Далавчтай охин

 


Black Swan (2010). Америкийн кино найруулагч Darren Aronofsky-н сэтгэлзүйн хоррор. Кино зохиолыг Mark Heyman, John McLaughlin, Andres Heinz нар бичсэн. Уг кинонд Нью-Йоркийн нэгэн балетын компани Pyotr Tchaikovsky-н "Хунт нуур" бүжгэн жүжгийг тайзнаа тавихаар болно. Цагаан хунгийн дүрд эмзэг, ариун балетчин тоглох ёстой ба үүнд киноны гол дүр Nina төгс тохирох бол Хар хунд илүү тачаангуй, хар бараан талыг илэрхийлэх чадвартай түүний шинэ өрсөлдөгч Lily тохирно. Nina дүрийнх нь төлөө ширүүн өрсөлдөөн байгааг олж мэдсэн цагаасаа дарамтад автаж, улмаар бодит байдлын мэдрэмжээ гээж, алгуурхан галзуурлын харанхуйд живж эхэлнэ. Киноны гол дүрүүдэд: Natalie Portman, Mila Kunis, Vincent Cassel, Barbara Hershey болон Winona Ryder нар тоглосон. Найруулагч Aronofsky "Хунт нуур" жүжгийг үзээд хараахан бэлэн болоогүй байсан орлон тоглогчийн тухай зохиолтой холбож, мөн доппелгангерийг тойрсон ардын аман зохиолд гардаг шиг давхар дүрд автах гэсэн ойлголттой нэгтгэснээр уг киноныхоо үндэс суурийг олжээ.

Aronofsky мөн Fydor Dostoevsky-н "The Double" туужаас санаа авсан гэдэг. "Black Swan" киногоо тэрээр 2008 оны "The Wrestler" киноныхоо дагуул хэмээдэг; учир нь эдгээр кинонуудад адилхан төгс гүйцэтгэлийн тухай байдаг билээ. Кино Венецийн наадмаар нээлтээ хийж, критикүүд Aronofsky-н найруулга, Portman, Kunis, Hershey нарын гүйцэтгэлд алга ташин хүлээж авсан. The New Yorker сэтгүүл Portman-н тоглолтыг 21-р зууны шилдэг гүйцэтгэлүүдийн тоонд оруулсан байдаг, харин би хувьдаа Nina бол түүний замналын оргил ажил гэж боддог. "Black Swan" $13 сая доллараар бүтээд $330 сая доллар олсон. Оскарын наадамд шилдэг найруулагч, шилдэг кино, шилдэг эмэгтэй гол дүр гэсэн 5 төрөлд нэр дэвшсэн. "The Red Shoes" болон "All About Eve" шедеврүүдээс санаа авч бүтсэн энэхүү нүд бүлтийлгэм түүх нь хоррор жанрын мастерууд David Cronenberg, Dario Argento, Brian De Palma нартай солиорлын сувгаар холбогдоно. Aronofsky энэ бүтээлээ "The Wrestler" кинотойгоо ханьсуулж байгаа ч магадгүй түүнээс ч хол давсан кино болсон санагддаг. Aronofsky гайхам сайхан балетын үзэгдлүүдийг цус нөжтэй, бие зарсхийлгэм дүрслэлүүдтэй сүлж өгснөбр тэнцвэртэй этгээд ертөнцийг бий болгодог.

Кинонд зураглаачаар ажилласан Matthew Libatique-н ур чадварыг онцлохгүй өнгөрч болохгүй. Aronofsky-н зоримог найруулга, Portman-н бахдам тоглолтоор ниссэн энэхүү хүсэл эрмэлзэлтэй, догшин мелодрамыг киногоор дагнан бичдэг ихэнх сонин сэтгүүл тухайн оны хамгийн шилдэг 10 кино жагсаалтдаа багтаасан байдаг ба ингээд Хар Хунг илүү ойроос харцгаая. Aronofsky анхлан дүү нь Нью-Йорк хотын Урлагийн сургуульд бүжгийн чиглэлээр суралцаж эхлэх үеэс балетыг сонирхох болсон. Тэрээр давхар дүрд автчихсан off-Broadway нь жүжигчиний тухай "The Understudy" нэртэй кино зохиолыг дахин боловсруулахаар кино зохиолчдыг хөлсөлж авснаар "Black Swan" бүтээлийн үндсэн санаа эхэлсэн аж. Кино зохиолд нь 1950 оны "All About Eve" болон найруулагч Roman Polanski-н "The Tenant", мөн дээр хэлсэнчлэн Оросын их зохиолч Fydor Dostoevsky-н "The Double" тууж гэсэн бүтээлүүдийн элементүүд шингэсэн гэж найруулагч маань өөрөө хэлсэн байдаг. Aronofsky "Хунт нуур" жүжгийг олонтаа үзэж, Цагаан хун ба Хар хун хоёрын хоёрдмол шинжийг зохиолдоо холбож өгчээ.

Тэрээр киноныхоо судалгаа болгож балет сонирхон судалж байхдаа балетын ертөнцийг тун тусгаарлагдсан ертөнц гэж үзсэн ба тэрээр мөн Линкольн урлагийн төвд Большой балетын тоглолтыг тайзны араас үзэж байжээ. Aronofsky "Black Swan" болон "The Wrestler" кинонуудаа үргэлж адилхан гэж хамтад авч үздэг бөгөөд бүр анх балетчин, бөх хоёрын хайрын тухай кино хийх хүсэлтэй байсан гэдэг. Эцэст нь, тэрээр бөх, балетчин хоёрын ертөнцийг нэг кинонд үзүүлэхэд арай ахадна үзээд тус тусад нь кино хийхээр төлөвлөсөн. Тэрээр хоёр киногоо харьцуулахдаа; "Мэргэжлийн бөхийг (wwe) хэрвээ урлаг гэж үзвэл хүмүүс үүнийг доод урлаг гэж үздэг. Харин балетыг зарим хүмүүс дээд урлаг гэдэг. Гэхдээ энэ хоёр ертөнцийн жүжигчид төстэй  байдлаараа намайг гайхшруулсан. Тэд өөрсдийгөө илэрхийлэхийн тулд бие махбодоо итгэмээргүйгээр ашигладаг" гэсэн буй. "Black Swan" киноны сэтгэлзүйн триллер шинжийг Natalie Portman 1968 оны "Rosemary's Baby" кинотой харьцуулсан бол Aronofsky мөн "Repulsion" тэргүүтэй Polanski-н кинонууд чухал нөлөөтэй байсан гэжээ. Жүжигчин Vincent Cassel "Black Swan" бүтээлийг мөн David Cronenberg-н кинонуудтай харьцуулдаг.

  Aronofsky тэртээ 2000 онд Portman-тай балетын тухай кино хийх бодолтой байгаагаа хэлсэн бөгөөд жүжигчин бүсгүй ч балетчины дүрд тоглох сонирхолтой гэдгээ хэлж. Portman уг киноны нэг хэсэг болсон талаараа ярихдаа; "Би өөртөө илүү насанд хүрсэн дүр хайж байсан, учир нь би өхөөрдөм хөөрхөн эмэгтэйн дүрийн мөчлөгт тоглосоор, үүндээ гацчихсан байсан" гэжээ. Portman сайн найз Mila Kunis-г Lily-н дүрд төгс тохирно гэж Aronofsky-д санал болгосон. Kunis Lily-г Nina-тай харьцуулахдаа; "Миний дүр илүү тодорхойгүй. Lily Nina шиг техникийн хувьд сайн биш хэдий ч тэр илүү хүсэл тэмүүлэлтэй. Энэ шинж Nina-д дутагддаг" гэсэн буй. Vincent Cassel өөрийнхөө дүрийг Нью-Йорк хотын балетыг үүсгэн байгуулагч, бүжигчдээ удирдан чиглүүлэхийн тулд бэлгийн харилцааг ашигладаг байсан гэгддэг George Balanchine-тэй зүйрлэсэн байдаг. Portman, Kunis хоёр мэргэжлийн бүжигчдийнхтэй төстэй бие галбиртай болохын тулд зураг авалт эхлэхээс 6 сарын өмнөөс бэлтгэл хийж эхэлсэн. Portman өдөрт 5 цаг бэлтгэл хийж, балет, усанд сэлэлтээр хичээллэсэн ба зураг авалт дөхүүлээд бүжиг дэглэлтийн сургалтад хамрагджээ. Kunis долоо хоногт 7 удаа, 5 цагөар, нийтдээ 6 сарын туршид бэлтгэл хийхдээ хоолны хатуу дэглэм барьжээ. Kunis 53 кг-аас 9 кг хассан; "Би багадаа бусад охид шиг л балетчин болж тоглодог байсан. Тютю өмсөөд өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлөн эргэлдээд л. Харин энэ тоглохоос шал өөр, учир нь чи үүнийг хуурамчаар үйлдэж чадахгүй. Чи зүгээр л зогсоод мэдэмхий царай гаргаад байх боломжгүй. Чиний бүхий л бие өөр өөр бүтэцтэй байх ёстой" гэж Kunis ярьсан буй.

  Америкийн Балетын Театрын гоцлол балетчин Georgina Parkinson эрэгтэй жүжигчдийг дасгалжуулсан ба АБТ-ын балетчид болох Sarah Lane, Maria Riccetto нар Portman, Kunis хоёрын "орлон тоглогчид" болсон байна. Бүжигчин Kimberly Prosa мөн Portman-н орлон тоглогчийн үүргийг гүйцэтгэсэн. Хоёр дахь бүрэн хэмжээний  "Requiem for a Dream"  киноныхоо дараа Aronofsky Portman-тай уулзан төслийнхөө тухай ярилцсан авч кино зохиол хараахан бичигдээгүй байв. Найруулагч маань Portman-д өрсөлдөгч балетчдын дундах хайрын сцэний тухай ярихад Portman туйлын сониучирхан хүлээж авсан гэдэг; Portman; "Энэ кино уран бүтээлч хүний эго, нарциссист маягийн өөртөө дурлах, мөн өөртөө жигших зэрэг олон талаараа маш сонирхолтой санагдсан". Тэд бараг арван жил хүлээсэн энэ хугацаанд санаагаа боловсруулж, яг л махыг шарахынхаа өмнө амтлаад хэсэг хугацааны дараа шарахад илүү амттай болдог шиг "дарж" байгаад продакшнаа эхлүүлжээ. "The Understudy" кино зохиолыг Andres Heinz бичсэн бөгөөд Aronofsky энэ талаар анх "Requiem for a Dream" киноныхоо эвлүүлэг дээр ажиллаж байхдаа дуулсан. 2006 онд "The Fountain" киноныхоо дараа Aronofsky болон продюсер Mike Medavoy нар кино зохиолч John McLaughlin-аар "The Understudy" зохиолыг дахин бичүүлсэн; Aronofsky түүнд "Хунт нуур" ба балетын санааг нь аваад балетын ертөнцөд оруулж, мөн киноны нэрийг "Black Swan" болгож өөрчлөхийг үүрэгджээ.

Aronofsky "Black Swan"-ын нарийвчилсан тоймыг 2007 онд Universal Pictures-д үзүүлэхэд студи төслийн хөгжлийг хурдасгахаар шийджээ. Гэхдээ энэ төсөл нь "The Wrestler" кино нь дуусч, Mark Heyman кино зохиолд оролцох хүртэл "үхмэл" байдалд байв. 2009 онд Universal энэ төслийг дахин сонирхож эхэлсэн шалтгаан нь үндсэндээ бараг Portman тоглоно гэснээс үүдэлтэй байлаа. Киноны үндсэн зураг авалтыг 16 мм-ийн камераар авсан ба зураг авалт 2009 оны сүүлээр Нью-Йорк хотод эхэлсэн. Aronofsky эл бүтээлээ "The Wrestler" кинотойгоо төстэй болгохын тулд бүдгэрүүлсэн өнгөний хослол, барзгар хэв маягаар зурагласан ажээ. Венецийн кино наадамд үзүүлсэн үзвэрээё үндэслэн Entertainment Weekly энэхүү киног аль хэдийнээ оны хамгийн хайрлагдсан бас үзэн явагдсан киноны нэг болсон байсан гэж мэдээлсэн. Критикч Leonard Maltin киног тэвчиж чадашгүй гэж мэдэгдсэн ч Portman-н тоглолтыг өндрөөр үнэлсэн. Ерөнхийдөө критикүүд хоёр хуваагдаж байсан ч Portman-н тоглолтод санал нэгтэй "эрхий хуруу" үзүүлсэн. Критикч Kurt Loder; "Гайхалтай эвгүйцэм. Бүхэлдээ сэтгэл хангахуйц биш авч найруулагчийн ердийн бүтээлч байдлыг шингээсэн, гайхам харанхуй дүр төрхтэй". Критикч Mike Goodridge  эл киног түгшүүр хийгээд догдлолоор ээлжлэн солигдсон, "Repulsion", "Rosemary's Baby" болон "The Turning Point" кинонуудын эрлийз гэж тодорхойлжээ.

Тэрээр мөн Portman-н дүрийг сэтгэл татам хэмээгээд Nina бол аюултай, уруу татсан ертөнцөд хаягдсан дарамтлагдсан залуу эмэгтэйн төөрөлдсөн байдлыг аймшигтай бодитойгоор харуулсан гэжээ. Критикүүд мөн бусад жүжигчдийг магтахдаа Hershey-н атаархсан, цөхөрсөн эхийн дүрийг онцгойлсон. Зураглаач Libatique бүжгийн сцэнүүд бас сэтгэлзүйн цочроом сцэнүүд алмайруулам. Энэ бол төгс үзүүлбэрийг үзүүлэхийг хичээж, энэ нь улмаар театрын эмгэнэлт төгсгөлд хүрч байгааг харуулсан сэтгэл хөдөлгөм сэтгэлзүйн аялал билээ. "Black Swan" балет ба балетчдыг дүрсэлсэн байдлаараа багагүй шүүмжлүүлсэн. Кино Их Британид нээлтээ хийхэд сэтгүүлчид Их Британийн 4 мэргэжлийн балетчингаас киноны тухай ярилцлага авчээ. Мэргэжлийнхэн киног залхуу хандсан, бас балетын бүх нэг хэвийн болсон зүйлсийг л харуулсан гэсэн байхад зарим нь балетыг инээдтэй, тэнэг харагдуулсан гэж дургүйцсэн. Тэднийхээр, кино балет яагаад бидний хувьд чухал болохыг, яагаад бид ингэж их хичээдэг болохыг харуулаагүй гэжээ.

Канадын балетчид бас кино балетчдыг сөрөг талаас нь дүрсэлж, тэдний амьдралыг хэтрүүлэгтэй гаргасан гэсэн боловч харин Portman-н бүжгийн техникийг магтсан. Америкийн Балетын Театрын гол бүжигчин Gillian Murphy киноны дүрслэлийн элементүүдийг магтсан ч балетын ертөнцийг хэтрүүлэгтэй толилуулсан гэжээ. Хэд хэдэн критикүүд "Black Swan" бүтээлийг Японы найруулагч Satoshi Kon-н "Perfect Blue" анимэ хоёрын хооронд төстэй зүйлс байгааг онцолсон. Aronofsky ижил төстэй зүйлс байгааг хүлээн зөвшөөрсөн хэдий ч Японы анимегээс санаа аваагүй гэж мэдэгдсэн. Сэтгэцийн өвчнийг бие махбодийн ядаргаатай хольсон нь үзэхэд улам л тавгүй мэдрэмж төрүүлэх энэхүү гоёмсог зураглалтай, чамин тансаг бүжгийн дэглэлттэй энэхүү киноны түүхийг зарим критикүүд "Showgirls", "Burlesque" кинонуудынхтай зүйрлэсэн байдаг. 

Comments