Нөхөрт гарах нас

 


Early Summer (1951). Японы мастер кино найруулагч Yasujiro Ozu-н драм. Найруулагчийн дайны дараах ихэнх кинонуудын нэгэн адилаар уг кинонд үе хоорондын харилцааны асуудлаас авхуулаад дайны дараах Японд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж байгааг зэрэг асуудлыг хөнддөг. 2009 онд "Early Summer" киног  Японы Kinema Junpo сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг Япон кино жагсаалтын 106-р байрт жагсаасан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 515-р байрт эрэмбэлээд байна. Критикч Leonard Maltin; "Хүмүүний үндсэн сэтгэлийн хөдлөлийг мэдрэмжтэйгээр дүрсэлсэн мастер найруулагчийн бүтээл".

Ozu-н нэрийн хуудас болсон нам өнцгийн камер нь уг бүтээлд уян зөөлөн, нийцтэй тэнцвэрийг бий болгохоос гадна  тухайн үеийн Японы хоёр хэсэгт хуваагдсан байдлыг цуурайтуулдаг; уламжлал ба орчин үежилт, алтруизм ба хувиа хичээх, ахмадуудаа хүндлэх хийгээд бие даасан байдал зэргийг үзүүлнэ. Энэрэнгүй, намуухан өвөрмөц онцлогоороо Ozu уламжлалт гэр бүл гэсэн ойлголт нь задран үгүй болж байгааг амьдралын үйл явц гэж харуулсан буюу энэ нь зайлшгүй зүйл гэсэн мэдрэмж төрүүлдэг. Байнга бодлогошронгуй бас чөлөөт цагтай байдаг ахмад настангууд ба ачаалалтай залуучууд хийгээд тэвчээргүй хүүхдүүд гэсэн үе хоорондын ялгаа; амьдралын янз бүрийн үе шатандаа яваа хүмүүсийн тусгал болсон энэхүү гайхалтай киноны үйл явдлыг товчхон хүргэе.

  Токиод нарийн бичгийн ажилтай Noriko Камакура хотод эцэг эх, ах Koichi, бэр эгч Fumiko, мөн тэдний хүүхдүүдтэй нэгэн дээвэр дор амьдарна. Нэгэн өдөр хөгшин нагац ах нь тэднийд зочлон ирээд хэдийнээ 28 настай болсон Noriko-г нөхөрт гараагүйд гайхаж, эцэг эх, ах нь ч гэнэт сэрсэн аятай Noriko-д нөхөр олж өгөх ёстойг ухаарцгаана. Энэ байдал хүүхний ажил дээр халдварлаж, дарга Satake нь хүртэл түүнд 40 настай бизнесмэн найзаа зуучлан танилцуулахаар болно. Noriko-н найз хүүхнүүд гэрлэсэн ба гэрлээгүй гэж хоёр хэсэгт хуваагдана; тэд биесээ шоолж, цаашлуулах ба гэрлээгүй талын Tamura Noriko-н хамгийн сайн найз нь болой. Noriko-н гэр бүлийнхэн түүнийг аядуухан шахаж, даргынх нь зөвлөсөн хүнтэй суухгүй бол нас чинь бүр оройтлоо, одоо голж шилэх нас биш гэж үглэн ятгаснаар Noriko-г зөвшөөрүүлнэ. Noriko-н бага насны найз, бэлэвсэн аав болох Yabe хүүхэнтэй хамт цай уухаар болж, уулзахдаа боодол буудай өгнө. Энэ боодол буудай Дэлхийн 2-р дайнаар амь үрэгдсэн ахынх нь бэлэг бөгөөд хэрвээ буцаж ирэхгүй бол үүнийг Noriko-д өгөхийг Yabe-ээс гуйсан ажээ.

Yabe эмч бөгөөд хөдөө нутаг руу илгээгдэж байгаагаа хэлнэ. Yabe-н ээж хүүгээ Noriko-той суулгах туйлын хүсэлтэй ба Noriko-той уулзахдаа туйлын хүслээ уйлан байж хэлтэл Noriko зөвшөөрч орхино. Хүүхэдтэй хүнтэй суугаад хөдөө нутагт хол амьдрахаар болсныг нь мэдсэн гэр бүлийнхэн нь энэ мэдээг цочирдон, дурамжхан хүлээж авдаг. Noriko өөрийнхөөрөө зүтгэж, гэр бүлийнхэн нь ч бууж өгнө. Ийнхүү Noriko-г явахаас өмнө гэр бүлээрээ гэрэл зураг даруулна. Хүүхний эцэг эх охин нь удахгүй нөхөртэйгөө буцаж ирээд халуун бүлээрээ амьдарна гэж сэтгэлээ тайтгаруулах ба тэр сайхан цаг иртэл хөгшин нагацынх нь хөдөө байх гэрт байхаар болдог. Киноны төгсгөлийн сцэнд тэд хуримын уламжлалт өмсгөлтэй Noriko-г хөдөөний замаар өнгөрөн одохыг харна.

Амбицтай кино найруулагчид ансамбль кино хийх хандлагатай байдаг. Өнөөдөр ансамбль кино хийж байгаа найруулагчид улам бүр ганц дүрээс холдож, нөхөрлөл, садан төрөл эсхүл ямар нэгэн онц сонирхолтой үйл явдлаар холбогдсон бүлэг дүрүүдэд шилжих болжээ. Ансамбль бүтэц нь студийн эрин үеийн Холливуудад тийм ч танил биш (1932 оны "Grand Hotel") гэхдээ одоо ихэнх Амбицтай найруулагчид энэ бүтцийг шохоорхох болжээ. Илүү сүүл үеийн "Traffic" юмуу "Amores Perros" зэрэг кинонуудад хүмүүс хувь тавиланг давхацуулах замаар амьдралыг өргөн хүрээнд судалж, олон төрлийн сэтгэл хөдлөлийг ажиглаж, нийтлэг нөхцөлд өдөөгдөх янз бүрийн хариу үйлдлийг харьцуулах боломж олгодог. Тэгвэл найруулагч Ozu энэ талбарт эрт орсон. "The Brothers and Sister of the Toda Family" киноноосоо эхлээд замналынхаа төгсгөл хүртэл тэрээр ансамбль киног туршиж үзжээ. Ozu гэр бүлийн драм-д найз нөхөд, хөршүүд, ажлын хамт олныг оролцуулан улам өргөжүүлсэн бөгөөд хамгийн алдартай жишээ нь мэдээж "Tokyo Story" боловч хоёр жилийн өмнө "Early Summer" киног хийсэн буюу "Early Summer" бол үнэндээ илүү зоригтой оролдлого байсан.

  "Early Summer" кинонд 19 дүр гардаг (дурдагдсан ч огт гардаггүй дүрийг тооцвол 20) ба  бүгдийнх нь дайны өмнөх он жилүүд болон одоо тэдний амьдарч буй шинэ ертөнцийг харуулдаг. Ozu,  кино зохиолч Kogo Noda хоёр дүр болгоныг мартагдашгүй тод бүтээжээ. Ozu-н бүтцийн бат бөх байдал, нарийн хийц нь бие даасан сцэнүүдийн сэтгэл хөдлөлийн цуурайг зангиддаг. Бусад ансамбль драм кинонуудаас ялгаатай нь уг кино нь дүрүүд хоорондоо хэрхэн холбогдох талаар таамаглалаар биднийг ядраадаггүй; эхнээсээ л үзэгчид дүр бүрийн нийгмийн байр байдлыг мэдэж, ингэснээр дүр бүрийн сэтгэлзүйн  хандлагыг ойлгоход амар болдог. Энэхүү бүтээл нь тэнцвэртэй, аядуухнаар үйл явдлыг өрж босгодог. Киноны эхний 40 минутад хөгшин авга ахын Noriko-нд зочилж байгаа айлчлалд төвлөрдөг; энэ хэсэгт Noriko-н гэр бүл, ажлын даргаас гадна хөршүүд  гээд бүх голлох дүрүүдийг танилцуулдаг. Үзэгчид сэтгэл санаа  жижигхэн уулзалтууд, өдрийн тутмын үйл ажиллагааг харуулсан сцэнүүдийн ачаар тэдгээр дүрүүдтэй чөлөөтэй танилцдаг; энд гадна талдаа зөрчил байхгүй, хэмнэл нь айвуу тайван байдаг. "Meet Ms in St. Louis" шедевр шиг гэр бүл, найзуудтай нь танилцуулах нь үзэгчдэд гэр бүлийн халуун дулаан хэмнэлд шууд оруулчихна.

Энэ хэсгийн төгсгөлд үйл явдал арай хурцадмал болно; Noriko, Fumiko хоёр гал тогоонд гэрлэлтийн тухай ярилцдаг ба хоёрдугаар үзэгдэлд Noriko өөрт нь нөхөр олж өгөх гэсэн гэр бүлийнхнийхээ зүтгэлийг хүлээн авдаг. Энд өдөр тутмын амьдралын зарим "зүсэм" байгаа боловч багахан үйлдэл ч Noriko-н гэрлэлтийн төлөвлөгөөнд чухал үүрэгтэй болчихдог. Жишээлбэл, хөвгүүд тоглоом авч өгсөнгүй гэж уурлах нь тэднийг гэрээсээ гарахад хүргэх бөгөөд тэднийг хайх гэж Noriko, Kenkichi хоёр гарч байгаа сцэн нь хожим үзэгчдийг чухал зүйлд бэлдэх учиртай болой. Киноны гуравдугаар үзэгдэл эргэлтүүдээр дүүрэн байдаг. Noriko сүйт залуугаа гэнэтхэн сонгож, үр дүнд нь гэр бүлийг нь донсолгоно. Зөрчлүүд эвлэрэх тийш болж, дүрүүд ерөнхийдөө тайван хэвээрээ үлддэг; гэхдээ үзэгдэл болгонд дүрүүд эргэцүүлэн тунгааж, тухайн үеийн асуудлын өчүүхэн байсныг ухаарсан мэт мөчийг агуулдаг билээ.

"Early Summer" киноны хором мөч болгон нарийн нягт өгүүлэмж хийгээд хүчлээгүй сэтгэл хөдлөлийн "бясалгал" болдог. Ozu-н өвөрмөц шинж хаана оршдог вэ гэвэл, хошигнол, уй гуниг, хүсэл, хүлцэнгүй байх, амар амгалангийн өнгө аясыг төгс нийлүүлж чаддагт оршино; Ozu-н ертөнцөд томчууд нь хүүхдүүдээсээ нууж бялуу иддэг, энд л Ozu-н аугаа их оршдог. Киноны хэмнэл кадр болгоныг иж бүрэн судлах, дүр бүрийн нүүрний илэрхийлэмжийг цэгнэн үзэх, мөн дүрүүдийн хандлагыг эргэцүүлэн бодох цаг өгдөг. "Жаргахыг хүснэ гэдэг эгээ л уралдаанд түрүүлэхтэй адил" гэж Noriko-н найз хэлдэг. Ozu-н дүрүүд өөрчлөлтийн хэмнэлийг хөгжилтэйгөөр, багахан түгшүүртэй ч тайвнаар хүлээж авдаг билээ. 

Comments