Пазузу

 


The Exorcist (1973). Иракийн эртний Хатра хэмээх хотод католик шашны хөгшин лам бас хараал тайлагч Merrin археологийн малтлаг хийж байх агаад эртний Ассирийн чөтгөр Пазузутай төстэй жижигхэн чулуун шүтээн олж буйгаар кино маань эхэлнэ. Өвгөн лам уг явдлаас хойш бие чилээрхэж мөн хачин чигтэй зүйлс олж үзэх бөгөөд чухам юу өөрт нь тохиолдоод байгааг сайтар мэдэн хирдхийн айна. Нэгдсэн улсын нийслэлд нэртэй жүжигчин хүүхэн Chris амин эрдэнэ болох арванхоёр настай охин Regan-ны хамт амар тайван, хангалуун амьдрах ба Chris нөхрөөсөө салж, хамаг бүхнээ охиндоо зориулах ганц бие ээж бол түүний охин Regan нь цовоо сэргэлэн, эрүүл чийрэг хүүхэд болой. Эх охин хоёр нэг өдөр Ouija гэх сүнс дууддаг тогломоор тоглож, охин уг тоглоомоор хааяа тоглодог, ахмад Howdy нэртэй сүнстэй холбогддогоо хэлэх ч тэр өдөр харамсалтайн өнөөх сүнс нь ор сураггүй байв.

  Тус шөнө дөө Chris дээврийнхээ хөндийгөөс хачин чимээ гарахыг сонсож харх байна гэж бодоод охиноо үнсэхээр өрөөнд нь ортол өрөө нь хөргөгчинд орсон мэт хүйтэн байна. Маргаашнаас нь Regan-ны зан араншин огцом өөрчлөгдөж, цовоо байдлаа гээж дуугаа хураан, бодлогшронгүй болоод зогсохгүй эхдээ янз бүрийн итгэмээргүй зүйлс ярихын дотор шөнө болохоор ор нь хөдлөөд байна гэх бөгөөд гэрээс зарим эд зүйлс алга болох явдлыг Chris охиныхоо этгээд аашлахтай холбож бодож эхэлнэ. Нэг өдөр Chris гэртээ найзуудаа авчран шөнө болтол ууж бас дуулах ба тэднийг ид наргиж байхад аль хэдийн унтсан байх ёстой Regan тэдэн дээр хүрч очин та нар тэнд үхэх болно гэж хэлээд шууд шээж эхэлдэг. Chris найзуудаасаа ичихээс илүүтэй охиныхоо биед сэтгэл зовж яаралтай эмчид хандах бөгөөд мэдрэлийн эмч үүнийг бага зэргийн мэдрэлийн ядаргаа, онцын юм алга гэдэг ч охины бие өдөр өдрөөр дордож хэзээ ч хэлж ярьж байгаагүй балиар муухай хараал хэлж, заримдаа үл ойлгогдох хэлээр ярьж эхэлнэ.

  Хөөрхий эх учраа олохоо байж мөнгө төгрөг, нэр сүрээ ашиглан аль л шилдэг гэх эмч болон сэтгэлзүйч дээр очиход нарийн оношилгоо хийгээд юу ч олсонгүй гэх бөгөөд эмч нарын өгсөн эм тан үйлчлэхээс илүүтэй улам дордуулан байх шиг эхэд нь санагдах ба үнэхээр ч охины зан араншин хурц догшин болж, нэг өдөр Chris өрөөнд нь ороход Regan-ны ор асар хүчтэйгээр чичрэн хөдөлж, охин дээр нь туслахыг гуйж байдаг. Анагаах ухаан охиныг нь эдгээхгүй харин шашинд хандах ёстойг Chris ухаарахад түүний найзын үхэл түлхэц өгөх бөгөөд Chris найздаа түр охиныг нь харж байхыг хүсээд түр гарчихаад ирэхэд найз нь бараг боломжгүй байдлаар цонхоор унаж үхсэн байна. Эл эмгэнэлтэй явдал амиа хорлолт юмуу золгүй явдал хэмээн үзэгдэн чимээгүй өнгөрөх ч хурц хараатай, ухаалаг мөрдөгч William-ын анхаарлаас ангид өнгөрсөнгүй. Мөрдөгч Chris-тэй аминчлан уулзаад ийн хэлнэ: танай найз золгүй байдлаар юмуу, амиа хорлож үхээгүй харин алуулсан гээд түүнийг цонхоор унахаас өмнө хэдийнээ үхсэн байсан буюу толгойгийн бүтэн эргүүлчихсэн байсан, үүнийг туйлын бяртай л хүн хийж чадна, толгойгийн мушгиж алчихаад цонхоор чулуудсан байна гэж хэлэх бөгөөд Chris зөвшөөрөхийг хүсэхгүй ч дотроо охиноо энэ хэрэгт буруутайг мэдрэн, охиноо хараагдсан гэдэгт бат итгэн ойр хавийнхаа шилдэг ламд хандахаар зориг шулуудана.

Тус хотноо Karras гэдэг лам олны хүндэтгэл хүлээн суух болов ч сүүлийн үед шашны ач тус ердөө сэтгэлзүйчээс ялгаагүй болсонд, хүмүүсийн завхай, худалч, бурханд итгэхээ больсонд гутран мөн өөрийн ядуу амьдралаас нь болж ээжийнх нь нас барсан зэрэг шалтгаанаар итгэл үнэмшилдээ эргэлзэж, сахил санваараа орхих талаар бодох болсон үед нь Chris түүнд хандах ба Karras хүүхнийг чин зүрхэнээс өрөвдөн туслахаар болно.. Karras хэзээ ч хараал тайлж байгаагүй гээд сүмээс зөвшөөрөл авдаг учиртай энэ бол амар хэрэг биш гэнэ. Сүм Karras-д зөвшөөрөл олгоод зогсохгүй энэ ажилд асар туршлагатай лам Merrin-ныг туслуулахаар болно. Ийнхүү Karras болон Merrin нар чөтгөрийн орогнох байр болсон хөөрхий охины амийг аварч, чөтгөрийг зайлуулахаар амь өрссөн там руу орцгооно.

  Америкийн кино найруулагч William Friedkin-н supernatural хоррор. Америкийн зохиолч William Peter Blatty өөрийнхөө 1971 оны ижил нэрт романыг кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны гол дүрүүдэд; Ellen Burstyn, Max von Sydov, Jason Miller, Linda Blair нар тоглосон. Blatty мөн продюсерээр ажилласан ба Friedkin тэр жүжигчдийн бүрэлдэхүүнээ сонгоход маш хүндрэлтэй байсан гэдэг. Үндсэн зураг авалтын үеэр кино багийн гишүүдээс гэмтэж бэртэн, зарим нь бүр үхэх зэргээр янз бүрийн асуудал, осол тохиолдож, улмаар зураг авалт хойшлогдсон. Продакшны хугацаа төлөвлөснөөс хоёр дахин уртасч, анхны төлөвлөсөн төсвөөс бараг гурав дахин их зардал гарсан. Энэ бүхнээс үүдэн уг киног хараагдсан гэсэн яриа хүртэл гарчээ. "The Exorcist" кино 1973 оны 12 сард нээлтээ хийж критикүүдээс янз бүрийн үнэлгээ авсан. Энэ хоррор кино ер бусын үзэгдэл болсон буюу үзэхийн тулд үзэгчид хүйтэнд урт дараалал үүсгэж, Warner Bros театруудыг түрээслэн (томоохон студийн хувьд анхны тохиолдол байв) ёстой цөм хийж байсан гэдэг. Үзвэрийн үеэр зарим үзэгчид тархины ангиографтай гэх мэт цочирдмоор сцэнүүдэд бөөлжиж, ухаан алдаж, алингаа алдаж байсан ба зарим хотод хүүхдүүдэд үзүүлэхийг хориглож байсан. Киног дагасан маргаан, соёлын нөлөө Оскарын наадамд шилдэг кино төрөлд нэр дэвшихэд хүргэсэн (Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн анхны хоррор болсон) буюу кино нийтдээ 9 төрөлд нэр дэвшсэнээс Blatty-д шилдэг кино зохиол хөрвүүлэлт шагналыг атгуулсан.

  Эх хувилбараас хойш хэд хэдэн үргэлжлэл гарч эдүгээ франчайз (мөн култ болсон) болсоноос гадна 2017 онд "It" бүтээл гарахаас өмнө хамгийн их ашиг олсон R үнэлгээтэй хоррор кино байсан байдаг. Киноны дүрүүд нь, нарийн ширийн нь, бодит орчноос үндэслэсэн учраас өнөөдөр ч энэ хоррор нүд хальтрам, хирдхийлгэм байдаг. Ийм аймшигтай зүйлс өөрсдөд нь битгий тохиолдоосой гэж үзсэн хэн ч боддог болохоор "The Exorcist" шинэлэг бас аймшигтай хэвээрээ байна. Энэ киноны хүч мөн теологийн асуудлыг нухацтай авч үзсэнд оршдог ба Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 270-р байрт эрэмбэлээд байна. Энэхүү хоррор нь үзэгчдийн хувьд жинхэнэ шок байв. Дотор муухайрах үзэгдэл түгээмэл байсан ба Торонтогийн нэгэн театрын 1400 орчим суудалтай танхим бүх суудлаа өдөр бүр 4 удаа дүүргэдэг байснаас ямаршуу хит кино байсан нь харагдана. Тус театрын менежер хэлж байна "театрын ариун цэврийн өрөөний үнэр гамшиг байсан. Хүмүүс гүйж ирээд л суултуур руу бөөлждөг байлаа. Сантехникч бараг театрт амьдардаг байлаа. Хүмүүсийг загалмайд цовдлогдсон хэсэг хамгийн ихээр тавгүй болгодог байсан; театрын үнэртэй давсны нөөц дууссан. Ихэнх үзэгчид киног дуусгалгүй хаяад явдаг байсан бол зарим нь үүдний танхимд хамт яваа хүнээ хүлээж зогсож байгаа харагддагсан".

Нэгэн кино тоймчийн бичсэнээр; ариун цэврийн өрөө бөөлжсөөр дүүрсэн байсан тул угаалтуурт хүрэх боломжгүй байсан гэдэг. Үнэн эсэх нь мэдэхгүй ч зарим театрт үзвэрийн үеэр бөөлжих уут өгдөг байсан гэх. Судлаач, шүүмжлэгчид уг киноны амжилтыг 1960-аад оны сүүлээр бий болсон соёл, улс төр, нийгмийн үймээн самууны дараа үүссэн нийгмийн түгшүүртэй холбон тайлбарласан. Энэхүү хоррор нь Америкийн бодит ба түүхэн системийн муу муухайгаас зайлсхийх чадваргүй, тогтворгүй өөрчлөлтийн төлөв байдлыг харуулсан гэж үзэгсэд гарч ирсэн бөгөөд 1960-аад оны готик хоррор кинонуудын хэв маягаас холдсон "The Exorcist" нь садар самуун, эртний чөтгөрлөг доройтлоор ханзарсан орчин үеийн хотын амьдралын үнэмшилтэй хөрөг гэж дүгнэгсэд бас гарсан. Харин Stephen King 1983 онд өгсөн ярилцлагадаа: "Болдогсон бол энэ киног нийгмийн хоррор кино гэмээр байна" гэжээ. Киноны туршид бэлгэдлийн болон бодит хуваагдал байдаг ба нэгэн шүүмжлэгчийн хэлснээр "Дэлхий ертөнц эмх замбараагүй болоход чөтгөр айхтар муухай орох хаалга хийж чаддаг" гэсэн буй. Кино нээлтээ хийх үед зартай "Watergate"-ийн хэрэг даамжирч, ерөнхийлөгч Richard Nixon уг хэрэгт татагдан ороод бөөн шуугиантай байв. 2019 онд нэгэн судлаачийн хэлснээр уг кино "Watergate"-ийн хэргийн тусгал гэжээ. Нэгэн теологич бичиж; "уламжлалт шашны болон нийт үнэт зүйлсийн уналтаас үүдэлтэй бидний эрин үеийн увайгүй сэтгэлийн үр дүнд бий болсон Америкийн сүнсийг харуулсан психодрамын нэг бол энэ бүтээл" гэжээ.

  Энэхүү хоррор нь өнгөн талдаа үзлийн муухай ч уламжлалыг хүндэтгэх үндсэн дээр бүтээгдсэн тонгоруу бүтэцтэй ажээ. Феминист зохиолчид уг киног өргөнөөр авч хэлэлцсэн. Тухайн үед Америкт эмэгтэйчүүдийн эрх чөлөөний хөдөлгөөн хууль тогтоох байгууллага болон шүүхүүдэд тодорхой хэмжээнд амжилт олж байв. Патриархын эрх мэдлээс аврагдсан өрх толгойлсон ээж болоод түүний хяналтгүй охиныг түүхийг феминизмын эсрэг хариу үйлдэл гэж ч дүгнэдэг. Энэ кино нэг талаараа эмэгтэйчүүдийн эрх чөлөө, ижил хүйстнүүдийн эрх чөлөө хийгээд Хар Хүчний хөдөлгөөнүүдийн 1970-аад оны Америкийн нийгэмд сорилт болоод зогсохгүй цагаан арьст америкчуудын хар дарсан зүүд болсоныг симбол маягаар харуулна. Blatty-н романы аспектууд 1949 онд Иезуитийн санваартан William S. Bowdern гэгчийн чөтгөр зайлуулах зан үйлээс үндэслэгджээ. Blatty "The Dick Cavett Show" гэдэг телевизийн нэвтрүүлэгт орж чөтгөр зайлуулах тухай ярих хүртэл түүний ном олны анхааралд өртөөгүй байсан ба удалгүй түүний ном хамгийн борлуулалттай ном болжээ. Blatty өмнө нь найруулагч Blake Edwards-н кинонд зохиолчоор ажиллаж байсан туршлагатай байсан авч кино студиуд "The Exorcist" номыг нь хэвлэгдэх хүртэл огт сонирхоогүй.

Продюсер Lew Grade кино болгох эрхийг худалдаж авах даруухан санал тавьсан ба санхүүгийн асуудалтай байсан Blatty хүссэн шигээ мөнгө аваагүй ч продюсерээр ажиллах эрхийг авч чадсан. Дараа нь, "Butch Cassidy and the Sundance Kid" киног продюсерлэсэн Paul Monash-тай хамтран продюсерлэхээр тохиролцоод байсан боловч кино зохиолын зөрүүтэй байдал болон Monash-н киног бүрэн удирдан хянах гэсэн оролдлогыг олж мэдсэн Blatty түүнтэй ажиллахаас татгалзсан байна. Blatty-н бичсэн кино зохиол романыхаа үйл явдлыг дагадаг ч түүхийг илүү нарийсгасан; сүмийг гутаан доромжилсон, Karras болон Kinderman хоёрын харилцааны хөгжил, Karras сүмийн хүнд сурталтангуудаас чөтгөр зайлуулах зан үйлийг зөвшөөрүүлэхийг оролдож байгаа, мөн Regan-ны биеийг шинжлэн үзэж байгаа эмнэлгийнхний үйл ажиллагаа гэх мэт дэд үйл явдлыг товчилж, хураангуйлсан аж. Regan-ны дүрд ойролцоо насны жүжигчин охин тоглуулахаар төлөвлөж байсан учраас номон дахь сексийн агуулгатай зарим хэсгийг кинонд нэлээд бууруулж, бүдгэрүүлж оруулсан ба Regan-ны загалмайгаар өөрийгөө хангадаг хэсэг номонд илүү урт бас дэлгэрэнгүй байдгаас гадна Regan өөрийгөө ноцтой бэртээдэг ч дур ханадаг аж.

  Мөн кинонд чөтгөрт эзэмдүүлсэн Regan-ны үргэлж чацга алдаж, өрөөгөө гамшгийн болгож байгааг кинонд оруулаагүй. Blatty мөн кино зохиолдоо Regan-ны биеийн байдлыг хоёрдмол утгагүй болгосон. Түүний номонд, чөтгөрт эзэмдүүлж байгааг илтгэх шинж тэмдэг, зан авир бүр нь байгалийн, шинжлэх ухааны үндэслэлтэй болох нь тогтоогдсон бодит тохиолдлуудыг харьцуулдаг аж. Киноны гол дүрүүдийн жүжигчдийг, ялангуяа Regan-ны дүрийн жүжигчнийг сонгон авахад маш хүндрэлтэй байсан гэдэг. Хэдийгээр тухайн үеийн олон томоохон оддыг тоглуулахыг студи хүсч байсан авч Blatty болон найруулагч Friedkin хоёр бага танигдсан жүжигчдийг сонгосон байдаг. Chris-н дүрд тухайн цаг үеийн А зэрэглэлийн эмэгтэй жүжигчид болох Audrey Hepburn, Anne Bancroft, Jane Fonda нарт санал тавьсан авч тэд бүгдээрээ татгалзсан байдаг. Blatty-н найз Shirley MacLaine-н нэр яригдсан ч Shirley "The Possession of Joel Delaney" гэдэг "The Exorcist"-тэй төстэй кинонд тоглочихоод байсан тул Friedkin татгалзсан байдаг аж. Жүжигчин Ellen Burstyn сонгон шалгаруулалтад орохдоо Friedkin-д "би Chris-н дүрд тоглох заяатай" гэж хэлснээр кинонд тогложээ.

Кино бүтээгчид киног нь залуу балчир жүжигчин авч явна гэдэгт эргэлзэж байсан. Тэд илүү олонд танигдсан жүжигчин хүссэн; Pamelyn Ferdin хэтэрхий алдартай байсан тул татгалзсан бол Denise Nickerson зохиолыг уншаад дэндүү хар бараан гээд орхисон. Janet Leigh мөн ийм шалтгаанаар охин Jamie Lee Curtis-г сонгон шалгаруулалт оруулаагүй. Харин Friedkin илүү туршлагатай насанд хүрсэн жүжигчин хүсч байлаа. Elinore Blair охин Linda-тайгаа ирснээр Linda Blair Regan-ны дүрд тоглохоор болсон. Friedkin анх түүнтэй уулзсанаа эргэн дурсахдаа; "Тэр ухаалаг ч боловсроогүй байсан. Эгдүүтэй ч үзэсгэлэнтэй биш. Энгийн, 12 настай жаргалтай охин байлаа" гэсэн буй. Friedkin охиноос номын талаар асуухад Blair номыг уншсан хэмээгээд "энэ боо чөтгөрт эзэмдүүлж, олон муу зүйлс хийдэг бяцхан охины тухай" гэж хариулжээ. Найруулагч түүнээс энэ чамд ямар утгатай санагдаж байна гэж асуухад, тэрээр; "Тэр унтлагынхаа цонхоор нэг эрэгтэй хүнийг түлхэж, ээжийнхээ нүүр рүү дэлсэж, бас загалмайгаар өөрийгөө хангадаг" гэж хариулж. Friedkin өөрийгөө хангах гэж юу болохыг асуухад Blair; "Энэ чинь гар хангалга мөн биздээ" гэж хэлээд бага зэрэг хөхөрч. Чи ийм зүйл хийж байсан уу гэж найруулагч охиноос асуухад Blair; "Мэдээж шүү дэа, та тэгдэггүй юмуу?" гэж хариулсан гэдэг. Mike Nichols,  Stanley Kubrick,  Arthur Penn,  Peter Bogdanovich нарын найруулагчид найруулагчийн суудалд яригдсан авч эцэстээ студид Matk Rydell-г сонгосон.

Харин Blatty Friedkin-тэй танилууд байсны дээр хамгийн гол нь түүний "The French Connection" кино маш их таалагдаад байсан учир Rydell-г Friedkin-нээр сольсон байна. Blatty Friedkin л өөрийнх нь түүхэнд баримтат киноны реализмын дүр төрхийг өгч чадах найруулагч гэж итгэжээ. "The French Connection" тухайн үед арилжааны амжилт үзүүлж, Оскарын наадмын шилдэг киногоор шалгараад байсан болохоор студи ч нээх цааргалсангүй. "The French Connection" кинонд зураглаачаар ажилласан Owen Roizman энэхүү бүтээлд дахин Friedkin-тэй хамтарсан. Тэд өмнөх бүтээл шигээ "The Exorcist" киног гэрэлтэй харагдуулахыг хүссэн. Chris-н байшин нь "Psycho" гэх мэт аймшгийн кинонуудад гардаг байшингийн дотоод засал чимэглэлээс ялгаатай нь хэвийн, урин дуудсан байдлаар хийгдсэн авч бас муу ёрлосон шинжийг агуулсан харагддаг. Найруулагч "бүрэн бодит байдлыг шаардсан" ба кинондоо байшинд байж болох толь, шил гэх мэт ойж тусах боломжтой бүхнийг байлгахыг хүссэн гэдэг.

Чөтгөр зайлуулдаг сцэнийг авахад тун хүндрэлтэй байв. Найруулагч романд дүрслэгдсэн шиг унтлагын өрөөг жүжигчдийн амьсгал харагдахуйц хүйтэн байлгахыг хүссэн бөгөөд тухайн үеийн $50.000 доллараар -20 'F (-20 'C) хүртэл хөргөдөг хөргөлтийн системийг авч суурилуулсан аж. Тайзны гэрэлтүүлэг агаарыг халааж байсан учир нэг удаад ердөө гурван минутын л зураг авалт хийж байсан ба байнгын эвдрэлийн улмаас өдөрт ердөө таван удаа л зураг авч, зохиолын дарааллын дагуу сцэнийг бүтэн дуусгахад сарын хугацаа зарцуулсан. Ламтан Merrin-н хүрэлцэн ирдэг сцэн киноны зураг авалтын эхний өдрийнх байсан. Merrin таксинаас буун Chris-н байшингийн өмнө зогсоод унтлагын өрөөний цонхоор тусах гэрлийг ширтэн манантай гудамжны гэрэлд сүүдэртэн харагддаг сцен бол киноны хамгийн алдартай сцэнүүдийн нэг билээ. Тус кадрыг Rene Magritte-н "Empire of Light" гэдэг уран зургаас санаа авч бүтээсэн аж. Энэ хэсгийг Blatty номондоо "цаг хугацаанд царцсан гунигтай аялагч" шиг гэж тодорхойлсон байсныг Friedkin яв цав дүрсжүүлэхийг хүсчээ. Чөтгөрт эзэмдүүлсэн Regan-ны толгой бүтэн эргэдэг сцэн үзэгчид, критикүүдийн анхаарлыг татаж бас сэрдхийлгэж байв. Үүнийг Regan-ны хэмжээтэй хүүхэлдэйгээр хийхдээ тусгай эффект ч ашиглажээ. Чөтгөрт эзэмдүүлсэн Regan загалмайгаар өөрийгөө хангадаг сцэнийг хийхдээ Friedkin кино багийнхантайгаа хэрхэн үнэмшилтэй гар хангалга хийх тухай удаан ярилцаж, гар хангалга хийхэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү бугуйгаа хүчтэй хөдөлгөх ёстой гэсэн зөвшилцөлд хүрсэн буй. Киноны хамгийн таагүй мэдрэмж төрүүлсэн сцэн бол Regan-ны хүзүүнээс цус авдаг ангиографтай хэсэг байсан ба Blatty өөрөө эл сцэнийг хэзээ ч үзээгүй гэдэг. Friedkin өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрөөд; гэмгүй бяцхан охины анагаах ухаан өвтгөж байгаа энэ сцэн кино дахь бусад ямар ч чөтгөртэй сцэнээс илүүтэй үзэгчдийн тухыг алдагдуулсан гэж хэлсэн буй.

  Олон критикүүд сайхь сцэнийг кинонд шаардлагагүй хэсэг байсан гэж бичжээ. Тэгвэл аалзны алхалттай хэсгийг каскадер Ann Miles 2 долоо хоногийн бэлтгэл сургуулилтын үр дүнд хийжээ. Түүнд тусгай хэрэгсэл өмсөхийг санал болгосон ч Miles гаргууд гимнастикчин байсан учир элдэв эд хэрэгсэл ашиглаагүй аж. Кино нээлтээ хийсний дараа критикч Stanley Kauffmann: "Ойрын хэдэн жил үзээгүй аймшигтай кино байлаа" гэсэн бол Arthur D. Murphy: "supernatural хоррор түүхийн мэргэжилтэн" гэж Friedkin-г магтсан. Найруулагч Joe Dante: "Гайхалтай кино. Багадаа л хоррор классик болох тавилантай кино. Өмнө нь хэзээ ч ийм зүйлс дэлгэцнээ гарч байгаагүй". Критикч Roger Ebert: "хүмүүс ямар нэг зүйл мэдрэхийн тулд ийм ширүүн кино үзэх шаардлагатай болтлоо тийм мэдрэлгүй болчихсон хэрэг үү?". 

Comments