гарын алган дээр мэт илхэн болж, өдий хүртэл хууртагдаж байснаа ухаарна. Гэхдээ Tianbai-г өөрийн төрсөн хүү биш гэдгийг мэдсэн Jinshan уурлаж хилэгнэсэндээ өшөө авахаар хатуу шийднэ. Энэ мөчөөс эхлэн тэрээр боломж, сиймхий л гарвал Tianbai-г алахаар завдах юмуу байшин хороог шатаахаар шаргуу оролдоно. Энэ бүхэнд Tianqing, Ju Dou хоёр сэрэмжлэж, хариу хатуу няцаалт өгч байлаа. Энэ айлыг гаднаас нь харахад суумгай ахдаа тусалсан сайн үеэл болон үнэнч эхнэртэй, мөн сайхан хүүтэй айл байв; харин дотроос нь өмхий самхай ханхална.
Он цаг өнгөрөхийн хэрээр Tianbai өсөж томорсоор; гэхдээ хүү хэлд орохгүй дээр нь дотогшоогоо, асар ууртай, эгэл жирийн биш болсоор байв. Хүүгийнхээ энэхүү маанаг байдалд эцэг эх нь шаналан зовох бол Jinshan хөөрцөглөн баярлана. Гэтэл хувь заяаны тоглоом гэлтэй Tianbai хэлд орохдоо Jinshan-ныг ааваа хэмээн хэлж хэлд орно. Tianqing, Ju Dou хоёрт эл явдал ямаршуу санагдсаныг төсөөлөхөд бэрх. Харин Jinshan үүнд хэмжээгүй уяран, үнэхээр ч өөрийнх нь хүү юм болов уу гэж итгэж эхэлнэ. Энэ мөчөөс Tianbai Jinshan-ыг ааваа гэж үзэн бас дуудан үргэлж дэргэд нь байх бол эцэг эхээ үзэхгүй. Төд удалгүй Jinshan золгүй байдлаар үхнэ; одоо л жаргах нь уу гэсэн Jinshan-ны гэр бүлийнхэн цуглаж хуралдаад Tianqing, Ju Dou хоёрыг хамт байж болохгүй, хамт байвал элдэв хов живд автана гээд тусдаа байхыг үүрэгдэх буюу тэд хүүхдийг Jinshan-ных гэж бодож байлаа. Tianqing гэрээс явах ба хааяа нэг ирэхэд нь Tianbai бараг хөөгөөд явуулчихдаг байв. Хэдэн жил өнгөрч Tianbai ууртай өсвөр насны хүү болсон байна. Ээж болон Tianqing хоёртой холбоотой цуурхалд залхасан тэрээр энэ талаар ярьсан хэнийг ч алахад бэлэн. Ju Dou хүүдээ жинхэнэ аав нь Tianqing гэж хэлсэн ч тусыг эс олно. Ju Dou, Tianqing хоёр зооринд нууцаар уулзаж байхыг Tianbai олж хараад Tianqing-г живүүлж ална. Ийнхүү киноны төгсгөлд Ju Dou орон байр, даавууны будгийн үйлдвэрээ шатааж орхидог.
Секс гэдэг ядуусыг баячууд шиг хангадаг цорын ганц тансаглал гэсэн үг. Харин "Ju Dou" кинонд дүрслэгдсэн Хятадын хахир хатуу феодалын нийгэмд тийм биш байдаг. Феодал Jinshan залуу эхнэр болон дүү Tianqing хоёрыг харгис хүслээрээ боолчилдог. Феодал хөгшин эрийн эзэмшдэг даавууны үйлдвэр дээрх тод, өнгөлөг даавуунууд хүсэл тачаалын өнгө хэдий ч Jinshan-ны байшин доторх сэтгэлийн үймээн самуунтай харьцуулашгүй. Хөгшин нөхөр нь садист, бас бэлгийн сулралтай учраас тэр нэгэн өдөр залуу эхнэр зориуд өөрийгөө Tianqing-д харуулж, хэзээ ч өөрчлөгдөхгүй хувь заяаныхаа эсрэг зориглон босч байна. Tianbai мангас болж өсч байгаа нь феодалын орчин тойрны нөлөө гэж харж болох. Харин Jinshan тахир дутуу болж байгааг феодалын илжрэл, хуучин нийгмийн цааш амьдрах чадваргүй болж байгааг илтгэнэ.
Секс гэдэг ядуусыг баячууд шиг хангадаг цорын ганц тансаглал гэсэн үг. Харин "Ju Dou" кинонд дүрслэгдсэн Хятадын хахир хатуу феодалын нийгэмд тийм биш байдаг. Феодал Jinshan залуу эхнэр болон дүү Tianqing хоёрыг харгис хүслээрээ боолчилдог. Феодал хөгшин эрийн эзэмшдэг даавууны үйлдвэр дээрх тод, өнгөлөг даавуунууд хүсэл тачаалын өнгө хэдий ч Jinshan-ны байшин доторх сэтгэлийн үймээн самуунтай харьцуулашгүй. Хөгшин нөхөр нь садист, бас бэлгийн сулралтай учраас тэр нэгэн өдөр залуу эхнэр зориуд өөрийгөө Tianqing-д харуулж, хэзээ ч өөрчлөгдөхгүй хувь заяаныхаа эсрэг зориглон босч байна. Tianbai мангас болж өсч байгаа нь феодалын орчин тойрны нөлөө гэж харж болох. Харин Jinshan тахир дутуу болж байгааг феодалын илжрэл, хуучин нийгмийн цааш амьдрах чадваргүй болж байгааг илтгэнэ.
"Ju Dou" киноны төгсгөл Edgar Poe-н төсөөлөл шиг эсхүл Luis Bunuel-н кино шиг мелодраматик, гал халуун байдаг; мөн түүнчлэн энэ кино өршөөлөөр бүрэн дүүрэн "хатаагдаагүй" шударга ёсыг харуулдаг. Хятадын эрх баригчид Zhang Yimou-н энэхүү цуст төгсгөлтэй киног мэндлэнгүүт нь "дарчихсан" ба гэхдээ киног зөвхөн Хятадад л дарснаас олон улсын кино наадмуудад амжилттай (Канны шилдэг найруулагч шагнал, Чикагогийн Алтан Хюго шагнал хүртсэн) оролцсон. Хятадын кино урлагийн салбар яагаад уг бүтээлийг хяхан хавчсан нь киног улс төрийн ёгт зүйрлэл гэж үзсэнийх байх магадлалтай. Хөгшин эрийг Маоизмын хуучны дэглэмийн жишээ, уур хилэнтэй хүүг Улаан Хамгаалагчдын симбол гэж харвал тун сонирхолтой байх болов уу. Гэхдээ Хятадын эрх баригчид кинонд дүрслэгдсэн сексийн агуулгыг ёс суртахуунгүй гэж үзсэн ч байж магадгүй.

Comments
Post a Comment