Ксеноморф: Жигшил

 


Alien (1979). Английн кино найруулагч Ridley Scott-н шинжлэх ухааны уран зөгнөлт, хоррор. Кино зохиолыг Америкийн кино зохиолчид болох Dan O'Bannon, Ronald Shusett хоёр хамтран бичсэн. Энэхүү киног Gordon Carroll, David Giler, Walter Hill нарын Brandywine  продакшны компани бүтээж 20th Century-Fox кино компани дистрибьютерлэсэн. Продюсер Hill, Giler хоёр кино зохиолд оролцсон бол Shusett гүйцэтгэх Продюсерээр мөн ажилласан. Харийн амьтан болон орчин тойрныг Швейцарийн артист H. R. Giger зохион бүтээж, концепт артист Ron Cobb, Christmas Foss хоёр бусад тайз заслыг зохион бүтээжээ. Киноны гол дүрүүдэд; Sigourney Weaver, Tom Skerritt, Harry Dean Stanton, John Hurt, Veronica Cartwright нар тоглосон. Кино Сиэтлийн олон улсын кино наадмаар нээлтээ хийж, Оскарын кино наадмаас шилдэг тусгай эффект шагнал хүртэж, мөн ашгийн хувьд өндөр амжилт гаргасан.

  Дараагийн жилүүдэд "Alien" киног шүүмжлэгчид илүүтэй үнэлэх болж, өнөөдөр бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй, шилдэг хоррор, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны нэг хэмээн үзэх болсон. Америкийн кино хүрээлэнгээс шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын хамгийн шилдэг 7 дахь киногоор тодруулсан бол Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн кино жагсаалтдаа 33-р байрт жагсаасан буй. Тэгвэл Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 128-р байрт жагсаагаад байна. "Alien" бүтээлийн амжилт ингээд зогссонгүй; киноноос улбаатай ном, видео тоглоом гэх мэт гарч франчайз болж чадсан. Эх хувилбараас хойш 6 бүрэн хэмжээний кино, мөн үндсэн түүхтэй давхацсан 2 ч кино гараад байна. Ripley дүрээрээ жүжигчин Sigourney Weaver Холливуудын од болсон. "Alien" бол орчин үеийн адал явдалт, хоррор жанруудад хамгийн их нөлөөлсөн киноны нэгээс гадна шинжлэх ухааны уран зөгнөлт жанрт ч араасаа олон дагагчдыг үүсгэсэн. Мөн үргэлжлэл хийгээд өмнөтгөлүүд хийгдсэн ч хэзээ ч эх хувилбар шигээ аймшигтай бас онц сонирхолтой байж чаддаггүй. Тиймээс энд би эх хувилбарыг онцлон танилцуулахыг хүслээ. O'Bannon Өмнөд Калифорнийн Их Сургуульд киноны чиглэлээр суралцаж байхдаа найруулагч John Carpenter, концепт артист Ron Cobb нартай хамтран "Dark Star" гэдэг шинжлэх ухааны уран зөгнөлт-комеди киног 1970-д оны сүүлчээр хийжээ.

  Тус кинонд гарах харийн амьтныг гар бөмбөгийг будаж, резинэн сарвуу наагаад тусгай эффектийн нөлөөгөөр бүтээжээ. Энэ явдал O'Bannon-д жинхэнэ харийн амьтан шиг харагддаг тийм кино хийх хүсэл төрүүлсэн бөгөөд хэдэн жил өнгөрөхөд тэрээр ойролцоо түүхтэй ч илүү хоррор төсөл дээр ажиллаад эхэлсэн байлаа. "Би цөөхөн сансрын нисгэгчидтэй сансрын хөлөгт үйл явдал нь өрнөж байгаа аймшгийн кино хиймээр байгаагаа мэдэж байлаа" хэмээн тэрээр хожим дурссан. Энэ зуурт Shusett ирээдүйд "Total Recall" кино болох ёстой төслийн эхний хувилбар дээр ажиллаж байв. "Dark Star" кино гүн сэтгэгдэл төрүүлсэн учир Shusett O'Bannon-той холбогдож хамтран ажиллахаар тохиролцсон аж. Ингээд O'Bannon "Alien" киноны нээлтийн сцэнийг агуулсан "Memory" нэртэй 29 хуудас кино зохиол бичсэн; үүнд, сансрын нисгэгчид сэрээд нууцлаг гаригаас дохио хүлээн авсан тул зорьсон аялал нь тасалдсан болохыг олж мэдэх бөгөөд тэд шалгалт хийхэд сансрын хөлөг нууцлаг гаригийн гадаргуу дээр осолдсон байхаар бичжээ. O'Bannon харийн амьтан антагонист байх эсэх талаар тодорхой санаа хараахан байсангүй. Удалгүй O'Bannon найруулагч Alejandro Jodorowsky-н "Dune" төсөлд кино зохиолчоор ажиллахаар болж, дараагийн 6 сарыг Парист өнгөрүүлжээ.

Сайхь төсөл бүтэлгүйтсэн авч тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын артистууд болох Chris Foss, H. R. Giger, Jean Giraud нартай танилцан ойртох боломж олгосон байна. O'Bannon шууд л Foss-н шинжлэх ухааны уран зөгнөлт номуудын хавтаст дурласан бол Giger-н бүтээлүүдээс "айсан" гэдэг. "Giger-н бүтээлүүд надад маш хүчтэй нөлөөлсөн. Би түүний бүтээл шиг нэгэн зэрэг аймшигтай мөртлөө үзэсгэлэнтэй зүйлсийг хэзээ ч харж байгаагүй. Тиймээс би Giger-н мангасуудын тухай бичихээр шийдсэн" гэж O'Bannon дурссан байдаг. "Dune" төсөл бүтэлгүйтсэний дараа O'Bannon бүрэн дампуурч, Лос-Анжелес руу буцаж, Shusett-н буйдан дээр шөнийг өнгөрүүлж эхлэв. Мөнгө хэрэгтэй байсан учраас тэрээр студиуд худалдаж авахуйц кино зохиол бичихдээ "Memory" зохиолоо сэргээсэн байна. Дэлхийн 2-р дайны үед B-17 бөмбөгдөгч онгоцыг гремлинууд эзлэн авч байгаа санааг нь ашиглахыг Shusett O'Bannon-д санал болгохдоо энэ нь киноных нь үйл явдлын хоёрдугаар хагаст, мэдээжээр бөмбөгдөгч онгоц бус сансрын хөлөгт болж байгаагаар өөрчилж болно гэжээ. Тухайн цагт төслийн нэр "Star Beast" гэж байсан, харин энэ нэр O'Bannon-д таалагдаагүй ба кино зохиолд нь харийн амьтан гэдэг үгс олонтаа байгааг анзаараад төслөө "Allen" болгон өөрчилжээ. Энэ нэр Shusett, O'Bannon хоёрт энгийн мөртлөө давхар утгатай байдал нь таалагдсан.

Сансрын нисгэгчдийн багийнхны хэн нэгэнд харийн амьтан үрээ суулгасан гэсэн санааг Shusett бодож олсон; энэ нь харийн амьтныг хөлөгт оруулах өрнөлийн сонирхолтой бүтэц болно гэж бодсон нь оносон ажээ. O'Bannon хоррор болон шинжлэх ухааны уран зөгнөлт олон кинонуудаас санаа авсан байдаг; O'Bannon; "Би хэн нэгнээс киноныхоо санааг хулгайлаагүй. Би киноныхоо санааг бүгдээс нь хулгайлсан!". Клаустрофоби орчинд мэргэжлийн эрчүүд харийн амьтантай алалцаж байгаа санааг "The Thing from Another World" киноноос авсан бол сансрын хөлгийг газардуулахгүй байхыг анхааруулахыг үл тоомсорлосон хөлгийн гишүүд нууцлаг амьтанд нэг нэгээрээ алуулж байгаа санааг "Forbidden Planet" авсан гэдэг бөгөөд аварга харийн амьтны араг ясыг илрүүлж байгаа үзэгдэлтэй "Planet of the Vampires" киноноос Ностромогийн багийнхан хаягдсан сансрын хөлгөөс харийн амьтныг олдог санаанд нөлөөлжээ. O'Bannon мөн зохиолч Clifford D. Simak-н "Junkyard" богино өгүүллэгийн нөлөөг онцолсон ба тус өгүүллэгт сансрын нисгэгчид нэгэн астеоид дээр газардаж, дүүрэн өндөгтэй танхим олж илрүүлдэг аж. O'Bannon анх өөрөө киног найруулна гэж бодож байсан ч 20th Century-Fox түүний оронд Hill-д найруулагчийн санал тавьсан. Hill элдэв үүрэг хариуцлага болон тусгай эффект шаардлагатай түвшинд биш гэж үзэж байсан тул татгалзсан.

Ийнхүү John Boorman, Jack Clayton, Robert Altman зэрэг найруулагчдад хандсан боловч тэд бүгдээрээ төслийг нухацтай авч үзэхгүй, мангастай Б төрлийн кино гэж хандаж байсан тул алийг нь ч сонгоогүй. Cobb-н хэлснээр, найруулагч Steven Spielberg найруулахаар яригдаж байсан ба даанч өмнөх өрөөсөө болж нэрээ татахад хүрчээ. Продюсерүүд Ridley Scott-н 1977 оны "The Duellists" киног үзээд түүнд найруулагчийн санал тавихад Scott шуудхан л зөвшөөрчээ. Scott Лондонд байхдаа маш дэлгэрэнгүй өгүүллэмжийн самбар бүтээсэн нь продюсерүүдийн сэтгэлийг хөдөлгөв. Scott "Alien" фантааз гэхээсээ илүү хоррор кино гэж харж байсан буюу шинжлэх ухааны уран зөгнөлт "The Texas Chain Saw Massacre" гэж тодорхойлсон. Жүжигчдийн сонгон шалгаруулалтыг Нью-Йорк болон Лондонд явуулсан. Кино ердөө 7 хүний дүртэй байсан учир Scott сайн жүжигчдийн баг бүрдүүлж аваад гол анхаарлаа киноныхоо дүрслэлийн хэв маягт төвлөрүүлсэн. Киноны зохиолыг боловсруулж байхдаа O'Bannon харийн амьтныг чухалчлаад бусад дүрүүдээ тийм ч сайн хөгжүүлээгүй байжээ. Scott анхандаа Ripley-г эрэгтэй гэж төсөөлж байсан ч кино багийн нэг гишүүн түүнд "Ripley яагаад эмэгтэй хүн байж болохгүй гэж" хэлсний дараа гол дүрээ эмэгтэй болгон өөрчилжээ.

  Кино бүтээгчид бүх дүрээ зориуд ерөнхийлж бичсэн ба зохиол дээр "багийнхны хүйс тодорхойгүй, бүгдээрээ эрэгтэй эсхүл эмэгтэй болж өөрчлөгдөхүйц" гэж бичсэн нь Scott-д жүжигчдийг чөлөөтэй сонгож, хүссэнээрээ өөрчлөх боломжийг өгсөн байна. Жүжигчдээ дүрд нь бэлтгэхэд нь туслахын тулд Scott дүр болгоныхоо гарал үүслийг тайлбарласан хэдэн хуудас бүхий түүх бичжээ. Тэрээр зарим жүжигчдийн үл ойлголцол, ялангуяа Weaver-н туршлага багатай байдлыг засахын тулд, мөн импровиац, аяндаа үүсэх нөхцөл байдлыг буулгахын тулдд бэлтгэлийг дээд зэргээр хийсэн. Үүний ачаар кинонд дүрүүдийн хоорондын хурцадмал байдал үнэмшилтэй бууж ирсэн ба критикч Roger Ebert дүгнэхдээ; уг киноны жүжигчид тухайн үеийн триллер кинонд тоглодог жүжигчдээс насны хувьд хөгшин байсан нь дүрүүдээ үнэмшилтэй болгосон гэжээ. Критикүүд "Alien" киноны сексийн өнгө төрхөд анализ хийсэн. Судлаач Julia Kristeva "Powers of Horror" номондоо уг киног жигшлийн тухай гэж "оношилсон" ба түүний онолоор бол жигших нь уламжлалт хил хязгаар болон дүрэм журам хямралд орохыг хэлэх аж. Ингэж эвдэрч хямарсан субьект хүний бие махбодийн, нийгмийн хэв хэмжээнд алдаанд өртөмтгий болж, сөргөлдөөн үүсч, улмаар Би гэж юу вэ ба Бусад гэж юу вэ болох хоёрын хоорондын халдашгүй ялгаанууд хэрхэн дарангуйлагддаг болохыг харуулдаг аж.

Ихэвчлэн ялгадас, бие махбодийн халдлага, цогцсоор илэрхийлэгддэг буюу энэ субъектив чанарын төрөлхийн гэмтлийн тасалдал, тиймээс жигшлийн бүхий л нотолгоо уламжлалт нийгэмд нуугдаж байдаг гэж Kristeva дээрх сөргөлдөөнийг тайлбарлажээ. "Alien" киноны аймшгийн хүүрнэлийн стратеги, зураглал, сэдэвчилсэн байдлыг Kristeva-н жигшилтэй холбодогоос гадна зарим феминист критикүүд болон психоаналитикүүд Kristeva-н жигшлийн сэдвийн хүрээг өөрсдийнхтэйгөө холбон тайлбарладаг; жишээлбэл, критикч Barbara Creed харийн амьтан бол "эртний эх буюу мангаслаг эмэгтэй"-г илэрхийлдэг гэжээ. Зарим судлаачид Kane руу дайрдаг "facehugger"-ын хэсгийг эрэгтэй хүнийг хүчирхийлэх явдалтай, "chestburster"-н хэсгийг төрөлтийн харгислалтай, харин харийн амьтны толгойг шодойтой харьцуулсан байдаг ба мөн кинонд хөлгийн багийн гишүүдийг алах аргачлал сексийн дүр төрхтэй байдаг гэж онцолсон. O'Bannon өөрөө сайхь сцэнийг биед нь алив зүйлс нэвтрэн орохоос айдаг эрэгтэй хүний айдсын зүйрлэл гэж хэлсэн байдгаас гадна "facehugger"-ын Kane-н амруу довтолж байгаа хэсэг бол ихэнх хоррор кинонд гардаг мангаслаг эрчүүд эмзэгхэн эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг функцийн эсрэг хариу үйлдэл гэсэн буй.

Критикч David Mcintee уг бүтээлийг "Straw Dogs", "I Spit on Your Grave", "The Accused" зэрэг хүчингийн сэдэвтэй кинонуудтай зүйрлэжээ. Нэг түвшинд энэ бол онц сонирхолтой харь гаригийнхны тухай кино, өөр нэг түвшинд шимэгч, эсхүл өвчний тухай кино; гэхдээ кино бүтээгчдэд хамгийн чухал түвшин нь секс хийгээд харилцан тохиролцоогүй нөхөн үржлийн тухай байв. Хамгийн аймшигтай нь энэ зүйл эрэгтэй хүнд тохиолдож байгаа явдал. Энэ бол шууд утгаараа эрчүүдийн айдас, төрөлтийн тухай ташаа ойлголт, төрөлтийн тухай кино гэж үзвэл зохино. Өөр сонирхолтой тайлбар, шинжилгээнүүд бий. Giger-н ксеноморф загварыг прото-фашист идеологитой холбосон аж үйлдвэржилт, нийгмийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлсэн гоо зүйн хөдөлгөөн болох "механик модернизм" гэсэн тайлбар тун сонирхолтой нь. Ксеноформ нь зэвсэглэсэн түрэмгийлэл, амьтныг дүрсэлсэн, нийгмийг шатлан захирах тогтолцоог илэрхийлсэн хүчирхийлэл, дарангуйллыг эрхэмлэдэг хүмүүнлэг үзлийн эсрэг үзэл санааы тусгал байх боломжтой ажээ.

Хүүрнэл дэх харийн амьтны үүрэг бол алдаатай, либерал хөлгийн багийг устгаж, Ripley-н манлайлах замыг засч байгаа нь элитүүдийг өөрчлөн солих прото-фашист фантаазын тусгал ба энд "баатарлаг" дүр (Ripley) нь сул ардчилал (хөлгийн баг) ба тоталитар аймшиг (ксеноморфууд) хоёроос ялгаатай нь авторитар өөрчлөн дахин байгуулалтыг зөвтгөж байна. Профессор Anne Quema-н ажигласнаар Giger-н бүтээл ерөнхийдөө готик буюу 20-р зууны анти-хуманист хандлагыг илэрхийлдэг гэсэн нь сонирхолтой. Кино аналист Lina Badley-н бичсэнээр, уг кино нь Freud-н маягийн хүчтэй сексийн өнгө аяс, олон тооны шодойн симболууд, ерөнхийдөө эмэгтэйлэг дүр бүхий харийн амьтны загвар нь жендэрийн шугамыг голдуу дахин тодорхойлдог аймшгийн кинонууд дахь архетип зураглал болон дүрслэлд нийцтэй манин дүр төрхийг өгдөг гэжээ. O'Bannon сексийн дүрслэлийг зориудаар ил тод дүрсэлсэн гэдгээ тодорхойлж; "Би үзэгчдийн дунд байгаа эрчүүдийг хөлөө солбин тэвдүүлэхийг хүссэн. Ижил хүйстнүүдийн аман сексийн хүчирхийлэл, төрөлт, энэ зүйлс таны хоолойнд өндөглөх болно" хэмээжээ. Критикч Gene Siskel; "Энэхүү кино нь үндсэндээ сансрын хөлөгт өрнөж байгаа галактик хоорондын хий үзэгдэлтэй байшинтай триллер". Критикч Roger Ebert харин "Star Wars", "A Space Odyssey" гэх мэт ижил жанрын кинонуудтай харьцуулахад урам хугалам гэсэн боловч бараг 20 жилийн дараа Ebert "Alien" киног хүлээн зөвшөөрч, Аугаа кино жагсаалтдаа оруулсан.

  David Mcintee "Alien"-г шинжлэх ухааны уран зөгнөлт жанрыг хоррор триллер жанртай амжилттай хослуулсан гэж магтжээ. Түүнийхээр, шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь бусад нөхцөлд хүн төрөлхтний хөгжлийн асуудлыг ихэвчлэн судалдаг учир энэ бол юуны өмнө хоррор кино, харин хоёрдугаарт шинжлэх ухааны уран зөгнөлт кино гэсэн байна. Өнөөдөр энэхүү киног "Halloween", "Friday the 13th" кинонуудын хамтаар slasher жанрын прототип гэж тодорхойлдог. Энэ кино Hitchcock маягийн хар бараан триллерт дуртай хүмүүст таалагдахаас гадна цус урсгасан киног таашаагчид ч сонирхолтой байж, мөн шинжлэх ухааны зөгнөлт техник, эд хэрэгсэлд дуртай хүмүүсийн ч дурыг татдаг тийм олон түвшиний бүтээл болой. 

Comments