Ээжийн хөвгүүд

 


I Vitelloni (1953). Италийн домогт кино найруулагч Federico Fellini-н комеди-драм. Кино зохиолыг Ennio Flaiano, Tullio Pinelli хоёртой хамтран Fellini бичсэн. Кинонд жижигхэн тосгонд амьдардаг таван залуугийн амьдрал чухал эргэлтийн цэг дээр байгааг үзүүлдэг. Найруулагчийн уран бүтээлийнх нь хувьсгал болсон гэгддэг энэхүү кино нь 1950-д оны Италийн нийгмийн чухал өөрчлөлтүүдийг тусгасан намтарчилсан элементүүдтэй гэдгээрээ онцлогтой. Киноны гол дүрүүдэд; Alberto Sordi, Franco Fabrizi, Leopoldo Trieste болон Riccardo Fellini (найруулагчийн дүү) нар тоглосон. "I Vitelloni" 1953 онд Венецийн кино наадамд Мөнгөн Арслан ба Оскарын наадамд шилдэг кино зохиол төрөлд нэр дэвшсэн. Энэхүү киноны нөлөө үлэмж байсан; тухайлбал, Martin Scorsese-н "Mean Streets", George Lucas-н "American Graffiti", Joel Schumacher-н "St. Elmo's Fire", Philip Kaufman-н "The Wanderers" кинонуудад их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Найруулагч Stanley Kubrick уг киног өөрийнхөө дээдэлдэг 10 киноны тоонд оруулжээ.

Хэдийгээр Fellini-н замналын эхэн үеийг тодорхойлсон ач холбогдолтой ч уг киног тэр болгон дурсан санадаггүй; анх үзсэн хүмүүст хийцгүй залуусын зорилгогүй амьдрал цаанаа л танил санагдаж магадгүй, тэгвэл ийм утга санаатай олон кинонуудын "өвөг" нь "I Vitelloni"  болой. Италийн неореалист тэсрэлтийн үед бүтээгдсэн эл бүтээл нь зан авирын ажиглалт дээр суурилсан, нарийн ширийнийг реалистаар харуулсан буй. Гэхдээ тэр үедээ л Fellini аль хэдийнээ илүү фантаазтай, карнивал маягийн киног хийхийг мөрөөдөж эхэлсэн байсан ба үнэнч бус байдал, алагдсан төөрөгдөл гэх мэт зүйлсийн дунд этгээдийн агшнуудыг энэ кинондоо "хавчуулчихсан" байлаа. Носталжик, инээдтэй, гунигтай бас сэтгэл татам киноны өнгө төрхийг домогт Nino Rota-н сайхан хөгжим унагалгүй үргэлжлүүлэх болно. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 659-р байрт жагсаагаад буй кино.

  Энэ бол Fellini-н олон улсад түгээгдсэн анхны кино ба хойд Америкт, Их Британид боломжийн орлого олсон байдаг. Францын кино шүүмжлэгч Andre Martin энэ киног сайнаар үнэлж: "Хүүрнэлийн чанар нь киног бүхэлд нь удирдаж бас тэнцвэржүүлж байна. Энэ кино арилжааны шинжтэй биш ч бас урлагийн бүтээлийг ариусгаж, тодорхойлох боломжийг олгодог тийм шинжүүдийг эзэмшдэггүй. Гэнэтийн бөгөөд үр дүнтэй кино мэдрэмжээрээ Fellini дүрүүдээ энгийн, бодитой болгожээ" хэмээж. Шүүмжлэгч Geneviève Agel киноны симболик чанарыг үнэлсэн; "Fellini шөнийн цагт эзгүй талбайд зураг авалт хийдэг; энэ нь нийтийн хөөр баярыг дагасан хоосон байдал, бөөгнөрсөн олноос үүдэлтэй идэвхгүй уйтгар, ганцаардлыг бэлгэддэг. Өдрөөс, амьдралаас юу үлдэж хоцорсныг сануулах мэт олон тооны цаас хөглөрч байдаг" гэжээ. 1952 онд кино зохиолч Tullio Pinelli-тэй хамтран "La Strada" киноныхоо анхны хувилбарыг бэлэн болгосныхоо дараа Fellini "орчин үеийн үлгэр"-ээ гэрээтэй байсан продюсер Luigi Rovere-д санал болгожээ. Rovere татгалзсан байдаг; шалтгаан нь "La Strada" киноны зохиол танигдахын эцэсгүй болсноос гадна Fellini-н сүүлчийн кино нь болох "The White Sheik" шүүмжлүүлж, ашиг орлогын хувьд шатаагаад байжээ.

  Rovere эв түнжинг бодож "The White Sheik" кинонд дуртай Венецийн уран бичлэгийн профессор, кино продюсер Lorenzo Pegoraro-д зохиолыг нь зээлдүүлэн уншуулж. "La Strada" чинь олигтой юм болохгүй, харин "I Vitelloni"-гоор чинь комеди хийе хэмээн Pegoraro хэлж. Энэ киноны гол санааг хэн гаргасан талаар намтар судлаачид янз янзаар бичдэг. Кино зохиолч Tullio Kezich хэлэхдээ Ennio Flaiano-той үдээш хойш удаан зөвлөлдсөний эцэст киноны санааг Fellini гаргасан гэжээ. Ерөнхийдөө Fellini-н удирдлага дор Pinelli, Flaiano гурвуул хамтдаа суугаад өсвөр насны дурсамжуудаа нэгтгэн шинийг зохиохдоо хөдөөний жижигхэн хотын залуусын өсөж том болохын жаргал, зовлонг харуулах гэсэн санаа нь дээр төвлөрч бичжээ. Төслийг сонирхож байсан дистрибьютерүүд киноны нэрийг өөрчлөхийг шаардсан ба дистрибьютерүүд нэрийг ойлгомжгүй гэж бодсон; харин Fellini татгалзсан.

Түүний дурссанаар, нэгэн настай эмэгтэйгээр жаахан тоглосны хариуд настай эмэгтэй түүнийг vitellone гэж дуудсанаас энэ бүхэн үүдэлтэй ажээ. Найруулагчийн хувьд энэ үг нь ээжээрээ тэжээлэгдсэн, дундаж наслалт ажилгүй эрчүүдийг илэрхийлдэг гэсэн буй. Үнэхээр ч кинонд баяруудыг л хүлээдэг, баярын үеэр л "гялалздаг" эрчүүдийг үзүүлдэг. Ромагнол хэлээр Vitelloni гэдэг барагцаагаар "залуу тугал" гэсэн утгатай ажээ. Энэ нь хэн гэдгээ тодорхойлоогүй, юу хийж амьдрахаа ухаараагүй, төлөвшөөгүй, залхуу эрчүүдийг илэрхийлдэг үг болжээ. Кино зохиолч Flaiano хэлэхдээ; энэ нэр томьёо миний үед даруухан гэр бүлээс гаралтай залуухан эрэгтэй гэж тодорхойлогдоход хэрэглэгддэг байсан; гэхдээ хичээл завсардсан, үргэлж юу ч хийдэггүй залуусыг хэлдэг байсан гэжээ. Ёжилж хэлбэл, ээжийн хөвгүүд бол хоол орохыг хүлээдэг ходоод буюу тэд юу ч "үйодвэрлэдэггүй" хоосон ходоонууд болно. Критикч Mario Gromo уг киног авъяаслаг найруулагчийн бүрэн хэмжээний хоёр дахь энэ кино хөдөөний амьдралыг харуулсан олон ухаалаг, эгшиглэнтэй мөчүүдтэй хэмээгээд Италийн кино урлаг одоо арилжааны уламжлалт киноноос өөрийнхөө санааг илүүд үздэг шинэ найруулагчтай боллоо гэж Fellini-н хандлагыг магтсан.

Francesco Callari уг киноны яруу найргийн болоод хүмүүсийн талаарх уур амьсгал нь хөдөөний орчин тойрноос бүхэлдээ хөндийрсөн гэж бичжээ. Мөн тэрээр; "Fellini-д хэлэх зүйл байгаа ба тэр хэлэх гэснээ хурц ажигласан мэдрэмжтэйгээр хэлдэг. Энд дайны дараах Италийн залуу бусад кино найруулагчдаас өөр хэн нэгэн байна. Fellini ид шидийн мэдрэмжтэй". Критикч Ermanno Contini киноны сул талуудыг тодорхойлсон; энэ бүтээлд онцгой нягт бүтэц байхгүй, түүх нь төсалданги, нарийвчлал ба эпизодууд нь цогц симбиозоор дамжуулан нэгтгэлийг эрэлхийлдэг гэжээ. Америкт киног ерөнхийдөө нааштайгаар хүлээж авсан; критикч Bosley Crowther l; "Fellini хувирамтгай хандлагатай, ёжилсон кино хийх хүсэлтэй. Тэрээр өөрийн хурц неореалист хэв маягаараа дүрүүдээ дооглож, гунигтай нь абсурд, төлөвшөөгүй хэрнээ өөрсдийгөө биширдэг байдлыг шударгаар илчилдэг". Критикч John Simon-н хувьд киноны хамгийн гайхалтай шинж чанаруудын нэг нь Nino Rota-н хөгжим байсан гэсэн. Түүнийхээр хөгжим үндсэн хоёр сэдвээс бүтсэн; эхнийх нь дэвэргэн, романтик буюу хайр дурлал, носталжиа, экзистенциал шинжийг илэрхийлдэг бол хоёр дахь нь, удаан, гунигтай болж ирдэг бөгөөд таагүй мэдрэмж төрүүлж, хөгжмийн хурдтай тод өөрчлөлтүүд нь түүхийн өөрчлөгдөж буй төрх байдлыг дэмждэг гэжээ. Критикч Mick LaSalle; "Мэдрэмжтэй, ажигласан, хошигнол бүхий Fellini-н заавал үзэх ёстой кино".

Критикч Michael Wilmington; "Италид энэ кино Fellini-н хамгийн хайрлагдсан кинонуудын нэг хэвээр байна. Америкт ч бас тийм байх ёстой". Найруулагч Fellini-н замналд зүүдний зураглал, дүрслэл голлох байр суурийг эзэлдэг бол "I Vitelloni" нь энэ зүүдний зураглал руу орох зааг дээр оршдог. Хоёр хэмжээст "The White Sheik" ба Fellini-н анхны бүрэн өвөрмөц шинжтэй "La Strada" бүтээлүүдийн дунд хийгдсэн "I Vitelloni" бол найруулагчийн дүрийнхээ сэтгэлзүйд гүн гүнзгий нэвтэрч ороход том алхам болсон буй. Энэ нь нийгмийн гашуун егөөдөлт "La Dolce Vita" болон носталжиа, уран бүтээлчийн мөн чанарын тухай "8 1/2", "Amarcord" зэрэг бүтээлүүдийнх урьдач нь болдог. Техникийн хувьд энэ кино нь найруулагчийн том бүтээлүүдээс хамгийн бага "Fellini маягийн" буюу түүний илэрхийлэх дуртай хачирхалтай ерөнхийлсөн дүрслэл санаанд оромгүй ойрын зураглал, мөн урд болон арын дэвсгэрийн хамаарлыг гаргууд удирддаг аргачлал бага ажиглагддаг ба алдартай кинонуудад нь байдаг этгээд хачин, зүүдний мэт сюрреал дүрүүд бараг байдаггүй. Харьцангуй уламжлалт техниктэй хэдий ч уг кино нь Fellini-н бүтээлд давамгайлдаг сэдэвчилсэн хийгээд төсөөлөмтгий шинжээрээ хамгийн анхных нь гэж тодорхойлогдоно.

Гол дүрүүд болох эрчүүдийн зогсонги байдал, гэрлэлт болоод үнэнч бус явдал, хотын эсрэг тосгоны амьдрал, мөн далайн эрэг, шөнийн гудамж, кино өөрөө уй гунигтай, нууцлагдмал байдаг билээ. Энэхүү кино биднийг Fellini-н кинонуудын төвд байдаг шийдэгдээгүй дилеммад оруулдаг ба эл дилемма бага зэрэг өөрчлөгддөг хэдий ч энэ нь хүүхэд насны сониучирхал болоод боломжит байдлын хоорондох хурцадмал байдлаас үүдэлтэй санандана; хэрэв хувь хүн насанд хүрч чадахгүй аваас нялх хүүхэд шиг үргэлжийн хараат байж, доройтохоос гадна амьдралын хариуцлага, үүргийн талаар ойлголгүйн улмаас зэвүүцэм, ээжийн хөвгүүн болгодог ажээ. Уг кино нь найруулагчийн хамгийн анхны үзэгчдэд нээлттэй төгсгөл үлдээдэг кино нь байсан ба үүнээс хойш тэр энэ шийдлийг том кинонууддаа ашиглаж ирсэн. Ойлгомжтой төгсгөлөөс харшилтай, кинонд үүссэн хурцадмал байдлыг эцэслэн шийдвэрлэхээс зайлсхийдэг Fellini нэгэнтээ; "Түүх хүүрнэгчдийн хувьд бидний үүрэг бол хүмүүсийг өртөөнд аваачих. Тэнд хүн бүр өөрийнхөө галт тэргийг сонгох болно" гэсэн буй. 

Comments