Ганцаарддаггүй хүмүүс

 


Heat (1995). Америкийн кино найруулагч Michael Mann-н зохиолыг нь бичиж найруулсан туульсын гэмт хэрэгт жанрын кино. Уг кинонд цагдаа, хулгайч хоёрын зөрчлийг мэргэжлийн үүднээс бас хувийн талаас нь нарийвчлан үзүүлдэг. Mann 1979 онд "Heat" киноныхоо эх зохиолыг бичсэн бөгөөд Чикагогийн цагдаа Chuck Adamson гэмт хэрэгтэн Neil McCauley (Robert De Niro-н дүрийг энэ нэрээр нэрлэсэн) хоёрын хөөцөлдөөнөөс сэдэвлэжээ. Уг зохиолыг анхлан Mann телевизийн туршилтаар ашигласан авч цуврал болохуйц захиалга аваагүй учраас 1989 онд "L. A. Takedown" нэртэй телевиз кино болгожээ. 1994 онд Mann зохиолоо эргэн харж, продюсер Art Linson-той хамтран бүрэн хэмжээний кино болгохоор зорьсон. Киноны гол дүрүүдэд; Robert De Niro, Al Pacino хоёр гайхалтай хослон тоглосон ба энэ бол хоёр аварга загасын хамтдаа нэг дэлгэцэнд гарсан анхны кино байсан. Тэд ч шилдэг тоглолтуудаа толилуулсан. Оргил үедээ байсан тэдний нэр хүнд киног сурталчлах сайхан боломж байв. Туслах дүрүүдэд Jon Voight, Val Kilmer, Tom Sizemore, Ashley Judd, Natalie Portman, Danny Trejo, Hank Azaria, Amy Brenneman нар тоглосон.
Кино нээлтээ хийгээд арилжааны хувьд амжилт олж, критикүүд Mann-н найруулга болон Pacino, De Niro хоёрын тоглолтыг үгээ олохгүй магтсан. Өнөөдөр энэхүү киног төрөл жанрынхаа хамгийн нөлөө бүхий кинонуудын нэг гэж үздэг, мөн бусад олон кинонуудад нөлөөлсөн байдаг. Pacino, De Niro хоёр дэлгэцнээ цөөхөн минутыг хамтдаа өнгөрүүлдэг хэдий ч "Heat" бол эдгээр хоёр одоороо хөтлөгдсөн сэтгэлийн гүнд хүрдэг гэмт хэргийн драм ба эл бүтээлээрээ Mann жанрынхаа мастер болохоо бататгасан. "Heat" ижил төрлийн тоо томшгүй олон кинонуудын дунд өндөр байр суурьтай төгс бүтээгдсэн, гол, туслах гэлтгүй жүжигчдийн бүрэлдэхүүн цөмөөрөө бишрэм гүйцэтгэл толилуулсан бүтээл. Найруулагч Mann-н сайн ба муугийн хамаарлын талаарх энэхүү амбицтай судалгаа нь ер бусын баялаг дүр төрх, орчин үеийн амьдралыг гүн гүнзгий гунигтайгаар харуулснаараа бусад кинонуудаас ялгардаг. Гэмт хэрэгт жанрын кинонд ийм олон дүрийг адилхан гүн гүнзгий харуулах нь ховор ба хуулийн эсрэг зан төрхийн тухай философийн бодол нь нийгмийн ерөнхий дүр зургийг илүү үр дүнтэйгээр харуулахад үйлчилдэг. Энэ бол сэтгэл догдлуулам хэрнээ тун гунигтай кино билээ. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 268-р байрт эрэмбэлээд буй уг киноны талаар хэдэн үг хэлье.

  Найруулагч Mann уг кинондоо De Niro-н тоглосон Neil McCauley-н дүрийг бүтээхдээ "Le Samourai" шедеврийн гол баатар болох Alain Delon-н дүрээс ихээхэн санаа авчээ. "Heat" кинонд McCauley-н "I am alone, not lonely" гэдэг мөрийг Jeff Costello-н "I never lose, never really" гэдгээс санаа авч зохиожээ. Энэхүү кино нь 1964 онд Алкатрас шоронд хоригдож байсан, мэргэжлийн гэмт хэрэгтэн Neil McCauley-г мөшгөн мөрдөж байгаад барьсан  мөрдөгч Chuck Adamson нарын бодит явдлаас сэдэвлэгдсэн ба 1961 онд кинонд гардагчлан McCauley-г Макнейлын арлын засан хүмүүжүүлэх төвд шилжүүлсэн аж. Нөхөр 1962 онд суллагдангуутаа шинэ дээрэм тоонол төлөвлөж эхэлжээ. Pacino-н дүр нь McCauley-н багийнхан шинэ дээрэм хийхээр бэлтгэж байгааг мэдээд мөшгөх болсон мөрдөгч Chuck Adamson дээрээс үндэслэгджээ. Adamson, McCauley хоёр нэг удаа хамт кофе ууж байсныг кинонд дүрслэн харуулдаг; кино зохиол дээрх тэдний харилцан яриа Adamson, McCauley хоёрын жинхэнэ яриан дээр үндэслэгдсэн байв. Дараагийн удаад тэр хоёр уулзахдаа буудалцсан нь мөн л кинонд тусгагдсан билээ.

  1964 оны 3-р сарын 25нд McCauley болон түүний нөхөд Чикагогийн Цицеро өргөн чөлөөнд байрлах нэгэн хүнсний дэлгүүрт мөнгө хүргэж явсан хуягт машиныг дагаж яваад мөнгө буулгагдсаны дараа  3 дээрэмчин дэлгүүрт дайрч орсон байдаг; тэд одоогийн ханшаар $99,000 доллар хулгайлсан байна. Ийнхүү цагдаа нар ирж буудалцсан; McCauley-н багийнхан Adamson болон бусад 8 мөрдөгчид зугтаах бүх боломжит гарцуудыг хаачихсаныг мэдээгүй байсан ба дээрэмчид гарах гарцгүй болсноо мэдээд галзуурсан мэт бууджээ. Russell Bredon, Michael Parille хоёр газар гудамжинд алагдсан бол Miklos Polesti (кинонд Chris) зугтааж гарч чадсан авч хэдэн хоногийн дараа баригдаж, шоронд хоригдоод 2011 онд нас баржээ. Харин McCauley ойролцоох байшингийн зүлгэн дээр буудуулж үхсэн бөгөөд 50 настай байсан тэрээр олон дээрмийн хэрэгт сэжиглэгдэж байв. Сонирхуулахад, Adamson телевиз, киноны салбарт хүч сорин орж, 2008 онд 71 настайдаа нас барсан. Mann "Public Enemies" киногоо түүний дурсгалд зориулсан байдаг. Jon Voight-н тоглосон Nate-н дүр бол кинонд Mann-н зөвлөхөөр ажиллаж байсан гэмт хэрэгтэн байж байгаад кино зохиолч болсон Edward Bunker-ээс үндэслэгджээ. 1994 онд найруулагч Michael Mann нэрт жүжигчин James Dean-н намтар киноноос татгалзаж, энэ киногоо Art Linson-той (энэ кинонд продюсерээр ажилласан) хамтран хийхийг хүсчээ.

Уг киногоо Al Pacino, Robert De Niro хоёрыг нэг үзэгдэлд хамтдаа гарсан анхны кино гэж зах зээлд дээр сурталчилсан ба хэдий тэд "The Godfather" киноны 2-р ангид хамт тоглосон ч киноны давхар өгүүлэмжийн бүтцээс болж нэг сцэнд хамтдаа гардаггүй билээ. Pacino, De Niro хоёр анхнаасаа л эхний сонголтууд байсан ба тэд ч саналыг шууд зөвшөөрчээ. Манн "The Last of the Mohicans" кинондоо хамтран ажилласан зураг авалтын менежер Janice Polley-г байршлын менежерээр томилж, өмнө нь кинонд гарч байгаагүй газруудад зураг авалт хийхийг хүссэн аж. Удаан үргэлжлэх буудалцааны хэсгийг бодитой болгохын тулд Британий агаарын тусгай албаны түрүүчийг хөлслөн техник, зэвсэг сургагч, зөвлөхөөр ажиллуулсан ба тэрээр жүжигчидтэй 3 сар буудах, буу эзэмших бэлтгэл сургуулилт хийжээ. Robert De Niro киноны зохиолыг хүлээж авсан анхны жүжигчин байсан ба тэрээр зохиолыг Pacino-д өгч, Pacino уншингуутаа кинонд тоглохыг зөвшөөрсөн. De Niro "Heat" бол бодитой, оригнал, хүнд хүрэхүйц тун сайн түүх гэж үзсэн. Хожим Pacino өөрийнхөө дүрийг киноны туршид хар тамхины нөлөөнд автсан байсан гэж үздэгээ хэлсэн. Найруулагч маань Kilmer, Sizemore, De Niro нарыг дүрд нь бэлтгэхийн тулд шоронд аваачиж жинхэнэ гэмт хэрэгтэнгүүдтэй ярилцлага хийлгэж байж.

Жүжигчин Ashley Judd дүрийн судалгаа болгож гэрийн эзэгтэй болсон хэд хэдэн биеэ үнэлэгчтэй уулзаж ярилцсан гэдэг. Keanu Reeves-д Chris-н дүрийг санал болгосон авч тэрээр Манитбо театрт Гамлетын дүрд тоглохыг илүүд үзэн татгалзсан. Критикч Roger Ebert цагдаа ба гэмт хэрэгтний хоорондын симбиобтик харилцаа, эрэгтэй ба эмэгтэй дүрүүдийн тасарсан дотно харилцааг сэтгэлзүйн талаас нь харуулсан Mann-н зохиолыг ер бусын боловсронгуй гэж магтжээ. Тэрээр мөн "энэ бол ердийн онц сонирхолтой кино биш. Хамгийн гол нь, харилцан яриа нь дүрүүдийнхээ юу бодож байгааг илэрхийлэх боломжийг олгодог хангалттай төгс кино" гэжээ. Критикч Simon Cote "Heat" киног хамгийн ухаалаг гэмт хэргийн тухай триллер киноны нэг гээд Pacino, De Niro хоёрын хамтдаа гардаг сцэнийг гунигтай бас сэтгэл хөдөлгөм гэжээ. Критикч Kenneth Turan уг киног "гялгар, нягт нямбай хянагдсан, бүрэн өөртөө татсан,төгс гүйцэтгэлтэй кино" гэж бичжээ. Rolling Stone сэтгүүл "Heat" киног 1990-ээд оны хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 28-р байрт жагсаасан бол The Guardian сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг гэмт хэрэгт жанрын кино жагсаалтдаа 22-р байрт эрэмбэлсэн байна.
Найруулагч Christopher Nolan "The Dark Knight" киноныхоо Готам хотыг дүрслэхдээ "Heat" киноноос санаа авсан гэдгээ хэлсэн байдаг. Энэ кино дээрх шиг дүрүүд нь мэдрэмжтэй, уран үгтэй, этгээд, шаардлагатай үед яруу найрагч шиг байдаг тийм дүрүүдтэй кино ховор. Кино нэр нь хууль сахиулахынхан ойртон байгааг тодорхойлохын тулд гэмт хэрэгтнүүдийн ашигладаг нэр томьёо аж. "Heat" бол үйл явдал нь голдуу шөнийн цагаар өрнөдөг кино ба шөнөөр амьдрагч дүрүүд нь өөрсдийн дүрэм, итгэл үнэмшлээрээ амьдардаг агаад тэд үүнээсээ хазайх бараг боломжгүй юм шиг санагдана. Гол дүрүүдийн хүчин чармайлт, философи, мөн гол дүрүүдийг амилуулсан шилдэг гүйцэтгэл уг бүтээлийг аугаа болгохын сацуу утга агуулгыг нь ч гүн гүнзгий болгодог. Мэргэжлийн төгс ур чадвараараа хуульд үл баригдан төгс төгөлдөрт хүрэх авъяастай хүмүүсийн тухай өөр нэг кино байдаг нь найруулагч Robert Rossen-н "The Hustler" ба энэ хоёр кино төгс гэмээр дүрүүдээрээ төстэй. Энэхүү хандлага тун гүн байдаг тул Pacino-н дүр социопат шинжтэй өрсөлдөгчтэйгөө өөрийн хувийн түүх хийгээд философийг хуваалцахгүй байж чаддаггүй. "Heat" бол бүх цаг үеийн хамгийн дээрэмтэй кино ба бишрэм банк тонодог сцэн "The Town" болон "The Dark Knight" зэрэг кинонуудад нөлөөлсөн нь эргэлзээгүй.

  Жижиг гэлтгүй хэсэг болгонд шилдэг жүжигчид тоглодог; Mann тэдэнд хамгийн үнэмшилтэй газар орчинд байршуулахдаа студид бараг зураг аваагүй нь жинхэнэ байдлын мэдрэмж өгнө. Уг киногоороо Mann дүрүүд хийгээд тэдний үйл ажиллагааг бүрэн үнэмшилтэй болгодог газар, нөхцөл байдлын дүр төрх, дуу чимээг буулгах гайхалтай чадвартай гэдгээ харуулсан. Тэрээр дүрүүдээ хэрхэн бий болсон тухай мэдлэгийн бас судалгааны түвшинд дамжуулдаг. Mann голлох дүрүүд, тэр ч байтугай туслах дүрүүдийн тухай ч нарийвчлан үзүүлдэг. Жишээлбэл, киноны завгүй төгсгөлд Vincent-н хойд охин, ач холбогдлыг багатай дүрийн асуудлыг хүртэл авч үздэг; гэхдээ энэ нь Vincent-н гурав дахь эхнэртэйгээ харилцаагаа дуусгахад чухал үүрэгтэй байдаг. Mann-н энэхүү "тэвчишгүй" нарийвчлал арай хэтэрхий мэт санагдах авч киноны төгсгөлд үзэгчид эдгээр дүрүүдийг сайн мэддэг болсон байдаг давуу талтай.

  Жишээлбэл, киноны дунд хэрд хоёр гол дүрийн удаан хүлээсэн анхны уулзалт болдог; энэ сцэн гайхалтай диалоги, мартагдашгүй ишлэлүүдтэй хэдий ч энэ сцэн хүртэлх хүлээлтийг аажмаар үүсгэсэн Mann-н чадварыг магтууштай. Үзэгчид "Heat" киноны дүрүүдийг аажмаар ойлгож, энэрч эхэлдэг учир киноны тулаантай хэсгүүд маш их нөлөөтэй тусдаг. Банк дээрэмддэг хэсэг яагаад тийм алдартай бас мартагдашгүй байдаг нь үзэгчид хэдийнээ тэдэнтэй гүн гүнзгий холбоо тогтоосон байдгийнх болой. "Heat киноны хоёр гол дүр хуулийн хувьд эсрэг тэсрэг хүмүүс боловч бие биенээ дэндүү сайн ойлгодог, жирийн нөхцөлд найзууд байх магадлалтай. Энэ бол хоёр гол дүр нь нийтлэг мэдрэмжтэй ховор бүтээлийн нэг бөгөөд уг киног үзсэн хэн ч гэсэн тэдэнтэй ижил төстэй байдлаар холбогдох болов уу. 

Comments