Husbands (1970). Америкийн нэрт кино найруулагч John Cassavetes-н зохиолыг нь бичиж найруулсан комеди-драм. Уг кинонд дотно найз нь нас барсны дараа дунд насны хямралд орж байгаа дундаж давхаргын гурван найз эрчүүдийн тухай өгүүлнэ. Киноны гол дүрүүдэд; Ben Gazzara, Peter Falk болон John Cassavetes өөрөө тоглосон. "Husbands" нээлтээ хийсний дараа критикүүд эерэг, сөргөөр хоёр хуваагдсан шүүмжүүд бичсэн ба зарим нь найруулагчийн шилдэг бүтээл гэж байхад Roger Ebert, Pauline Kael нарын критикүүд зад шүүмжилсэн. "Дунд насны хямрал" гэдэг нэр томьёо 1970-аад оны үеэс кино урлагт орж ирж, бараг моод болоход уг кино анхдагчдын нэг болж байв. "A Comedy About Life, Death and Freedom" хадмал нэртэй уг кино бол маргаангүй хувийн шинжтэй, өдөөн хатгасан, тууштай дүр зурагтай, Америк эрчүүдийн сэтгэлзүй рүү хандсан зоримог аялал.
Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 330-р байрт жагсаагаад байна. Критикч Stanley Kauffmann: "Гоёмсог хувцасласан хог" гэсэн байхад Gene Siskel тухайн оны шилдэг 10 киноны тоонд оруулсан. Cassavetes, төрсөн ахыгаа алдсан уй гашуугаа энэ кинондоо шингээж өгсөн, тиймээс энэ бол түүний хувьд тун хувийн шинжтэй кино гэдэг. Cassavetes Falk, Gazzara хоёртой импровиаци хийснийхээ дараа харилцан яриаг бичиж буулгаснаас гадна өөрсдийнхөө зан чанар дээрээс дүрүүдээ бүтээжээ. Falk-н хэлснээр, Cassavetes тэр найруулагч Elaine May-н "Mikey and Nicky" кинонд хамтран тоглох үеэр Cassavetes түүнд "Husbands" төслөө танилцуулсанаар тоглохоор болжээ. Мөн Falk-н хэлснээр бол Gazzara тэр хоёр кино зохиолд хувь нэмрээ оруулсан ч түүх, бүтэц хийгээд сцэнүүдийг Cassavetes бүтээсэн аж. Киноны төгсгөлд, Gus, Archie хоёр гэрийнхээ үүдэнд ирээд бэлгүүдээ хувааж авдаг сцэнийг Falk бодож олжээ. Archie, Julie хоёрын зочид буудлын өрөөн дэх хэсгийг импровиацлан авсан ба өрөөнд тэр хоёроос гадна камертай Cassavetes л ганцаараа байжээ.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. Gus (Cassavetes), Harry (Gazzara) болон Archie (Falk) нар бол Нью-Йорк хотын захын дүүрэгт амьдарцгаадаг, гэр бүлтэй, жаргалтай дунд насны эрчүүд. Тэд гурвуулаа ажилтай, амжилттай ч яваа эрчүүд бөгөөд гурвуулаа хар багаасаа нөхөрлөсөн. Барагалж хамтдаа өссөн, ах дүүс шиг болсон найзууд өөрсдийн дотно найз Stuart-н гэнэтийн үхлээс болж шоконд орох буюу залуу нас нь алга болж, залуу насаа хадгалж чадахгүйгээ ухаарцгаана. Stuart-н оршуулгын ёслолын дараа тэд хоёр хоног хамтдаа метрогоор давхиж, сагс тоглож, бааранд дууны тэмцээн зохиож, нэг үгээр битүү архидацгаана. Harry гэртээ харьж, эхнэртэйгээ муудалцаж, уурандаа Лондон руу нисэхээр шийдэхэд Archie, Gus хоёр ч дагахаар болно. Лондонд тэд тансаг зочид буудал хөлслөөд дэгжин хослол өмсөөд казино тоглоно. Буудлынхаа өрөөнд буцаж ирэхдээ тэд хүүхнүүд дагуулсан байна. Gus Mary гэдэг хүүхэнтэй, Archie Julie гэдэг Англиар ярьдаггүй Ази хүүхэнтэй, харин Harry Pearl гэдэг хүүхэнтэй тус тус хосолдог. Гэвч эрчүүд хүүхнүүдтэй холбогдож чаддаггүй, ерөнхийдөө бүтэлгүйтнэ. Gus, Archie хоёр Нью-Йорк руугаа буцаж, Harry Лондонд үлддэг. Gus, Archie хоёр гэр гэртээ орохын өмнө гэр бүлийнхэндээ авсан бэлэгнүүдээ хувааж солилцоно.
Тэднийг хүүхдүүд нь, эхнэрүүд нь хүлээж байлаа. Кино ингэж төгсдөг. "Husbands" киног дийлэнх критикүүд таагүй хүлээж авсан. Харин критикч Jay Cocks; "Энэ бол хэн ч үзсэн хамгийн шилдэг кинонуудын нэг байх болно, энэ бол амьдрахыг хүсч байгаа хэний ч хувьд маргаангүй шилдэг кино" гэж магтаад тун чухал бүтээл, найруулагчийн оргил ажил гэжээ. Критикч Roger Ebert дээрх дүгнэлтийн хариу болгон "Time муу кинонд сайн үнэлгээ өгөх нь ховор байдаг" хэмээн ёжилсон. Ebert чухал найруулагчийн бүтэлгүйтэл хэмээгээд импровиацийг нь шүүмжлээд зогсохгүй "жүжигчид нь хэлэх үгээ бодож байгаа тийм урт харилцан яриатай хэсгүүд байдаг" гэсэн буй. Критикч Pauline Kael энэхүү киног "хүүхдийн, доромжилсон" гэж тодорхойлсон бол Vincent Canby "тэвчишгүй урт" гээд бүх зүйлс дуусахад гурван дүр ядарч туйлдсан байдаг, гэхдээ тэд тийм ч ухаалаг биш, өөрөөр хэлбэл энэ нь киноны нийлбэр, мөн чанар гэж тодорхойлжээ. Мөн тэрээр "Энэ кино дэг журамгүй хийгдсэн, тиймээс үзэгчдэд сонголт өгдгийг. Камер ажиллаж, өмнүүр нь өнгөрч байгаа бүхнийг зүгээр л бичиж авдаг. Энэ бол том төсөвтэй гэрийн кино шиг бүтээл".
The Observer сэтгүүл уг киног туйлын тэгш бус, зовиуртай, чин сэтгэлийн, зэрлэг мисогинист, мөн заримдаа залхмаар уйтгартай гэж дүгнэсэн ч найруулагч Cassavetes-н найруулагчийн авъяас хийгээд жүжиглэх чадварыг магтсан. Критикч Richard Brody: "Гэнэтийн бэлгүүдээр бялхам, албан ёсны радикал, гүн гүнзгий хувийн бүтээл". Киноны гурван гол дүр оршуулах ёслолын дараа гашуудлаа тайлах гэж архи уудаг; тэгээд дараа нь яадаг вэ гэж үү? тэд уусаар л байдаг. Нар мандахад тэд өдөр тутмын үүрэг хариуцлагаасаа зугтааж Лондон руу нисч, бүх оюун санаагаа зөвхөн гурван биедээ л зориулдаг. Кино үргэлжлэх тусам тэдний түр зуурын "мөнхийн жаргал" улам утгагүй бас өвтгөм болдог. Эр хүн болгонд иймэрхүү дураараа дургичихаад гэртээ гэмшингүй харьдаг үё байдаг. Энэ дэндүү амьдрал ойр кино учир киноноос зүүд мөрөөдлийг хүсэгчдэд "чанга" кино байх магадлалтай. "Husbands" нь Cassavetes-н шилдэг бүтээлүүдийн нэгэн адил кадр бүр нь амьдралын сайхнаар эгшиглэх мэт байдаг. Энэ бол амьдралын сайхныг, амьдрах ёстой гэдгийг замбараагүй гурван эрийн "шоудалтаар" үзүүлсэн бараан кино болой. Энэ киног харах юмуу сонсох биш, зөвхөн мэдрэх хэрэгтэй.
Нас барсных нь дараа Cassavetes-г Америкийн бие даасан кино урлагийн гэгээнтэн, загалмайлсан эцэг гэж өргөмжилсөн бөгөөд Cassavetes амьд ахуйдаа критикүүдтэй тийм ч сайн харилцаатай байгаагүй. "Husbands" киног хязгаарлагдмал хувийн туршилт, манай үеийн хайр ба сексийн бодит байдлыг юу ч биш гэж харууллаа гэх мэтээр загнаж, балбаж байсан. Эл бүтээл одоо ч үзэхэд хялбархан кино биш хэвээр байна. Cassavetes угаасаа "хялбархан" кино хийх чадваргүй бас сонирхолгүй найруулагч байсан ба мөнгөний төлөө, мөн үзэгчдийг цэнгүүлэх гэж "Gloria" гэдэг кино хийсэн нь миний л хувьд түүний хамгийн сул кино болсон санагддаг. Тэгэхээр "Husbands" бол Cassavetes-н жишгээр үнэхээр хүнд кино болж байна. Хайр, үнэнч байдал, өөрийгөө сүйтгэх тухай кино гэж харж болно. Уг киноны бүх зүйлс негатив орон зайгаар хэлбэржсэн, байхгүй байдлаар тодорхойлогддог ба киноны нээлтийн гэрэл зургийн монтаж дээр Harry, Gus, Archie болон Stuart харагддаг авч үүнээс хойш Stuart байдаггүй. Бид Stuart-н талаар олигтой юу ч олж мэддэггүй, гэхдээ тэр эрчүүдтэй хамт хотын захын дүүргээр хөгжилддөг байсан байх нь гэсэн таамаг өгнө. Гурван гол дүрийн галзуутай Одиссей маягийн аялал магадгүй тэдний дунд Stuart-н үлдээж орхисон орон зайг нөхөх гэсэн оролдлого болов уу.
Экзистенциал хоосонд өөрийнхөө дүрүүдийг бий болгосон Cassavetes урлагийн төлөө коллежоо орхисон ба түүнийг абстракт түвшинд Jean-Paul Sartre, Samuel Beckett хоёртой харьцуулдаг. 1959 онд "Shadows" бие даасан киногоороо найруулагчийн замналаа эхлүүлсэн Cassavetes энэ хүртэл телевиз-д ажилласан. "Shadows" кинонд гурван гол дүр гардаг ба тэд Нью-Йоркийн гудмаар дэмий хэсүүчилж, охид хүүхнүүдийг хоргоож, нийгэм хийгээд гэр бүлийн зүгээс өөрсдөөс шаардсан хариуцлагын эсрэг байдаг зорилгогүй хүмүүс байдаг. "Husbands" киноны хөнгөн, инээдтэй хувилбарыг харъя гэвэл найруулагч Todd Phillips-н "The Hangover" юмуу "Road Trip" кинонуудыг үзээрэй. Cassavetes-н кинонууд хувь хүн гэхээсээ илүү нийгмийн харилцааг харуулдаг гэж зарим судлаачид дүгнэдэг бөгөөд энэ дүгнэлтийг киноны Harry-н дүрээс харж болно; ерөнхийдөө Harry найзуудынхаа удирдагч нь байдаг. Кинонд Harry-н гэртээ аашилсан бүхэн түүний Лондонд үлдэх шалтгааны тайлбар болно. Эрчүүдийн талаарх, эрэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн тухай магадгүй хамгийн сайн кино болов уу.

Comments
Post a Comment