Ikiru (1952). Японы домогт кино найруулагч Akira Kurosawa-н драм. Оросын их зохиолч Lev Tolstoy-н "The Death of Ivan Ilyich" туужаас ерөнхийдөө санаа авч кино зохиолыг Kurosawa Shinobu Hashimoto, Hideo Oguni хоёртой хамтран бичсэн. Хорт хавдартайгаа олж мэдээд амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд өөртөө утга учрыг хайж байгаа Токиогийн хүнд сурталтан төрийн албан хаагчийн дүрд Японы алдартай жүжигчин Takashi Shimura тоглосон. Киноны үндсэн сэдвүүд нь хэрхэн амьдрахад суралцах, хүнд суртлын үр ашиггүй байдал, Японд уналтад ороод буй гэр бүлийн амьдрал зэрэг байдаг.
Тэр жилдээ Японыхоо хамаг шагналыг хамсан уг бүтээлийг Kurosawa-н сод бүтээл гэдгээс гадна бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд багтаадаг. "Ikiru" кино "Rashomon" болон "Seven Samurai" бүтээлүүдийн хооронд хийгдэж, "Rashomon"-нд модчны дүрд, "Seven Samurai"-д ахлагч самурайн дүрд тоглодог Takashi Shimura энд харин зүдэргээт амьдралдаа харамссан, архи ууж, цөхрөнгөө барж, эцэстээ, үхэхийнхээ өмнө ядуу тарчиг хүүхдүүдэд туслахаар шийдэж байгаа өтөл эрийн дүрийг төгс гаргасан. Хүүрнэлийн нарийн нягт хэмнэлтэй энэхүү киноноос бид Оросын их зохиолчийг Kurosawa ямаршуу хэрээр биширдэг байсныг харж болно. Empire сэтгүүл уг киног хамгийн шилдэг 500 кино жагсаалтдаа багтаасан бол BBC Англи хэл дээрх бус хамгийн шилдэг 100 киноны нэгээр нэрлэж, харин Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 106-р байрт эрэмбэлээд байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.
Өгүүлэх нь, жаран гаран насны хөгшин эр орон дотроо мэгшин уйлах агаад эл уйлаан, нулимс нь уур хилэнтэй гомдол гэхээсээ илүүтэй ирээдүйгүй буюу үхэлтэй нүүр тулж, айдас хийгээд харууслын гашуун хослол бүхий цөхрөл ханхлуулна. Сайхь эрийн өрөөний хойморт олон жилийн өмнө нас нөгчсөн гэргийнх нь хөрөг болон бурхан тахилга нь харагдахаас гадна хоёр ч том жаазинд тэргүүний ажилтан болж байсныг нь илтгэх гэрчилгээ нүднээ тусна. Энэ хүнийг Watanabe гэдэг ба манай киноны гол баатар болно; тэрээр нэг насаараа хотын захиргаанд ажиллаж байгаа төрийн албан хаагч ба хэр ажилтан байсныг нь түрүүн дурдаад өнгөрсөн гэрчилгээнээс харж болох мэт. Уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр тэр хэлтэсийн дарга хүртэл дэвшсэн бөгөөд хамтран зүтгэгчид нь түүнийг “mummy” гэж хочилцгоож шоглоно. Харин орон гэртээ Watanabe хүү болон бэрийнхээ хамт амьдрах ба бэр нь “жам ёсоор” хадам эцэгтээ дургүй бол хүү нь эцгийгээ үл ойшоож харьцах нь эхнэрийнхээ нөлөөнд өдөр ирэх бүр автаж байгаагийнх гэлтэй.
Watanabe эхнэрээ өнгөрсөнөөс хойш дахин гэрлээгүй бөгөөд хүүгээ хойд эх харуулахгүй гэсэн сэтгэл байснаас гадна ажил, хүү хоёртоо хамаг бүхнээ зориулсаар явтал нэг мэдэхнээ хүүгээсээ хөндийрч, удахгүй тэтгэвэрт гарах хэрэггүй хөгшинөө болсоноо ухаарахын сацуу хүү, бэр хоёрынхоо тэтгэвэрийн мөнгөнд нь шунаж, өөрийг нь асрамжийн газарт явуулах хүслээ нуухаа болисонд нь эхэндээ гомдож байсан бол сүүлдээ дасаж ойлгох тийшээ ханджээ. Гэхдээ түүний цурхиран уйлах шалтгаан энэ биш бөгөөд өглөө түүнд эмчийн хэлсэн “та ходоодны хорт хавдартай болжээ, нэгээс гурван сарын амьд явах хугацаа үлдсэн” гэсэн аймшигт хэрнээ зугтаж боломгүй үнэнтэй нүүр тулуулсан мэдээ юм. Хүүгээ эхнэрт гарах хүртэл аминчхан байсан эцэг хүүгийн хайр дундуур бэр хэмээгч орж ирсэнээр Watanabe хүссэн эс хүссэн хамаагүй хүүгээ алдсан буюу өөрийгөө золиослож хүүгийнхээ жаргалын төлөө явж ирсэн бол үүнээс хойш бүх цаг зав хийгээд хүч хөдөлмөрөө ажилдаа зориулж ирсэн ч эргээд бодоход түүний амьдрал үнэн утгагүй, дэндүү хий дэмий өнгөрсөн мэт санагдана.
Хэдий хотын захиргаанд дарга хийхчээн болж ард түмнийхээ төлөө олон жил ажилласан ч үхэх гэж байгаа хүний сэргэг, хурц тунгалаг ухаанаар эргэцүүлэн шүүн тунгаахад үнэндээ тийм биш харин ч даргын хүнд суртал, бодит амьдралаас хол хөндий явж ирсэнээ ойлгоно. Тэрээр дээд албан тушаалтандаа бөхөлзөж, доод албатуудаа бөхөлзүүлсээр ард түмнийхээ төлөө олигтой нэг шийдвэр, тушаал гаргаж бас гаргуулж яваагүй ба яг хэлбэл, ширээ цаасан дунд худлаа хоосон сууснаас биш бүтээж гийгүүлсэн юмгүй амьдарчээ. Үхэхээ мэдсэн хүн ажил байтугай ер нь юу ч хийхээ больж, харц нь нэг цэг дээр тогтон, амьсгалийг нь л сонсохгүй бол энэ ертөнцөөс ангижраж гэж бодохуйц хүнд байдалд орох нь зүй; яг тийм болсон Watanabe уушийн газар орж хамгийн үнэтэй архи захиалан уух явцдаа хажуу ширээн дээр суух нэгэн зохиолч эртэй нийлж, улмаар тохой нийлүүлэн ууж гарна. Ганц шил юмны ард гарсан хойно эрчүүд нүүр хагарцгааж амьдрал, үхэл гэх мэт философдож эхлэх бөгөөд “надад хангалттай мөнгө байвч харин цаг хугацаа алга, эдгээр жилүүдэд ажил болон хүүгээ гэсээр өөрийнхөө жаргал буюу зугаа цэнгэлийг огоорсоноо” Watanabe дотроо бодож, шинэ танилаасаа өнөө шөнө намайг дагуулж “шоудаач”хэмээн хүссэнээр эрхэм хоёр эр Токио хотын шөнийн зугаа цэнгээний амьдралыг үзэгчийн өмнө дэлгэн үзүүлнэ.
Сэхээтэн эрс архи дарсыг үерийн ус шиг садруулж, тайчих клубээс янхны гудамж хүртэл хэрэн хэсэн, барагалж баар болгоны үүдийг онгойлгох ба Watanabe эл бүхэнд мөнгөө харамгүй цацаж, эдлээгүй цэнгэл жаргалаа нөхөвч ямар ч үнэтэй сархад түүний зовлонг өчүүхэн ч нимэглэхгүйгээр үл барам \зугаа цэнгэл амьдралын утга учир биш юм гэсэн шийдэлд хүрдэг\ харин ч улам гуниглуулах нь болбаас, би энэ бүхнийг ахин эдлэхгүйдээ гэсэн ухамсараас үүдэлтэй бөгөөд зугаа цэнгэл өөрийг нь илүү ядраагаад бас нэмэрт нь үхэхээсээ өмнө амжиж аль нэг хэрэгтэй юм хийх гэсэн сэдлийг улам хөгжөөж байв. Нэг өдөр түүн дээр “яагаад ажилдаа ирэхгүй байна, зарим зүйл дээр гарын үсэг зуруулах гэсэн юм” гэсээр ажлынх нь газрын ажилтан залуухан хүүхэн ирнэ. Ажил дээрээ ямагт цоглог байж, үргэлж инээж байдаг эл хүүхэн ядруухан аж төрөх бөгөөд уг явдалд Watanabe санаа тавихаар шийднэ.
Watanabe хүүхнийг үнэтэй хоолны газар оруулж, хамт кино үзэж, бүр хувцас хунар ч авч өгөх бөгөөд тэрээр үүнийгээ хийхдээ буян үйлдэж байна гэж итгэхээс гадна ид залуу насан дээрээ яваа хүүхний бүх үйлдэл хийгээд амьсгал амьдлаг, шинэхэн учир Watanabe эл бүхнээс эрч хүч, урам аван, хамгийн гол нь энэ бүхний эсрэг болсон өөртөө хань татаж байв; тус явдлыг ажиглах болсон хүү бэр хоёр нь эцэгтээ улам хахир хатуу хандах болж, эцгийнхээ хорт хавдар туссанаа хэлэх мөчийг ойлголгүйгээр дайрч доромжлон бусниулснаар эцгийгээ бүр мөсөн гомдоож, гомдсон Watanabe өөрийгөө хүүгүй гэж тооцож, охин шигээ санах болсон ажлынхаа хүүхэнтэй хамт байж цагийг өнгөрүүлэхийг хүсэх бөгөөд эхэндээ баярлаж хөөрч байсан хүүхэн ивээн тэтгэгчийнхээ үл мэдэгдэх аашийг буруугаар буюу өөр юм хүсэж байна гэх хардлагад сэжиглэснээр зайгаа барьж эхэлнэ. Watanabe хүүхэнд тэр дор нь бүх үнэнээ хэлэх бөгөөд яг энэ мөчид амьдралаа утгатай болгох, өнгөрсөн бүхнээ үнэ цэнэтэй болгохуйц санаа толгойд нь харван орж ирнэ.
Энэ нь хогийн цэг байсан газрыг тоглоомын талбай болгох ёстойг дээд даргууд нь мафийн авилга дор гар хөл нь болж тус газрыг мафид өмчлүүлэх байсныг Watanabe тоглоомын талбай хэвээр нь үлдээж, хүүхдүүдэд буян болж, олон ээж аавын санал гомдлыг шийдэж өгөх чухал хэрэг болой. Хэрвээ, ингэж чадвал тэрээр жинхэнэ төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ энэ олон жилд ганц удаа биелүүлэхээс гадна хүн ёсны моралын үүднээс ч нүд анихад харамсах зүйлгүй байв. Амьдралынхаа сүүлийн өдрүүдийнхээ эцсийн тамирыг барагдтал тэрээр дээр дооргүй тоглоомын талбай бариулахаар зүтгэх бөгөөд энгийн ард иргэдийг ажил дээрээ авчирхаас өгсүүлээд мафиудтай “үзэлцсээр” эл ажлаа бүтээлгэж дөнгөнө. Хүнд хүсэл тэмүүлэл, чин сэтгэлийн зорилго, мөн зориг байх аваас юуг ч бүтээж болдогийг эндээс бэлээхэн харж болох мэт. Ийнхүү дараагийн сцен эхлэхэд Watanabe үхэж түүний будаалга болж байх ба хүү бэр болон ажлынх нь хамт олон ууж идэнгээ түүнийг дурсаж байна.
Watanabe-ын дарга түүнийг сайн ажилтан байсан гээд тоглоомын талбайг бариулсан гавъяаг өөр дээрээ болгон ярьж, бусад нь ч түүнийг дэмжин толгой дохино. Мөн түүнчлэн тэд Watanabe-ын гэнэтийн үхэлд гайхацгаах агаад яагаад өвчтэй байснаа хэнд ч хэлээгүйг үл ойлгоно, үүн дотор хүү болон бэр нь ч орж байв. Энэ үед тоглоомын талбайг барих үед Watanabe-тай хамт байлцсан иргэд будаалга дээр ирж энэ бүхэн зөвхөн Watanabe-ын ач гавъяа гэцгээх бол архиндаа нэлээд халамцсан зарим нэгэн түүнгүйгээр талбай баригдахгүй байсан, яаж дарга нарын урдуур хойгуур орж гуйж байсныг нь архины зоригоор ам халан хэлэх бол зарим нэг согтсон нь түүний зоригийг биширсэнээ хэлээд эргээд энэ бүх үйл явцыг санахад талийгаач өөрийнхөө үхлийг ер нь мэдэж байсан юм бишүү гэсэн санал ч гаргана. Ингээд, согтсон бүх ажилтан нулимстай нүд хийгээд хоолой зангируулсан хоолойгоор өөрийн мэдэх Watanabe-тай холбоотой сүүлийн дурсамжаа ярих агаад хүн болгоны яриа нэгдэж нийлсэнээр нэгэн том зураг болох буюу энэ зураг нь Watanabe үхлээ мэдэж байсан, тийм ч учраас эл ажлыг амьдралынхаа эцсийн зорилго болгож гүйцэтгэсэн гэсэн нэг санаа дээр тогтоцгооно.
Үнэнийг олж мэдсэн согтуучууд уйлан хайлан байж Watanabe-г сайн хүн байсныг магтан дуулаад зогсохгүй өөрсдөө дараагийн Watanabe болно, ард иргэддээ үнэнчээр үйлчилдэг жинхэнэ төрийн хүн болно гэцгээх бол нөгөө талд хүү, бэр хоёр нь аавыгаа ойлгож чадаагүйдээ харуусан, аавыгаа өрөвдөн уйлна; харин маргааш нь болоход нөгөө тоглоомын талбай дээр хүүхдүүд жаргалтайя тоглоцгоож байлаа. Уг бүтээлд хэрхэн амьдрах, цаг хугацааны үнэ цэнэ хийгээд төрийн албан хаагчдын хүнд үзэл сурталыг \гэр бүл буюу эцэг эх болон үр хүүхдүүдийн зөрчлийг ч харуулдаг\ өргөн хэмжээгээр буюу философийн үүднээс авч үзсэн нь киног цаглашгүй мөнхийн болгожээ. Зохиолч Timothy Iles-н бичсэнээр уг кино 1953 онд гарсан Yasujiro Ozu-н "Tokyo Story" кинонтой адилаар орчин үеийн Японы гэр бүлийн амьдралын сөрөг талыг үзүүлдэг ажээ. Watanabe хүүтэйгээ олон жил хамт амьдарсан ч тэдний харилцаа муу байдаг; хүү Mitsuo аавыгаа "зовлон" гэж хардаг ба аавынхаа гэрээслэлийн мөнгийг л авах санаатай байдаг. Кинонд, хүүхдүүд эцэг эхээ хүндлэх үүргээ ухамсарладаггүй.
Хотжилт Японы нийгэмд сөрөг өөрчлөлт гарах шалтгаан байж болох хэдий ч аав, хүү хоёрын зөрөх шалтгаан нь бас Watanabe-н ажилдаа хэт улайрсантай холбоотой. Өөр нэг шалтгаан бол Watanabe хүүгээ 10 настайдаа эмчилгээ хийлгэх үеэр хамт байгаагүй нь Kurosawa-н киноны аавдаа хатуу хандах хүүгийн сэдэвтэй нийцэж байна. Үхэл нь киноны үндсэн сэдэв бөгөөд үхэл гол баатрыг маань амьдралын утга учрыг олох эрэлд гаргадаг. Эхэндээ тэрээр шөнийн клубууд, хүүхнүүдээс бүрэн дүүрэн амьдралыг хайдаг авч 1915 оны "Gondola no Uta" (амьдрал богинохон гэсэн утгатай) гэдэг дууг дуулж байгаагаас нь дээрх бүхэн амьдралыг нь бүрэн дүүрэн болгоогүй нь илтгэнэ.
Профессор Alexander Sesonske-н бичсэнээр; шөнийн клубын сцэнд Watanabe "таашаал бол амьдрал биш" болохыг, зорилго нь өөрт нь шинэ жаргал авчрахыг ухаарч, харин "Happy Birthday to You" дуу нь түүний дахин төрөлт буюу сэхээрлийг бэлгэддэг гэжээ. Toyo хүүхэн залуухан учраас хэрхэн амьдрах тухай хамгийн сайн ойлголттой ба Toyo нь Watanabe-н "гэтэлгэлийн" замд "найдваргүй аврагч" гэж дүрслэгддэг хэмээн Sesonske мөн дурджээ. Зохиолч Donald Richie-н үзэж буйгаар "Амьдрах" гэсэн утгатай киноны нэр нь "экзистенц байх нь хангалттай" гэсэн утгыг илэрхийлэх боломжтой гэсэн буй. Donald Richie; "Гэсэн хэдий ч Watanabe экзистенц байх нь зовлонтой гэж үздэг бөгөөд тэрээр энэ санаагаараа урамшиж, амьдрал нь дэмий хоосон өнгөрөөгүй гэдгийг батлахыг хүсдэг аж. Түүний цэцэрлэгт хүрээлэнгээс олсон амьдралынх нь үндэслэл нь түүний хэрхэн "амьдрах"-ыг мэдсэн явдал. Эцэст нь Watanabe "Gondola no Uta" дууг туйлын сэтгэл ханамжтайгаар дуулдаг".
"Ikiru" кино мөн тухайн үеийн Японы төрийн албаны хүнд суртлыг шүүмжилсэн. Дэлхийн 2-р дайны дараа Японд төрийн албан хаагч нь тогтолцоотой зохицон ажиллана гэсэн тооцоолол байжээ. Ээжүүд хотын оффис дээр хүүхдийн тоглоомын талбайтай болох хүсэлтээ ирж байгаа сцэнд хүнд сурталтангуудын "хөгийн байдлаар зайлсхийж" байгааг харуулдаг; баахан хэрэгтэй, хэрэггүй бичиг цаас асуун шаардаж байгаа нь эгээ л Монголын хүнд сурталтангуудыг санагдуулахын зэрэгцээ кинонд эдгээр бичиг цаас нь "утгагүй үйл ажиллагаа"-ны симбол болдог. Кинонд, Watanabe эмнэлэгт очиход Японы эрүүл мэндийн салбар хэтэрхий хүнд сурталт автсан "гунигтай" сцэн байдаг ба эмчийг эцэг хүн маягаар дүрсэлж, Watanabe түүний эрх мэдлийн эсрэг хүлцэнгүй байдаг. "Ikiru" бол найруулагч Kurosawa, кино зохиолч Oguni хоёрын анхны хамтрал байсан агаад Oguni-н хэлснээр, киноны үүсэл нь Kurosawa үхнэ гэдгээ мэдээд амьдрах богино хугацаандаа амьдралаа утгатай дуусгахыг хүссэн хүний тухай кино хийх хүслээс бий болжээ. Oguni туршлагатай зохиолч байсан учраас хамтрагчаараа Hashimoto-г авчээ. Анхандаа Kurosawa Hashimoto-д киноны сэдэв нь 75 хоногийн л амьдрах хугацаатай хүний тухай байх ёстой гэж хэлж, мөн дүрийн замнал нь тийм ч чухал бус, орон гэргүй хүн эсхүл гэмт хэрэгтэн, бүр засгийн газрын гишүүн ч байж болно гэж хэлжээ. Кино зохиолчид Lev Tolstoy-н "The Death of Ivan Ilyich" туужаас санаа авцгааж, Oguni гол баатрын үхлийг киноны дундаас үзүүлнэ гэж төсөөлж байв. Kurosawa Watanabe-н савлуурдаж байгаа сцэнийг бичихдээ "Gondola no Uta" дууны үгний эхлэлийг дурдсан байсан ч тэдний хэн нь ч энэ дууг сайн мэддэггүй байсан учраас дууны тухай илүү дэлгэрэнгүй лавлагааг хамгийн хөгшин хүлээн авагчтайгаа зөвлөлджээ.
Критикүүд эл бүтээлийг сайшаан хүлээн авсан; критикч Bosley Crowther; хачирхалтай бас сэтгэл татам кино гээд, баатар нөгөө ертөнц руу одож байгаа нь хэсэг хүртэл сонирхолтой гэсэн ч жүжигчин Takashi Shimura-н тоглолт киноны бүх хэсэгт дээд түвшинд байдаг гэжээ. Харин Variety сэтгүүлд; хэт нялуун байдлаас зайлсхийж чадсан, драматик шинжээ киноны туршид хадгалсан шедевр гэж бичжээ. Критикч Roger Ebert; "Олон жилийн турш би "Ikiru"-г таван жил тутамд үзсээр ирсэн. Тэр болгонд энэ кино намайг догдлуулж, бодлогшруулдаг. Хөгшрөх тусам Watanabe надад өрөвдөлтэй хөгшин хүн шиг санагдаж, тэр яг л бидний нэг шиг санагддаг". Критикч Wally Hammond; "Энэ бол кино урлагийн хуманист ялалтуудын нэг". Өнөөдөр Watanabe-н савлуур дээрх зураглал домоглог болж бидэнд буудаг болжээ. Энэ бол дайны дараах Японы эрүүл мэндийн системийг шүүмжилсэн хөргөөс гадна Америкт 7 жил эзлэгдсэний дараах бүрэн эрхт байдлаа эргүүлэн авсан Японы засаглалын тухай кино.

Comments
Post a Comment