Хоосонд унасан нь

 


Requiem for a Dream (2000). Америкийн кино найруулагч Darren Aronofsky-н сэтгэлзүйн драм. Америкийн зохиолч Hubert Selby Jr-н 1978 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэн Aronofsky, Selby хоёр кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны гол дүрүүдэд; Ellen Burstyn, Jared Leto, Jennifer Connelly, Marlon Wayans нар тоглосон. Кинонд хар тамхинд донтсон дөрвөн дүрийн тухай үзүүлэхдээ хар тамхи тэдний бие болоод ухааныг өөрчилж байгааг харуулдаг. Тэдний донтолт нь өөрсдийнх нь төөрөгдөл, цөхрөлийн ертөнцдөө хоригдох шалтгаан болдог ба кино өрнөх тусам дүрүүд доройтож, төөрөгдлийнхөө улмаас бодит байдалтай нийцэхгүй болж, үр дүнд нь сүйрдэг билээ. Энэ бол зарим үзэгчдэд хатуу "хоол" байх учраас "ходоод" муутай хүмүүс хол байсан нь өлзийтэй болов уу. Гэсэн хэдий ч жүжигчдийн гайхамшигтай гүйцэтгэл, хар бараан зураглал үзсэн хэний ч ой тооноос үл гарна.

  Selby-н романыг кино болгохоор Aronofsky болон продюсер Eric Watson хоёр сонгосон ба Selby романаа кино болгохыг үргэлж хүсдэг байсан тул Aronofsky түүнтэй холбогдохоос хэдэн жилийн өмнө өөрөө кино зохиол болгон биччихээд байжээ. Aronofsky түүний кино зохиолд сэтгэл ханамжтай байж, кинондоо санхүүжилт олоход бэрхшээлтэй байсан авч Selby-тэй хамтран кино зохиолоо боловсруулсан. Энэ бол зөвхөн хар тамхины тухай биш ерөнхийдөө бүхий л донтолтын тухай кино гэж найруулагчаасаа эхлээд жүжигчид хэлдэг бөгөөд өөрөөр хэлбэл мөрөөдлөө биелүүлэх гэсэн хичээл зүтгэл нь ганцаардалд хүргэж, бодит байдлаас холдуулж байгаа сэдвээр донтолтыг хэрхэн өдөөж болох тухай кино ажээ.

  Киноны аймшигтай бас гайхамшигтай хөгжмийг Clint Mansell бичсэн бол киноны амин сүнс болсон эвлүүлгийг Jay Rabinowitz хийжээ. "Requiem for a Dream" Канны кино наадмаар нээлтээ хийж, критикүүд киноны найруулга, дүрслэлийн хэв маяг, эвлүүлэг, зохиол, хөгжим, жүжигчдийн тоглолт хийгээд хөндсөн сэдвийг сайшаасан ба миний хувьд Aronofsky-н хамгийн шилдэг кино болой. Aronofsky эх романыг кино болгохдоо эрч хүч, тогтвортой байдал, кино техникийг төгс ашигласан нь уг киног өнөөдөр модерн шедевр болгож байна. Хар тамхины хэрэглээг өвтгөм, хирдхийлгэм харуулсан энэ кино яагаад ийм үзүүштэй байдаг нь найруулагчийн ур чадвар гэлтэй. Дүрүүд нь сүйрэл рүү хурдтай гулсаж буй уг киног тэвчихийн аргагүй хар бараан бас ямар нэгэн гэтэлгэлийн ёс суртахууны захиас байдаггүйд олон хүмүүс дургүй байдаг. Aronofsky-н алзам шиг хатуу, хүйт даам киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 794-р байрт эрэмбэлээд байна.

  Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Sara бол тэтгэвэрт гарсан, хүүтэйгээ амьдардаг ганц бие ээж. Тэрээр өдөржин зурагтыхаа өмнө суун нэгэн ТВ-н шоу үзэж өдрийг өнгөрүүлнэ. Түүний мөрөөдөл бол уг шоундаа өөрөө оролцох агаад үүнийгээ шөнөдөө зүүдэлж, өдрийн цагаар мөрөөснө. Шоугаа үзэнгээ юу хийхүү? мэдээж иднэ. Юм иднэ гэсэн үг. Идэнгээ үзэж, үзэнгээ идсээр байгаад хөөрхий Sara нэг мэдэхэд жингийн илүүдэлтэй болсноо мэднэ. Нөхөргүй, ганц хүү Harry-н өөрийн тоохгүй ийм нөхцөлд хөөрхий эмэгтэй зурагт болон хоолноос л жаргалаа олж байв. Хэрвээ энэ харагдах төрхөөрөө ТВ шоунд орвол муухай харагдахаа ойлгоод тураах эмийг хэрэглэж эхэлнэ; энэ хүргээд бид Sara-гаас Harry руу шилжье. Harry муу хүү байв. Тэрээр ихэнхи цагаа анд Tyrone болон хайрт бүсгүй Marion нарын хамт хар тамхи \герион\ татан өнгөрүүлнэ. Harry, Tyrone хоёр хар тамхи олж ирэх бөгөөд эхлээд залуус сонирхож эхэлсэн бол аажимдаа хэрэглэгчээс дамжуулагчийн статустай болж ирнэ. Гурван найзын хааяхан зугаацаж, мансуурдаг зүйл яваандаа зуршил тэгээд донтолт руу аваачина. Harry, Marion хоёр хар тамхийг эс тооцвол үнэхээр сайхан, хоёр биедээ хайртай, тохирсон хосууд байв.

Хосууд хамт байж, хамт мансуурна. Harry, Tyrone хоёр овоо борлуулагчид болж тэд мөнгө олж алив зүйлд санаа амар байж ёстой жаргаж эхэлнэ; киноны энэ мансуурдаг хэсгүүд маш гоё, бүтээлчээр хийгдсэн бөгөөд кино урлагийн түүхэнд мансуурах явцыг сэтгэл татам, шохоорхол төрүүлэм хийсэн өөр кино үгүй болов уу. Залуусаа түр орхиод ганцаардсан Sara дээр эргэн очьё. Sara эмэндээ донтсон байлаа; өдөрт нэг уух эмийг дөрөв таваар нь уух тэрээр үүнийгээ хэрхэн мэдэх билээ. Эмийн сэтгэхүйд нөлөөлөх хор Sara-н ТВ шоунд донтох донтолтыг барьж авна. Ингээд Sara зурагтаа үзэн, ганцаараа инээн, эм ээ уусаар бүр солиорч, сүүлдээ хий юм сонсож, харж эхэлнэ. Киноны хамгийн алдартай хэсэг магад Sara-н солиорсон энэ хэсэг болов уу. баргийн аймшгийн киноноос илүү энэхүү хэсэг солиорлыг мэдрэх боломж олгодогоороо кино түүхэнд тодоор үлдэнэ. Эргээд хар тамхичин залуус руугаа орьё. Harry, Tyrone хоёрын бизнес товчхондоо дампуурна. Тэд хар тамхи олох боломжгүй болж мөнгөнөөс илүүтэй өөрсдийн хэрэглээгээ хангаж чадахгүй болно. Харамсалтай нь, тэд энэ үедээ архаг хар тамхичид болчихсон байлаа. Marion хар тамхигүй тэсч ядан бачуурна.

Хар тамхины шарталт архинаас мянгатаа илүү, бүр хумсны үзүүр өвддөг гэдэг. Залуус эцсийн найдвар болох ойролцоох хот руу хар тамхинд явах агаад Harry явахдаа Marion-нд хар тамхи зардаг, гэхдээ төлбөрөө мөнгөөр биш сексээр хийдэг залуугийн \секс донтолт\ дугаар өгнө. Harry, Tyrone хоёрын аян бүтэлгүйтэж удаашрах ба Harry-н гартаа тарьсан тариа \хар тамхи\ бохир орж, улмаар идээлж, гар гэхэд гар биш болно. Ингээд тэсэхэд бэрх болж эмнэлэгт хэвтэж, харин Tyrone шорон орно. Энэ үед Marion байж сууж чадахгүй болж хар тамхи зардаг залуу дээр очиж төлбөрөө сексээр хийнэ. Энэ бол зүгээр секс биш порн дээр л гарах төсөөлж болох гаж секс байна. Киноны төгсгөлд Sara галзуугийн эмнэлэгт эмчлүүлж, Harry эмнэлэгт гараа тайруулж, Tyrone шоронд дарамтлуулж, Marion секс үдэшлэгт орж байгаа дөрвөн хүний зовсон үзэгдлүүл ээлжлэн, солигдон үзэгдэнэ.

  Зохиолч Selby-н "Requiem for a Dream' роман 1978 онд хэвлэгджээ. Найруулагч Aronofsky сургуульд байхдаа л Selby-н бүтээлүүдэд дурлажээ. Aronofsky 2001 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Selby-н бүтээлийн тухай "Түүний бүтээлийг уншсан хэн ч гэсэн түүний ертөнц ямар их эрч хүчтэй болохыг харж болно. Тэр хамгийн нийцэшгүй, хилэнтэй үгсийн эргэн тойронд сонсголонтой хөгжмийг эгшиглүүлэн бичдэг. Энэ номыг унших нь гайхалтай мэдрэмж байсан" гэж байж. Aronofsky "Pi" кинонд хамтран зохиолыг нь бичиж байсан Eric Watson энэ романаар кино хийе гэж анхлан Aronofsky-г ятгасан ба Selby ч уриалгахан хүлээн авч зөвшөөрөл олгожээ. Тэд кино эрхийг $1,000 доллараар авсан нь тухайн үед тэдэнд маш их мөнгө байсан буюу Aronofsky-н "Pi" киноныхоо дараа санхүүгийн хүндрэлтэй байсан ба санхүү олгогчид энэ сайн кино болно гэдэгт итгэхгүй байв. Selby хэдэн жилийн өмнө романаараа кино зохиол биччихээд байж, энэ нь Aronofsky-н бичсэнтэй 80% төстэй байж. Aronofsky хар тамхины нөлөөг хүчтэй болгохын тулд илүү залуухан дүрүүдтэй байхыг хүссэн ч продюсерүүд ингэх нь үзэгчдэд таагүй мэдрэмж төрүүлнэ гэж үзээд зөвшөөрөөгүй байдаг аж.

Aronofsky; "Энэ кино бол хар тамхи юмуу элдэв донтуулагч эмийн тухай биш. Harry-Tyrone-Marion нарын түүх бол тун уламжлалт хар тамхины түүх. Харин үүнийг Sara-н түүхтэй зэрэгцүүлэн аваад үзвэл бид гэнэт л "бурхан минь, эм гэдэг чинь юу вэ? гэж өөрсдөөсөө асууна. Тамхиных шиг эмнээс татгалзах гэж байгаа хүний толгойд эгээ л турахын тулд хоол идэхгүй байхыг хичээдэг хүнийх шиг дотоод монолог эргэлдэж байдаг гэсэн санаа надад үнэхээр сонирхолтой санагдсан. Үүнийг бид кино дээрээс үзээгүй санагдсан, тиймээс кино дээр гаргахыг хүссэн". Sara-н дүрд Faye Dunaway зэрэг хэд хэдэн жүжигчдийг сонирхож байсан ч бүгд татгалзсан байдаг ба Ellen Burstyn мөн адил дарамттай агуулгын улмаас тоглохоос татгалзсан боловч менежер нь түүнд Aronofsky-н кинонуудыг үзэхийг ятгаж, Aronofsky-н кинонууд түүнд гүн сэтгэгдэл төрүүлснээр дүрийн саналыг хүлээн авсан. Giovanni Ribisi-д Harry-н дүрийг, Neve Campbell-д Marion-г, Dave Chappelle-д Tyrone-н дүрийг тус тус санал болгосон боловч тэд бүгд татгалзжээ. Энэхүү сорилтыг ихээхэн сонирхож байсан Jared Leto-той продюсерүүд гэрээлж чадсан.

  Jennifer Connelly: "Би кино зохиолыг уншихад энэ миний хийхийг хүсч байгаа зүйл байсан. Зохиол надад үнэхээр гайхалтай санагдсан, маш бүтээлч санагдсан. Энэ үнэхээр зоригтой санагдсан. Энэ чухал асуудлыг хөндсөн байсан". Marion Wayans зохиолыг гурван удаа уншиж, таван удаа сонгон шалгаруулалт орж, найруулагчтай хамтран ажиллах чин хүсэлтэй байснаа харуулснаар дүрээ авч чаджээ. Кинондоо бэлтгэж байхдаа Leto Нью-Йорк хотын гудамжинд өөрийнхөө дүртэй ижил нөхцөлд байгаа хүмүүстэй цагийг хамт өнгөрүүлдэг байж. Тэрээр мөн герионд донтсон дүрээ бодитой бүтээхийн төлөө хэдэн сарын турш өлсөж, 13 кг жин хасчээ. Aronofsky Leto болон Wayans хоёрт бэлгийн харилцаанд орохгүй байхыг, мөн элсэн чихэр хэрэглэхээс татгалзахыг хүссэн, ингэвэл тэдний хүсэл шунал дэлгэц дээр жинхэнэ харагдана гэж үзжээ. Burstyn ч бас Бруклинд, гудамжны хүүхнүүдтэй хамт цагийг өнгөрүүлж судалж байсан ба "Тэдний амьдрал бол хүүхдүүдээ хоолтой байлгах хангалттай мөнгө олох явдал, тэгээд л гүйцээ" гэж хэлж байжээ. Connelly дүрдээ бэлтгэхийн тулд дүрийнхээ амьдардаг гэж гардаг байрыг хөлслөөд тэндээ өөрийгөө тусгаарласан агаад Marion жинхэнэ хүн байсан бол ийм хөгжим сонсож, ийм зураг зурж, мөн иймэрхүү хувцас зохион бүтээх байсан гэж төсөөлөн үйлдэж, ихэнх цагийг донтолт, үүний үүслийн тухай эргэцүүлж өнгөрүүлдэг байжээ. Тэр мөн донтолтоос эдгэрсэн хүмүүсийн уулзалтад хүртэл оролцжээ.

Киноны зураг авалт 1999 оны 4-р сард эхэлсэн ба 40 хоног үргэлжилсэн. Киноны туршид Sara-н жингийн алдагдалыг харуулахын тулд  Burstyn хоёр ч бүдүүн харагдуулдаг костюм өмссөн; нэг нь 18 кг, нөгөө нь 9.1 кг жингийнх байв. Burstyn мөн зураг авалтын хуваарийн дагуу хоёр долоо хоногийн засварлагааны үеэр хоолны дэглэм барьж, 4.5 кг жин хассан. Connelly-н кинонд өмсдөг хувцаснууд нь түүний дүрдээ бэлтгэхийн тулд өөрөө хийсэн хувцаснууд байжээ. Киноны хүнсний дэлгүүртэй сцэнд жинхэнэ хар тамхинд донтогсдыг тоглуулсан ба зарим нь зураг авч байхад өөрийгөө тарьж байсан гэдэг. Усан ваннтай сцэнийг Японы найруулагч Satoshi Kon-н "Perfect Blue" анимегээс санаа авч бүтээжээ. Aronofsky болон түүний найзуудын үүсгэн байгуулсан дижитал эффектийн компани болох Amoeba Proteus-аар бүтээсэн 150 орчим тусгай эффектийг пост-продакшн-д багтжээ. Киноны зураг авалт дууссаны дараа Burstyn "Би хэзээ ч ийм хүнд дүрд тоглож байгаагүй, энэ "The Exorcist" киноноос ч илүү хэцүү байсан" гэсэн буй. Connelly мөн "сэтгэл хөдлөлийн хувьд хэцүү, давж гарахад тун хүндрэлтэй байсан. Надад ядарч туйлдсан, хөөрхийлөлтэй, тухгүй санагдсан" гэжээ.

Aronofsky өмнөх "Pi" кино дээрх шигээ "Requiem for a Dream" киноныхоо туршид туйлын богино хэмжээтэй монтаж ашигласан; эл техникийг заримдаа хип хоп монтаж гэж нэрлэдэг. Гэхдээ уг кинонд мөн "Man with a Movie Camera" киноных шиг уламжлалт кино техникийг ч ашигласан. Дунджаар 100 минут үргэлжилдэг хугацаатай кинонд 600-700 тайралт байдаг бол "Requiem for a Dream" кинонд 2.000 гаруй байдаг. Дэлгэцийг хуваагаад тун нягт ойрын зураглалтай хамтад өргөнөөр ашигласан ба Snorricam гэдэг камерыг жүжигчдийн урдаас зүүж, урт дагасан кадрууд ашиглажээ. Мөн цаг хугацааны явцыг харуулсан зураглалууд нь хэв маягийнх нь үндсэн бүтэц ажээ. Aronofsky бодит байдал ба дүрүүдийн фантаазын хооронд эрс таслахдаа хэт ойрын кадр болон хэт алслалтыг ээлжлэн ашигласан. Камерын ажиллагаа нь үзэгчдэд дүрүүдийн оюун ухааны төлөв, хий харах, харааны гашуудал, мөн цаг хугацааны алдаатай мэдрэмжийг судлахад чиглэдэг. Пикселжуулалт ба загасан нүдэн линз нь хар тамхины нөлөөг тодотгож, үзэгчдийг дүрээс хөндий хол байлгах ач холбогдолтой техник ажээ.

Критикч James Berardinell "Requiem for a Dream" киног "The Lord of the Rings" киноны ард нэгэн аравны хоёрдугаарх шилдэг киногоор нэрлэжээ. Критикч Roger Ebert Aronofsky-н донтогчдын сэтгэцийн төлөвийг дүрсэлсэн байдлыг магтсан байхад The New York Times киноны дүрүүдийн амьдрал мансуураагүй байхдаа үнэхээр хоосон байдаг гэж бичжээ. Rolling Stone сэтгүүл киноны эвлүүлэг хийгээд гажуудсан зураглал "мэдрэхүйд халддаг" гэж тодорхойлсон. Критикч Scott Brake энэхүү бүтээлд "донтом бас хайр найргүй" хэмээгээд дэлгэц хуваах, хий юм харахыг дүрсэлсэн байдал, Clint Mansell-н ховсдом, сэтгэл татам хөгжим хийгээд эвлүүлэг зэрэг кино техникийг нь бахдам бадрангуй гэж тодорхойлсон. Критикч William Arnold мөн л киноны удаашруулсан хөдөлгөөн, үсэрсэн эвлүүлэг, хурдлуулсан урагшилт, сюрреал фантааз үзэгдлүүдийг сайшаагаад киноны эвлүүлгийг "харгис, сөрөг үр дагавартай" гэжээ. 

Comments